“Ай си ти групп” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гаргалаа
Монгол Улсад анх удаа Блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаас гаргах ёслол боллоо. Мэдээллийн технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан үнэт цаасыг токенжуулж хөрөнгө босгох нь уламжлалт хэлбэрийн үнэт цаастай харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдэг, хөрөнгө оруулагчдад тэгш боломж олгодог зэрэг давуу талтай.
Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит хувьцаа, үнэт цаасаар баталгаажих учир криптокойноос илүү найдвартай, үнэ цэнээр баталгаажсан санхүүгийн хөрөнгө бөгөөд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой.
Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчейн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Засгийн газар мэдээллийн технологид суурилж төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, хүртээмжтэй хүргэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр зорьж байгааг хэлэв. Мөн Цахим үндэстэн болох цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээллийн технологийн салбарт чиглэсэн дөрвөн багц хуулийн төслийг өргөн барьсан. Сул талаа давуу тал болгож, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхахад мэдээллийн технологи чухал. Иймээс технологид суурилсан экспортыг хөгжүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв. Энэ үед монгол залуус, үндэсний компани дэлхийд өрсөлдөх хэмжээний токенжуулсан үнэт цаас гаргаж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсэв. Цаашид шаардлагатай бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.
“Ай Си Ти групп” компани дата центр, газар зүйн мэдээллийн систем, блокчэйн платформ, үүлэн технологи зэрэг суурь дэд бүтцийг бие даан хөгжүүлж байна. Өнгөрсөн сард “Тесла” компани дэлхийд анх удаа токенжуулсан үнэт цаас гаргасан бол “Ай Си Ти групп” компани эх орондоо анхны, дэлхийд хоёр дахь токенжуулсан үнэт цаас гаргалаа. Тус компани нэг бүр нь 130 төгрөгийн үнэтэй 124,793,954 токенийг www.trade.mn-ээр дамжуулан арилжаалж эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ictgroup.mn/ хуудаснаас авах боломжтой юм.
Бизнесийн ёс зүйн төв нээгдлээ
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: “Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үетэй зэрэгцэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто зэрэг олон улсын байгууллагуудын Монгол дахь салбаруудтай хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна” гэлээ.
“XXI зуунд бизнесээ амжилттай явуулах хамгийн эхний суурь зарчим нь бизнесийн ёс зүй болоод байна. 148 жилийн түүхтэй Рио Тинто групп 35 улсад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсний нууц нь бизнесийн ёс зүй, ил тод байдал. Аливаа бизнесийн хөгжих шат, үндсэн шалгуур болж байдаг бизнесийн ёс зүйн дүрэм, журам, түүнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа Рио Тинто Монголын бизнес эрхлэгчидтэй хуваалцах гэж буйдаа таатай байна” гэж Рио Тинтогийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал хэлсэн үгэндээ онцлов.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од, гүйцэтгэх захирал О.Батбаяр нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид оролцож, нээлттэй санал бодлоо солилцлоо.
- Ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, түүнийг таньж мэдэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн ажлыг зохион байгуулах
- Бизнесийн орчин дахь авлига, түүнийг бууруулах болон бизнесийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулах
- Бизнесийн байгууллагууд ёс зүйн дүрмээ боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн сургалт тогтмол зохион байгуулах
- Өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий цахим номын сан байгуулах зэрэг ажлууд багтаж байна.
Монгол-Японы бизнес форум боллоо
“Invest in Mongolia – Tokyo 2021” Монгол-Японы бизнес форум цахимаар боллоо.
Үндэсний хөгжлийн газар нь Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага /JETRO/, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC), “Ирбис Венчурс” компанитай хамтран форумыг зохион байгуулжээ.
