Нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу
Бидний амьдарч байгаа өнөө үед дэлхий ертөнц ямар хэмжээгээр даяарчлагдсан, тэр дундаа тээвэр логистикийн систем болон бараа материалын урсгал хөдөлгөөн ямар нарийн төвөгтэй болсныг дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөө маш тод харуулж байна. Өндөр технологийн техник хэрэгсэл, ховор нандин үнэтэй эд хэрэглэлээс авахуулаад амьдралын маань салшгүй хэсэг болсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд нь түүхий эд нийлүүлэх уул уурхай, газар тариалангийн талбайгаас гарч хагас болон бүтэн боловсруулах, угсрах, найруулах гээд олон тооны шат дамжлагуудыг гүйцээж, бас олон улс орноор хэрэн хэссээр сая нэг бидний гарт ирдэг гэдгийг хүмүүс мэддэг хэрнээ анзаардаггүй.
Харин далайд гарцгүй Монгол улсын гуравдагч орноос далайгаар ачаа бараагаа авдаг БНХАУ-ын Тианжин боомтод импортын бараа бүтээгдэхүүн ачсан 4000 орчим чингэлэг гацаж бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зогсон, үнэ нь нэмэгдэхэд анзаарагдахгүй байхын аргагүй боллоо.
Агаарын ачаа тээвэр удаан хугацаанд зогссон, хүмүүс олны хөлөөс дайжиж цахим худалдааны захиалга асар их нэмэгдсэн, худалдаа үйлдвэрлэл удаан хугацаагаар хоригдсон, цар тахлаас бүрэн ангижраагүй улс орнуудын хилийн хорио цээр, ажиллах хүчний бүрэн бус байдал, дутагдал, халдвар хамгааллын ажлын ачаалал, дараалал, үйлдвэрлэлийн жигд бус ажиллагаа зэргээс ачаа тээврийн эрэлт огцом өссөн. Тэр дундаа дэлхийн худалдааны 90 орчим хувийг тээвэрлэдэг далайн тээврийн эрэлт хэрэгцээ түүхэнд байгаагүйгээр нэмэгдэв. Энэ нь эргээд төмөр замын өртөө боомтуудаа ачаалснаас үүдэн вагоны хүрэлцээгүй болж, автомашинууд нь ачаатайгаа хил гааль дээр дараалал үүсгэн хорио цээрт орсон билээ. Энэ мэтчилэн хамгийн их даяаршсан, нэг нэгнээсээ хэт хамааралтай тээвэр логистикийн асар том машин жигд ажиллахад саад болж байгаа олон хүчин зүйл гарч ирсэнээс үйл ажиллагаа нь доголдож байна.
Дайны хажуугаар дажин гэгчээр оны эхэнд Их Британийн Вант улс Европын Холбооноос гарсанаас Европ дотроо л гэхэд худалдааных нь хоёр гол түнш Франц болон Германаас Нэгдсэн Вант улс руу хийх тээврийн зардал 50 хувь өссөн. Мөн татварын зөрүү гарч, боомтоор нь Ази чиглэлээс ирсэн ачаанууд Европын улсууд руу тээвэрлэгдэх тохиолдолд заавал ре-экспорт хийх шаардлагатай болсон ч юмуу эсвэл саяхан болсон Аргентины боомтын ажилчдын бослого гэх мэт тээврийн системийг үймүүлсэн олон зүйл болж өнгөрсөн. Үүнээс томоохон нөлөө үзүүлсэн гол үйл явдлуудад Суэцийн хоолойд гацсан хөлөг онгоц, БНХАУ-ын экспортын өсөлт, цар тахлаас шалтгаалсан томоохон боомтуудын түгжрэл, чингэлгийн хомсдол гээд олон зүйлийг дурдаж болохоор байна.
Хятад: Дэлхийн тээвэр, логистикийн сүлжээний хүнд жингийн оролцогч
Далайн тээврийн хувьд дэлхий дээр худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүн бүрийг зөөвөрлөхөд оролцдог 20 орчим том далайн тээврийн компани дөрвөн том нэгдэл холбоонд хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн арван жилд хоёр ч удаагийн санхүү, эдийн засгийн хямрал үзсэн далайн тээврийн компаниуд, 2008 оны эхний хямралын өмнө зах зээлийг хэтэрхий өөдрөгөөр харан их хүчин чадалтай хөлөг онгоцнууд захиалсан. Гэвч дараагийн хямралын үед захиалсан онгоцнууд бэлэн болох үед ачаа тээврийн бодит эрэлтэд хэтийдсэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй алдагдалтай ажилласан. Харин энэхүү цар тахлын эхний үед нэлээд хэрсүү байж алдагдалгүй ажилласан боловч хашир нь дэндэж хүчин чадлын дутагдалд орсноо сая сэхээрэн нийт 2,2 сая чингэлгийн хүчин чадалтай 229 ширхэг хөлөг онгоцны захиалга хийсэн мэдээ байна. Эдгээр хөлөг онгоц 2023 он гэхэд л үйлдвэрээс гарна.
