Наадмын амралтын өмнөхөн барилга, бүтээн байгуулалтын салбарынхан цар тахлын улмаас тэдний өмнө тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, шийдлийг тодорхойлохоор цахим орчинд цугласан билээ. Харамсалтай нь, “Улаанбаатар хотын худалдааны танхим” болон “Монголын барилгын үндэсний ассоциаци” хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үеэр нийслэл хот даяар цахилгаан тасарч, саатал учирснаар оролцогчдын дийлэнх нь хамрагдаж чадаагүй зэрэг асуудал тулгарсан юм.
Энэхүү уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын ерөнхийлөгч Ч.Ганхуяг болон “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, гүйцэтгэх захирал Л.Хулан тэргүүтэй албан тушаалтнаас гадна салбарын төлөөлөл болсон цөөнгүй компани оролцож, санал сэтгэгдлээ солилцсон билээ. Эдгээрийг “Улаанбаатар хотын худалдааны танхим”-аас нэгтгэн зөвлөмж боловсруулж, холбогдох газруудад хүргүүлснийг танилцуулж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ
- Хот байгуулалт, төлөвлөлтөд орчин үеийн ухаалаг, байгальд болон оршин суугчдад ээлтэй, богино зайн эргэлттэй хот болгох шийдлүүдийг ашиглаж эхлэх, хот төлөвлөлтийн бүх бодлого эдгээр шалгуурыг хангаагүй бол баталдаггүй болох.
- Дотоодын барилгын материалын импорт, худалдааны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх хувиараа бизнес эрхлэгчид буюу ченжүүд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлж, татвар төлөгч болгон шударга өрсөлдөх боломжийг бий болгох.
- Импортын барилгын материал, түүхий эдийн ачаа тээврийг халдар, хамгааллын журмын дагуу халдваргүйжүүлэн саадгүй оруулж ирэх, тээвэрлэгчийн тоог одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлэх, хилийн боомтууд дээрх халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд зарцуулж буй цагийг хоёр дахин багасгах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
- Барилгын материал, түүхий эд импортолдог аж ахуйн нэгжүүдийн импортлох түүхий эд, материалд тавигдах шаардлагыг нь тодорхой зааж, тухайн шаардлага хангасан бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрлийг авсан аж ахуйн нэгжүүдийг гаалийн “Ногоон” горимоор оруулж ирдэг болгох.
- Барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өглөгийг цуцлах, нэг удаагийн татварын өршөөлийн хууль баталж хэрэгжүүлэх.
- Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадавхыг нэмэгдүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх боломжийг сайжруулахын тулд эдгээр аж ахуйн нэгжийг вексель гаргах, векселийг мөнгөжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
- Импортын барилгын материалуудын стандартын шаардлагыг сайжруулж, барилгад чанаргүй, хүний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй болон олон улсад хэрэглэхийг хориглосон материал ашигладгийг таслан зогсоох, барилгын ажлын үеэр эдгээрийг хянаж шалгадаг тогтолцоог бий болгох. Тухайлбал, зэвэрдэг, хавдар үүсгэж буй хүнд элементтэй төмөр труба гэх мэт.
- БХБЯ-ыг БОСНААЯ болгон өөрчлөн зохион байгуулж барилга, хот байгуулалтын өмнө тулгамдаж байгаа боловч бусад салбарын төрийн байгууллагуудын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх шаардлагатай болдог асуудлуудыг нэгтгэн нэгдсэн удирдлагаар бодлогыг нь тодорхойлон хэрэгжүүлдэг болох. Тухайлбал, нийтийн аж ахуй, арчлалт, сайжруулалтын асуудлууд, барилгын салбарын боловсон хүчний хөгжлийн асуудлууд гэх мэт.
- Барилгын тусгай зөвшөөрлийг олгох журам, шаардлагуудыг орчин цагийн технологиуд болон өнөөгийн эрхзүйн эрэлтэд суурилсан байдлаар шинэчлэх, өөрчлөх.
- Хүрэн шийдэл ба ногоон технологиудыг өөр хооронд нь ялгаж, стандартаар нь ангилсны үндсэн дээр ногоон технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмж, материал, түүхий эдийн импортыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх. Одоо татвараас чөлөөлөгдөж буй тоног төхөөрөмж, бараа материалуудын жагсаалтыг дахин судалж өөрчлөх. Тухайлбал, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх дулааны халаагуурын жагсаалт батлагдсаны дагуу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаагуурыг импортлохоор гаальд мэдүүлэхэд УИХ-аас баталсан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөх жагсаалтад байхгүй гэсэн шалтгаанаар татвар авч байна.