“Амжилтын эзэн” буланд:
Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд 20-иод жилийн хугацаанд манай улсын цорын ганц чулуун хөвөнгийн үйлдвэрийн технологи, ноу хау-г хэрхэн бүтээсэн түүхээ хуваалцаж байна. 1990-иэд оны эхэнд хүмүүс суурь машинаа орхин наймаанд явж байхад Монголд анх удаа автомашины шилний үйлдвэрийг байгуулж байсан түүний замнал гэнэтийн өсөлт, бардамнал, шантрал, алдаа, урам хугаралт, амжилтаар дүүрэн байв. Тэрбээр “Амжилт, энтрепренершип бол сайн номнууд уншаад, эсвэл мундаг менторуудаас зөвлөгөө аваад бий болдог зүйл биш, энэ бол процесс, амьдрал өөрөө юм” гэж хэлж байна.
“Манлайлагч” буланд:
Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй E-Mongolia төсөл төрийн үйлчилгээнд ямар хувьсгал авчирч байгаа талаар ярилцав. Энэ бүсгүй Засгийн газрын агентлагийн дарга бус харин мэдээллийн технологийн компанийн захирал шиг арга барилаар ажилладаг. Тэрбээр яагаад төрд ажиллах болсон шалтгаан, эрэгтэйчүүд давамгайлсан салбарт залуу эмэгтэй удирдагч байхын бэрхшээл, томилогдож ирээд менежментийн ямар шинэчлэл хийснээ мөн ярилаа.
“ХЯМРАЛЫН ҮЕИЙН БИЗНЕС” ХЭСЭГТ:
- Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Вероника М Жоффре болон “Би Эф Эй Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Болормаа нар бичил жижиг дунд бизнес, ААН-үүд, ялангуяа албан бус бизнесийг сэргээх гурван зөвлөмжийг санал болгож байна.
- Цар тахлын дараах бизнес төлөвлөгөөг хэрхэн боловсруулах вэ гэдэг асуулт олон компанид бий болсон. Тэгвэл цар тахлын дараах бизнесийг төлөвлөхийн тулд тэр үед хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид гэх мэт бизнесийн оролцогч талууд ямар зан төлөвтэй болж, ямар ааш гаргахыг ойлгох хэрэгтэй талаар энэ дугаартаа өгүүллээ.
- Түүнчлэн “ЭМ АЙ СИ ЖИ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхан цар тахлын дараа, цаашлаад 2030 он хүртэл үл хөдлөхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнэ ханш ямар байх талаар дэлгэрэнгүй судалгаа, анализ нийтэллээ.
- Мөн Бизнес.мн сэтгүүлийн сэтгүүлч Х.Цолмон “Ажлын байрыг дэмжих зээл” жинхэнэ эзэддээ хүрч байгаа эсэхийг “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо”-ны гишүүн бизнес эрхлэгчдийн жишээн дээр нягталлаа.
Д.Энхбатын буланд:
“Үргэлж шилдэг нь байх хэцүү ч, үргэлж суралцагч байж болно”. Энэ нийтлэлээрээ Дижитал Хархорум Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат алдаа, амжилт үргэлж багцаараа ирдэг тухай, амжилттай бас аз жаргалтай амьдрахын тулд тасралтгүй суралцагч байх нь хичнээн чухал, юу хүсч буйгаа мэдэх нь ямар хүчтэй талаар өгүүллээ.
“СЕО бичиж байна” буланд:
Эрксис Инк компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших дижитал шилжилтийг удирдлага болон байгууллагын соёл, сэтгэлгээний өөрчлөлтөөс эхлэх хэрэгтэйг хэллээ. Тэрбээр компаниуд бусдаас хоцрохгүй технологижих хүсэлдээ хэт хөтлөгдөн хэрэглэгч гэдэг бизнесийн чухал оролцогчоо мартаж болохгүй гэдгийг онцлов.
“Гадаад зах зээл” буланд:
Старт Ап хөгжүүлэгч “Ирбис Вэнчурс” компанийн Гүйцэтгэх Захирал Ч.Цэнгэл Азийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгч бүрт зориулан Сингапур хэмээх хаалгаар дамжин хэрхэн Азийн аварга зах зээлд гарах жорыг танилцуулж байна. Уг нийтлэлдээ тэр Сингапурын татварын орчин, компани байгуулахад юу анхаарах талаар дэлгэрэнгүй бичлээ.
“Дижитал шилжилт” буланд:
- Дижитал зээлийн финтек Simple App бизнесийн зээлийн үйлчилгээг тун хялбархан, төвөг багатай шийдэх гэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн сонирхууллаа. Ингэхдээ тэд Зээлийн мэдээллийн санд байдаг, банк, санхүүгийн байгууллагуудын ашигладаг харилцагчийн санхүүгийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээллээс гадна өөрсдийн альтернатив дата ашигладаг аргыг нэвтрүүлж байгаа аж.
- BZP DIGITAL&INBOUND дижитал маркетингийн агентлагийн захирал Б.Батзориг дижитал маркетинг хэрхэн зөв, оновчтой хийх талаар зөвлөлөө. Тэрбээр хэрэглэгч аливаа бүтээгдэхүүний сурталчилгааг үзэх, сонсох гэх зэргээр дунджаар 10 удаа хүрэлцэж байж худалдан авалтын шийдвэр гаргадаг гэдгийг санууллаа.
“Зургаан санаа” буланд:
Хүмүүс алсын зайнаас ажиллаж, сурч байгаа ч зайнаас ажилтан сонгон шалгаруулж авах процесс нь сорилт хэвээр байна. Тиймээс ур чадвартай, авьяаслаг ажилтныг хэрхэн сонгож авдаг талаарх зургаан энтрепренерийн зөвлөгөөг хүргэлээ.
“Байгууллагын соёл” буланд:
АНУ-ЫН Гранд Серкл корпорацийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяа компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс тодорхой байх нь дэлхийн компани болох эхний алхам болох тухай бичлээ. Үүнийг тэр “Саран дээр хүртэл хүргэлт хийх” алсын хараатай DHL компанийн жишээн дээр тайлбарлалаа.
“Санхүү” буланд:
Sanhuuch.mn болон Tod.systems – ийн хамтран үүсгэн байгуулагч, Бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрах бараа материалын тооллогыг үр дүнтэй хийх үндсэн 3 нөхцлийн талаар дэлгэрэнгүй тайлбар, заавар санал болгож байна. Энэ нийтлэлдээ ЖДБ эрхлэгч та бараа материалын тооллогыг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, тооллогын явц, эцсийн үр дүнд хяналт тавих үүргийг хариуцлагатай хэрэгжүүлдэг байх ёстойг онцоллоо.
“Процесс” буланд:
Процессын туршлагатай эксперт, Обзерв консалтинг ЗҮБ-ын дарга Д.Отгонбат процессын алдаа дутагдлыг илрүүлж, улам сайжруулахын үндэс нь оновчтой дүн шинжилгээ гэж хэллээ. Улмаар аливаа процесс нь олон үйл ажиллагаа, алхмуудын цогц нийлэмж байдаг учраас үүний үе шат бүрийг мэдэж, шинжилж байх ёстойг сануулав.
“Дэлхий 2021” сэтгүүлээс:
Бизнес.мн сэтгүүлээс Английн The Economist сэтгүүлийн монгол хувилбар болох “Дэлхий 2021” сэтгүүлийн шилдэг нийтлэлүүдээс цувралаар нийтэлж байна. Энэ удаа зайнаас ажиллах явдал нь компаниудын соёл, бүтээмжид хэрхэн нөлөөлж буй талаар сонирхолтой материалыг сонгон орууллаа.
Business.mn сэтгүүлийн 4 сарын дугаар хөл хорио тавингуут хэвлэгдэн уншигчдын гар дээр очно. Энэ хооронд Та сэтгүүлээ захиалаарай.
Редакциар захиалах линк:
https://biz.mn/subscription
Шуудангаар захиалах бол:
https://business.mn/subscription/
Лавлах утас: 80434408