Л.Дулмаазул
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Сангийн сайд Риши Сунак нар улс орноо коронавирусийн хямралаас гаргах иж бүрэн “Нөхөн сэргээх төлөвлөгөө”-г боловсруулаад байгаа юм. Энэ нь Англи улсыг Ковид-19-ийн хямралаас гаргах “замын зураглал” буюу эдийн засгаа сэргээх чухал ач холбогдолтой төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөөнд амбицтай бодлого, төсвийн томоохон хөрөнгө оруулалтууд багтжээ.
Цар тахал нь дэлхийн бүх улс, тэр дундаа томоохон эдийн засагтай орнуудад асар том сорилт болсоор байна.Тиймээс тус орнууд эдийн засгаа аль болох хурдан сэргээхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийхээр төлөвлөснөө зарласан.
Дэлхийн томоохон орнууд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг ногоон линзээр харж, аж үйлдвэрлэлийн сэргээн босголтыг ч ногоон хөгжил, технологитой уялдуулахаар зарлаад буй. Тухайлбал, Хятад энэ хандлагад нэгдэж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтын тэнцвэрт байдалд хүрнэ гэж (NetZero) мэдэгдлээ. Financial Times сонинд бичсэнээр энэ оны гуравдугаар сард БНХАУ, Бангладеш хоорондын эдийн засгийн хэлэлцээрийн үеэр Бангладеш дахь БНХАУ-ын ЭСЯ нь тус улсын Сангийн яаманд хандаж “Хятадын тал нүүрс олборлолт, нүүрсний цахилгаан станц зэрэг бохирдол ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөртэй төслүүдийг цаашид сонирхохоо болино” гэдгээ мэдэгджээ. Энэ нь “Хятадын амлаж буй ногоон Бүс ба Замын амлалтууд бодитоор хэрэгжиж буйг харуулсан анхны шинж тэмдэг байлаа” хэмээн Австралид төвтэй Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Саймон Николас хэлсэн байна.
Английн Засгийн газрын хувьд эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг 2020 онд хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлсэн. Тухайлбал, цар тахлын үед иргэдийн ажлын байрыг хамгаалахад гол анхаарлаа хандуулсан төдийгүй эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлого нь ч ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Дараагийн ээлжинд цар тахлын дараа эдийн засгаа хурдан сэргээхийн тулд бизнесүүдийг шаргуу дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого барьж ажиллаж байна. Хувийн хэвшилд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлснээр ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой юм. Мөн цар тахлын үеэр ажилгүй болсон олон мянган иргэн ажлын байраар хангагдах ач тустай. Бизнесүүдийг дэмжих гол бодлого нь цар тахлын дараах хоёр жилд бизнесүүдийн татварыг хөнгөлөх болон төрөөс татаас өгснөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна.
Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталгаажуулах замаар аж үйлдвэрийн гол чиглэлүүд нь NET ZERO рүү шилжинэ хэмээн үзэж байна. Их Британи ирэх жил НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP26 олон улсын бага хурлыг зохион байгуулах учраас нүүрстөрөгч багатай дэд бүтцийн ач холбогдлыг сурталчлан таниулах, Парисын хэлэлцээрт оруулах амлалтаа цаашид дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэхээ 2020 оны арваннэгдүгээр сард зарласан. Ковидын улмаас иргэд, гэр бүл, бизнес эрхлэгчдэд ч бэрхшээл тулгарсан. Английн Засгийн газраас урьд өмнө үзэгдээгүй их буюу 280 тэрбум фунтын дэмжлэгийн багцыг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлсэн ба эдийн засгийн сэргэлтийг аль болох хурдан, хүчтэй байлгахын тулд шаардлагатай бүхнийг хийхээ Ерөнхий сайд Б.Жонсон мэдэгдсэн билээ.Үүнд, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Богино хугацаанд ажлын байр хадгалах, урт хугацааны тогтвортой өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх замаар эдийн засгийг нөхөн сэргээхийн тулд өнгөрсөн оны долдугаар сараас 8.6 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, нүүрс усгүйжүүлэх, засвар үйлчилгээний төслүүдэд хийсэн. Мөн эдийн засгийн дэд бүтцэд оруулах Засгийн газрын хөрөнгө оруулалт 2021-22 онд 27 тэрбум фунт стерлингэд хүрсэн юм. Эдийн засгийн дэд бүтэц нь төсвийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг бөгөөд үүнд сургууль, эмнэлэг, батлан хамгаалах зэрэг салбар багтдаг.
