Mongolian Economy сэтгүүл Rosewood брэндийн туулж өнгөрүүлсэн зам, үнэт зүйлс, шаламгай бизнесийн загварынх нь талаар Rosewood Hospitality Group-ийн Ерөнхий тогооч, Креатив захирал, эзэн Клифф Аррандтай ярилцлаа.
Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Миний нэрийг Клифф Арранд гэдэг, Улаанбаатар хотод байрлах Rosewood Hospitality Group-ийн Ерөнхий тогооч, Креатив захирал, эзэн нь.
Яагаад тогооч болохоор шийдсэн бэ? Та хоол хийх урлагийг хаана сурав?
Үнэнийг хэлэхэд би тогоочийн мэргэжлийг сонгоогүй, харин энэ амьдрал намайг сонгосон гэж болно. Би амьдралынхаа ихэнх хугацааг зочлох үйлчилгээний салбарт өнгөрүүлсэн. 12 настайдаа анх аяга таваг угаагчаар ажилд орж байв. 1950-иад оны үед өвөө маань Массачусетс хотод DeQuattro’s нэртэй Итали хоолны газар нээсэн юм. Үүнээс гадна өөр хэд хэдэн ресторан, баар эзэмшдэг байв. Өвөө маань тэр газрынхаа зочлох үйлчилгээний салбарыг хөдөлгөдөг, хөгжүүлдэг хүн байсан гэж хэлж болно. Манай гэрийнхэн ер нь хоолны төлөө төрсөн гэмээр хүмүүс байдаг. Энэ нь ч надад нэвт шингэснээр барахгүй, өнөөдрийн хийж буй бүхнийг минь хөдөлгөгч хүч болдог. Би бие даан тогоочийн мэргэжил эзэмшсэн бөгөөд угаагч, зөөгч, ерөнхий менежерээс эхлээд тогооч хүртэл байж болох бүх ажлыг хийж үзсэн. Энэ салбартаа бараг 25 жил тасралтгүй ажиллаж байна.
Таны Монголд ирэх болсон шалтгаан?
Их сонирхолтой түүх байдаг юм. Би эхнэртэйгээ АНУ-д танилцсан. Эхнэр маань 12 настайдаа АНУ-д очиж амьдарч эхэлсэн. 2009 онд манай эхнэрийн эцэг эх нь Монголд анх удаа дотооддоо хуурдаг кофены түүхий үр импортлох Sachem Coffee компанийг байгуулж, өөрсдийн кофе шопоо нээсэн юм. Улмаар бид хоёрт Америкаас зөвлөгөө өгөх санал тавьснаар бид нэг хэсэгтээ л Скайпаар ажлаа амжуулж байв. Дараа нь ажлаа дуусгахад нь туслаач гэхэд нь Монголд хоёр долоо хоногийн хугацаатай ирэхээр төлөвлөсөн юм. Гол нь ээж, аавтай нь уулзах, Монгол орныг илүү мэдэж авах, мөн бизнесийн ажлаа гүйцэтгэх гээд нэг сумаар хэдэн туулай буудах зорилготой байв. Тэгээд л хоёр долоо хоногийн амралт, зөвлөх үйлчилгээний ажил хийхээр энд нисч ирсэн.
Гэтэл амьдрал төлөвлөгөөний дагуу явдаггүйгээс хойш төлөвлөсөн ажлууд төсөөлснөөс хамаагүй удсан юм. Кофе шопоо зөв гольдролд нь оруулахын тулд бид энд байх хугацаагаа сунгахаар шийдэв. Эхнэрийн маань хамгийн бага дүү нь тэр үед хоёр настай, Монголд байсан бөгөөд эгч нь Америкт, хол амьдардаг учраас бишүүрхээд, танихгүй хүн шиг хандахыг хараад гэр бүлтэйгээ маш дотно өссөн эхнэрийн минь хувьд дүү нь хол хөндий өсч торнино гэж бодохоор сэтгэл өвтгөм санагдсан. Буцах нислэгийн өмнөх орой нь эхнэрээ дүүтэй нь ойр байлгахын тулд энд нэг жил орчим амьдрахыг санал болгосноос хойш нэг л мэдэхэд бид хоёр Монголд суурьшин, ресторан, хүнсний дэлгүүр, бүчери ажиллуулаад явж байна даа.
