Шинэ хэвийн нөхцөл цаашид үргэлжилнэ, хэзээ ч бүх зүйл өмнөх нөхцөл байдалд орохгүй гэдгийг ойлгож, дэлхийн аялагч нарын сэтгэл зүйд тааруулж үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд хурдан өсөлт үзүүлнэ гэдгийг манай үйлчилгээний байгууллагууд ойлгох хэрэгтэй.
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулсан эрүүл ахуйн протокол, Аялахад Аюулгүй гэсэн тэмдгийг шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй олгож, шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээхэд нь тусалж байна. Одоогоор Монгол Улсаас нэгдсэн байгууллага байхгүй. Энэ хаягаар ороод, судлаад аваасай.
Шинэ хэвийн нөхцөлд хүмүүс аялж эхлэхэд Монгол Улс хүн ам цөөтэй, social distancing талаасаа нэг дор олон хүн чихэлддэггүй гэдэг утгаараа ашигтай байр сууринд байгаа. Гэвч дэлхийн нийтийн чиг хандлага хүн амын тархан суурьшсан байдлыг харахаасаа илүү тухайн орны эрүүл мэндийн системийн найдвартай байдал, технологи ашиглан аливаа үйлчилгээг touchless буюу гар хүрэхгүйгээр авах боломж байгаа эсэхийг түлхүү харж байна.
Дэлхийн аялал тухайн орны эрүүл мэндийн системийн найдвартай байдал, технологи ашиглан аливаа үйлчилгээг touchless буюу гар хүрэхгүйгээр авах боломж байгаа эсэхийг түлхүү харж байна.
Тийм учраас манай улсын хил гааль, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар технологийн хэрэглээг маш хурдан нэвтрүүлэх шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын хилээр орж ирж буй зорчигчдын паспортыг шалгах үйл ажиллагааг гаалийн байцаагч биш, паспортыг өгч авахгүйгээр тухайн хүний мэдээллийг нүүр таних системээр уншуулах хэрэгцээ тулгарч байна. Ингээд хилээр орж ирсэн хүн дараагийн алхам болох зочид буудалдаа очиход тухайн хүний мэдээллийг хилээр орж ирсэн мэдээллээс нь шууд татаад паспортгүйгээр бүртгэх боломж бий. Сингапур гэх мэт Азийн хөгжилтэй орнууд, Европын Холбоо энэ санаачилгыг хэрэгжүүлээд эхэлжээ. Эдгээр улсын хэрэгжүүлж байгаа системд манай улс нэгдэх боломжтой.
Жуулчны баазууд, зоогийн газрууд ч мөн адил зөвхөн хоолны цэсээ гэхэд ном шиг биш, хүн гар хүрч эргүүлдэггүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Нэг хэсэг touch screen модонд орж байсан бол одоо touchless чухал болчихлоо.
Манай компани гурван сая орчим харилцагчдын дата баазтай бөгөөд шинэ хэвийн нөхцөлд хаашаа аялахыг хүсч байгаа талаар судлахад нийт аялагчдын 70-аас дээш хувь нь Европын орнууд руу аялна гэсэн чигтэй байна. Хэдийгээр ковидын хор уршгаар Итали улсад 2,9 сая хүн халдварлаж, 97 мянган хүн нас барсан ч америкчууд Итали, Испани руу аялна гэсэн байгаа нь эдгээр орнуудын эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр оруулах, нөгөө талаар Ковидыг хэрхэн даван туулж байгааг нь харах сонирхолтой, мөн аюулгүй үйлчилгээ үзүүлж чадна гэдэгт нь итгэж байгаа хэрэг юм.
Ингэхээр Монгол Улс аялагч нарын сэтгэлийг татахын тулд гадаад руу чиглэсэн маркетингаа нэгдмэл байдлаар зөв хийх нь чухал байна. Зөвхөн нүүдлийн соёл иргэншил, Чингис Хаанаа сурталчлаад оновчгүй. Миний зүгээс монгол үндэсний маркетингийг хийх гурван санаа боловсруулав.
Нэгдүгээрт, яагаад шинэ хэвийн нөхцөлд Монгол руу аялах ёстой талаар цахим контентыг англи болон бусад онилж байгаа зах зээлийн хэлээр нэгдсэн байдлаар хүргэх. Биднийг дэлхий нийтээр Чингис Хааны Монгол, Нүүдэлчин Монгол гэж мэдэж байгаа ч гэсэн өнөөгийн Монголын тухай мэдээллийг бараг мэдэхгүй гэхэд болно. Өнөөгийн Монголын тухай та нар юу мэдэх вэ гэж корпорацийнхаа ажилтнуудаас асуухад 30,000 хонь Хятадад хандивласан гэж л мэдэж байна. Тэгэхээр биднийг хүн нь биш, мал нь сурталчилаад явж байна гээд хэлчихээд хатуудахгүй.
Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас бусад бүх цахим хуудас зөвхөн монгол хэл дээр. Ядаж Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод нь цахим хуудсаа англи хэл дээр болгох нэн тэргүүний шаардлагатай. Боловсролын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байдаг ч манай боловсролын яамны хуудас мөн л англи хэл дээр байхгүй. 2008 оноос хойшхи мэдээлэл бараг олддоггүй гэх мэт. Бидний дэлхийтэй харилцаж байгаа байдал хэт сул байна.
Нийт аялагчдын 65, нийт хөрөнгө оруулагчдын 86 хувь нь аливаа орон руу аялах эсхүл хөрөнгө оруулах шийдвэрээ хайлтын систем ашиглан мэдээлэл цуглуулж, улмаар шийдвэр гаргадаг
Сая жуулчин авна гэж яриад байдаг хэрнээ яагаад холбоо харилцаандаа анхаарахгүй байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Гүүгл компанийн судалгаагаар нийт аялагчдын 65, нийт хөрөнгө оруулагчдын 86 хувь нь аливаа орон руу аялах эсхүл хөрөнгө оруулах шийдвэрээ хайлтын систем ашиглан мэдээлэл цуглуулж, улмаар шийдвэр гаргадаг гэсэн байна. Гэтэл Монгол улсад үндэсний маркетингаа хийж байгаа нэгдмэл цахим хуудас алга. Тэр ч байтугай англи хэл дээр хэдэн тур оператор, Монгол руу жуулчнаа явуулдаг манайх шиг гадны хэдэн компаниаас өөр Монголын тухай контент оруулж байгаа газар байхгүй. Гадаад хэлтэй хүн болгон Монгол сайхан орныхоо тухай контентыг гадагш нь гаргахад хувь нэмрээ оруулцгаая.
Хоёрдугаарт, бидэнд нэгдмэл байдал ус агаар шиг хэрэгтэй. Саяхан Ерөнхий Сайд аялал жуулчлалын салбарынхантай уулзахдаа нэгдмэл стратеги, нэгдмэл маркетингийн бодлого барина гэж хэлсэн нь маш чухал асуудлыг хөндсөн. Аялал жуулчлал бол зөвхөн энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын асуудал биш. Одоогоор анзаарч байхад гадны жуулчин гэртээ буулгадаг малчин өрхүүдээ жуулчны баазууд нь ад үзсэн байдалтай, зоогийн газар, хоолны үйлчилгээ эрхэлдэг газруудыг аялал жуулчлалын салбарт юу хийж яваа юм гэх мэтээр хардаг тун хачирхалтай өнцгүүд байна. Гэвч аливаа улс үндэсний хэмжээнд нэгдмэл маркетинг хэзээ хийдэг вэ гэхээр:
- Иргэдийн оролцоотой засаглал бүхий, улс төрийн намаас хараат бус бодлого төрийн тогтвортой бодлоготой.
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын гурван талт түншлэл нь хүчтэй, хяналт үнэлгээний системтэй.
- Экспортонд гаргаж байгаа бараа, үйлчилгээ нь чанартай.
- Соёл, спортын солилцоо хийдэг, экспортонд гаргадаг.
- Жуулчин хүлээж авч байгаа орны иргэд нь жуулчиндаа ээлтэй, нөхөрсөг, чин сэтгэлээсээ ханддаг.
- Гадаадад яваа иргэд нь биеэ зөв авч явдаг.
Энэ бүхэн нийлснээр Монгол улсын нэгдмэл маркетинг бий болох юм. Бидэнд хийх зүйл маш их.
Гуравдугаарт буюу хамгийн чухал нь орчин үеийн Монгол үндэсний ялгарал юу байх юм, бидний алсын хараа юу юм гэдгээ тодорхойлж, иргэн бүр нь мэддэг байх. Монгол Улсын 2050 алсын харааг хэдэн иргэн мэдэж байгаа бол? Иргэн нь мэддэггүй алсын хараа хэзээ ч иргэдийнхээ сэтгэл зүрхний галыг асаахгүй. Сэтгэлийн гал нь асч нэг зүгт тэмүүлсэн ард түмэн хамгийн хүчирхэг.
