Б.Энхцэцэг
Монголоос найз ирлээ, найз залуу ирлээ, найз дахиад ирлээ. Тэр бүрд дарааллын дагуу очдог, үзүүлдэг газрууд Сингапурт маш тодорхой байв. Нэгт, арслан толгойтой загасан биетэй усан оргилуур Merlion Park, хоёрт казинотой цогцолбор болох Marina Bay Sands, харин удаах нь диваажингийн цэцэрлэг Gardens by the Bay. Энэ гурваас цаашхи газруудын ач холбогдлын дарааллыг цаг хугацаа ба мөнгөний хэмжээ шийддэг буйзаа.
Миний хувьд Сингапурт хамгийн олон удаа CHECK-IN хийсэн газар бол гурван цамхаг бүхий Marina Bay Sands (MBS). Эхлээд сонирхоод, дараа нь хоол идэж, үзэсгэлэн үзэж, найзууддаа хөтөч хийж, дэлгүүр хэсэж гэх мэтээр хагас жилийн дотор хамгийн багадаа 30 удаа очсон нь лавтай. Заримдаа зүгээр л хажуугийнх нь оффис орохын тулд МBS- ийн доод талын метроны буудалд буух хэрэг гарч, энэ далимд ороод гардаг байв. Зүүн Өмнөд Азийн 17 сэтгүүлчидтэй хамт Сингапурт суралцсан хагас жилийн дотор олон байгууллага, хамт олон биднийг хүлээн авч уулзах, өөрсдийн ажлаа танилцуулах дуртай байв. Энэ ч утгаар MBS бидэнд үүдээ нээж, хөшигний цаадах амьдралаа харуулав.
Сингапурын аялал жуулчлалын салбарын мөнгөний машин гэгдэж буй “Marina Bay Sands” цогцолборын урд биш ард талын хаалган дээр бид очлоо. Чанга гэгч хамгаалалтыг давж, газар доорх нэгдүгээр давхарт ирэв. Ажилдаа ирж буй үйлчилгээний ажилчид дөнгөж ирж буй бололтой. Жижиг цувраа цонхнуудад нэг карт уншуулмагц тэр даруй ажлын хувцас нь гарч ирэхийг харснаар үйл ажиллагаатай нь танилцах аялал эхэллээ. Мөнөөх жижиг цонх руу дөхөж өнгийвөл, MBS-ийн хувцасны шүүгээ яг л “галзуу хулгана” шиг эргэлдэж байв. Тойргоор бүслүүрдэн эргэх 18 ширхэг замаар 160.000 дүрэмт хувцас аялж, жижиг цонхнуудад уншуулах ажилтнуудын картны мэдээллийн дагуу явах чиг нь тодорхойлогддог.
Энэхүү хэсгийг өнгөрөөд зөвхөн MBS ажилтнуудын үйлчлүүлдэг “7eleven” дэлгүүр таарав. Манайхаар бол “CU” юмдаа. Цэлгэр өргөн хонгилоор цааш үргэлжлүүлэн жаахан явахад хоолны үнэр хамар “урхидаж”, ходоодны дуудлага зоогийн газар луу нь хөтлөөд орчихлоо. 24 цагийн турш 8000 ажилтанд өглөө, өдөр, орой, шөнийн хоолоор үйлчилдэг уг ресторан гурван сар тутамд хоолны цэсээ шинэчилдэг бол баярын үеэр тусгай цэсээр үйлчилдэг аж. MBS цогцолбор нь дотроо зочид гийчдэд үйлчилдэг 60 гаруй ресторантай ч тэдгээрийн үйл ажиллагаа нийлээд ч энэхүү ажилтнуудын рестораны дэргэд “инээдтэй”. Ажилтнуудад зориулагдсан хэдий ч “Ресторан” гэж зүй ёсоор нэрлэгдэх хэмжээний тохижилт, үйл ажиллагаатай гэж мэргэжилтнүүд олонтаа өргөмжилсөн байдаг. MBS цогцолборын 10 мянга шахам ажилтнуудаас гурав нь монгол хүн. Тэдний нэг нь энэхүү сэтгүүлийн “Сингапур дахь монголчууд” хэсэгт туршлагаа хуваалцсныг энд онцолъё.