Цахим форум нь уул уурхайн бус бусад тэргүүлэх салбараас төсөл сонгон шалгаруулж, нэг сарын турш чадавхжуулан сурталчилсан, хувийн хэвшлийн оролцоог хангаж, өнгөрсөн 30 жилийн хөрөнгө оруулалтын ололт, бэрхшээлийг үүрсэн хоёр орны бизнесүүдийг сонгон хэлэлцүүлсэн, Японоос бодит хөрөнгө оруулалт татсан туршлага хуваалцсан, хөрөнгө оруулалтын орчны бэрхшээлийг хэлэлцэж, сайжруулах төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар танилцуулсан зэргээрээ онцлог аж.
Тухайлбал, томоохон хөрөнгө оруулагч “Мобиком” корпорацын Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголд хэрхэн хөрөнгө оруулсан туршлага, Японы “Марубени” корпорацаас 10.3 сая ам долларын хөрөнгө оруулсан, технологийн дэвшилтэт шийдэл Fintech-ээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Анд глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ хөрөнгө оруулалт татсан түүхээс, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станцыг бүтээн байгуулсан “Ньюком” Группын ТУЗ-ийн гишүүн Э.Орчлон япончуудын хамгийн их сонирхол татаж буй Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүй, боломжийн талаар хэлэлцлээ.
Хонины арьсаар “MONY RUGBY” бөмбөг үйлдвэрлэж, Монгол малын арьсыг дэлхийд таниулж, аж үйлдвэрт нэмэр болох зорилготой “Ямагүчи Сангёо” ХХК, монгол чацарганыг Японы зах зээлд танилцуулахаар чацарганын түүхий эд ашигласан “Made in Japan” гоо сайхан, эрүүл мэндийн “Гуа Марал” брэндийг үүсгэсэн Японы “Такаражима Жапан” ХХК, мөн “Сумитомо” Корпорацын амжилтын түүхээс хуваалцжээ.
Энэ үеэр Start up World cup тэмцээнээс Монголоос оролцохоор шалгарсан, дуу яриаг бичвэрт, бичвэрийг дуу ярианд хөрвүүлэгч Chimege Systems, ХАА, Аквапоник тариалалт, загас үржүүлгийн аж ахуй эрхлэгч “Little River”, нарны хавтан, салхин сэнс бүхий сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан үүсгүүрийн хосолмол систем болж чадсан явуулын бичил “цахилгаан станц”, “Nomadic Powerbox”, дижитал эмнэлэг – Clinica төсөл, Хараа заслын лазик төв байгуулах “Solongo Kharaa”, хөдөө аж ахуй, газар тариалан, гоёлын цэцэг тариалалтын “Urban Lily”, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “sustainable fashion –Zoson”, сүү сүүн бүтээгдэхүүн бяслаг үйлдвэрлэгч, Монголын бяслагийн Японы зах зээлд гаргах сонирхолтой “Mongolian Artisan Cheesemakers Union” (MACU) компанийн төслийн танилцуулгууд Японы хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байлаа.
Монгол Японы бизнес форумд Японы 340, Монголын 50 гээд нийт 400 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн нь хэдий цар тахлын үе ч гэсэн хоёр талын сонирхол их байгааг илэрхийлж байв.
Японы банк санхүү, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, бусад үйлдвэрлэлийн салбарууд, тээвэр, худалдаа, боловсрол зэрэг салбарын төлөөлөл оролцлоо. Тухайлбал, Sumitomo bank, Marubeni, Mitsui Bussan, Sojits, Nissan, Nikki global, Itochu, Sysmex corporation, MUFG, Mobicom, KDDI, Mitsubishi, Tokyo Electric tower зэрэг томоохон корпораци, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцсон нь Японы бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид Монголыг шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын талбар хэмээн үзэж буйг илтгэж байна хэмээн зохион байгуулагчид нь мэдээлэв.
Форумын хөтөлбөр, панелист, илтгэгчдийн мэдээлэл, төслийн товч танилцуулга, “Invest in Mongolia” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан сар тутмын цахим сэтгүүлийг монгол, япон, англи хэлээр ҮХГ-ын www.japan.investmongolia.gov.mn–ээс үзэх боломжтой.
Хөрөнгө оруулалтын цахим буухиа 6 дугаар сард болох Сөүл-2021 форумаар үргэлжлэх аж.