Үндэсний маркетингаа хүчтэй хийж байгаа дэлхийн улсуудыг харахад дэлхийн асуудлыг шийдэлцэх, хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмэр оруулах гэсэн алсын хараагаараа ялгарч байна. Тухайлбал, бидэнтэй соёл уламжлалаараа их төстэй Бутан улс Хималайн нурууны энгэрт нэг сая ч хүрэхгүй цөөхөн хүн амтай, хөгжиж буй орон хэрнээ яагаад дэлхийн аялагч нарын заавал очихыг хүсдэг 10 орны тоонд багтчихав аа? Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах нь дэлхийн бүх улс орны зорьж буй нэгдмэл асуудал болоод байгаа энэ цаг үед Үндэсний газар зүйн суваг буюу National Geographic –аас Бутан улсыг хүлэмжийн хийг тэглэсэн дэлхийн анхны орон хэмээн зарласан. Үүнийгээ бутанчууд аялал жуулчлалын гол маркетингаа болгон ашиглаж “Манай орон хүлэмжийн хийг сөрөг утгатай болгосон дэлхийн анхны орон. Та дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сааруулах үйл явцад хувь нэмэр оруулъя гэвэл манай орон руу аялаарай” хэмээн сурталчилгаа хийж байна.
Монгол Улс шинэ зууны өвчин болох “Дижитал Стресс” –ийг анагаах төв байж болно.
Мөн үндэсний аз жаргалын индекс хэмээх ойлголтыг дахин сэргээсэн нь дэлхийн хүмүүсийн сонирхлыг татаж, хамгийн Аз жаргалтай иргэдтэй орон хэмээх алдрыг хүртсэн. Ингээд өөрийгөө дэлхийн анхаарлын төвд оруулж чадсан бөгөөд манай орон бол зөвхөн өндөр үнэтэй, чанартай аяллыг санал болгоно. Жуулчны тоо бол чухал биш. Та өдөрт 200-250 ам.доллар зарцуулах боломжтой байх ёстой шүү гэсэн чанарт төвлөрсөн бодлого барьж байна. Бутан улс ирж байгаа жуулчин бүрээс 65 ам.долларын татвар авч түүнийгээ хүн амын боловсрол, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах санаачилга, аялал жуулчлалын дэд бүтэц барих гэсэн дөрвөн салбарт хөрөнгө оруулж байгаагаа зарласан. Ингэснээр, хэдий үнэтэй ч миний энэ оронд жуулчилж буй үйл явдал нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй, тус улсын иргэдийн амьдралыг сайжруулахад нөлөө болж байгаа юм байна гэсэн үнэ цэнийг жуулчин хүн бүрт өгч чадаж байна. Энэ бол маш мундаг маркетинг буюу үндэсний тогтвортой аялал жуулчлалын бодлого юм.
Тэгвэл Монгол Улсын хувьд дэлхийн ямар асуудлыг шийдэж чадах юм бэ?
Ямартаа ч аз жаргалтай орон гэдгээрээ бид хүмүүсийн сонирхлыг татахааргүй байгаа нь харамсалтай. Аз жаргалтай дэлхийн индекс (happyplanetindex.org) байгууллагын судалгаагаар Монгол Улс аз жаргалын түвшнээр дэлхийн 140 орны 136-д жагсжээ. Авлигын индекс нь маш өндөр учраас энэ бол нэг их гайхаад байх зүйл биш. Авлига, хээл хахуулийн асуудлаа шийдэхгүй бол гадны жуулчин татах, хөрөнгө оруулалт авах гэдэг бол маш төвөгтэй.
Гэхдээ Монгол Улсад дэлхийн хаанаас ч олохгүй эрхэм сайхан чанар олон бий. Миний хувьд АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Ази, Номхон Далай, Африкийн бүсийг хариуцаж олон оронд өдөр тутамдаа ажилладагийн хувьд үүнийг итгэлтэйгээр хэлнэ.
Жишээ нь Монгол Улс шинэ зууны өвчин болох “Дижитал Стресс” –ийг анагаах төв байж болно. Техник технологи хэт их хөгжиж, гар утас, нийгмийн сүлжээний хамаарлаас үүдсэн стресс ядаргаагаа агуу их түүхтэй, нүүдлийн соёл иргэншилтэй, үзэсгэлэнт байгальтай, хүн ам цөөтэй, хүнлэг нөхөрсөг ард түмэнтэй манай оронд ирж тайлах боломжтой, дахин төрсөн мэт мэдрэмжийг аваад буцаарай гэсэн нэгдмэл маркетингийг яагаад хийж болохгүй гэж. Ингэснээрээ бид хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан байдалд маш том хөрөнгө оруулалт, хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.
Үйлчилгээний боловсон байдал, бие засах газрын асуудал, хоггүй цэмцгэр орон болох гэх зэргээр бидэнд дээрх зорилгод хүрэхийн тулд хийх зүйл маш их. Монгол оронд ирээд буцаж буй хүн бүр энэ нүүдэлчид гэдэг чинь ямар цэмцгэр хүмүүс байдаг юм бэ, ямар нөхөрсөг ард түмэн юм бэ гэдэг ойлголттой л буцвал манайхыг чиглэсэн аялагч нарын урсгал улам нэмэгдэнэ.