Монголын Хөрөнгийн биржийн энэ оны зургаа дах бүтээгдэхүүн “Мандал ирээдүйн өсөлт хөрөнгө оруулалтын сан”-гийн цан цохих үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд Мандал Санхүүгийн нэгдэл ХХК-ын ТУЗ-ын Дарга Ө.Ганзориг, Mandal Аsset Management үнэт цаасны компанийн Гүйцэтгэх Захирал Г.Ганзориг, Санхүүгийн Зохицуулах хорооны Дарга Д.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Мандал Санхүүгийн нэгдэл ХХК-ын ТУЗ-ын Дарга Ө.Ганзориг Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа СЗХ-ны удирдлагууд, Монголын хөрөнгийн биржийн хамт олон, нийт хөрөнгийн зах зээлд оролцогч нарт талархснаа илэрхийлэв. “Мандал ирээдүйн өсөлт” хөрөнгө оруулалтын сан нь Монголын жирийн хөрөнгө оруулагч иргэд, компаниуд, өндөр ашигтай банкууд, корпорациудын эзэн болох боломжийг бий болгохоор байгуулагдаж байна. Бидний баримтлах гол зарчим бол хөрөнгө оруулагчдын мөнгийг нүдний цөцгий мэт хайрлаж, олны хүч оломгүй далай гэх үгийг уриа болгоно. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг томоохон компаниудын ТУЗ дээр төлөөлөх, тэдний мөнгийг өндөр өгөөжтэйгөөр өсгөх зорилготой. Үүний тулд хөрөнгийн зах зээлийн хамгийн мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллана.” хэмээн хэлсэн юм. Цаашлаад “Иргэд, жижиг хувьцаа эзэмшигчид хөрөнгийн бирж дээрх компани эсвэл банкны хувьцааг худалдан авахад мэргэжлийн судалгаа хэрэгтэй. Энэ судалгааг хөрөнгө оруулалтын сан хийдэг. Мөн жижиг хөрөнгө оруулагчдыг томоохон компани, банкуудын ТУЗ дээр төлөөлж тэдний эрх ашгийг хамгаалах талаар дурдлаа.
Харин Mandal Аsset Management үнэт цаасны компанийн Гүйцэтгэх Захирал Г.Ганзориг “Эдийн засгийн хөгжлийн тулгуур багана бол хөрөнгийн зах зээл байдаг. Монголын хөрөнгийн зах зээл дээр байгууллагын хөрөнгө оруулалт маш их дутагдаж байсан. Энэхүү орон зайг нөхөхөөр гарч ирж байгаадаа манай “Мандал ирээдүйн өсөлт” хамтын хөрөнгө оруулалтын сан маш талархалтай хандаж байна.” гэсэн юм. Түүнчлэн бодлогын хүү буурч Монгол улсад сүүлийн жилүүдэд хадгаламжийн өгөөж нэлээд өндөр хувиар буурч, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл хайх шаардлага хүмүүст тулгарч буй. Иймд тус сан хоосон орон зайг нөхөж, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж байгаадаа баяртай байгаагаа хэллээ.
Монголын хөрөнгийн зах зээл дээр байгууллагын хөрөнгө оруулалт маш их дутагдаж байсан. Энэхүү орон зайг Mandal Аsset Management үнэт цаасны компани нөхнө.
Мөн “Манай хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын бодлого нь өндөр өсөлттэй Монголын компаниудад хөрөнгө оруулна, үүнээс гадна тогтмол орлоготой үнэт цаас буюу бонд, өрийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулахаар заагдсан. Энэ бүхэн нь ирээдүйд хөрөнгө оруулагчдад маш өндөр өсөлтийг авчирна гэдэгт бид 100 хувь итгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын нэгж эрх 1000 төгрөгөөр арилжаалагдаж байгаа, нийт 50 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж буй. Энэ нь та бүхэнд гайхалтай боломж байх болно гэж би хувьдаа итгэж байна.” хэмээн тэрээр хэлсэн юм.
Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Та бүхний мэдэж байгаачлан цар тахлаас шалтгаалан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал 2020 онд амаргүй байсан. Гэсэн хэдий ч Монголын хөрөнгийн бирж дээр 2020 онд болон 2021 он гарснаас хойш нэлээд өсөлтийг үзүүлсэн” гэдгийг цохон тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэнд байгаагүйгээр буюу 3.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт арилжааны хэмжээ 634.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн хувьцааны арилжаа тав дахин өсчээ.
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэнд байгаагүйгээр буюу 3.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
Түүнчлэн дараагийн бүтээгдэхүүний тухайд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Steppe Gold компани Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, давхар бүртгүүлэх зөвшөөрөл авсан. Удахгүй цан цохих үйл ажиллагаа болох талаар СЗХ-ны Дарга Д.Баярсайхан мэдээлсэн юм.
Мөдхөн арилжааны банкууд нээлттэй компани болж, хувьцаагаа олон нийтэд арилжиж, олон улсын нэр хүндтэй бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг үндэсний компаниуд Монгол улсын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийж хувьцаагаа арилжаална. Мөн, компанийн бондын арилжаа идэвхжиж, Монгол Улсын Засгийн Газар бэнчмарк тогтоох зорилгоор бонд арилжаалах гэх мэтчлэн Монголын хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнүүд шил шилээ даран гарах хүлээлттэй байгаа. Энэ цаг үед Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэгж эрхийг нь худалдаж авах хэлбэрээр хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх боломжийг бий болгож буй хамтын хаалттай санг “Mandal Аsset Management” үнэт цаасны компанийн зүгээс үүсгэн байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал гэж СЗХ үзэж байна. “Мандал ирээдүйн өсөлт хамтын хаалттай сангийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсье. Компанийн хамт олон ёс зүйтэй, мэргэжлийн байж ямагт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг урьтал болгож ажиллана гэж найдаж байна.” гэж СЗХ-ны Дарга Д.Баярсайхан хэлсэн юм.