Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаатай эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, манлайллын талаар ярилцлаа.
Та олон жил гадаад, дотоодод банк, санхүүгийн салбарт ажилласан. Банк санхүүгийн салбарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү үнэлэгдэх орчин хэр зэрэг байдаг вэ?
Банк санхүүгийн ертөнц бол олон улсад “glass ceiling” буюу “шилэн тааз” гэж хэлэгддэг салбаруудын нэг. Энэ ч үүднээс “Women on Wallstreet” зэрэг хөдөлгөөн эмэгтэй, эрэгтэй хүмүүс эн тэнцүү хэмжээнд албан тушаал ахиж, цалин хангамж авахын төлөө тэмцэж ирсэн. Гадаадын банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй дарга, менежерүүдийн карьерыг дэмжих асуудлыг хүний нөөцийн бодлогодоо тусгасан байдаг.
Салбар нь өөрөө маш их ачаалалтайн дээр эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, өсгөж, ар гэрээ авч явах амьдралын шаардлага байдаг. Нөгөөтээгүүр, ажлын дараа гадуур хэдэн пиво уух зуураа ажлын тохироогоо хийх, харилцагчдаа арай илүү тойлох боломж эрчүүдэд илүү байдаг онцлогтой. Тиймээс амьдралын шаардлагаар эмэгтэйчүүд энэхүү боломжоос хоцрох, “boys club” буюу “эрчүүдийн клуб”-ээр тэдгээрт тодорхой хэмжээний хязгаарлалт үүсдэг байсан тул энэхүү “шилэн тааз” хэмээх томьёолол гарч ирсэн.
Харин одоо банкны систем өөрчлөгдөж байна. 1998 оны Азийн санхүүгийн хямрал, мөн 2008 оны санхүүгийн хямралын нөлөөгөөр хэр хэмжээ хэтэрсэн, харилцагчдаа тойлох нэрийдлээр ажлын гадуур үйл ажиллагаа явуулдаг “эрчүүдийн клуб”-ийн соёл хумигдаж ширээний ард эрсдэлээ тооцоолж, асуудлыг цар хүрээтэй харж шийдвэр гаргадаг чадварыг үнэлж эхэлсэн. Энэхүү соёл нэвтэрч байгаа нь ижил чадвартай эрэгтэй, эмэгтэй банкны ажилчдын хувьд боломж тэгш болж нөгөөтээгүүр эмэгтэйчүүдээ дэмжих хандлага банкны салбарт түгээмэл болж эхэлсэн. Үүнд мэдээж тухайн банкны соёл ихээр нөлөөлдөг ба эмэгтэй захиралтай банкуудад эмэгтэйчүүдийн карьер хөгжих, дэвших боломж нь илүү нээлттэй, хурдан байна. Харин менежментэд нь эрчүүд давамгайлсан банкуудад эмэгтэйчүүд албан тушаал ахиж, карьер хөөхөд ихээхэн төвөгтэй байдаг нь тухайн банкны соёлоос ихээхэн шалтгаалдаг.
Удирдаж манлайлах чадвараар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс юугаараа ялгаатай, бас давуу вэ?
Аливаа компани хүнд байдалд орох, дампуурлын ирмэгт ирэх, хүний нөөцийн алдаа (Barings банкны дампуурал), хээл хахуультай холбоотой, хууль журам зөрчсөн зэргээс болж томоохон асуудал тулгарахад эмэгтэй удирдагчдыг урьж ажиллуулдаг. Компанид эргэлт хийх шаардлагатай ийм цаг үед бараг 70-80 хувь нь эмэгтэй манлайлагч байдаг гэсэн олон улсын судалгаа ч байна. Миний карьерт хувьд ч ийм түүх бий. Эмэгтэйчүүд аливааг цэгцтэй харахын зэрэгцээ эрэгтэйчүүдийг бодвол багаар ажиллах чадвараар илүү, нэг зорилготой хамт олныг бий болгож чаддаг.