Английн Засгийн газрын тэргүүн эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд ногоон үйлдвэрлэлийн хувьсгал хийх, 250 мянган ажлын байр ойрын хугацаанд бий болгох 10 цэгийн төлөвлөгөөг онцлон танилцуулсан.
Цэвэр эрчим хүч, тээвэр, байгаль, инновацын технологийг хамарсан энэхүү зураг төсөл нь Их Британи улс 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд оруулах хувь нэмрээ тодотгох, ялангуяа ирэх онд болох СОР26 дээд хэмжээний уулзалтын өмнө нэн чухал үүрэг гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм.
Улс орон даяар байгаль орчны хамгааллын түвшнийг дээшлүүлэх зорилтын нэг хэсэг болох энэхүү төлөвлөгөө нь Их Британид 250 мянган өндөр ур чадвартай ажлын байр бий болгож, дэмжихэд Засгийн газраас 12 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж, 2030 он гэхэд энэ нь хувийн хэвшлийнхнээс гурав дахин их буюу 42 тэрбум фунт стерлинг татахад дэмжлэг хөрөнгө оруулалт болох юм
Энэхүү төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь бензин, дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг 2030 он гэхэд зогсоох, мөн арван жилийн дотор салхин цахилгаан станцын хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлэх амлалт юм.
Ногоон аж үйлдвэрийн хувьсгалыг эрчимжүүлэх, ирээдүйд ногоон ажлын байр, аж үйлдвэрийг бий болгох төлөвлөгөөний төвд Их Британийн аж үйлдвэрийн гол зүрх болсон Зүүн Хойд, Йоркшир, Хамбэр, Баруун Мидлэндс, Шотланд, Уэльс зэрэг хот орно.
Их Британийн давуу талыг түшиглэж төлөвлөсөн Ерөнхий сайдын Ногоон эрчим хүчний 10 цэгийн төлөвлөгөө нь салхины эрчим хүч, усан цахилгаан станц, атомын цахилгаан станц, цахилгаанаар ажиллах тээврийн хэрэгсэл, агаарын болон нийтийн тээвэр, нүүрсхүчлийн хийг хязгаарласан далайн тээвэрлэлт, нийтийн орон сууцны ногоон барилга байгууламж, нүүрсхүчлийн хийгээс татгалзаж мод тарих, ногоон бүсийг ихэсгэх, технологийн инновац буюу байгаль орчинд ээлтэй шинэлэг үйлдвэрлэл бүтээх тухай юм. Арван цэгийн хэтийн төлөвлөгөөг тоймловол:
1. Салхины эрчим хүч
Айл өрх бүрийг далайн салхины эрчим хүчээр хангаж, 2030 он гэхэд далайн салхины эрчим хүчний суурь хүчин чадлыг 40 гигаватт хүртэл өргөтгөх, шинээр 60 мянган ажлын байр бий болгох.
2. Устөрөгч
2030 он гэхэд үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн хэмжээг багасгах, устөрөгч, усан цахилгаан станцын үйлдвэрлэлийн хүчин чадлыг таван гигаватт хүртэл өргөжүүлэх, есөн жилийн дараа зөвхөн устөрөгчөөр халдаг үйлдвэр, орон сууц, тээврийн хэрэгсэл, хотхон бүтээн байгуулах зорилт тавин ажиллах.