Манай бизнес бол гэр бүлийн багийн төсөл. Бид хүмүүсийг аз жаргалтай байлгахыг зорьдог бөгөөд үүнийгээ биелүүлэхийн төлөө өдөр бүр хичээдэг. Хайртай хүн минь хажууд байж, нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаад би өөрийгөө азтайд тооцдог. Хань минь Rosewood брэндийг хөдөлгөгч хүч юм. Эхнэр бид хоёр долоо хоногт 80-100 хүртэл цаг ажилладаг ч үргэлж хөгжилдөж, огт ажил хийж буй мэт санагддаггүй нь сайхан. Бид “Дуртай зүйлээ олоод, тэрийгээ өдөр бүр хий” гэж хэлэх дуртай.
Эхнэр бид хоёр долоо хоногт 80-100 хүртэл цаг ажилладаг ч үргэлж хөгжилдөж, огт ажил хийж буй мэт санагддаггүй нь сайхан.
Монголд нэртэй, тогтсон ресторанд ажиллахын оронд яагаад өөрийн ресторанаа нээхээр шийдсэн бэ?
Би 22 настайдаа анхныхаа рестораныг нээж байлаа. Ер нь ресторан эзэмших, удирдах чиглэлээр нэлээд удаан ажиллаж байна. Монголд суурьшин амьдрахаар шийдэх үед өөрийн ресторанаа нээж, цааш нь хөгжүүлэн авч явах нь илүү санагдсан.
Монголд ресторан нээхэд хамгийн хэцүү, бэрхшээлтэй ямар асуудлуудтай тулгарч байв?
Манай компанийн хувьд тулгарах бэрхшээлүүдийн тоонд орц, бүтээгдэхүүний хангамж, бараа нийлүүлэлтийн сүлжээний асуудал яах аргагүй орно. Бид үндсэндээ өөрсдийн хангамжийн сүлжээг бий болгосон. Хэрэгтэй зүйл минь олдохгүй тохиолдолд бид өөрсдөө үйлдвэрлэж эсвэл хийдэг. Тиймдээ ч бид бизнесийн хурданд түүртэлгүй хөл нийлүүлэн урагшилж байна. Жишээлбэл, бид Rosewood Kitchen Enoteca-г нээхдээ үнэхээр сайн стейкний цэстэй болгохыг хүссэн ч миний шаардлагыг хангах хэрчилттэй стейк олдоогүй. Тиймээс шаардлага хангасан хэрчилттэй стейк гаргаж авахаар өөрсдийн мах бэлтгэх бүчери нээхээр шийдсэн юм. Ингэснээр бид чанарт илүү анхаарах боломжтой болж эхэлсэн. Чанараа тууштай хадгалах нь манай бизнес загварын чухал хэсэг юм. Хэдийгээр бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах нь илүү хялбар ч бид өөрсдийн бүтээгдэхүүний чанарыг нэн тэргүүнд тавьж, импортлохоос илүү өөрсдөө хийхийг илүүд үздэг. Хэрэглэгчдэд ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй болдог. Энэ бол бидний бусдаас ялгарах онцлог.
Монголд рестораны бизнес эрхлэхэд орц, бүтээгдэхүүний хангамж, бараа нийлүүлэлтийн сүлжээний асуудал гол бэрхшээл болдог.
Манай бизнесийн өсөлт нь хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадсантай шууд хамааралтай маш органик өсөлт байсан. Асуудалтай тулгарах бүртээ бид өөрсдийн шийдлийг эрэлхийлдэг. Бүчери нээх нь стейктэй холбоотой асуудлын шийдэл байв. Дараа нь хэрчсэн стейкийг зөвхөн манай ресторанаар зогсохгүй олон хүн хэрэглэмээр байгаа хэрэгцээг мэдэрч “The Butchery”-ийг нээхээр шийдсэн юм. Махны дэлгүүрийн зорилго нь хэрэглэгчдэд мах борлуулах байсан ч ихэнхдээ манай ресторануудыг махаар хангадаг байв. Эцэст нь өөрсдийн хэрэгцээний махаа бэлдсэнээс ч илүү махыг жижиглэнгээр худалдаалах болсон юм. Урьд өмнө нь энэ төрлийн үйлчилгээ тэр бүр үзүүлдэггүй байсан болоод ч тэр үү, зочдын эрэлт, хэрэгцээ өндөртэй байв. Одоо манай The Butchery илүү олон сонголттой болсон.
The Market хүнсний дэлгүүрийн амжилтын үндэс нь мөн л ийм санаан дээр тогтож байв. Би 10 жилийн турш өөрийн ресторандаа хамгийн сайн чанарын орц, бүтээгдэхүүн олж авахаар хайгуул хийсэн. Тэгээд мөн л эдгээр зүйлсийг яагаад байнгын үйлчлүүлэгчдээ жижиглэнгээр худалдаалж болохгүй гэсэн бодол орж ирсэн. The Market хүнсний дэлгүүрээс манай ресторанд хэрэглэдэг бараг бүх найрлага, бүтээгдэхүүнийг худалдан авч болно. Тэгэхээр The Market нь дотоодын органик ногоо, олон төрлийн өөрсдийн хийсэн соус, боловсруулсан мах, гэртээ хоол хийхэд шаардагдах бүхий л дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнээр дүүрэн гэсэн үг юм.