Далайн тээврийн компаниуд хоёр ч удаагийн санхүү, эдийн засгийн хямралаас болж алдагдалтай ажиллаад хаширласан ч өнөөдөр эргээд хүчин чадлын дутагдалд орж, эрэлтээ гүйцэхгүй болсон.
Бидний сайн мэдэх болсон, Монгол улсын импортын далайн тээврийн 90 орчим хувийг хийдэг БНХАУ-ын Cosco shipping компани л гэхэд өнгөрсөн оны сүүлийн хагаст 200 000 чингэлгийн хүчин чадалтай 40 онгоц нэмж үйлчилгээнд гаргасан. Уг компани нь 2016 онд COSCO Group болон China Shipping Group нэгдсэнээр бий болсон билээ. Дэлхийн хамгийн том далайн тээврийн компани болох COSCO Shipping нь 74,5 сая тоннын хүчин чадал бүхий 800 гаран арилжааны хөлөг онгоцтой. Харин Монголын далайн чингэлэг тээврийн бүтэн жилийн хэмжээ эдгээр 800 гаруй хөлөг онгоцноос ердөө 2 усан онгоцны л ачаа буюу 1.49 орчим сая тонн юм.
Саяхан бас Хамбургийн боомт Cosco Shipping-ийн ачааны хэмжээг авахын тулд Cosco Shipping Ports-д өөрийн Container Terminal Tollerort (CTT) дахь үйл ажиллагааныхаа багахан хэсгийг зарахаар яриа хэлцэл хийж буйгаа мэдэгдсэн. Яриа хэлэлцээр амжилттай болвол анх удаа Германы эзэмшлийн бус оператор Хамбург боомт дээр терминалын үйл ажиллагаа эрхлэх юм. Cosco мөн Антверп болон Испанид хөрөнгө оруулж байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн нийт терминалынх нь 23 хувь нь Хятадын гадна байгаа нь өнгөрсөн жилийнхээс 7,2 хувиар өсөж 9 сая гаран нэгж чингэлэг боловсруулж байна.
Ер нь БНХАУ-ын эзэмшлийн хөлөг онгоцнуудын хэмжээ өнгөрсөн жилээс 14,1 хувь өсөж 270 000 тонн нийт хүчин чадалтай 5600 хөлөг онгоцтой болсон. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн хөлөг онгоцнуудын 24 хувийг эзэмшдэг Грекийн дараа орж байна. Энэ жагсаалтын гуравдугаарт 13 хувиар Япон ордог. 2001 онд Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүнээр элссэнээс хойш далайн тээврийг эрчимтэй хөгжүүлсэн БНХАУ-д жилд 43,3 сая чингэлэг боловсруулдаг, 11 жилийн турш дэлхийн хамгийн томд тооцогдож байгаа Шанхайн боомт байдаг. Дэлхийд нийт 3700 орчим боомт байдгаас Хятадын 3 боомт ачаа боловсруулалтаараа айргийн тавд жагсаж байна.
“Даалуу нурах” нөлөө
Гэтэл дээрх гурван боомтын нэг Хонгонг болон эдийн засгийн чөлөөт бүс Shenzhen-ий дэргэдэх жилд 13 сая чингэлэг боловсруулдаг Янтань боомтод цар тахлын халдвар илэрсэнээс 7 хоног орчим үйл ажиллагаагаа зогсоосон нь далайн тээвэр төдийгүй дэлхийн худалдаанд цочрол өгсөн. Өмнөд Хятадын эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс буюу БНХАУ-ын экспортын ачааны ихээхэн хэсэгт үйлчилдэг Янтань боомтод энэ үеэр 50 орчим хөлөг онгоц хүлээгдэж саатсан мэдээ бий. Хэрэв нэг бүр нь 15 000-аас дээш тооны чингэлэг ачдаг гэж бодвол 750 000 чингэлэг болох бөгөөд энэ нь Тианжин боомтод гацаад байгаа Монголын чингэлгийн тооноос даруй 180 дахин их ачаа юм. Европ Америк руу хийх экспортын тээврийн 60 орчим хувийг дангаараа хийдэг байсан ердийн үед өдөрт 336 000 чингэлэг боловсруулдаг энэ боомт одоо ч бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Тийм учраас далайн тээврийн компаниуд болон экспортлогчид бусад боомтуудыг сонгон ачааллыг удирдахыг оролдож тээвэрлэлтийн хугацаа ч уртассаж байна.