Эрэгтэйчүүд давамгайлсан байгууллагад ихэнхдээ тухайн манлайлагчийн хувийн имиж, хамгаас илүү гэх (жишээ нь хамгийн шилдэг борлуулагч гэх мэт) буюу “оддын”-ын манлайлалд тулгуурласан соёл үйлчилдэг. Гэвч том шийдвэр гаргахдаа багийн оролцоо байхгүй, эрсдэлийг олж харахгүй байх, тэнцвэртэй шийдвэр гаргах чадамжгүйгээс болж томоохон компаниуд хэцүүддэг, дампуурдаг. Харин эмэгтэйчүүд бол байгууллага гэдэг нэг цул организм бөгөөд бүх төрлийн авъяас цогцлох ёстой, тэгж байж хамтдаа хөгждөг гэж үздэг тул олон талт оролцоотой шийдвэр гаргах, эрсдэлийг бодитоор үнэлж тооцох, нарийн төлөвлөх, түүнийгээ цэгцтэй гүйцэтгүүлэх чадвараар илүү байдаг. Эмэгтэйчүүд менежментийн болон бүх шатны удирдлагаа жигд хөгжүүлэх хандлагыг баримтладаг. Тиймдээ ч “turn-around” буюу шилжилт эргэлтийн менежментийг годуу эмэгтэй захирал удирддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд City банкны гүйцэтгэх захирлаар эмэгтэй хүн томилогдсон явдал юм. Ардчилал хөгжсөн АНУ- ын хөрөнгө оруулалтын банкны салбарын түүхэнд анхны эмэгтэй гүйцэтгэх захирал болж байгаа нь банкны салбар эмэгтэйчүүдийн хувьд ер нь бол чанга гэдгийг харуулж буй.
Харин манай улсад байдал харьцангуй өөр. Хувийн хэвшлийн манлайлалд эмэгтэйчүүд олон байдаг ч төрийн алба, улс төрийн орчинд бид хоцрогдолтой байгаа. Энэ нь намын бодлоготой холбоотой ч юм уу, эсвэл улс төрд “шилэн тааз” байгаагийн илрэл ч юм уу, ямар ч байсан боловсон хүчний бодлого буруу явж байна гэсэн үг.
Та 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Deutsche банкны ТУЗ-өөр эрсдэлийн удирдлагын стратегийг батлуулж байсан. Ийм манлайлал үзүүлэхэд танд ямар сорилт тулгарч байсан бэ?
Deutsche банк дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон 10 банкны нэг байсан бөгөөд тухайн хямралыг харьцангүй боломжийн туулсан банкны нэг нь. Энэхүү хямралын үед АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банкууд дампуурах, бусад банктай нэгдэх зэрэг олон үйл явдал болж байсан. Миний бие Хойд америкийн банкууд болон брокер дилер, санхүүгийн компаниудын эрсдэлийг хариуцсан багцын менежерийн хувьд банкныхаа ТУЗ-д эрсдэлийн стратегийн бичиг баримтыг гаргаж өгөх болон өөрийн хариуцсан банкуудын арилжааг батлах ажлыг хариуцдаг байлаа. Банкуудын хооронд маш их арилжаа явагддаг тул тэдгээр банкуудтай алдагдалгүй гарах нь маш чухал юм. Түүнчлэн эрсдэл нь далд, өнгөц харахад эрсдэлгүй гэж хэлмээр банкууд ч байсан. Жишээ нь Wachovia банк. Санхүүгийн хямрал нь ипотекийн зээлийг хэт хөөрөгдүүлж, эрсдэлтэй зээлдэгч нарт зээл олгож улмаар түүнийгээ өрийн хэрэгсэл болгон борлуулж байснаас үүдэлтэй бөгөөд 2006 оноос банкууд хэт эрсдэлтэй болж байна гээд энэхүү зах зээлээс гарч байсан бол Wachovia 2007 онд хүчээ нэмсэн. Хэдийгээр Wachovia-гийн АА зээлжих зэрэглэл хэвээрээ байсан ч энэхүү стратеги нь банкийг эрсдэлтэй болгож байлаа.
Гэтэл манай “од” арилжаачин Wachovia банктай хоёр тэрбум ам.долларын арилжаа хийх хүсэлтээ илгээв. Арилжааны дээд хязгаарт дөхсөн, дээрээс нь Wachovia банкны эрсдэл маш их нэмэгдсэн гэдгийг мэдэж байсан учраас тэр арилжааг би зөвшөөрөөгүй. Зөвшөөрөл олгоогүйг мэдсэн дарга маань над дээр ирж, “энэ чинь Wachovia банк шүү дээ” хэмээн дургүйцлээ илэрхийлж байлаа. “Од” арилжаачин бид хоёр ч муудалцсан.
Миний хувьд Wachovia эрсдэлтэй байсан тул тэр арилжааг хийж байгаа хүн “од” байх эсэх нь огт хамаагүй байлаа. Маргааш нь Wachovia банк дампуурсан. Хэн ч тэр том банкийг тийм хурдан дампуурна гэж бодоогүй, би ч мөн адил. Гэхдээ би шийдвэрээ эрсдэлийн бодлого болон өөрийн олж мэдсэн мэдээлэл дээр суурилж гаргасан. Маргааш өглөө нь нөгөө хоёр тэрбумын арилжаа яасан бэ гэж дарга нар маань сандран асуухад тогломоор санагдаад “Та батал гэсэн учраас би батлаад явуулсан шүү дээ” гэж хариулахад удирдлагууд хэсэгтээ сандарсан түүх бий.
Та гүрийгээгүй бол танай банк хэцүүдэх байж ээ?