“The Market by Rosewood” нь хотын бусад дэлгүүрүүдэд байдаггүй олон төрлийн шинэ ногоо худалдаалдаг. Танайх өөрсдөө тарьдаг уу?
Бид өөрсдөө тарьдаггүй. Бид аль болох олон тооны дотоодын бүтээгдэхүүн ашиглахыг зорьдог тул хэд хэдэн дотоодын хүлэмжтэй хамтран ажилладаг. Тус салбар үнэхээр хөгжиж байгаагийн хэрээр дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнс хэрэглэхийг хүссэн хэрэглэгчдийн тоо ч өсөж байна. Орон нутгийн тариаланчдад бизнесээ өргөжүүлэхэд нь туслахын тулд бид аль болох дотоодын бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хичээдэг. Б.Энхзаяа бид хоёр Монголын анхны органик хүнсний ойлголтыг дэлгэрүүлэх гэрчилгээжүүлэлтийг хөгжүүлэх зорилготой “Органик Хөгжил Хамтын Баталгаажуулалтын Байгууллага”-ын гишүүд юм.
Танайх өөрсдөө юу үйлдвэрлэдэг вэ?
Бид бүх сүмс, тортия чипс, майонез, банш, бөөрөнхий махаа үйлдвэрлэхээс гадна махаа өөрсдөө хэрчиж бэлддэг. Хэрэв та манай хүнсний дэлгүүрээр үйлчлүүлбэл бүтээгдэхүүний 20 хувь нь үйлдвэрийн зориулалттай консервант, хиймэл амт оруулагч болон бусад химийн бодис агуулаагүй, гэрийн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг. Бид өөрсдийн бүх бүтээгдэхүүнээ өөрсдийн гараар эхнээс нь хийдэг. Rosewood Kitchen Enoteca-ийн хамгийн алдартай хоол бол шаржигнуур цэцэгт байцаа, анар жимсний үртэй хүммүс юм. Яг тэр хүммүсийг The Market дээр зарж байгаа тул та чанарын хувьд адил бүтээгдэхүүнийг гэртээ авч явах боломжтой гэсэн үг юм. Бид бүтээгдэхүүнийхээ чанарт байнга анхаарч ажилладаг. Бид зөвхөн бүтээгдэхүүн зараад зогсохгүй итгэлцлийг бий болгодог билээ. Үүндээ бид бүрэн итгэдэг.
Цэсээ хэдэн удаа сольж, шинэчилдэг вэ?
Бид улирлын чанартай шинэчлэлт хийдэг. Би бүтээлч байхыг хичээдэг тул байнгын хөдөлгөөнтэй байж, шинийг туршиж үздэг. Хэрэв би нэг шинэ орц, бүтээгдэхүүн олж харах л юм бол цэсээ баяжуулах урам зориг ордог. Одоо хавар болж байгаа тул халиар гарна гэсэн үг. Халиар зарагдаж эхэлмэгц Rosewood Kitchen Enoteca болон La Rosa-гийн цэснүүд халиараар дүүрэх нь тодорхой.
Танай нэрийн хоол юу вэ?
Бид олон төрлийн хоолны урсгалыг бүрдүүлсэн тул нэрийн хоолтой гэж хэлэхэд хэцүү юм. Тиймээс олон хүмүүс манай брэндэд дуртай, бид ч үүнийг нь догдлон хүлээж авдаг. Хэдийгээр бид цэсээ сонголттой болгохыг хичээдэг боловч зочдынхоо дуртай хоолыг цэсэндээ хэвээр үлдээдэг. Манай стейк үнэхээр амттай. Хүммүс бол үйлчлүүлэгчдийн маань хамгийн дуртай хоолнуудын нэг юм. Бид нээгдсэнээсээ хойш Cobb салатаараа алдаршсан бөгөөд сүмсийг нь The Market дээр зардаг. Хөл хорионы үеэр бид хангалттай сүмс үйлдвэрлэх боломжгүйгээс болж Кобб салатыг гэртээ хийж идэх гэсэн хоёр үйлчлүүлэгч маань сүүлийн хоёр шил сүмсийг авах гэж маргалдаж байсан тохиолдол ч бий.
