“Urban jeans” компанийн гүйцэтгэх захирал Д.Соронзонболд өөрийн цахим хуудаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан захидал бичсэн. Энэхүү захидлаас зарим санааг дэлгэрүүлэн хүргэж байна.
- Тээврийн зардлаас үүдэлтэй хямрал
Цар тахлаас гадна манай улсын эдийн засагт хямралын түвшний хүндрэл авчрах өөр нэг асуудал бол тээврийн зардал. Дэлхийн худалдааны сүлжээ өөрөө тогтмол ажиллаж чадахгүй, бараг бүх боомт дээр чингэлэгтэй ачаанууд саатсан өнөөгийн нөхцөлд далайн чингэлэг тээврийн зардал өмнө байгаагүй хэмжээгээр огцом өссөн. Нэг жилийн өмнө 40 тоннын нэг чингэлэг 1300-1400 ам.доллараар Шанхайгаас Роттердам ордог байсан бол одоо 11 000 гаруй ам.доллар болсон. Эрээн дээр овоорсон Монголын ачаа бол дэлхий дахинд өрнөж энэ том хүндрэлийн зөвхөн нэгээхэн хэсэг, илрэл нь.
Хэрэв манай улс чөлөөт худалдааны бүсүүдээ хөгжүүлээд, хилийн боомтууд маань ачаа боловсруулах агуулахуудтай байсан бол дэлхийн зах зээлийн үнийг хянадаггүй юм гэхэд ядаж цаанаас авчирсан ачааг саадгүй, хурдан нэвтрүүлэх боломжтой байх байлаа. Бид тээвэр логистикийн системийг зөвхөн барилга байгууламж, зам харгуй гэдгээс арай өөрөөр, бараа материалын удирдлага талаас нь харах цаг болсон. Уг нь социализмын үед бидэнд иймэрхүү тогтолцоо байсан.
Эдгээр хүчин зүйлсээс болж дээрх захидалд бичсэн шиг өнөөдөр бодит байдал дээр зарим тохиолдолд захиалсан бараагаа өртгөөс нь илүү тээвэр, гаалийн зардал төлж Улаанбаатарт хүлээн авч байгаа.
- Инфляцийн жолоог алдах нь
Удахгүй манай эдийн засагт үнийн маш их дарамт ирэхээр байгаа. Валют олох амин судас болсон нүүрсний тээвэр гацаатай байгаа. Импортын ачаа далайн боомт, улсын хил дээр гацаатай байгаа. Чингэлэг, авто тээврийн үнэ эрс өссөн. Шатахууны үнэ өсөх нь цаг хугацааны асуудал болсон. Дээр нь махны үнэ өсчихөөд буураагүй. Арматур, цементний үнэ бас өссөн. Энэ нь Хятад улсад үйлдвэрлэлийн индекс өссөнтэй шууд холбоотой. Эдгээр дээр нэмээд ам.доллар, юанийн ханшийн дарамт манай эдийн засгийг сүүдэр шиг дагадаг.
Эндээс харахад Монголбанк инфляцийн түвшинг зорилтот түвшинд барихад ихээхэн хүндрэлтэй болно. Жижиглэнгийн барааны үнэ өсч, иргэдийн гар дээр очих мөнгөний үнэ цэн улам буурна. Суурь зардлууд нэмэгдсэнээр бизнесийнхэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад улам хүндэрнэ. Нэлээдгүй нь хаалга барихад хүрнэ. Үнийн өсөлт олон талаар объектив хүчин зүйлээс улбаатай ч нөхцөл байдлыг далимдуулж үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа хүмүүс ч олон бий. Энэ дээр Засгийн газрын оновчтой зохицуулалт хэрэгтэй.
Чухам эндээс монголчууд эдийн засгаа солонгоруулж чадаагүй, түүхий эдийн хараат байдалтай байдаг, дотоодын үйлдвэрлэлээ бодитой дэмжээгүйн үр дагавар илүү хатуу мэдрэгдэнэ.
- Шоовдорлогдсон гадаад худалдаа
Монголд гадаад худалдааны нэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин, тэр байтугай гадаад худалдаа хариуцсан яам ч байхгүй. Хоёр хөрштэйгээ гаалийн тарифын хувьд дэндүү тэгш бус харилцаатай. Тэрнээс гадна бид улс төрийн хувьд гуравдагч хөршийн бодлого, ардчилсан орон гэх мэт давуу тал, эрх тэгш харилцах боломжтой ч эдийн засаг, бизнесийн хувьд олон улсын эдийн засгийн амьдралд бүрэн интеграци хийж нэгдэж чадаагүй. Газар зүйн байршлын хувьд бараа материал, түүхий эдийн нэгэн том зангилаа болох бололцоо бий.
Тээвэр логистикийн сүлжээ сул хөгжсөн учраас Монголд ирж буй импортын бүтээгдэхүүний 26-30 хувь нь тээврийн зардал байдаг. Хэрэв чөлөөт бүс, агуулахын дэд бүтцийг хөгжүүлж, материалын урсгалыг оновчтой удирдаж чадвал нийт эдийн засагт хэдэн тэрбумаар тооцогдох үр ашиг авчирч болно.
- Улс төржсөн бизнес үү эсвэл бизнесжсэн төр үү?
Авлига нь Монголын улс төр, бизнест тогтолцоо болтлоо нэвчиж, зарим тохиолдолд ажил хэрэг явуулах хэрэгсэл болчихсон. Авлига нь бизнесийн зардлын тодорхой хэсэг гэж үздэг судлаачид ч бий.
Бизнесмэнүүд улс төрд ордог хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт төрийн дарамт. Цэвэр бизнесийн зарчмаар ажил хэргээ явуулахад, ялангуяа олон тооны зөвшөөрөл шаардлагатай салбарт ажиллахад төрийн албан тушаалтнуудын дарамт их. Тиймээс бизнесийн эрх ашгаа хамгаалахын тулд төрд ордог.
Нөгөө хэсэг нь анхнаасаа шууд улс төрийн аргаар баяжих, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилго тавьдаг. Өөрөөр хэлбэл, “цүнх барих” нь үнэнч шударгаар бизнес эрхлэхээс илүү амар хялбар арга зам юм байна гэсэн ойлголт түгээмэл болсон.
Зарим нэгний хувьд улс төрд орно гэдэг нэг ёсондоо хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Хэдийгээр маш эрсдэлтэй ч төрийн эрх мэдэл, улс төрийн арга хэрэгслийг амжилттай ашиглаж чадвал сонгуульд зарцуулсан мөнгөө хэдэн арав дахин нугалан олж чадна. Ингэж төрд орсон хүмүүс олон нийтийн эрх ашгийн төлөө бус хэдхэн хүний сонирхолд үйлчилдэг.
Энэ мэт тогтолцоо нь өөрөө авлигыг өөгшүүлдэг учраас бизнес хийх нь улам хэцүү, урам зориггүй ажил болж хувирдаг.