Монголын улс төрд өрнөх гол үйл явдлуудын тухай Сант Марал сангийн тэргүүн Л.Сумати ийнхүү өгүүлэв.
Ковидын дэлхий дахинд болоод Монголын улс төрд үзүүлж буй нэг нөлөөлөл нь тогтворгүй байдал нэмэгдэж буй явдал юм. Зарим судлаач, энэ байдлыг аж үйлдвэржилтээс мэдээлэл технологийн эрин рүү шилжиж байгаа ээлжит мөчлөгийн эхлэлтэй холбоотой либерал капитализмын хямралтай холбон тайлбарлаж байна. Ингэхдээ эдгээр үйл явдал нь дэлхийн хэмжээнд улс төрийн институцүүдийн хямралтай дагалдан өрнөдөг. Тухайлбал, хямрал нь тэргүүлэгч капиталист орнуудад дэлхийн хэмжээний амлалтуудаас илүүтэй дотоодын асуудлаа тэргүүн эгнээнд тавихад хүргэж байна. Харин пост-коммунист орнуудад коммунист үзэл суртал, нийгмийн одоогийн оршин буй дэг журамд үл итгэх үзэлтэй хамт эргэн сэргэх байдлаар илэрч буй.
Хэдий улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой ч бусад бүх улсын жишгээр Монголд ч Ковидын хязгаарлалт хэрэгжсэн. Дийлэнх улс эдийн засгийн болон хүн амын эрүүл мэндийн хоорондын тэнцвэрийг хангахыг хичээсэн бол Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа золионд гаргасан. Ялангуяа, хатуу хөл хорио нь хувийн хэвшилд хүнд цохилт болсон. Энэ төрлийн арга хэмжээ нь богино хугацаанд үр дүнтэй байдаг ч, урт хугацаанд хүн амыг сэтгэлзүйн болон санхүүгийн хувьд туйлдуулдаг.
Гэхдээ дэлхий дахин шоконд орж байх зуур хатуу хөл хорио тогтоож, Ковидыг хилийн гадна үлдээж чадсан стратеги нь МАН-д 2020 оны парламентын сонгуулийн ялалтыг авчирсан. 2014-2016 оны уналтын дараа эдийн засаг сэргэж эхэлсэн тул Ковидоос өмнө Засгийн газрын рейтинг тийм ч муу байгаагүй. Үүний зэрэгцээ улс төрийн гол сөрөг хүчин сул дорой, хагаралтай байлаа. Мөн хөл хорионы улмаас өрсөлдөгч намууд өргөн хүрээтэй сонгуулийн аян зохион байгуулж чадаагүй. Сонгуулийн шинэ хууль ч жижиг нам, бие даан нэр дэвшигчдийн ялах магадлалыг бууруулсан.
Харин дотоодод Ковидын халдвар гарсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөв. Учир нь өнгөрсөн жил орчмын хугацаанд Засгийн газарт цар тахлын эсрэг үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулах хангалттай хугацаа байсан. Нөгөө талаас Засгийн газар эдийн засгийн хөгжлийг дэмжиж саналаа өгсөн сонгогчдын итгэлийг алдсан юм. Ийнхүү эрх баригч нам улс төрийн шийдэл гаргахад бэлдэж эхэлсэн.
Хэрэв удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч намын нэр дэвшигчид тааламжтай байх эсэхийг асуувал, би “тодорхойгүй” гэж хэлнэ. Мэдээж Ковид сонгуулийн үр дүнд нөлөөлнө. Мөн ойрын үед бусад улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах нь зүйтэй. Трампын ялагдал нь эдийн засгийг тогтоон барихыг хичээсэн боловч цар тахлын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч чадаагүйтэй нь холбоотой. Харин Киргизэд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жапаров ойрын 2-3 жилд ядуурлыг бууруулж, 3-4 жилд эдийн засгийн хямралыг даван туулах амлалт өгсөн. Гэхдээ Хятадад төлөх их хэмжээний өрийг тооцвол түүний зорилт цаашдын тогтворгүй байдлыг бий болгох популист амлалт байж болох талтай. Үүнтэй адил Монгол Улс популист улстөрчдөөс ангид биш, улс төр, эдийн засгийн хувьд Киргизтэй ойролцоо тул ижил төстэй хоосон популист амлалтууд ч Монголын сонгуулийн кампанит ажилд давамгайлах нь дамжиггүй.
2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын ерөнхийлөгчийн алба нь хэн нэгний улс төрийн хувьд тэтгэвэртээ гарах тохиромжтой газар болж хувирсан. Ерөнхийлөгчийн улс төр дэх нөлөө хязгаарлагдмал байдгийн зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын даргыг Засгийн газраас дэвшүүлж байхаар болсон. Сант Марал сан, Азийн сантай хамтран хийсэн авлигын судалгаагаар монголчуудын 75 хувь нь АТГ-ыг улс төрийн нөлөөнд байдаг гэж үзжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн Тамгын газар нь улс төрийн ятгалгын чухал хэрэгсэл, өрсөлдөгчдөө хянах гол арга хэрэгслээ алдсан. Тиймээс Монгол Улсын хувьд ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй, эдийн засгаа сэргээхэд анхаарлаа төвлөрүүлэх нь зөв юм. Мэдээж эдийн засгаа сэргээх нь бусад өрсөлдөгч намын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн аяны гол сэдэв байх нь дамжиггүй. Мөн Ардчилсан намын хувьд намаа дахин байгуулах нь тэргүүн зорилт байх болно.
Ковид маш олон Засгийн газарт иргэний эрхийг эрс бууруулах шалтаг болсон. Харин тахлаас ч өмнө иргэний эрх чөлөөг боогдуулахыг оролдож ирсэн Монголын эрх баригч элитүүдийн хувьд энэ үйл явдал онцгой зүйл биш. Гэхдээ дарангуй дэглэмийг сэргээх гэсэн оролдлогууд дийлэнхдээ мухардалд орж, ирээдүйд үүсэх асуудлуудыг бий болгодог. 1990 онд ЗХУ- ыг задралаас хамгаалахаар тэмцэж явсан Оросын сэхээтэн Александр Невзоровын хэлсэн үгээр төлөөлүүлэн дүгнэхэд “Тэднээс ялгаатай дайсныг би олж харсан. Би нэгдэл нуран унахад тэр дайсантай нүүр тулсан. Тэр бол “орчин үе”, дэлхий дахины өөрчлөлт байсан юм. ЗХУ хууль, журмаа либералчилж, хамгийн аймшигтай тогтворжуулагчийг өөрөөсөө салгаж, өөрийгөө аврахыг хичээсэн. Гэхдээ тухайн үед зүгээр л хангалттай цаг хугацаа байгаагүй.”
“Дэлхий 2021” (захиалах) сэтгүүлээс нийтлэв