Хөл хорио бид бүгдэд үнэхээр хэцүү байсан ч гэртээ хорионд байгаа хүмүүст жаахан ч гэсэн баяр баясгалан бэлэглэж, дуртай амтыг нь мэдрүүлж чадсандаа баяртай байна.
Та уламжлалт бус Мексик, Испани хоолноос санаа авсан La Rosa ресторан нээсэн. Та яагаад Rosewood Kitchen Enoteca-ийн шинэ салбаруудыг нээхийн оронд брэндээ өөр чиглэлд аваачихаар шийдсэн бэ?
Бизнес эрхлэгчийн хувьд алдаанаасаа суралцах нь бизнес эрхлэх цөм юм. 2015 онд бид Rosewood-ын гурван салбарыг нээлээ. Rosewood-ийг олон байршилд хуулбарлан буулгах нь үр дүнд хүрнэ гэж бодож байсан юм. Харамсалтай нь гурван байршилд нэг ижил зүйл санал болгоход хангалттай эрэлт хэрэгцээ үүсээгүй байсан тул салбаруудаа хаахад хүрсэн билээ. Алдаа, оноо хосолсон томоохон сургамж болсон доо. Дахиж нэг төрлийн ресторан нээх хэрэггүй юм гэдгийг сайтар ойлгож авсан. Бизнес болгон өөрийн зорилтот бүлэгт үйлчилдэг. Манай бизнесүүдийн хувьд одоохондоо манай хоолны урсгал тус бүрээс нэг нэг л ресторан даахаар хэрэгцээ байна гэж бид тодорхойлж байгаа.
Монгол Улс, Монголын ард түмний гайхамшигтай тал нь өөрчлөлтөд тэмүүлж, үнэхээр сайхан амттай хоолыг амтархан хүртэхийг хүсэж, шинэ соргог зүйлд амархан дасдаг зан билээ. Үүнийг хийх чадвар бидэнд ч мөн адил байдаг гэдэгт итгэдэг. Тиймээс бид өсөж хөгжихийн хэрээр урьдын адил чанар, шударга үнэнч байдал, итгэлцлээр дүүрэн шинэ, шинэлэг санаануудыг санал болгосоор байх болно.
Монголын ард түмний гайхамшигтай тал нь өөрчлөлтөд тэмүүлж, үнэхээр сайхан амттай хоолыг амтархан хүртэхийг хүсэж, шинэ соргог зүйлд амархан дасдаг зантай.
Хүмүүс La Rosa-гийн хоол, үйлчилгээ нь Rosewood Kitchen Enoteca-гийн түвшинд байх болно гэдгийг мэдэж байсан тул Rosewood-ээс La Rosa руу шилжихэд ихээхэн хялбар санагдсан нь лавтай. Манай зочид биднийг хөлс хүчээ урсган хичээж ажилладаг болохыг мэднэ. La Rosa Tapas & Tequila Bar нь дэлхий нийтийн цар тахлын үеэр буюу 2020 оны 10-р сарын 2-нд нээлтээ хийсэн. Эхнэр бид хоёр эхлүүлсэн төсөл бүрдээ бүрэн хүчин чармайлт гарган ажилладаг. La Rosa-г нээхээс өмнө Мексикийн соёл, хоол, хоолны технологийг жинхэнэ утгаар нь ойлгохын тулд бид Мексикт нэлээд хугацааг зарцуулж, салбарын мэргэжилтнүүдээс гүнзгийрүүлэн суралцсан. Rosewood Kitchen Enoteca бол Итали хоолны газар биш, Ла Роза ч Мексик хоолны ресторан биш юм. Хоёулаа тогооч төвтэй ресторанууд. Өөрөөр хэлбэл, би тухайн хоолыг хэрхэн бэлдэж гүйцэтгэх талаар мэдрэмжээ илэрхийлж байна гэсэн үг юм. Зарим зочин манай таког Мексикт идэж байсан такотойгоо, эсвэл бургерыг маань Америкийн Зүүн эрэгт идсэн бургертэйгээ, эсвэл Италид идсэн гоймонгоо манайхтай харьцуулдаг. Хоол хийх цорын ганц зөв арга гэж байхгүй. Үүнд хамаг учир нь оршиж буй юм л даа. Хоол бол урлаг. Манай ресторанууд, гэрийн аргаар хийсэн бүтээгдэхүүнүүд маань миний бүтээлч чанар, уран сайхны илэрхийлэл учраас таны урьд өмнө идэж байсан хоолтой ижил санагдахгүй л болов уу. Үүндээ ч би бахархалтай байдаг.
Хөл хорионы үеэр та түргэн хоол зарж байсан. Тэр төслийн цаад санаа нь юу байв?
