Засгийн газраас эдийн засгийг сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн 10 их наядын хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд хаврын ноолуурын бэлтгэл ажилд зориулж 200 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийг олгохоор болсон. Уг зээлийг хэзээ олгож эхлэх талаар салбарын яамнаас тодруулахад одоогоор тус зээлийг Хөгжлийн банкаар эсвэл арилжааны банкаар хэрхэн олгохоо шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үүний дараа аж ахуйн нэгжүүдэд зээл олгож эхэлнэ гэлээ.
Салбарынхан тус хөнгөлөлттэй зээлийг цар тахлаас улбаалан хүнд байдалтай буй аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болно гэж харж байна. “Кашимер Холдинг” ХХК-ийн дэд захирал А.Төмөр-Очир цар тахлаас улбаалан экспортын бүтээгдэхүүний хэмжээ буурч, үйлдвэрүүд ажлын байраа хадгалахыг хичээж буй байдалтай өдийг хүрснийг онцолсон. Түүнчлэн “Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг энэ салбар ложистикийн томоохон алдагдал хүлээж байгааг мэдэгдсэн. Тус компанийн хувьд цар тахлаас өмнө каргоны онгоцоор нэг кг ачааг 3 ам.доллараар ачуулдаг байсан бол одоо 18 ам.доллараар ачуулж байна. Итали руу ачуулдаг чингэлэг 4500 ам.доллар байсан бол 10 гаруй мянга болж нэмэгджээ. Ийнхүү тээвэрлэлтийн зардал болоод цаг хугацааны хувьд томоохон алдагдал хүлээж тухайлбал, 45-60 хоногт тээвэрлэдэг барааг 100 гаруй хоног тээвэрлэж байгаа аж.
Энэ мэт бэрхшээлүүдээс гадна дотоодын ихэнх үйлдвэр арилжааны банкны зээлтэй тул одоогийн нөхцөлд байдалд тэд төрөөс олгохоор зарласан хөнгөлөлттэй зээлийг чих тавин хүлээж байна. МҮХАҮТ-ын Сovid-19 бизнес дэх нөлөөллийн судалгаанд оролцсон 55 ААН-ийн 83.3 хувь нь зээлийн үлдэгдэлтэй ба нийт зээлийн үлдэгдлийн хэмжээ 259.3 тэрбум төгрөг байна.
Нөгөө талаас, олон улсын зах зээл дээр цар тахлаас үүдэн хэрэглэгчдийн тансаг хэрэглээ хумигдсан бөгөөд үүнд ноолууран бүтээгдэхүүний борлуулалт ч өртөж, аялал жуулчлалаас дийлэнх орлогоо бүрдүүлдэг дотоодын худалдан авалт мөн буураад буй юм.
Гэсэн ч улс орнуудын цар тахлын эсрэг вакцинжуулалт тэргүүтэй олон улсын зах зээл дэх эерэг өөрчлөлтүүд, урд хөршийн дотоодын зах зээлийн эрэлт их буйгаас шалтгаалан ханш өндөр байх магадлалтайг салбарынхан онцолж байна. Одоогоор Сүхбаатар тэргүүтэй зүүн аймгуудад нэг кг ноолуурын ханш 130-150 мянган төгрөгөөр эхлээд байна.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Энэ жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ноолуурын салбарт эерэг хандлагууд гарна гэдэгт итгэлтэй байна. Одоогоор манай салбарынхан 1 их наяд төгрөгийн борлуулалт хийж байна. Цаашид 2,4 их наяд төгрөгийн борлуулалт хийж, нийт ажиллах хүчнээ 40 хувиар нэмэгдүүлэх бүрэн боломж бий” гэв.
Монгол Улс 29 орчим сая ямаатай бөгөөд жил бүр 10 гаруй мянган тонн ноолуур авдаг. Үүний 30 орчим хувийг дунд болон эцсийн шатны бүтээгдэхүүн болгож экспортолдог. Бусад 70 хувийг угааж экспортолдог. Хэрэв үүнийг дахин боловсруулбал нэмүү өртөг шингээн, 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой юм.