Удирдлагууд эрсдэлээ тооцоолоогүй атлаа арилжаачинтай нийлж надад нөлөөлөх гэж үзсэн ч тухайн үед би эмэгтэй хүний гүргэр зан гаргасан нь тэрхүү арилжааг хийхгүй байхад их нөлөөлсөн. Эмэгтэйчүүд гүргэр зангийнхаа ачаар барагтай бол дарамтад ордоггүй онцлогтой.
Эрэгтэйчүүд бол арай өөр. Бие биедээ үгүй гэж хэлж чаддаггүй, түүнээсээ болж компаниа эрсдэлд оруулах гээд байдаг. Харин эмэгтэй хүний хувьд найз, дарга, нөхөр хэн ч байсан болохгүй л бол болохгүй гэсэн зарчимч зан байдаг. Тийм учраас компанийг авч явахад заавал эмэгтэй хүний оролцоо хэрэгтэй. Үүний цаана тухайн компани, ажилчид болон тэдний гэр бүл, бүр цаашилбал улс орны хувь заяаны асуудал яригддаг учраас удирдагч хүн зарчимтай, шударга, эрсдэлийг олж хардаг, холын хараатай байх нь үнэхээр чухал.
Уг нь төр бизнесийн орчноо бүрдүүлээд бид ажлаа хийж, ажлын байраа бий болгож, татвараа төлөөд, чөлөөтэй цагаараа улстөржих биш аялж явмаар байна. Гэтэл бизнесийн орчин сайжраагүй байгаа учраас л бодлогын өмгөөлөл хийх шаардлага байнга гарч байна. Энэ нь бидний ирээдүй хойч үедээ үлдээх эх орон юм.
Харилцагч компаниуд болон зээлдэгчдэдээ элгэмсэг хандаж, бизнесийг нь ойлгож, яг тохирсон бүтээгдэхүүн өгдөг бол эрсдэл гарахгүй. Харин тэдгээрийн эрсдэлийн даацаас хэтэрсэн их зээл, эсвэл хугацаа болон зээл нь хүртээмжгүй байх зэрэг нь олон эрсдэл дагуулдаг. Голомт банк ТУЗ-дөө хоёр эмэгтэй гишүүнтэй. Тиймдээ ч эмэгтэй бизнесүүдээ арай илүү дэмжих бодлого баримталж, 2020 онд Жендэрийн Хороо байгуулах ажилд түүчээлэн оролцсон. Эмэгтэй бизнесүүд төрийн дэмжлэг бага, өсөж томорч чадахгүй жижиг байна. Гэтэл тэд зээлийн төлөлт сайн, хариуцлагатай удаан хугацааны сайн харилцагч байдаг. Тиймээс эмэгтэй бизнесмэнүүдийг бодлогоор дэмжих ёстой гэж үздэг.
Та банкны удирдлагаар олон жил ажилласан. Эмэгтэйчүүдийг дэмжин ажилласан түүхээсээ хуваалцана уу?
Банкны салбарт 20 гаруй жил ажиллажээ. АНУ- аас банкны салбарт дахиж ажиллахгүй, хөрөнгө оруулалтын сан нээх, ЖДҮ-ийг дэмжих гээд өөр зорилго тээж ирсэн юм. Гэтэл 2011 онд Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар томилогдсон. Deutsche банканд ажиллах үедээ концепцийг нь гаргасан учраас тухайн үеийн Засгийн газрын удирдлагууд тус банкны суурийг тавих, эхлүүлэх санал тавьж, тэр өдөртөө анхны ажилтан нь болон томилогдож байлаа. Хөгжлийн банкийг босгож ирэх гээд стартап шиг л эхэлж байлаа. Уйгагүй ажилласны хүчинд нэг жилийн дотор зээлжих зэрэглэлээ тогтоолгож,дэлхийн санхүүгийн зах зээл дээр “Өүлэн” хэмээх
анхны бондоо гаргаж анхны дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлж байсан. Бонд гаргахад зах зээлийн хүлээлт долоон хувь байсан ч бид 5.75 хувийн хүүтэй Монгол Улсын анхны бондыг гаргаж байлаа. Хятадын Хөгжлийн банк, АНУ-ын Экзим банк, Кувейтийн хөрөнгө оруулалтын сан, мөн тус улсын Хөгжлийн сан зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлэх эхлэлийг Хөгжлийн банкны анхны хамт олон тавьсан.