Янтань, Сэкоу болон Нанша зэрэг Shenzhen-ий ойролцоох гол гол боомтууд байдаг Гуандон мужид халдварын 150 гаран тохиолдол илэрснээс засгийн газраас халдвар хамгааллын ажлыг эрчимжүүлж Янтань боомт эргэн ажилдаа орсон. Гэвч энэхүү боомтын зургаан хоногийн саатал нь Суэцийн Хоолойд Эвер Гивен чингэлэг тээвэрлэгч гацаж долоо хоног 400 гаран хөлөг онгоц саатан дэлхийн худалдаанд 10 тэрбум ам.долларын хохирол гарсан гэх үзүүлэлтээс илүү хэмжээний хохиролтой гэж судлаачид үзэж байна.
Далайн боомтуудын ачаалал урьд өмнө нь байгаагүйгээр буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40-50 хувь хүртэл өсжээ.
Суэцийн боомтын захиргаанаас 20 388 нэгж чингэлэг ачиж явсан Эвер Гивен хөлгийн зургаан хоног хоолойг бөглөхдөө учруулсан хохиролд нь Египетийн шүүх дээр 916 сая ам доллар нэхэмжилж байсан боловч онгоцыг чөлөөлсний дараа арай зөөллөж 300 сая ам доллар нэхэж байна. Харин 150 сая ам.доллар төлөх санал гаргасан даатгалын байгууллагууд 200 сая ам.долларт хэлцэл хийж чадна гэж найдаж байгаа аж. Зөвхөн хөлөг онгоцыг зайлуулах зардал нь бараг 200 сая ам.доллар болсон гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа.
Энэ мэт томоохон үйл явдлууд цар тахлын нөлөөтэй нийлж далайн боомтуудын ачааллыг урьд өмнө нь байгаагүйгээр буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40-50 хувь хүртэл өсгөжээ. Бараг боомт болгоны ойролцоо ачаагаа буулгаж, ачиж чадахгүй 25-30 хөлөг онгоц зогсож байна. Боомт тус бүрийн жигд биш ажиллагаа эсвэл замын боомтуудын хорио цээрийн асуудлаас болж ачаа илгээх, хүлээх авах аль аль талдаа маш их саатал хүлээлт үүсч байгаа. Тиймээс тэртэй тэргүй үйлдвэрлэл нь цар тахлын улмаас хэсэг саатсан далайн тээврийн чингэлгийн дутагдал дээр нэрмээс болж өртөө боомт, агуулах терминал дээр олон тооны ачаа сулрахгүй чингэлэгтэйгээ саатаж байна.
Энэ нь эргээд холбоотой бүх тээврийн хэрэгсэл, автомашин, вагон, усан онгоц, ачилтын талбай агуулах гэх мэтэд бөөгнөрөл, хомсдол бий болгон “Даалуу нуран унах” нөлөө (Domino effect) үзүүлж байна. АНУ дахь Лонг Бийчийн агуулахууд хүртэл 85 хувь хүртэл дүүрчихлээ гэж мэдэгдэж байсан. Дэлхийн чингэлэг үйлдвэрлэлийн 96 хувийг хангадаг БНХАУ өөрийн экспортоо чингэлгээр хангаж чадахгүй байхад Америкчууд гангийн үйлдвэрлэлдээ чингэлэг үйлдвэрлэх чиглэл өгч худалдаагаа дэмжих талаар хэлэлцэж байна. Мөн Америк ч тэр, Европ ч тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хараат байдлаас хэрхэн гарах, зарим үйлдвэрлэлийг эх орондоо эргүүлэх авчрах боломжийн талаар өмнө нь ярьж байснаасаа ч хүчтэй санаа тавьж эхэллээ.
Чингэлэг ба дэлхийн худалдаа
БНХАУ-ын экспорт 2020 онд л гэхэд өмнөх оноос 4 хувиар өсөж 17.93 их наяд юань буюу 2.73 их наяд ам доллар болсон. БНХАУ-аас гарч байгаа экспортод чингэлэг хүрэлцэхгүй байгаагаас бусад орнууд ч мөн ачаагаа явуулж чадахгүй байгаагийн дотор Тайландын цагаан будаа, Вьетнамын кофе, Канадын вандуй, Энэтхэгийн элсэн чихэр гээд тоочвол олон. Дэлхийн элсэн чихрийн хоёр дах том экспортлогч Энэтхэг ердийн үед экспортолдог байсан элсэн чихрийнхээ тавны нэгийг л ачуулж чадаж байна. Америкчууд Азийн эрэлт ихтэй зах зээлд эрдэнэ шишээ ч гаргаж чадахгүй байна.
