Монгол Улсын төсвийн сахилга гадна, дотны судлаачдын байнга шүүмжилдэг сэдвүүдийн нэг. УИХ-аас 2010 онд анх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвийн газрын өр, төсвийн алдагдлыг ДНБ-ий тодорхой хувиас дээш гаргахгүй байх зорилт тавьсан. Харамсалтай нь, тэдгээр зорилт биелээгүй. Хууль батлагдсанаасаа хойш нийт 10 жилийн дотор 12 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Нэг үгээр, төсөв хэрхэн тогтворгүй явж ирснийг харуулсан хууль болсныг харуулжээ. Түүнчлэн, төсөв тогтвортой байх боломжгүй гэх дүгнэлтэд хүргэж буй.
Цар тахалтай холбоотойгоор уг хуульд дахиад өөрчлөлт оруулахаар УИХ дээр яригдаж байна. Энэ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы байнгын хорооны хурлаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хэлэлцэв. Мөн цар тахлын нөхцөл байдал, тодруулбал төсөв батлахдаа тооцсон эрдэс баялгийн үнэ, ДНБ-ий хэмжээ буурахаар байгаа тул 2021 оны төсвийн тухай хууль болон 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.
Засгийн газар, УИХ-аас 2020 онд 2.7 их наяд төгрөг /ДНБ-ий 7.3%/, 2021 онд 3 их наяд төгрөг /7.1%/ -ийн арга хэмжээ хэрэгжүүлсэн нь төсвийн тусгай шаардлагыг биелүүлэхэд хүндрэлтэй болгожээ.
Тодруулбал, 2021 оны төсвийн нийт орлого 13 их наяд 731.7 тэрбум төгрөг, нийт зарлага 15 их наяд 748.3 тэрбум, алдагдал нь 3 их наяд 691.8 тэрбум болж ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэж байна. Нэгдсэн төсвийн зарлага нийтдээ 1 их наяд 844 тэрбум төгрөг, Засгийн газрын өр 25 их наяд 818.4 тэрбум төгрөг болохоор байна. Харин 2021 оны эдийн засгийн өсөлт 6.5%, хэрэглээний үнийн өсөлт 7.2% болохоор байна.
Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 735.1 тэрбум, хүүхдийн мөнгө болон халамжийг он дуустал олгоход 618.9 тэрбум, Засгийн газрын нөөц санг нэмэхэд 60 тэрбум, аймгийн Засаг дарга нарын нөөц санг нэмэхэд 20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Нийгмийн халамжид төсвөөс зарцуулах мөнгө нийтдээ 2 их наяд 994.7 тэрбум төгрөг болж өөрчлөгдөхөөр байна.
Ийнхүү төсвийн алдагдал нэмэгдэж байгаа учир дээрх хуулийн тусгай шаардлагыг мөрдөх хугацааг хойшлуулах хэрэгтэй гэж үзэж буй аж. Хуульд өөрчлөлт оруулах төсөлд 2021 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 8.1 хувиас хэтрүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан байна.
Одоо эдгээр өөрчлөлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлах үлдээд байна.