Цоо шинэ чиглэлийн банк байгуулаад, ийм хэмжээнд удирдахад багийн ажиллагаа хамгийн чухал байсан. Дэд захирлуудаар ямар ур чадвартай хүмүүсийг сонговол зөв байх, ямар албан тушаал дээр аль хүйсийн хүн илүү чухал вэ гэх мэт шийдэх зүйл олон байсан. Эрэгтэй захирлуудад яамдуудтай харьцах, хөрөнгө босгох гэх мэт ажлыг хариуцуулж байсан бол зээл олгох, банкны дотоод бүтцийг авч явах, хууль журмыг хариуцах ажилд эмэгтэй захирлуудыг томилсон. Тийнхүү багтаа хүйсийн харьцааг тэнцүү бүрдүүлсний ачаар бид их олон ажил нугалж, ард нь гарч чадсан. Төрд эмэгтэй шийдвэр гаргагч ховор тул яах аргагүй эрэгтэй ажилтнуудаа яамдуудтай ажиллах ажилд тавьж байлаа. Түүнчлэн, манай банканд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үнэлэх үнэлэмж адилхан байсан. Ижил албан тушаалын хүмүүс тэнцүү цалин авдаг байсан нь маш чухал.
Тэгвэл Голомт банканд ямар түүх бүтээсэн бэ?
Голомт банкны хувьд шилжилтийн менежмент гүйцэтгэх саналыг надад 2013 оны арванхоёрдугаар сард тавьж, би банкны хөрөнгө оруулалт хариуцсан тэргүүн дэд захирлаар томилогдсон. Түүнээс хойш хоёр жил илүү хугацаанд гадаадын банкуудаас татсан эх үүсвэр маань өсч, шинээр 10-аас дээш банктай харилцаа тогтоож, кастодиан банк болон худалдааны санхүүжилтийн хэлтсүүдийг шинээр байгуулж байлаа. Мөн IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацыг оруулж ирж, засаглалыг нь сайжруулсан гээд тухайн үеийн багтай хамтраад хийсэн олон ажил бий. Улмаар Голомт капитал ҮЦ компанийн ТУЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэж, Мандал даатгалыг нэгтгэж, Голомт Санхүүгийн Группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа.
Би Голомт банкны урилгаар 2016 оны хагас хүртэл ажиллаад өөрийн хүсэл мөрөөдөлдөө автан гарсан. Өмнө хэлсэнчлэн эмэгтэй удирдагчид томоохон компаниудын шилжилтийн үеийн менежментийг авч явдаг онцлогтой. Нөгөөтээгүүр, удаан хугацаагаар гүйцэтгэх захирал хийх амбиц тэдэнд байдаггүй. Асуудал дууссан бол хүсэж сонирхож байгаа зүйлээ хийх сэтгэлдээ автаад явдаг. Миний хувьд Монголд ирэхдээ ЖДҮ, стартапын хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх сонирхолтой байсан. Үүний төлөө арваад жил явж байна.
Саяхан KITE Mongolia-г байгуулж Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures сангийн Монгол дахь түнш байгууллага болж Нийгмийн инновац хэмээх арга хэмжээг зохион байгуулж мөрөөдлөө биелүүлж явна. Шинэ зүйлийн эхлэл бөгөөд нийгмийн инноваци болон нөлөөллөхүйн санхүүжилтийг нийгэмд таниулж, хувийн хэвшлийнхнийг уриалж чадсандаа бахархалтай байна. Олон шинэлэг зүйлийн эхлэлийг тавьсандаа сэтгэл хангалуун байдаг.
Deutsche банканд орохоос өмнөх үе ч бас шинэ зүйлийн эхлэлээр дүүрэн байсан уу?
Монгол дөнгөж хоёр шатлалт банкны системд шилжиж байсан үед би бараг англи хэл мэдэхгүй атлаа арилжааны банкны гадаад харилцаа хариуцаж, валютын хэлтсийн дарга, гадаад харилцааны орлогч захирлаар ажиллаж байлаа. Одоогийн томоохон компаниудын ихэнх нь л тухайн үед манай банкнаас зээл авч босч ирсэн юм. Дараа нь АНУ-д олон улсын эдийн засаг, Японд бизнесийн удирдлагын магистраа дүүргээд 2000 онд Deutsche банк буюу дэлхийн хөрөнгө оруулалтын том банканд ажилласан анхны монгол эмэгтэй болсон. Хэдийгээр тийм залуу биш байсан боловч Deutsche банканд орохдоо Chase, Merrill Lynch зэрэг банкнаас ажлын санал авчихсан нэлээд хүчтэй орсон. Монголын анхны CFA, Хөгжлийн банкны анхны тэргүүн дэд захирал болсон. Голомт банкны шилжилтийн менежмент, анхны нийгмийн инновацыг дэмжих сан гээд олон сайхан амжилт гаргажээ.