Бид хөл хорионы үеэр ямар нэгэн хөгжилтэй зүйл хиймээр санагдаад Fat Hen Chicken поп-ап түргэн хоолны сүлжээ хийсэн нь тэр. Шарсан тахиатай бургер хийх санааг хоёр жилийн турш бодож бодож ер нь туршаад үзье гэж шийдсэн. Манай компанийн хөрвөх чадвар нь бидэнд шинэ зүйл туршиж үзэх уян хатан байдлыг олгодог. Fat Hen (Тарган тахиа) нь уламжлалт түргэн хоол биш, харин насанд хүрэгчдэд зориулсан түргэн хоол юм. Бид жирийн түргэн хоолыг чанартай бүтээгдэхүүн, хэв маяг хослуулсан тансаг зэрэглэлийн хоол болгож хувиргасан.
Манай тахианы махан бургерын поп-ап санаа бидний таамаглаж байснаас илүү хүмүүст таалагдсан юм. Бид таван өдрийн турш өдөр бүр ажиллахдаа эхний 30 минутад 300 захиалга авч, бүх бургер зарагдаж дуусаж байв. Тэгэхээр цаад санаа нь тогооч төвтэй, тогоочоор удирдуулсан өндөр чанартай орц найрлага, гэрийн аргаар хийсэн соус, хадгалагч бодис агуулаагүй түргэн хоол гэж юу болохыг таниулахад оршиж байсан юм. Би түргэн хоолонд дуртай, гэхдээ яагаад заавал химийн бодис, чанар муутай орцтой байх ёстой гэж? Яагаад түргэн хоолны бургерийг сайн чанарын цөцгийн тос, талхаар хийж болдоггүй юм бэ? Fat Hen Chicken үнэхээр хит болсон! Ташрамд дурдахад бид долдугаар сарын сүүлчээр ресторан нээнэ.
Rosewood нь манай хотын хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн, хүндтэй зочлох үйлчилгээний байгууллагын нэг болсон. Rosewood Hospitality Group-ийн онцлог шинж чанар юу вэ?
Rosewood Hospitality Group-ийн онцлог нь манай хүмүүс болоод бидний үйл ажиллагаа юм. Таны хэр амжилттай байх нь таныг тойрон хүрээлэгчдээс шалтгаална гэдэгт бид итгэдэг. Бид эхлээд өөрсдийн хүмүүст анхаарлаа хандуулаад, дараа нь зочдоо боддог. Бидний зорилго бол өөрчлөлт хийдэг компанитай, бидний дунд гэр бүлийн уур амьсгал бүрдүүлж, ажилдаа ирэхэд нь гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх явдал юм. Энэ нь эргээд зочдод маань ийм мэдрэмж төрүүлэх болно. Бид багийн гишүүдээ ажилтнууд эсвэл ажилчид гэж хэлдэггүй, тэд бол “манай хүмүүс”. Манай зочид бол бидний зүрх, манай хүмүүс бол бидний сэтгэл юм.
Тиймээс бидний ажиллуулж байгаа хүмүүс, мөн хүмүүсээ багийн нэг хэсэг болгохоор урам зориг өгч байгаа явц хамгийн чухал билээ. Бид бас их “нээлттэй ном” шиг компани. Тухайлбал, би жороо нуудаггүй, манай бүх тогооч бүх хоолоо яаж хийхийг мэддэг. Бид боловсрол олгох, сургахыг чухалчлан ажилладаг. Энэ бүхэн эцэстээ бидэнд Fat Hen Chicken зэрэг шинэ санаа, чиглэл рүү хөрвөх чадварыг олгож байгаа хэрэг юм. Миний удирдлагын хамгийн дуртай зарчим бол санхүүгийн захирал, гүйцэтгэх захирал хоёрын хоорондох хүн бүхний мэддэг харилцан яриа юм. Санхүү хариуцсан захирал гүйцэтгэх захирлаасаа “Хэрэв бид хүмүүсээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулсны дараа тэд биднийг орхиод явбал яах вэ?” гэхэд Гүйцэтгэх захирал “Хэрэв бид хөрөнгө оруулахгүй, дээрээс нь тэд явахгүй бол яах вэ?” гэжээ. Бид энэ л зарчмаар амьдардаг.
Танай Rosewood Hospitality Group-т ажлын байр нээлттэй байгааг анзаарсан. Ажилд авах зарим шалгуур юу вэ? Ажилд орохын тулд англиар ярих чадвартай байх шаардлагатай юу?