3. Цөмийн эрчим хүч
Цөмийн эрчим хүчийг цэвэр эрчим хүчний эх үүсвэр болгон өргөжүүлж томоохон хэмжээний цөмийн цахилгаан станцууд, жижиг дэвшилтэт реакторуудыг үйлдвэрлэх, 10 мянган хүнийг ажлын байраар хангах
4. Цахилгаан тээврийн хэрэгсэл
Цахилгаан тээврийн системд бүрэн шилжихийн тулд Баруун Мидландын дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэлийг дэмжиж, цахилгаан автомашин үйлдвэрлэлийг 2030 он гэхэд үндэсний дэд бүтцийн хөгжилтэй уялдуулна. Бензин, дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг 2030 он гэхэд зогсооно.
5. Дугуй унах, явган алхах
Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг тэг болгох бодлого явуулж, дугуйтай болон явган хүний тав тухтай зорчих орчныг бүрдүүлэх, явган аяллын илүү сонирхолтой хэлбэрийг сонгож хөрөнгө оруулах.
6. Агаарын болон далайн ногоон байгууламж, тээвэр
Агаар мандалд хор хөнөөл учрууж буй нүүрсхүчлийн хийгээс татгалзсан, хорт утаа ялгаруулдаггүй онгоц, хөлөг онгоцны судалгааны төсөл, агаарын тээврийн хөгжлийг дэмжиж, байгальд ээлтэй, шинэ технолог бүхий агаарын болон далайн хөлөг онгоцны үйлдвэрлэлийг дэмжих.
7. Барилга байгууламж, орон сууц
2030 он гэхэд 50 мянган ажлын байр бий болгож, 2028 он хүртэл жил бүр 600 мянган дулааны насос суурилуулах зорилт тавин барилга, байгууламж, сургууль, эмнэлгийг илүү дулаан, илүү эрчим хүчний хэмнэлттэй болгох
8. Нүүрстөрөгчийн агууламж
2030 он гэхэд хорт утааг агаар мандлаас зайлуулах, арилгах технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч технологи бүхий орон болох.
9. Байгаль, хүрээлэн буй орчин
Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, жил бүр 30 мянган га мод тарьж, олон мянган ажлын байр бий болгох, байгаль орчноо хамгаалж, хойч үедээ үлдээх
10. Инновац, санхүүжилт
Шинэ эрчим хүчний зорилгоо биелүүлж, Лондон хотыг дэлхийн ногоон санхүүжилтийн төв болгоход шаардлагатай хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх.
Английн Ерөнхий сайд Б.Жонсон “Энэ жил бидний төсөөлснөөс тэс өөр байсан ч би улс орон даяар хэрэгжүүлэх амбицтай төлөвлөгөөгөө мартаагүй. Манай арван цэгийн төлөвлөгөө нь олон зуун мянган ногоон ажлын байрыг бий болгож, дэмжиж, хамгаалах бөгөөд 2050 он гэхэд улс даяараа хорт утаагүй, цэвэр тэг рүү тэмүүлсэн улс болно” гэсэн юм.
Ногоон аж үйлдвэрийн хувьсгал хүн төрөлхтний амьдралыг хэрхэн өөрчилж болохыг төсөөлөөд үз дээ. Бид ойрын ирээдүйд цэвэр эрчим хүч ашиглан өглөөний болон оройн хоолоо хийж, цахилгаан автомашин, автобус, галт тэргэнд суугаад ажил, гэр рүүгээ явж эхэлнэ. Ногоон хувьсгалын энэхүү шинэчлэлийг Их Британи тэргүүлэхээр ийн төлөвлөгөө боловсруулаад байна.
Л.Дулмаазул нь 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байв. 2021 он гараад Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт дэд бүтэц, санхүүгийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр “Mongolian Economy” сэтгүүлд зориулж цуврал нийтлэл бичиж байна. zula.luvsandorj@gmail.com
Сайтын нийтлэлүүдийн талаар үнэтэй санал бодлоо бидэнтэй info@business.mn хаягаар хуваалцахыг хүсье.
Business.mn-ий Facebook, Twitter, LinkedIn, Instagram дахь хуудсыг дагаарай.
Мөн манай сэтгүүлийг WPlus платформоос уншаарай