Монгол улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өсчээ. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна. Энэ талаар МҮХАҮТ-аас гаргасан “Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага” судалгаанд бичсэн байна.
Нөгөө талаас татварын тайлан ирүүлсэн компаниудын тоо эрс буурсан байна. 2020 онд нийт 132 мянган ААН тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан гаргажээ. Харин энгийн тайлан ирүүлсэн ААН 34 мянга болсон нь 2019 оноос 27 мянгаар буурсан үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, 27 мянган компани орлогогүй болжээ.
Мөн дээрх судалгаанд өнөөдөр бизнесийн өмнө тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай дөрвөн асуудлыг нэрлэжээ. Энэ нь:
- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр
- Монгол банкин дах буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийн асуудал
- Хилийн боомтуудын асуудал