Хүн карьераа маш уртаар харах ёстой гэж ойлгодог. Миний хувьд цаашид ч хийх зүйл их байгаа гэж хардаг. Залуучууд маань мөн карьераа уртаар хараасай, бүтээлч сэтгэлээр хандаасай. Ийм байхын тулд бусдын бизнесийг ойлгож, илүү сэтгэл гаргаж, зөв, зарчимтай, шударга ажиллах нь чухал. Тэгж байж нэр хүнд чинь тогтож, дараа дараагийн сонирхолтой бизнес, ажлыг эхлэх боломжууд гарч ирдэг.
Карьераа урт хугацаанд харах нь хүн бүрт хялбар биш байх. Та энэ тал дээр ямар туршлага хуваалцах вэ?
Тийм ээ, миний хувьд ч амар биш байсан. Миний үеийнхэн социализмын үед өсөж хүмүүжсэн. Азаар миний үед сургууль төгсөөд хуваарилагддаг байсан нь больж, сонголт бий болсон. Дараахан нь би АНУ-д оюутан болж очоод, энд тэнд ярилцлагад ороход надаас “Таван жилийн дараах өөрийгөө яаж харж байна” гэж асуухад маш хэцүү санагддаг байсан. Нэг жилээ төлөвлөх нь битгий хэл маргаашаа ч мэдэхгүй байхад юун таван жил вэ гээд л гайхдаг байлаа. Гэтэл энэ маш чухал шүү дээ. Та ирэх таван жилээ бодчихсон, төсөөллөө гаргачихсан, төлөвлөсөн байх ёстой. Таван жилийн дараа өөрийгөө гэр бүлтэй, хүүхэдтэйгээр төсөөлж байна уу, эсвэл энд тэнд хэлтсийн дарга болчихсон карьераа арай илүү амбицтай харж байна уу, магадгүй салбараа солиод шинэ зүйл, өөрийн бизнесээ эхлэхээр шийдсэн бол түүндээ тааруулж карьераа төлөвлөнө гэсэн үг. Тиймээс хүн өөрийгөө маш сайн мэдсэн, мэдэрсэн, юу хүсэж буйгаа тодорхойлсон байх шаардлагатай.
Миний хувьд карьераа 20, 30 жилээр харж, салбартаа өндөр албан тушаал хашна, Wall street-д ажиллана гэж төлөвлөөгүй. Гэхдээ Монголын арилжааны банкуудаас хамгийн сонирхолтойд нь ажилд орохсон гэж хүсдэг байсан. Дараа нь гадаадын банкуудад ажиллаж, хөрөнгө оруулалт болон бидний мэдэхгүй санхүүгийн үйлчилгээ бүтээгдэхүүний талаар сурахсан гэж бодож, энэхүү хүсэлдээ хөтлөгдөн Deutsche банканд орсон. Орсон жилээ Токио оффист ажиллаж байхдаа Venture fund гэж юу болохыг тайлбарласан, хөрөнгө оруулалтын сангийн тухай ном олж уншсан юм.
Манай улсын ЖДҮ хөгжилд энэхүү хөрөнгө оруулалтын сан хэрхэн чухал болохыг ойлгож, санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээч (Сhartered financial analyst) болох шийдвэрээ гаргасан юм. Deutsche банканд ороход надад хоёр жилийн дараа дуртай газраа шилжин ажиллаж болно гэсэн санал тавьсан. Тиймээс би гурван жилийн дараа Нью- Йоркийн салбарт шилжсэн. Энэ хугацаанд би CFA болсон байсан учраас Нью-Йоркийн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн гишүүн болсон. Энэ болгон миний карьерыг чиглүүлж байсан.
Та зорилготой уншиж, зорилготой судалдаг байж тийм үү?
Тийм. Олон жил хуримтлуулсан мэдлэг маань карьерын хувьд тус нэмэр болж олон банкнаас санал авах боломжуудыг нээсэн юм. Монголдоо ирээд олон шинэ сорилтын ард гарахад мэдлэг маань л хэрэг болсон. Нөгөө талаас, чи карьераа үргэлж амжилт гаргаж байсан бол хүмүүс түүнийг чинь анзаарсан байдаг. Энэ хүнийг томилчихвол ямар ч байсан ард нь гарч, үр дүнд хүрдэг юм байна гэдгийг карьерын чинь түүх өгүүлдэг. Түүнээс бус 20 жилийн өмнө том компанийн CEO болно гэдэг амбиц надад байгаагүй. Харин мэдлэгтэй болоод, түүнийгээ аль болох түгээхсэн гэдэг хүсэл давамгайлж байсан. Багадаа багш болохыг хүсдэг байсан маань мэдлэгээ бусадтай хуваалцах замд хөтөлсөн ч байж магад.