Хамгийн гол нь цар тахлаас арай эрт гарч байгаа БНХАУ-ын эдийн засаг сэргэн экспорт нь ихсэж, хоосон чингэлгийг хурдан буцааж БНХАУ-аас дүүргэн тээвэрлэх нь ашигтай байна. Жишээ нь чингэлэг тээвэрт БНХАУ-ын боомтуудаас Америк хүргэх үнэд эсрэг чиглэлээс 10 дахин илүү төлж байна. Буурцаг Азийнханд үнэтэй очихоор болж элсэн чихэр гурван жилийн хамгийн өндөр үнэ дээрээ очсон. Тиймээс олон тооны экспортлогч чингэлэггүй задгайгаар тээвэрлэх арга сонгож эхлэн автомашин үйлдвэрлэгчид ч гэсэн сэлбэг хэрэгсэлээ Ази зүгээс авч чадахгүй байна.
Монголын далайн чингэлэг тээврийн бүтэн жилийн хэмжээ ердөө 2 усан онгоцны ачаатай тэнцдэг.
Дэлхийн хэмжээнд нийтдээ 170 сая илүү чингэлэг 226 сая удаа тээврийн аялал хийдэг гэсэн багцаалсан тооцоо байдаг бөгөөд ачаа хадгалах, ажлын байр, орон сууц болгох зэрэг өөр зориулалтаар ашиглах нь их учраас тоо нь байнга цөөрч нийлүүлэлт шаардаж байдаг. Олон Улсын Далайн Тээврийн Зөвлөлийн судалгаагаар жилд дунджаар 1382 чингэлэг далайд хаягдаж алга болдог гэсэн тоо гарсан боловч өнгөрсөн жил 3000 чингэлэг, 2021 оны эхний улирдалд 1000 орчим чингэлэг далайд хаягдан алга болж сүүлийн хоёр жил рекорд тогтоож байна.
Ер нь далайн тээврийн чингэлгийн ашиглалтын хугацааг 35 жил гэж үздэг ч амьдрал дээр дунджаар 25 жил байдаг. БНХАУ-д чингэлэг худалдаж авах үнэ 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл 94 хувь өссөн нь бүтэн жилийн хугацаанд бол 160 гаран хувь болж байна. Энгийн үед Шанхайн боомт дээр шинэ чингэлэг 2300-2600 ам долларт, хуучин нь 1000 ам.доллар хавьд байсан бол өнөөдөр хуучин нь 3400 ам.долларт хүрээд байна.
Монголд ч мөн адил 20 футын чингэлэг 5 сая, 40 футын чингэлэг 10 сая төгрөгт хүрсэн. Энгийн үед Америкийн чингэлгийн тээврийн хамгийн том боомт болох Лос Анжелсаас гарч байгаа чингэлгүүдийн 50% нь хоосноор буцдаг байсан бол одоо 4 чингэлэг тутмын 3 нь хоосноор Ази чиглэлд буцаж байна. Европын импортлогчид БНХАУ-аас бараагаа авчрах тээврийн хөлсөндөө өнгөрсөн жилийнхээс 8 дахин илүү буюу 11 000-16 000 евро төлж байгаа нь 2022 онд ч сайжирна гэсэн итгэлгүй байна.
Цар тахлын халдвараас тээвэр логистикийн халдвар
БНХАУ-д боомтын түгжрэл гайгүй болсон ч бусад газар байдал мөд дээрдэхгүй. Боомтуудын түгжрэл нь боомтоос халин, төмөр замын вагон хангамж нь боомтыг чөлөөлж хүрэлцэхгүй байгаа учраас хуурай газартаа ч үргэлжлэх болсон.
Далайн тээврийн хүндрэлүүд нь мөн БНХАУ болон Европын хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлж үнийг өсгөлөө. Хятадын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооноос мэдэгдсэнээр 2021 оны тавдугаар сард Торгоны замын дагуух галт тэрэгний тоо хоёр оронтой тоогоор өсөж 131 000 чингэлэг тээсэн 1357 галт тэрэг явсан байна. Төмөр зам дээрх ачааны саатал зөвхөн БНХАУ-ын далайн боомтууд төдийгүй Беларусь, Оросын хилийн Брест өртөө зэрэг зангилаа өртөөдөд ч халдварлаад байна.
