Байгууллага бүрд сайн, муу янз бүрийн соёл бүрэлдсэн байдаг бөгөөд огт соёлгүй газар гэж үгүй. Тухайн бизнесийг яагаад хийж байгаа, ямар зарчмыг баримталж шийдвэрүүдээ гаргах, хэний төлөө ажиллах эсэхийг байгууллагын үнэт зүйл, эрхэм зорилго нь тодорхойлдог бөгөөд эндээс л байгууллагын соёл эхтэй байдаг.
Соёл нь султай байгууллагад хүн тогтдоггүй, үргэлж орж гарч байдаг бол соёл сайтай байгууллагууд шилдэг мэргэжилтнүүдийг татаж, урт хугацаанд тогтвортой ажиллуулж чаддаг. Судалгаанаас харахад ажил горилогчдын 47 хувь нь тухайн байгууллагын ажилтнууддаа санал болгож буй орчин, нөхцөл буюу соёлыг чухал гэж үздэг байна. Чадварлаг боловсон хүчнийг татахаас гадна цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох олон хүчин зүйлд нөлөөлдөг тул байгуууллагын соёл чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд зөв, бат бөх соёлыг байгууллагадаа төлөвшүүлэхэд тань туслах 3 зөвлөгөөг хүргэе:
Цаасан дээр буулгах
Бизнесийн эзэн та байгууллагынхаа үнэт зүйл, эрхэм зорилгыг тодорхойлж, зорьсондоо хүрэхийн тулд ийм соёлыг бүрэлдүүлнэ гэсэн төсөөлөл, бодлоо цаасан дээр буулгах хэрэгэтэй. Байгууллагынхаа соёлоо тодорхойлоогүй эсвэл соёл бэхжээгүй буюу ажилтнууд нь мэддэггүй байх нь аюултай. Жишээ нь, удирдлага дараа үедээ суудлаа тавьж өгөх үед соёлоо тодорхойлоогүй бол орны хүн нь өөрийн хүссэн соёлоо тогтооно. Энэ үед танай байгууллага зорьсноосоо огт өөр зүгт явж эхлэх эрсдэлтэй. Мөн байгууллагад сайн соёл бүрэлдэж, бэхжээгүйн улмаас ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэг байгууллагын нэр хүндийг унагах эрсдэл бий болдог. Байгууллагын соёл нь ажилтнууд “нэг хэлээр ярьж” эхлэх суурийг тавьдаг бөгөөд энэ нь цаашлаад хэрэглэгчидтэй харилцах хэл болон хувирдаг.
Тасралтгүй сургах
Ажилтнуудаа нэг хэлээр ярьдаг болгохын тулд байнга сургаж байх нь чухал. Энд өөрийн ажилладаг байгууллагаар жишээ авъя. “Багаар ажиллах чадвартай байх” гэсэн шаардлагыг бараг бүх ажлын зараас харж болно. Тэгвэл багаар ажиллах чадвар гэж юу болохыг манай байгууллага томъёолсон байдаг. Та багийн гишүүнийхээ хувьд манай компанид ямар нэг асуудал байгааг анзаарсан бол цаг тухайд нь мэдээлнэ. Ингэхдээ асуудал байна гэж хоосон гомдоллох бус заавал ямар нэг шийдэл, саналтай орж ирнэ. Хэрэв асуудал хэн нэгэнд байгаа бол хов ярихгүй, тухайн хүндээ шууд хандаж хэлнэ. Мөн ямар нэг сургалт, төсөл зэрэг ажил хийхдээ эхэнд, дунд, сүүлд нь үргэлж бусдаасаа feedback буюу санал авч, өгнө гэх зэргээр багаар ажиллах зарчмыг тодорхойлсон бөгөөд үүндээ үргэлж сургаж байдаг.
Хүнээ сонсох
Компани тасралтгүй хөгжиж, сайжирч байх ёстой. Харин үүний тулд хүнээ сонсох хэрэгтэй. Хүн гэдэгт ажилтан бөгөөд хэрэглэгч бүгд багтана. Ямар нэг ажлыг хийсний дараа суугаад юу нь болсон, болоогүйгээ ярилцдаг байх хэрэгтэй. Аливаа асуудлыг хэлж ярихаас эмээдэг байдлыг халж байж бэрхшээлийг хамтдаа давах нөхцөл бүрддэг. Мөн удирдлагууд зөвхөн ажилтнууддаа шаардлага тавих бус тэднээс саналыг нь асууж байж удирдлагын ур чадвараа илүү сайжруулахад юун дээр анхаарах ёстойгоо мэдэж авна. Энэ бол мэдээж хэцүү ажил, гэхдээ илүү сайжирч, хөгжихийн тулд үүнийг хийхээс өөр аргагүй. Удирдлага санал, шүүмж хүлээж авах чадвар бол маш том соёл юм.
Энэ сэдвээр хийсэн дэлгэрэнгүй подкастыг энд дарж сонсоно уу.