Бид өсч, өргөжиж байгаа тул ажлын байр үргэлж нээлттэй байдаг. Ажилд авах шийдвэрийг ихэвчлэн хувь хүн дээр тулгуурлан гаргадаг. Өмнө дурдсанчлан бид гэр бүлийн уур амьсгал бүрдүүлсэн бөгөөд хэрэв тухайн хүн зөв хандлагатай байвал ямар ч техникийн ур чадвар эзэмшиж чадна гэдэгт итгэдэг. Хамгийн гол нь тэд манай брэндийн суурь үнэт зүйлийг өөртөө эрхэмлэсэн зочломтгой хүн байх ёстой. Бид үүнийг “чин сэтгэлээсээ зочломтгой байх” гэж нэрлэдэг.
Хэрэв тухайн хүн зөв хандлагатай байвал ямар ч техникийн ур чадвар эзэмшиж чадна гэдэгт итгэдэг.
Ажилд орохын тулд англиар ярих чадвартай байх шаардлагагүй. Манайд гадаад зочид олноор ирж үйлчлүүлдэг тул анх орохдоо ярьдаггүй байсан ч цагийн явцад манай ихэнх хүмүүс англи хэл сурсан. Бид мөн өөрийн хүмүүстээ англи хэлний сургалт явуулдаг. Би одоо байгаагаасаа илүү Монголоор ярих ёстой л байгаа юм. Тиймээс хүмүүстэйгээ бэлтгэл хийх эсвэл хоол хийхдээ би аль болох Монгол хэлээр ярихыг хичээдэг.
Зарим хүмүүст дарс сонгоход хэцүү байдаг бөгөөд зарим нь дарсаа хоол хүнстэйгээ хэрхэн яаж хослуулахаа мэддэггүй. Манай уншигчдад өгөх зөвлөгөө байна уу?
Дарсны хослол гэдэг бол миний хувьд хувь хүний сонголтыг л хэлдэг. Дарсны соёлын гол дүрэм бол дүрэмгүй байхдаа оршино. Таалагдсан зүйлээ л уух хэрэгтэй! Би ихэвчлэн хуурай дарс сонгохыг зөвлөдөг. Ер нь аль улсаас гаралтай, Хуучин ертөнц (Old World) эсвэл Шинэ ертөнцтэй (New World) холбоотой асуудал юм. Дарсны биежилт болон ямар үед уухаас ихээхэн шалтгаална. Хоолтой хослуулж хэрэглэдэг, дангаар уух зориулалттай дарс хоорондоо тэс өөр. Дарстай анх танилцаж буй хүмүүст зөвлөхөд та Хуучин ертөнц эсвэл Шинэ ертөнцийн алийг нь таалж буйгаа эхлээд мэдэхийн тулд туршилт хийхийг санал болгож байна. Дараа нь усан үзмийн сортуудын аль нь танд таалагдахыг туршиж үзээрэй. Ресторанд захиалга өгөхдөө эдгээр аргыг хэрэглэвэл алзахгүй.
“Нууц зочин” –ны зорилгыг бидэнд хэлж өгөхгүй юу?
Манай сайт дээрх “нууц зочин” бүртгэлийн хэсгийг Та сонирхож асууж байх шиг байна. Бид олон жилийн турш “нууц зочин”-ны үйлчилгээний хяналтын арга барилыг ашиглаж ирсэн. Бидэнд аливаа зүйлийг зөв хийж, буруугаа засаж залруулах нь үнэхээр чухал. Рестораны бизнест алдаа гаргахаас 100% зайлсхийж чадахгүй учир алдаагаа засахын тулд хэрхэн ажиллах их чухал. Энэхүү арга нь зочидтойгоо нээлттэй харилцаа холбоо тогтоох, тэднийхээ нүдээр харах өвөрмөц боломжийг олгодог. Тэр санал хүсэлтийг үндэслэн бид шийдвэр, өөрчлөлт хийдэг. Манай Rosewood брэндийн бас нэг өвөрмөц онцлог бол бидний уян хатан чанар. Зарим бизнес эрхлэгч хуучны арга барил баримтлах хандлагатай байдаг ч бид аливаа зүйлийг хайрцагнаас гадуур сэтгэхийг хичээдэг.
Та The Market by Rosewood вэбсайт дээр жор бичдэг блогтой. Та жорын блогоо өргөжүүлэхээр төлөвлөж байна уу? Монголд хоолны төв байгуулах талаар бодож үзсэн үү?
Тэр бол миний хувьд шинэлэг зүйл. Сүүлийн нэг жил хагасын хөл хорионы турш бид бизнесийнхээ цахим талд илүү анхаарлаа хандуулсан гэхэд болно. Бид онлайн хүргэх үйлчилгээг боловсруулсан бөгөөд одоо манай хүнсний дэлгүүрт байгаа бүх зүйлийг онлайнаар авах боломжтой болжээ. Түүнчлэн бид The Market-аас худалдан авсан чанартай бүтээгдэхүүнээ ашиглан амтат хоол хийх жорыг санал болгохыг зорьж байна. Одоогийн байдлаар дөнгөж эхэлж байгаа ч цаашид илүү баяжуулах болно.