Газар доорх ертөнцөөс гармагц бид кино театр, үзэсгэлэнгийн танхим, дэлгүүрүүд гэх мэт шил толь болсон үйлчилгээний газруудтай танилцаж явсаар нэг мэдэхэд өөрийн эрхгүй хөл өвдөж эхэллээ. Энэ үест ашгүй 53 дугаар давхарт Ерөнхийлөгчийн өрөөнд тухаллаа. Нэг өдрийн 12 мянган ам.долларын үнэтэй уг өргөө 600 ам метр хэмжээтэй бөгөөд 11 өрөөтэй. Гэвч бүхэлд нь өрөө биш өргөө гэвэл оновчтой мэт . Дэндүү үнэтэй чамин эд хогшил нь үйл хөдлөлөө алхам тутамдаа хянахад хүргэж, айдас төрүүлэх ажээ. Тансаг гэдэг үг ч чамлагдахаар энэхүү өргөөнд үс засахад зориулан тоноглосон өрөө хүртэл байдаг нь сонирхолтой. Сэтгүүлчид чинээлэг амьдралтай биш ч үзэж харснаараа баргийн баячуудыг дагуулахгүй, цочроо нь гарсан хүмүүс тул бусад өрөөг нь “гоё юм байна өө” гээд л өнгөрлөө. Үүний дараа, MBS- ийн оргил дээрх 57 дугаар давхарт “Lavo” ресторанд өдрийн зоог барингаа Сингапурыг 360 градус тольдов. Мөн энэ давхарт байрлах “Infinity pool”- руу орж, “instagram”-даа зориулан өөрөгдөж амжив. Байгууламжийн ирмэгт нь тулгаж барьсан энэхүү усан санд олон хүн сэлэхээс илүүтэй сошиал дүр төрхдөө зориулан зураг даруулахаар ирдэг нь нууц биш. Сингапурт энэ мэтээр зөвхөн зураг авхуулахын тулд очдог брэнд газрууд олон бий. Ийм газрууд санаандгүй бий болж, алдартай болчихоогүй. Харин аялал жуулчлалын бодлогын үр дүн юм. Ёроолоос нь дээвэр хүртэл нь аялж дуусахад, MBS яг л хот доторх хот шиг нүсэр бөгөөд нарийн зохион байгуулалттай байгууламж болох нь ойлгогдож мэдрэгдэв.
Далайд хуурай газар бий болгоод, барилга барьчихаарай гээд “Las Vegas Sands Corp”-той зурсан Сингапурын гэрээ өдгөө жилдээ нэг тэрбум ам.долларын орлого олдог цогцолбор болчихсон.
“Ардчилал, тусгаар тогтнолыг чухалчилж, үл хөдлөхийн үлэмж бүтээн байгуулалтуудыг хориглодоггүй, гаднын томоохон хөрөнгө оруулалтад нээлттэй орнууд эдийн засгийн хөгжлийн тухайд ихийг өгүүлдэг. Үүний бодит жишээ нь АНУ-ын хөрөнгө оруулалтаар боссон Сингапурын Marina Bay Sands” хэмээн “FastCompany” хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичсэн байдаг. Сингапур улсын зүгээс хөрөнгө оруулагчид тавьсан гол шаардлага нь олон мянган ажлын байр бий болгох, аялал жуулчлалыг дэмжих, улмаар төсвийн орлогоо олон тэрбумаар нэмэгдүүлэх байв. Далайд хуурай газар бий болгоод, барилга барьчихаарай гээд “Las Vegas Sands Corp”-той зурсан Сингапурын гэрээ өдгөө жилдээ нэг тэрбум ам.долларын орлого олдог цогцолбор болчихсон. Мэдээж хэрэг мөнгөний эх уурхай нь казино. Гэхдээ сонирхолтой нь тус цогцолбор руу хөл тавихад хүн л хэлж, дагуулж явахгүй юм бол казиног нь бараг олохгүй, анзаарахгүй. Хөрш Макао нь аз жаргалтайгаар казиногоор их мөнгө олж, хөлжөөд байгааг харсан сингапурчууд зүгээр хараад сууж чадаагүй учир уг төслийн санааг гаргаж ирсэн гэдэг. Харин казиногийн сургаар “хөлгүй их” мөнгөтэй, хүмүүстэй Азид байр сууриа олохоор Лас Вегасын аваргууд төслөө бариад гүйлдсэн.