2020 онд БНХАУ-Европ хооронд аялсан чингэлгийн галт тэрэгний тоо 12 400 хүрч өнгөрсөн оныхоо мөн үетэй харьцуулахад жилийн 56 хувь буюу жил тутам 50 хувь нэмэгдэж галт тэрэгний тоо сард 1000-аас дээш буюу жилд 10 000-аас дээш байдаг боллоо. Европын 21 орны 97 хоттой холбогддог Бүс замын дагуух тээвэрлэлт эрчимжиж, 11 сая төрлийн 89 000 тонн ачааг тээвэрлээд байгаа тухай мэдээлэл гарсан. Ялангуяа халдвар хамгааллын ачааны тээвэрлэлт асар их нэмэгджээ. Түүний хажуугаар Европын бус гарал үүсэлтэй шуудан илгээмжийн барааны импортын татварыг хөнгөлсөн Европын холбооны шийдвэр БНХАУ-аас ирэх ачааны хэмжээг нэмэгдүүлсэн.
2020 онд БНХАУ-Европ хооронд аялсан чингэлгийн галт тэрэгний тоо 12 400 хүрч өнгөрсөн оныхоо мөн үетэй харьцуулахад жилийн 56 хувиар өсчээ.
Жилийн өмнө хөргүүртэй чингэлгийн ачаанд халдвар илэрсэн тохиолдлоос үүдэн нарийн чанд халдвар хамгааллын ажлууд хийгдэх болсноос ачилт, буулгалтын ажиллагаа удаашран томоохон боомтууд дээр залгуур нь хүрэлцэхгүй болтлоо чингэлэг овоорч, дэлхийн хамгийн том импортлогч БНХАУ дахь гахайн махны үнэ нэмэгдэж байлаа. Одоо нийт ачааны түгжрэл саатлаас болж чингэлгүүд хураагдан хөргүүртэй ачаанд нэмэлт зардал зарлаж эхэллээ.
Хэдэн жилийн өмнө Тианжин боомтын агуулахад гарсан химийн ачааны дэлбэрэлтийн улмаас манай улс руу тээвэрлэх аюултай хортой төрлийн ачаанууд ОХУ-ын боомтыг ашиглан ихээхэн удаж, үнэ нь нэмэгдэж ирдэг болсон. Зарим энэ төрлийн ачааг Европын боомт ашиглан төмөр замаар ч авч байгаа. Уг хэрэг намжиж энгийн байдалдаа орох гэсээр байтал саяхан Shanghai International Port Group болон Hutchison Ports-ийн хамтран эзэмшдэг Shanghai’s Waigaoqiao port-ийн хамгийн том чингэлгийн терминал болох Shanghai Mingdong Container Terminals-д аюултай ачааны дэлбэрэлт боллоо. Сүүлчийнх нь 2021 оны зургадугаар сарын 17-нд болсон саяхны хоёр ч дэлбэрэлтийн улмаас Шанхайн боомтын захиргаа өргөн хэрэглээний бус аюултай ачааг 2021 оны долдугаар сарын 2 хүртэл буюу аюулгүй байдлыг сайжруултал авахгүй байх шийдвэр гаргав.
Тэр бүр хүмүүст үзэгдэж харагдаад байдаггүй, эсвэл бид зүгээр л анзаардаггүй тээвэр логистикийн дэлхий дахиныг хэрсэн, холбосон, уулзуулж нийлүүлсэн аварга том сүлжээ нэг газраа доголдвол нийтэд нөлөөлөхөөр ийм харилцан хамааралтай, нарийн чанд ажиллагаатай болсон байдаг. Олон улсын худалдаа, тээвэр логистик гээд бүх л зүйл хэт даяаршиж, хоорондоо хамааралтай болж байгаа энэ үед, биднийг бусадтай ижилсэх гэж хичээж байх зуур бусад улс ондооших гэж хичээж зарим нь бүр дангааршлыг эрхэмлэх ч боллоо. Юутай ч дэлхий дахины үйл явдлууд бүгдэд нөлөөлдөг болсон энэ цаг үед, хоёр хөршийн тээвэр логистикийн системээс ихээхэн хамааралтай, далайд гарцгүй манай орны хувьд ямар ч асуудалд бэлтгэлтэй байх дархлаатай болох нь их чухал юм.
Автор: Д.Энхтүвшин, тээвэр зуучийн Ландбридж ХХК-ийн Ерөнхий захирал