Та ийм завсаргүй бөгөөд амжилттай карьерын жимээр явахдаа хувийн амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Хүүхдүүд том болсон, ач зээгээр арай дараагүй байгаа учраас өөрийн дураар ажлаа хийгээд явдаг азтай үе дээрээ байна. Хүүхдүүд бага байхад өглөө эрт босоод л бүгдийг нь амжуулна шүү дээ. Хоол хүнс, хувцас хунар, асаргаа сувилгаанаас гадна хүүхдүүдийнхээ тархинд нь юм хийх гэж бас үзнэ. Токио, Нью-Йоркт амьдардаг байхад хүүхдүүддээ үзүүлж болох бүх л музей, театрыг бүгдийг нь үзүүлдэг байлаа. Хүүхдүүдийг сурах маш их зүйлээр хүрээлүүлж, хүүхэд насных нь дурсамжийг баялаг болгохын хэрээр тархи нь хөгждөг. Тиймээс тэр орчныг нь бүрдүүлж өгөхийг аль болох хичээдэг байсан. Хүүхдийг ялангуяа долоон нас хүртэл нь дэргэдээс нь салахгүйгээр ном уншиж, зураг зуруулж, асуулт бүрд нь хариулж, хамт тоглож суух шаардлага гарцаагүй байдаг.
Хүүхдүүдээ бага байхад нь би шөнө л өөртөө цаг гаргадаг байсан. Тэгэхээр хүн өөрийн эрхгүй юмыг яаж хурдан хийхээ бодож эхэлдэг. Хувь, хувьсгалын бүх зүйлээ амжуулах гэж зүтгэдэг байсан болохоор би өөрийгөө Японы эвдэрдэггүй жижигхэн машин шиг л санадаг байлаа. Гэхдээ энэ байдалд хэрэггүй юманд санаа зовох, өвчин бодох гэх мэт зав байхгүй тул бас нэг талын сайн талтай.
Та мэдлэгээ зөвхөн ажил үүргийнхээ хүрээнд л хуваалцдаг уу, эсвэл сайн дураараа түгээж байсан уу?
Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа ажилчдынхаа хүсэлтээр Баасан гараг бүр хүссэн сэдвээр нь хэлэлцүүлэг хийдэг байлаа. Ажлаас гадна бизнес хэрхэн явагддаг, яаж сэтгэдэг, манлайлагч гэж хэн бэ, хамтарч ажиллах тухай, хямрал гэж юу байдаг гэх мэт янз бүрийн сэдвээр байнга ярихад залуу хүмүүс өөрийн эрхгүй төлөвшиж, тархи нь задарч, эргэцүүлж бодох чадвар нь нэмэгддэг. Иймэрхүү ажлыг CЕО нар хийж, мэдлэгийг маш сайн түгээж байх хэрэгтэй болов уу. Хүн бүр мэдлэгийг өөр өөрийнхөөрөө түгээдэг байх. Миний хувьд үр дүнд суурилсан мэдлэг түгээх нь ач холбогдолтой гэдэгт итгэдэг. Үр дүн гарч байгаа учраас үнэмшил үүснэ, үнэмшиж байгаа учраас үр бүтээлтэй ажил хэрэгч байна гэсэн үг шүү дээ.
Төрийн байгууллагууд ч гэсэн үр дүнд суурилсан ийм бодлого барьж явбал нийгмийн маш олон асуудлыг шийдэж чадна. Жишээлбэл хөдөө очвол амьдарч болдог юм байна, ажил байдаг юм байна, төрөөс дэмждэг юм байна гэдэг үр дүнд суурилсан бодлого хэрэгжүүлбэл манай улсын олон нийгмийн асуудлыг шийднэ гэж боддог.
Ковидын үед эмэгтэй удирдагчид яаж цойлж байгаа талаар гаднын хэвлэлүүд бичиж байна. Таны хувьд ковидын хямрал ямар бодлыг тань баталж, шинээр юу олж харж байна вэ?
Өмнө хэлсэнчлэн эмэгтэй удирдагчид эрсдэлээ зөв тооцоолж, хамтдаа ажиллаж, хамтын шийдлийг гаргаж чаддаг учраас хямралын үед хамгийн сайн удирдагч болж байна. Ковидын энэ цаг үе эмэгтэй удирдагчдыг хэчнээн мундаг гэдгийг баталж харуулсанд нь үнэхээр талархалтай байна. Манай улстөрчдөөс Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, Германы Канцлер Ангела Меркел шиг мундаг хүчтэй удирдагч төрөөсэй гэж ерөөе.
Та МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийг тэргүүлдэг. Бизнесийн орчныг сайжруулахын тулд танай зөвлөл ямар асуудлыг шийдэхээр ажиллаж байна вэ?
Найман жилийн өмнө зөвлөлийн тэргүүнээр анх санамсаргүй сонгогдсоны дараагаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тулгарч байгаа түмэн асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй байна уу даа гэж ажиглагдсан. Өөрийнхөө бизнесийг сайжруулахыг хүсвэл заавал бизнес орчныг сайжруулах хэрэгтэй байдаг. Бизнес орчин гэдэгт бизнесийн үйл ажиллагаанд хамааралтай хууль эрх зүйн баримт бичгүүд, дүрэм журмууд, дэмжлэгүүд багтдаг. Эдгээрийг л бизнест ээлтэй болгохоос ажлаа эхлэхгүй бол хашааны цаанаас хашгараад байгаатай адил.