Казинотой цогцолбор ашиглалтад ормогцоо мөнгөний “хүрхрээ” болох нь тодорхой учраас төсөл хэрэгжүүлэгчид долоо хоногийн долоон өдөр мөнгө цутган, 20 мянган ажилтнаар өдөр шөнөгүй нүдүүлсээр 10 жил зарцуулах ёстой байсан байгууламжийг таван жилд барьчихсан. Дараагийн таван жилдээ 5.7 тэрбум ам.долларын зардлаа нөхчихсөн гэдэг. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор Сингапурын ДНБ-ийг жил бүр найман хувиар буюу 2.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх болжээ. Аялал жуулчлал дахь гаднын хөрөнгө оруулалтын бас нэг үнэмлэхгүй үр дүн нь Сентоза арал дээрх Малайзын хөрөнгө оруулалтай “Resort World Sentosa” цогцолбор. Сингапурт байдаг хоёр казиногоийн нэг энд байрлахын зэрэгцээ хүний хөлд байнга дарагддаг Universal Studio, Далайн парк гэх мэт үзвэрүүдтэй. Сингапурт очиход Сентоза орсон уу, “Universal Studio” үзсэн үү гэх асуулттай их таардаг. Амарч зугаалах зорилгоор ирсэн хүмүүсийн хувьд Сентоза арал нь заавал очих газар бөгөөд бүх насныханд зориулсан “тоглоомын талбай” л гэсэн үг.
Сингапур зоосны нөгөө тал
Сингапурт өртөг өндөр учраас удаан байхад хэцүү л гэдэг. Гэхдээ фейсбүүкийн “event” хэсэг Сингапурт очмогц, тоо томшгүй олон, тэгээд үнэтэй, үнэгүй янз бүрийн арга хэмжээгээр дүүрчихдэг. Сэтгүүлчдийн группийн маань хамгийн залуу гишүүн Лайтер өглөөний цайнаар ойрын үед болох сонирхолтой арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл өгдөг байв. Яаж ийм их мэдээлэлтэй байдгийг нь асуухад, фейсбүүк, өдөр тутмын сонинуудын “үйл явдал” хэсгийг байнга хардаг гэсэн юм. Хятад хороололд болсон “Нэг аяга нь 50 цент” хэмээх хоолны арга хэмжээнд түүнтэй хамт очиход, олон газрын өвөрмөц хоолуудыг заан, үүх түүхтэй нь тайлбарлаж өгсөн билээ. Тэрбээр тансаглахаас илүү маш бага зардлаар ихийг үзэж, дурсамжтай, туршлага болохуйц адал явдалд хөрөнгө оруулдаг төрлийн аялагч байв.
Мөн #eatwithThanchy” түлхүүр үгтэй инстаграм хаягаараа алдаршиж буй Тайланд сэтгүүлч Танчи маань хаана ямар гоё амттан, өвөрмөц хоол байдгийг бас хаана “cool” зураг авхуулж болох нуугдмал сонирхолтой газрууд байгааг бидэнд зааж өгдөг байв. Түүнийг сошиал талбартаа гоё зураг нэмэнгүүт бид харж байгаад дууриадаг байлаа. Танчигийн мөрөөр нэг удаа өглөө эрт Сингапурын гоё ногоон паркуудын нэг болох “Fort Canning Park”-ийг зорив. “Googlemap”-т паркийн тэрхүү гоё хэсэг нь тэмдэглэгдээгүй учир олонтаа заалгаж, хөлсөө урсгаж, улаа эргэтэл хайсаар сүүлдээ бууж өгөхийн даваан дээр олсонсон. Их Британийн колоничлолын үеийн цайзаас үлдсэн хана, шат нь өдгөө зураг дээр үлгэрийн мэт харагддаг учир би олон хүний адил тийнхүү зорьж очсон юм. Танчигийн зааварчилгаагаар бид мөн “The Fullerton Hotels” -ийн “Happy Hour” цагт тааруулан очиж, өндөр зэрэглэлийн үйлчилгээг боломжийн үнээр авч, “Time” сэтгүүлийн 2018 оны шилдэг ба өвөрмөц уушийн газруудын нэг “Atlas Bar”-р орж үзэв. Туршлагатай аялагчид шинэ чиг хандлагын манлайлагч байхын тулд бусдын төлөө ийнхүү өөрсдөө түрүүлж туршиж, дараачийн аялагчдын цаг мөнгийг хэмнэж, шууд сэтгэл ханамж авах боломжийг олгох болжээ.
2018.8.09. