Захирал уулзалт, арга хэмжээ зэрэг ажлаар явах тохиолдолд дараагийн түвшний удирдлагуудад ажлаа хариуцуулан гүйцэтгүүлэх тохиолдол байгууллага бүрд гардаг. Тэгвэл хариуцуулан гүйцэтгүүлэх менежментийн арга нь зөвхөн захирлыг өөр ажилтай үед бус өдөр тутмын үйл ажиллагаанд ч өргөн ашиглах боломжтой, олон талын ач холбогдолтой арга билээ.
Удирдлагын төвлөрөл, ачааллыг бууруулах, хамтын хариуцлагын тогтолцоо, өөриймсөг хандлага, нээлттэй байдлыг бий болгох зэрэг олон эерэг өөрчлөлтийн суурийг хариуцуулан гүйцэтгүүлэх замаар тавих боломжтой. Компаниудад шийдвэр гаргах үйл явц дээд түвшний удирдлагаас ихээхэн хамааралтай байх нь түгээмэл. Хэрэв үе шат бүрд нь ажилтнууддаа шийдвэр гаргах эрхийг нь олговол аливаа асуудлыг цаг алдалгүй шийдэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн захирал өөрийн үндсэн ажил буюу стратегийн бодлого боловсруулахад зарцуулах цаг нэмэгдэнэ. Цаашлаад залгамж халаагаа бэлдэх гээд олон боломж нээгддэг билээ.
Үр дүнтэй хариуцуулан гүйцэтгүүлэхэд хариуцлага, эрх мэдлийн зохистой нийцэл чухал.
Хариуцуулан гүйцэтгүүлэх аргыг хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Эхлээд захирал заавал өөрөө хийх шаардлагагүй, хариуцуулан гүйцэтгүүлэх боломжтой ажлуудыг тодорхойлж, төлөвлөнө. Дараа нь даалгах хүнээ сонгон томилж, эрх үүргийг нь тодорхойлж өгдөг. Ажлыг даалгаад орхичихож болохгүй тул заан чиглүүлж, дадлагажуулах хэрэгтэй. Эцэст нь эргэх холбоо үүсгэх буюу ажлыг нь дахин хянаж, үнэлгээ хийгээд явна.
Аливаа ажлыг бусдад даалгана гэдэг нь тодорхой хэмжээнд бие даан шийдвэр гаргах эрх мэдлийг олгоно гэсэн үг. Гэхдээ эрх мэдлийг дагаад үүрэг хариуцлага ирж буйг ажилтандаа сайн ойлгуулах хэрэгтэй. Үр дүнтэй хариуцуулан гүйцэтгүүлэхэд хариуцлага, эрх мэдлийн зохистой нийцэл чухал.
Удирдлагууд ажил үүргээ шилжүүлэхэд гаргадаг түгээмэл алдаанд шилжүүлэх шийдвэрийг гэнэт гаргах, гүйцэтгэгчийг буруу сонгох, ажил үүргийг муу тодорхойлсон байх, хяналтын цэгүүд байхгүй байх, дэмжиж туслахгүй байх зэрэг багтдаг. Иймд хариуцуулан гүйцэтгүүлэх үйл явцыг үнэлэхэд тус болох зарим асуултыг хүргэе:
- Бэлтгэл ажил, мэдээлэл хангалттай байсан уу?
- Хангалттай дэмжлэг өгч, дадлагажуулж байсан уу?
- Тухайн ажилтнаар өөр ажил үүргийг хариуцуулан гүйцэтгүүлж болох уу?
- Тэрбээр цаашид сургалтад хамрагдах шаардлагатай юу?
- Хариуцуулан гүйцэтгүүлэх үйл явц нь ажлын гүйцэтгэлийг сайжруулсан уу?
- Та хариуцуулан гүйцэтгүүлснээр хэчнээн цаг хэмнэж, түүнийгээ юунд зориулсан бэ?
Хариуцуулан гүйцэтгүүлэх үйл явцыг хэрэгжүүлэхэд анхаарах эдгээр болон бусад ойлголт, аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр NCS компанийн ерөнхий захирал Д.Болор танилцууллаа. “Хариуцуулан гүйцэтгүүлэх замаар удирдлагын ачааллыг бууруулах нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг үзэж илүү нарийн мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа оролцож “Санхүүгийн удирдлагын 23/32 загвар” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars