Үүсэл — үндэсний амбиц
XVII, XVIII зууны Голланд улсын хөгжлийн түүх (Dutch Golden Age) нь орчин үеийн капитализмын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Португали, Испаниас эхлэлтэй дэлхийн колончлолын үед Голландчууд (өөрөө Испанийн колони байсан) орчин үеийн капитализмын шавыг тавьсан гэж түүхчид үздэг.
XVI зуунд Голланд Испаниас тусгаар тогтнохоосоо өмнө Испанитай хийж байсан гадаад худалдаа нь тэр үеийн Голландын эдийн засгийн голлох эх үүсвэр байжээ. Голланд тусгаар тогтносны дараа (Испанитай олон жил дайтсаны эцэст) Испанийн хаан Голландын бүх боомтыг бүслэлтэд авч, ямар ч үйл ажиллагаа явуулах бололцоогүй болгосон аж. Голландын худалдааны ямар ч онгоц Испанийн хил хязгаарт орохыг бүр мөсөн таслан зогсоосон нь үүний нэг жишээ. Нэг ёсондоо Голландын эдийн засаг оршин тогтнох ямар ч бололцоогүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Шинээр тусгаар тогтносон Голландын бүгд найрамдах улсын цаашдын гарц юу вэ гэсэн асуулт гарч ирсэн. Тэр үед Голландчууд худалдааны туршлага сургамждаа тулгуурлан цааш оршин тогтнох өөрийн давуу талыг олж авчээ. Tэр нь эд баялгийн сонирхол ихтэй, хүн амын дийлэнх хэсгийг эзэлж байсан худалдаачдын давхарга байв.
Хэрвээ эдгээр худалдаачны эд баялгийн шуналыг нь хөдөлгөж чадвал үндэстний хөдөлгөгч хүч болох боломжтой гэж үзсэн ба худалдаачид нь Голланд үндэстний цаашдын оршин тогтнох баталгаа байх учир үүнийгээ үндэстний бодлогын цөм болгон хэрэгжүүлжээ.
Хааны эрх мэдлээс илүү хүчтэй үндэстний хөдөлгөгч хүч бол худалдаачид гэдгийг Голланд үндэстэн хүлээн зөвшөөрч, тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэх нь тэдний хүчирхэгжин хөгжих баталгаа гэх үзэл үндэстний ухамсрын түвшинд төлөвшсөн юм.
Энэхүү бодлогын үр дүнд Голландчууд нийлүүлэгч болон хэрэглэгчдийн хооронд зуучилдаг үндэстнээс далайн тээврийн голлох тоглогч болон төлөвших хөгжлийн шинэ шатанд гарсан.
Голландчууд Европоос Ази болон Америк тивд далайн тээврийн шинэ замыг нээж чадсан юм. Тив алгассан далайн тээврийг эрхлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай бөгөөд үүний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэсэн асуудал тэдэнд тухайн үед тулгарчээ.
1602 онд Голландын бүгд найрамдах нэгдсэн муж улсын парламентын дарга болох Ван Олденбарневелтын санаачлагчаар Голландын нэгдсэн “Зүүн Энэтхэгийн Компани”-ийг (Dutch East India Company) байгуулжээ. DEIC нь дан ганц Голландчуудад бус нийт хүн төрөлхтний түүхэнд компанийг эдийн засгийн томоохон институцийн түвшинд байгуулсан анхны жишээ болсон юм.
Түүхэн дэх анхны хувьцаат компани
DEIC нь хүн төрөлхтний түүхэнд анхны хувьцаат компани болохоор барахгүй хожмын үндэстэн дамнасан корпораци гэх ойлголтын эхийг тавьсан. Тус компани санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулахын тулд түүхэнд анх удаа нийтэд хувьцаа гарган, арилжаалсан нь санхүүгийн салбарт олон олон инноваци хийгдэх эхлэл байлаа. Гэхдээ өнөөдрийн хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцаанаас өөр зүйл байжээ.
Тэр үед Голландчууд DEIC-ийн конторт ирж тус компанид зээлдүүлэх мөнгөө тушаан түүнийгээ баталгаажуулан гарын үсэг зурдаг байж. Ингээд тус компани нь мөнгө зээлдүүлэгчдэд олсон ашгаа зээлүүлсэн мөнгөний хувиар нь хуваалцана гэж тэмдэглэлийн дэвтэр дээр хоёр тал гарын үсэг зурж тохиролцдог байж.
DEIC санхүүгийн эх үүсвэрээ шийдэж чадсанаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон юм. Тухайн үед 6,5 сая гуйлдэрийн (guilder, тухайн үеийн ханшаар) санхүүгийн эх үүсвэрийг олон нийтээс босгожээ. Тийм их хэмжээний мөнгөөр Голланд эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон компаниа байгуулсан байна.
Голландчууд тэр үед бүх Голландчуудын гар дээр байгаа мөнгийг олсон ашгаа хуваалцах аргаар төвлөрүүлж, үндэстний бүх мөнгөн баялгийг шинээр байгуулагдсан бүгд найрамдах улсын цаашдын хөгжлийн төлөө ашигласан явдал нь хувь хүмүүсийн гар дээр байсан баялгийг дэлхийн гол тоглогч үндэстэн болж төлөвших, Голланд үндэстний хүсэл эрмэлзлийг биелүүлэх түүхэн үйл хэрэгт зөв оновчтой хэрэглэж чаджээ.
Тухайн үед Амстердам хотын даргын зарц нь хүртэл DEIC-ийн хувьцаа эзэмшигч байжээ.
Хэдэн зуун мянгаар тоологдох хотын иргэд өөрийн амьдралын баталгаа болгон хуримтлуулж байсан мөнгөө ашиг орлого ихтэй DEIC-д дуртайяа зээлдүүлж ашгаас нь хүртдэг байж. Голландын ард иргэдийн баяжих гэсэн үндэстний ухамсар нь улс орноо харийн дайсны дарлалаас аварснаас гадна нийт Голландын ард түмнийг өлсгөлөн ядууралд орох хувь тавилангаас нь ч аварч чадсан юм.
Үүнээс гадна хэрэв DEIC алдагдалд орвол Голландын шинээр байгуулагдсан бүгд найрамдах улс болон түүний ард түмэн дампуурах эрсдлийг ч бас дагуулж байсан.
Гэтэл тухайн үед Голландын иргэнээс гадна засгийн газар нь тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Тиймээс Голландын засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар эрх мэдлээ ашиглаж тэр үеийн мөнгөөр хорин таван мянган Голланд гуйлдэр-ийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр Голландын ард түмэн итгэл найдвартайгаар тус компанийн хувьцааг худалдан авах сэдэл болжээ. Учир нь Голландын төр эрсдлийн баталгаа гаргаж өгснөөр нийт ард иргэд нь дуртайяа хөрөнгө оруулалт хийдэг байжээ.
Голландын засгийн газар DEIC-д хувьцаа эзэмшигчийн хувьд эрсдэлийг хамгаалах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, хувьцаа эзэмшигч жирийн ард түмний хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлснээр тус аж ахуйн нэгж нь хангалттай санхүүгийн эх үүсвэрийг өөрийн ард иргэдээсээ хуримтлуулж чадсан.
Хэрэв нэгдсэн Голландын DEIC-ийн үйл ажиллагаанд эрсдэл учирсан нөхцөлд Голландын төр цэргийн хүчээ дайчилж хамгаалах баталгааг ч гаргаж өгсөн байдаг. Tиймээс Голландын DEIC нь нэг ёсондоо бие даасан халдашгүй бүрэн эрхтэй эдийн засгийн байгууллага байсан. Иймээс халдашгүй бүрэн эрхтэй эдийн засгийн байгууллагын хувьд DEIC нь тусгаар тогтносон үндэстний төр адил бие дааж шийдвэр гаргах үйл ажиллагаагаа Ази, Америк,Европ, Африк тивд хүртэл өргөжүүлсэн.
DEIC нь санхүүгийн эх үүсвэрээс гадна “төрийн” үүргийг гүйцэтгэдэг эрх мэдлээ олж авсны дараа тус компанийн далайн тээвэрчид далайн тээврээ өргөн хүрээнд эхлүүлсэн байна.
Испанийн хаан шинээр гарч ирж байгаа Голландчуудыг үл тоомсорлон, үнэлэхгүй байсан гэдэг.
DEIC байгуулагдаад таван жилийн хугацаанд дэлхийн бүх тивд жил бүр тавин онгоцыг далайн тээвэрт дайчилдаг байсан нь Испани болон Португалийн нийт онгоцны хэмжээнээс хол давсан тоо байв.
DEIC байгуулагдсаны дараа эхний арван жилд ямар ч ашгийг хувьцаа эзэмшигчид хуваарилаагүй. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид өөрийн мөнгөө тус компанийн онгоц үйлдвэрлэх, орон сууц барих болон ази тивд байгуулах худалдааны сүлжээг хөгжүүлэхэд тасралтгүй оруулж байсан. Энэ арван жилийн худалдааны цар хүрээгээ тэлэх хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа анх удаа хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчдад олгож эхэлжээ Арван жил хөрөнгө оруулагчдад хувьцааны ногдол ашгийг хуваарилахгүй нөхцөлд яагаад Голландын ард иргэд тасралтгүй хөрөнгө оруулж байсан вэ гэвэл DEIC-аас гадна өөр нэгэн хүн төрөлхтний түүхэнд байгаагүй санхүүгийн байгууллага болох Амстердамын хөрөнгийн биржийг 1609 онд байгуулсан. Энэ хөрөнгийн бирж бий болсоноор хөрөнгийн эргэлтийг маш богино хугацаанд хөрөнгө оруулагч болон хөрөнгө шаардлагатай талуудын хооронд солилцоо үүсгэх бололцоотой болжээ.
Анхны хөрөнгийн бирж
Амстердамын Хөрөнгийн бирж нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны хөрөнгийн бирж байсан юм. Ийнхүү DEIC-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа Амстердамын хөрөнгийн биржид чөлөөтэй арилжаалж бэлэн мөнгө болгох таатай орчин бүрдэв.
400 жилийн тэртээ Амстердамын хөрөнгийн биржид 1000 гаран брокер, диллер ажиллаж байсан аж. Амстердамын хөрөнгийн биржид бүх брокер диллерүүд өөрийн суудалтай үйл ажиллагаа явуулдаг байж.
Тиймээс Амстердамын хөрөнгийн бирж нь тухайн үедээ Европын хамгийн том санхүүгийн зах зээл байсан. Хувьцааны арилжаа эрхэлдэг брокер диллерүүд нь зөвхөн Голланд хүн байгаагүй ба дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байсан. Тухайлбал Англи, Америк гэх мэтийн улс орноос ирж Голландын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг байсан тухай олон тэмдэглэлд үлдээжээ.
Хувьцааны арилжаанаас олсон их хэмжээний мөнгө мянган квадрат метр хүрэхгүй өчүүхэн талбайд эргэлддэг байв. Энэхүү Амстердамын хөрөнгийн бирж нь Голландын үндэстний эрдэнэсийн санг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлснээс гадна Голландын жирийн иргэдийн халаасыг дүүргэсэн байна (Tulip mania гэж нэрлэгдсэн хөрөнгийн зах зээлийн хэт хөөсрөл бас болж байсан).
Зөвхөн Английн төрийн өрийн бичгээс Голландчууд жил бүр 25 сая гуйлдэрийн орлого олдог байж. Энэ нь 200 тонн мөнгөтэй тэнцэх хэмжээний орлого байсан. Их хэмжээний алт мөнгөн зоос урьд өмнө нь байгаагүй их хурдаар Амстердамын хөрөнгийн бирж дээр эргэлдэж байх тэр үед Голландын эдийн засгийн чадавх нь өөрийн дотоодын эрэлт хэрэгцээнээс нь давж их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн хуримтлалыг яаж зөв оновчтой эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал тулгарав.
Анхны төв банк — Bank of Amsterdam
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд тэд анхны төв банкийг байгуулсанаар орчин үеийн эдийн засгийн тогтолцооны суурийг тавьсан гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Амстердамын банк 1609 онд байгуулагдсан (Английн төв банкнаас зуу гаруй жилийн өмнө). Тухайн үед Амстердам банк нь зөвхөн нэгэн хотын л банк байсан боловч үйл ажиллагааны цар хүрээний хувьд хадгаламж, зээл, валютын арилжаа, дотоод болон гадаад төлбөр тооцоо зэрэг санхүүгийн үйлчилгээг явуулж, шинэхэн байгуулагдсан Голландын Бүгд Найрамдах улсын мотор адил ажиллаж байв. Онцгой нөхцөлд засгийн газарт зээл олгодог байсан нь тухайн үедээ цоо шинэ үйлчилгээ байв. Амстердам банк нь Голланд үндэстний эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Амстердам банкны нэр хүндийг баталгаатай болгохын тулд Амстердам хот тус банкны талаар хууль гаргаж , ямар ч шалтгаанаар тус банкны худалдааны эрх чөлөөнд халдаж болохгүй гэж тогтоов.
Тус банкны ололт амжилт нь хүний санаанд оромгүй санхүүгийн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлсэнээр дуусгавар болсонгүй. Голландын зах зээлийн эрэлт хэрэгцээнээс давсан хуримтлалаа Голланд үндэстний дайсан байсан Испанийн цэрэг дайны санхүүжүүлэлтэд зээл олгож эхэлсэн нь гайхалтай.
Ингэснээр Испанийн хаан болон язгууртнуудын гарт байсан их хэмжээний алт мөнгө Амстердамын банкинд хадгалагдаж, Голландчуудын гараар дамжин Испани болон түүнтэй дайтаж буй талуудад зээл болон очдог байжээ.
Голланд үндэстэн өөрийн засгийн газрыг зохион байгуулах үедээ үндэстний засгийн газар, орон нутгийн засгийн газар гэсэн дэс дараалалтайгаар хуульчилж, бизнес болон төр 2 харилцан хүндэтгэлтэй, хамтран ажиллагаатай байхаар хууль эрх зүйн тогтолцоогоо байгуулсан. Тухайн үед Европын хаант төрүүд болон хааны гэр бүлүүдийн хооронд явагдаж байсан бүх дайныг Голландчууд санхүүжүүлж байсан бөгөөд энэ үйл ажиллагаагаа баталгаатай явуулахын тулд Европын бүх улс орны хооронд явагдсан дайнд төвийг баримталдаг байсан байна. Тиймээс Голландчууд зөвхөн эдийн засгийн хөгжилд бүх анхаарлаа төвлөрүүлж үндэснийхээ нэгдсэн хүчийг дайчилдаг байжээ (мэдээж бусад улс оронтой дайн хийсэн, гэхдээ тэр нь геополитикын зорилготой бус эдийн засгийн эрх ашгийн төлөөх дайн байсан).
Ихэнх түүхчдийн дүгнэлтээр Голландын иргэд хүн төрөлхтний орчин үеийн зах зээлийн эдийн засгийг анх санаачилж хэрэгжүүлсэн ард түмэн аж. Тэд өөрийн банк болон хөрөнгийн биржээр дамжуулан орчин үеийн зээлийн тогтолцоо болон хувьцаат компанийн тогтолцоог анх санаачлан хэрэгжүүлсэн юм.
Голландчуудын үндэсний баялгийн өсөлт нь тэсрэлтийн шинжтэйгээр өссөн байдаг. 17-р зууны дунд үеэс Голландын нэгдсэн муж улсын дэлхийн худалдаанд эзлэх байр суурь нь төлөвшиж худалдаагаар дэлхийг засаглах анхны даяарчилсан үндэстэн болон төлөвшжээ.
Амстердам — дэлхийн төв
DEIC нь оргил үедээ дэлхий даяар 15 мянган салбар байгууллагын сүлжээтэй болж, 20 мянга гаруй ажилтантай, 10 мянга гаруй байнгын цэрэгтэй, цай, халуун ногоо зэрэг олон олон бүтээгдэхүүний Ази, Европийн дамнасан худалдааг гардан явуулдаг бизнесийн том институци болсон.
Голландчууд Зүүн Азид Тайванийг эрхшээлдээ оруулж, Японы гадаад худалдааг тэр чигээр өөрийн эрхшээлдээ оруулсан. Зүүн өмнөд Азид Индонезыг өөрийн колони орон болгож, худалдааны сүлжээг байгуулсан. Африк тивд Португальчуудын гараас бүх далайн тээврийн шугамыг авч чадсан. Австрали тивд Голландын нэг мужийн нэрээр шинэ Зеланд гэдэг колони орныг бий болгосон. Өмнөд Америкт Бразилыг эзлэн авч колонио болгосон. Хойд Америкийн эх газарт шинэ Амстердам гэдэг хотыг бий болгож өнөөдөр энэ хотыг Нью-Йорк гэж нэрлэдэг.
Тухайн үеийн Амстердам хүмүүс өөрсдийгөө юу гэж үнэлдэг байсан бэ гэвэл дээрх Амстердамын дагинын тосон зурагт зурсан адил 17-р зууны Амстердам нь дэлхийн төв гэж үздэг байжээ. Амстердамын дэлхийн дээрээс атгасан гар нь Амстердамчууд өөрийгөө хүн төрөлхтний эзэн, энэ дэлхийн эзэн гэж үзэж байсныг илтгэнэ. Энэ дэлхий бол зөвхөн бид, энэ дэлхий бол зөвхөн бидний гэсэн оюуны төсөөлөлтэй байжээ.
Тэр үеийн Голландчуудын үндэстний хүсэл тийм агуу байсан учир ард иргэд нь дэлхийн засаглагч үндэстэн болж төлөвших орчин бүрэлдсэн гэхэд хилсдэхгүй.
Карл Маркс Голланд 1648 онд худалдааны хөгжлийн оргилдоо тулсан үе гэж үнэлсэн байдаг.
1648 онд Амстердамын иргэд цоо шинэ Амстердам хотын захиргааны байрыг барьж байгуулах шийдвэр гаргасан. Энэ барилгын чанарыг нь баталгаатай болгохын тулд хэдэн жилийн дотор барьж байгуулах тухай хэлж өгөөгүй бөгөөд Амстердамын иргэд найман жилийн хугацаанд дал гаруй тонн алтаар энэ их түүхийн гайхамшиг болсон архитектурыг барьж байгуулсан гэдэг.
Энэхүү барилга 1656 онд баригдаж дууссан ба тухайн үедээ ямар их түүхэн ач холбогдолтой байсныг олон урлагийн бүтээлүүдээс харж болно. Жишээлбэл, Голландын Шекспир хэмээн алдаршсан алдарт яруу найрагч, шинээр байгуулагдсан Амстердам хотын захиргааны байрыг магтан дуулж зохиосон дуундаа “бид Амстердам хүмүүс, дарвуулаа дэлгэж холын хол далайд чөлөөтэй аялахдаа,олз биднийг хөтөлнө, холын далайг ойрхон юм шиг бодогдуулна, олзонд дуртай бидний сэтгэл биднийг хөтлөн, дэлхийн бүх боомтыг эрхшээлдээ оруулна” гэж бичсэн байдаг.
Дунд давхарга — худалдаачид
Голландын нэрт яруу найрагч энэ дуугаа зохиож байх үед DEIC Ази тив рүү элч нараа илгээжээ. 1656 онд Голландын элч нар Бээжинд очиход байгуулагдаад 8 жил болж байсан Чин гүрний засгийн газар их баяр хөөртэйгөөр угтаж авсан гэдэг. Чин улсад айлчилсан бүх гадаад орнуудын элч нарт нэгэн түгээмэл асуудал тулгарч байж. Элч нар Чин улсын эзэн хаантай уулзах үедээ гурав сөгдөж, долоо мөргөдөг Чин улсын хааны ёслол бусад хаант улсуудын элч нарт хүлээн зөвшөөрөхөд амаргүй байхад Голландын элч нар ямар ч төвөггүй ёслолыг нь гүйцээжээ.
Чин улсын хаан Голландын элчийг хүлээн авч уулзаад, тэр үеийн хамгийн баян улсын элч нар Чин улсын хааны ёслолыг нь хүлээн зөвшөөрч, дагасанд нь талархан их хэмжээний бэлэг сэлт өгчээ.
Голландын элч нар буудалдаа очсоны дараа элч нарын нэг болох Жон Хопп ийнхүү бичжээ: Чин улсын хаанд сөгдөн мөргөх ёс жаягийг хүлээж аван гүйцэтгэсэн учир гэвэл Голландчууд өөрийн нэр төрийг үнэд оруулах гэж энд ирээгүй, харин зөвхөн худалдаа хийж, ашиг олох эцсийн зорилгоо биелүүлэх явдал байлаа.
Өөрөөр хэлбэл Голланд үндэстний хамгийн том эрх ашиг нь Чин гүрэнтэй худалдаагаар харилцаа тогтоож ашиг олох явдал байж. Голландын үндэсний амбиц нь худалдаачдын ашиг орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөх гэсэн хүсэл дээр тулгуурласан тухай дурдсан.
XVII зууны Голландчууд худалдаанаас олсон маш их хэмжээний баялгаа хаан болон язгууртнуудын тансаг орд харш, хэрэглээнд зарцуулсангүй. Харин тэр үеийн дунд давхарга болсон худалдаачдын орон сууц, амьдралыг нь сайжруулахад зарцуулжээ.
Энэ үед түүхэнд алдар нэрээ цуурайтуулах олон зураачид, философичид, хуманистууд төрсөн. XVII зууны дунд үед Амстердамд ойролцоогоор 8–15 сая орчим уран зургийн бүтээл туурвигдсан аж. Голланд хүмүүс уран зургийг ихээр үнэлж, айл бүрд ямар нэг тосон зураг байдаг байжээ.
Тухайн үеийн зураачид хаан болон язгууртнууд, тэдний орд харш, эд баялагийг дүрслэн зурсан нь тун ховор. Харин жирийн ард иргэд, худаалчдын өдөр тутмын амьдралыг харуулсан байдаг. Голландын хөгжил цэцэглэлт нийт ард түмний амьдралд сайн, сайханыг бэлэглэснийг дүрслэн харуулжээ.
Өнөөдөр хүртэл Голландын ард түмний амьдрал өнгөрсөн үетэйгээ адил сайн сайхан байгаа нь Голланд үндэстний хөгжил цэцэглэлт ард түмний төлөө байснаас бус хаад язгууртнууд гэх мэт цөөхөн тооны хүмүүсийн төлөө байгаагүй гэдгийг нотлох болов уу.