Төрийн байгууллагууд сайн зүйл бодож буруу хэрэгжүүлэх нь их. Яагаад гэвэл хэзээ ч бизнес эрхлэж үзээгүй учраас хэрэгжүүлэх механизмаа онож сонгож чаддаггүй бөгөөд үр дүнд нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хумих эрсдэл өндөр байдаг. Тиймээс бизнес эрхлэгч бид төрийн сайн бодлого, арга хэмжээг зөв хэрэгжүүлэх тал дээр хүчтэй дуу хоолой болох ёстой. Манай бодлогын зөвлөл хууль эрх зүйн орчинтой холбоотой бодлогын бүх асуудлыг хариуцаж эмэгтэйчууд болон бусад хувийн хэвшлийн холбоодуудтай хамтран ажиллахыг эрмэлздэг. Бидний бодлогын өмгөөлөл ч хүчтэй,танхимын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн нэр хүнд ч өндөр. Татварын багц хуульд гэхэд манай зөвлөлөөс санал болгосон өөрчлөлтүүдийн 80 хувь нь тусгагдсан. Үр шимийг нь өнөөдөр Монголын бүх бизнес хүртэж байна.
Харин Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуульд төр хувийн салбарт зөвлөгөө өгнө гэх мэт хэрэгцээгүй, хэрэгжих боломжгүй төрийн зардал ихтэй олон үйлчилгээг болиулсан. Засаглалын тухай заалтууд оруулах гэж их хичээсэн боловч хагас дутуу орсон. Эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдэг тодорхойлолтыг оруулах гээд үнэхээр бараагүй. Мөн ЖДҮ-ийн хууль гэдгээ жижиг, дундын аж ахуй гэж тодорхойлох нь зүйтэй гэх мэт нэршлээс эхлээд л маш олон санал өгсөн. Энэ бүхнийг тусгах гэж нэлээд чармайсан ч харамсалтай нь хуулийг өргөн барьсан гишүүд дутуу оруулсан. Уг хуулийг дагаад ЖДҮХС өөрчлөгдөх ёстой ч бидний оруулсан засаглалын саналыг хагас дутуу хүлээж авсан тул өөрчлөлт мөн л дутуу байна.
Залуучуудын дунд ажилгүйдэл хамгийн өндөр байна. Тэдэнд тохирсон ажлын байрны бодлого хаанаас эхлэх ёстой вэ?
Манай төрийн бодлого хүн ам зүйн чиг хандлагаас эхэлдэг байгаасай гэж бид их хүсдэг. Монгол Улсын хүн амын дундаж нас 27.5 жил. 2045 он хүртэл энэ хэвээр байна, харин манай хүн ам таван сая болж, тэдний 60-аас дээш хувь нь мөн л хөдөлмөрийн насныхан байх болно. Тэгэхээр ийм олон залуу хүмүүсийг яаж ажилтай болгох вэ? Бид инновацыг дэмжиж, мэдээллийн технологи болон уул уурхайн бус салбарууддаа илүү их ажлын байр бий болгох ёстой. Тэгэхгүй бол халамж хавтгайрсан ядуу улс хэвээр байх болно.
Та KITE Mongolia-аар дамжуулаад залуучуудын хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байна. Залуучуудын хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийн гал хэр дүрэлзэж байна вэ?
Хамгийн гайхалтай нь залуу эмэгтэйчүүд үнэхээр мундаг байна. Би цаг завандаа их харам тул барагтай бол уулзалт, арга хэмжээнд очдоггүй. Зайлшгүй гэвэл л очдог. Ийм нэг уулзалтад LeanIn Finance-ийн охидын урилгаар очоод тэднээр үнэхээр бахархсан. Дэлхийн хамгийн хэрэгцээтэй боловч эрэгтэйчүүдийн тэр бүр эзэмшээгүй мэргэжлүүдийг тэд эзэмшсэн байсан. Мэдээллийн технологи, ногоон эдийн засаг, байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн, сэтгэл судлал зэрэг ирээдүйн мэргэжлүүдийг эзэмшиж, дээрээс нь бүгдээрээ 1-2 хүүхэдтэй болчихсон, амжилттай карьертай бүсгүйчүүд байсан. Бизнес эрхлэгч залуу бүсгүйчүүдийн хувьд тууштай, ажилсаг, зүтгэлтэй зан чанар байна. Тиймээс бодлого эсрэг зүгт буюу өрхийн тэргүүн болсон эрэгтэйчүүдээ яаж хүчирхэг болгох вэ гэдэгт чиглэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, эрэгтэйчүүдийг хүчирхэг болгох эдийн засгийн салбарууд дутагдалтай байна. 1990 оныг харахад манай бүх үйлдвэр татан буугдаж, маш олон хүн жилгүй болсон. Гэтэл зөрүүлээд дэлгүүр лангуу ажиллуулах, арилжаа хийх, гэрээрээ оёж шидэх гэх мэт эмэгтэйчүүд давамгайлсан ажлын байрууд бий болсон. Эрэгтэйчүүдийн ажлын байр байхгүй болсноор нэг хэсэг архидалт нийгмийн том асуудал болсон шүү дээ. Залуу үеийг харахад ч өмнөх үеийн тэрхүү алдааны үр дагавар мөн л хэвээрээ.
