Хятад улсын экспорт нэмэгдсэнээс галт тэрэгний эрэлт нэмэгдэж, Тяньжин боомт дээр Монгол руу ирэх чингэлгүүд саатаад байгаа талаар “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4,000 орчим чингэлэг бөөгнөрчээ.
Тавдугаар сарын 31-ний байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин АНУ, БНСУ, БНТУ болон Азийн орнуудаас импортолдог бараа бүтээгдэхүүнийг Монгол руу тээвэрлэдэг. Гадаад худалдаа эрхлэгчид чингэлгийг түрээсэлж ашигладаг тул зардал гарсаар байна.
Тяньжин боомт үндсэн хоёр терминалтай. Хоёр терминал нийлээд долоо хоногт 7-10 чингэлгийн галт тэрэг Монгол Улс руу хаяглан хөдөлгөдөг байна. Сард 30-35 галт тэрэг Тяньжинь боомтоос хөдөлдөг байсныг 3-4 дахин нэмэгдүүлж өгөх хүсэлтийг манай улсаас эхний ээлжид Хятадын талд тавьсан байна.
Түүнээс гадна хоосон чингэлэгүүдийг Монголоос буцаах тухайд асуудал үүсээд байгаа аж. Бөөгнөрсөн чингэлэг нааш орж ирээд буцаах ажилд төмөр замын байгууллагууд бэлэн байх, хоосон чингэлгүүдийг далайн тээвэрлэгч компаниудад хүргэж өгөх хэрэгтэй. Гэтэл 6, 7 дугаар сард манай улсын төмөр зам засварын ажил хийгдэх тул хоосон чингэлгүүд буцаж гарахад ачаалал үүснэ. Дээрээс нь буцаах ёстой 700 орчим хоосон чингэлэг Улаанбаатар хотын терминал дээр бөөгнөрсөн талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлэв.
Зургаадугаар сарын 1-нээс хойш манай улсын нэг компанийн 200 орчим чингэлэг далайн тээвэрт яваа. Зах зээлийн 10% гэж үзвэл 2,000 чингэлгийн асуудал яригдах ба 12-13 сая ам.долларын шууд нэмэлт зардал гарахаар байгаа аж.
Монгол руу тээвэрлэж буй нийт бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэдэг. Хуучин хэвийн нөхцөлд далайн тээврийн компанийн чингэлэг Тяньжин боомтод ирснээс хойш ачаагаа Монголд буулгаад, буцааж хүргэх 40-45 хоногийн чөлөөтэй ашиглах хугацаа олгодог байсан. Харин бодлогын өөрчлөлт орсноор Тяньжин боомтод долоо хоног чөлөөтэй ашиглах хугацаа өгч, түүнээс цааш хугацаанд чингэлгийн түрээсийн асуудал яригдах болжээ. Энэ нь одоо замд яваа чингэлэгүүдэд ч хамаатай.
Чингэлэг түрээсийн төлбөр өдрийн 10-50 ам.доллар бөгөөд дээр нь хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр ААН-үүдэд хүндрэл учирч чингэлэг тус бүрт доод тал нь 300-400 ам.доллар төлөх болсон. Зардлуудыг нийлүүлж тооцвол, зургаадугаар сарын 1-н буюу түүнээс хойш далайд гарсан чингэлгүүдэд 20 тоннд 6,300 ам.доллар, 40 тоннд 12-13 мянган ам.долларын нэмэлт зардлыг тээврийн хөлсөн дээр нэмж төлөхөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 1-нээс хойш манай улсын нэг компанийн 200 орчим чингэлэг далайн тээвэрт яваа. Зах зээлийн 10% гэж үзвэл 2,000 чингэлгийн асуудал яригдах ба 12-13 сая ам.долларын шууд нэмэлт зардал гарахаар байгаа аж.