Мөн Zoom-ээр хоолны хичээл явуулж эхэлсэн нь аль аль талаараа маш таатай болдог. Үүнийгээ ч мөн цаашид үргэлжлүүлэх болно. Монголд хоолны орц, найрлага болохуйц гайхалтай бүтээгдэхүүн маш их байдаг ч тэр бүрийг хэрхэн бэлтгэх талаар монгол хэл дээр хангалттай эх сурвалж байдаггүй. Монгол хэл дээрх хоолны контент харьцангуй хязгаарлагдмал байдгаас бид хичээлээ хос хэлээр явуулдаг. Бид хоолны сургууль нээх талаар ярилцаж байсан ч ойрын төлөвлөгөөнд байхгүй.
Хүмүүс хоол хийхээс айдаг. Энэ айдас нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Зарим нь олон хүнд зориулж хийхээс, эсвэл гэр бүлийн гишүүддээ зориулж хийхээс айдаг. Бусдад хоол хийхээс айдаг хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
Хоол хийх нь хэзээ ч стресс болох ёсгүй. Өөртөө хүлээлт үүсгэхийн оронд туршилт хийж, аль болох зугаатай ажил болгох хэрэгтэй. Бүтэлгүйтвэл инээгээд л өнгөр. Хоол хийх үндсэн технологийг эзэмшвэл хоол хийхэд илүү хялбар болдог. Олон хүмүүст зориулж хоол хийхэд хамгийн гол нь цэвэрхэн, зохион байгуулалттай байх явдал юм.
Цар тахлын өмнө танайх хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байсан уу?
Тийм ээ. Манай Rosewood Kitchen Enoteca хүргэлт хийдэг, The Market хийдэггүй байсан. Цар тахлын өмнө бид гуравдагч байгууллагаар дамжуулан хүргэлт хийдэг байсан бол одоо өөрсдөө хүргэж эхэлсэн. Гол нь бидний зочиддоо үзүүлэх үйлчилгээ тогтвортой, хялбар, найдвартай байх ёстой. Та онлайнаар худалдан авах, эсвэл биетээр үйлчилгээ авах эсэхээс үл хамааран бид нэг л төрлийн чанартай үйлчилгээ хүргэх нь нэн чухал.
Ковид-19 эсрэг арга хэмжээ, хязгаарлалтад дасан зохицох тал дээр танайх ямар арга хэмжээ авсан бэ?
Хэрэв та бизнесээ зөв аргаар явуулбал хүнсний үйлдвэр бол дэлхийн хамгийн цэвэр салбар юм. Амжилттай рестораны суурь ойлголтод бээлий, маск, ариутгал хийх зэрэг ордог. Ковид-19 цар тахлын халдвар нь эдгээр үндсэн зарчмуудад илүү анхаарал хандуулсан гэж хэлж болно. Тэр болгоны талаар илүү нухацтай бодож, аюулгүй байдлын дүрэм, журмыг чанд дагаж мөрдөхөд хүргэж байна. Бид олон жилийн турш энэ зарчмыг мөрдөж ирсэн.
Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс гэрээсээ онлайн худалдан авалт хийх, гэртээ хоол хийх зэрэгт илүү дасан зохицож эхэлжээ. Эдгээрээс шинэ зуршлууд нь цар тахлын дараа ч хэвээр үлдэх болно.
Та хэнийг өрсөлдөгчөө гэж хардаг вэ?
Бусад бизнесийг миний өрсөлдөгч гэж хардаггүй. Хүнсний салбар нь далай тэнгис шиг өргөн уудам бөгөөд далайн түрлэг нэмэгдэх бүрдээ бүх завийг өргөж байдаг. Хүнсний үйлдвэрт хүн бүр өөрийн байр сууриа олох боломжтой гэж би боддог. Монголын рестораны салбарт хамтын ажиллагаа, эв нэгдэл хангалтгүй байна. Тиймээс ч энэ тал дээр илүү ажиллаасай гэж хүсдэг.
Монголын рестораны салбарт хамтын ажиллагаа, эв нэгдэл хангалтгүй байна гэж боддог.
Америкт тогооч нар ажил тарсны дараа уулзалдаж хамт суух нь их түгээмэл байдаг. Жишээ нь, би хэн нэгэн рүү залгаад “Надад ганц шил юм хэрэгтэй байна” гээд л хажуугийнхаа ресторан руу гүйж ороод авч болно. Өөрөөр хэлбэл, ресторанууд Монголын хүнсний салбарыг илүү хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах боломжтой гэж бодож байна.