Уул уурхай хэдийгээр эдийн засгийг авч явж байгаа ч нийт ажлын байрны таван хувийг л бүрдүүлдэг. Барилгын салбар гэхэд улирлын чанартай. Залуу эрэгтэйчүүд маань яг юу хийх вэ? Сүүлийн хэдэн жил илт анзаарагдаж байгаа зүйл гэвэл braindrain буюу мэдлэгтэй, ухаантай залуучууд гадагшаа их явж байна. Яг одоо мэдээллийн технологийн салбарынхан энэ аюулд нэрвэгдэж байна. Намайг Монголдоо буцаж ирэхэд Оюутолгой уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаад маш олон залуучууд өөдрөг сэтгэлээр эх орондоо буцан ирж байсан. Мөн бизнес хийх боломж бүрдлээ гээд хотоос хөдөө нутагтаа буцсан залуучууд ч олон байсан тухай өнөөдөр миний суусан таксины жолооч хууч хөөрсөн. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин муудахын хэрээр хөдөөнөөс хот руу ирж, эх орноосоо гадаадад явах үзэгдэл ихэсдэг. Энэ бүхэн нуугдмал ядуурлыг бий болгодог. Орон нутгаас ирсэн атлаа харьяалал нь орон нутагтаа, энд ажлын байргүй залуус маш олон байна. Ядуурлын хамгийн том аюул нь хүнийг эрмэлзэлгүй болгодог. Тиймээс бид залуучуудыг юуны түрүүнд эрмэлзэлтэй болгох, тэдгээрт ямар ч ажил сайхан, зорилготой амьдрал үнэ цэнтэйг ухааруулах нь чухал байна.
Уг нь үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд л эрэгтэйчүүд бүгд ажилтай болох нь, тийм үү?
Үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлэх шаардлагатай байна. Өмнө нь оёдлын салбарт маш нарийн оёдлуудыг эрэгтэйчүүд илүү сайн хийдэг, гутлын үйлдвэр тэр чигтээ эрэгтэйчүүдийг ажлаар хангадаг байсан. Арьс ширний үйлдвэрүүд ч мөн ялгаагүй. Төр инновацыг дэмжээд, үндэсний компаниудаа ухаантай бодлогоор дэмжвэл энэ бүх үйлдвэрүүд босоод л ирнэ. Импортын татварын бодлого, үндэсний үйлдвэрлэгчдэд НӨАТ-ын хэмжээг ялгавартай тогтоох, ЖДҮ-дэд ажилчдаа тогтвортой ажлын байраар хангасан бол татаварын хөнгөлөлт гэх мэт зөндөө олон эдийн засгийн хөшүүрэг байж болмоор. Мөн мэдээллийн технологийн салбараа хөгжүүлвэл маш бага зардлаар цалин орлого сайтай ажлын байрыг бий болгох боломж байна. Үүнтэй холбоотой маш олон судалгааг олон улсын байгууллага, шинжээчид, дотоодын эрдэмтэн судлаачид хийсэн байдаг ч харамсалтай нь тэдгээрийг төрийнхөн уншдаг болов уу? Төр ба хувийн хэвшлийн дунд үүссэн мэдлэгийн энэхүү заагийг төрийн албан хаагчид даван туулах хэрэгтэй байна, төрийн албан хаагчид чадавхжих шаардлага байна.
Тэгэхээр төр засаг маань энэхүү төр хувийн хэвшлийн хоорондын ойлголтын зөрүүг арилгаж хамтран хэлэлцдэг, бүтээлч байдлаар улсынхаа хөгжлийг харилцан дэмждэг байвал манай улсад хөгжих бүрэн боломжууд нь байна. Ухаалаг залуу үе, бүтээлч хувийн хэвшил, байгалийн баялаг, бүгд л байна. Ухаалаг төр л хэрэгтэй байна.
[…] Л.Болормаа: Эргэлт хийх шаардлагатай цаг үеийг эмэгтэй… […]