Монголд хамгийн дуртай ресторан чинь юу вэ? Бас гадаадын аль ресторанд орох дуртай вэ?
Би The Bull Hot Pot сүлжээ ресторанд дуртай. Тэд үнэхээр мундаг ажилладаг, хоол нь ч тун дажгүй гэж боддог. Мөн Сакура бэйкери болон тэдний удон шөлөнд дуртай. Хятад хоолны газар болох Шэнь Хө бас таалагддаг. Намастэ ресторанд бид гэр бүлээрээ орох дуртай. Эдгээр газруудаар ихэвчлэн үйлчлүүлдэг, гэхдээ гэртээ маш их хоол хийдэг.
Гадаадаас гэвэл, Хонконгийн Ronin, Лос-Анжелест байдаг Ori Menashe-гийн ресторанууд, Jamie Bissonnette-ийн Бостон дахь Flagship Toro, Gabriela Camara-гийн Мексик дэх Contramar, Токио дахь Yasuda таалагддаг, харамсалтай нь цар тахлаас үүдэн хаалгаа барьсан. Бостонд байдаг Pho Pasteur, Лос Анжелес дахь найзын минь ресторан Sqirl нар бас бий. Бид аялах дуртай. Аялах тоолондоо хоол бүрдээ сэтгэлээ шингээдэг жижиг ресторануудаар орж хооллох дуртай. Миний хувьд хүнсний салбар бол хүсэл эрмэлзлээр дүүрэн салбар тул бидний үйлчлүүлэх дуртай ресторанууд нь ажиллуулдаг хүмүүсийнхээ хүсэл тэмүүллийн илэрхийлэл болж байдаг.
Цар тахлын үеэр хүнд байдалд орсон ресторануудад та ямар зөвлөгөө өгөх вэ?
Сайхан мэдээ нь бид үүнийг бусад бэрхшээлийн л адил даван туулна. Энэ зун хүмүүс гадаа гарч, шинэ бүхнийг туршиж үзэхээр яарах болно. Одоо л хийморио нэг сэргээж аваад, үйл ажиллагаагаа цэгцлээд, хоолныхоо зардлыг нягтлаад, амжилт олоогүй бүхнээ зогсоох цаг болжээ. Эцэст нь хэлэхэд бэлтгэлтэй байгаарай, ойрын хоёр сард хүмүүс гадуур гарч мөнгөө үрж эхэлнэ шүү. Зоогийн газруудын хувьд энэ бол алдсан олон сарын бизнесээ нөхөх, сэргээх сайхан боломж бүрдэж байгаа хэрэг юм.
Тав, арван жилийн дараа та өөрийгөө төсөөлбөл?
Манай зорилго бол зочлох үйлчилгээний брэндээ үргэлжлүүлэн хөгжүүлэх явдал юм. Түүнчлэн, хүмүүсээ чадавхжуулж, илүү олон хүмүүсийг багтаа нэгтгэхийг хүсч байна. Бид аль болох хамгийн сайн хоол, үйлчилгээг санал болгохыг эрмэлздэг. Бидний бизнесийн зарчмын дагуу аль ч чиглэл органик байна гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлд нийцээгүй зүйлээ бид огт хийдэггүй. Тухайн үедээ сэтгэлд нийцээгүйгээс би олон саналаас татгалзаж байсан удаатай. Цэвэр санхүүгийн сэдэлтэй эхлүүлсэн аливаа зүйл сайнаар төгсдөггүй гэдэгт бид хоёр эргэлзээгүй итгэдэг. Бид хоёулаа хүсэж бүтнэ гэсэн итгэл төрүүлсэн зүйлээ л хийхийг эрмэлздэг.
Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө өөрийнхөө болон Rosewood Hospitality Group-ийн талаар нэмж хэлэх зүйл байна уу?
Би энэ улсад зочин бөгөөд хийдэг ажлаараа бахархдаг. Бидний зорилго бол хүмүүсийг аз жаргалтай байлгах явдал юм. Би хүмүүсийг аз жаргалтай байлгах дуртай бөгөөд энэ нь намайг ч хувь хүний хувьд хөгжүүлдэг. Намайг халуун дотноор урьсанд талархахын сацуу Монголын зочлох үйлчилгээний салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай явдгаа дахин дурдъя. Бид цаашдын төслүүдээрээ дамжуулан хийж буй үйлээ үргэлжлүүлж, Rosewood-ийг илүү хүчтэй брэнд болгохоор хичээх болно.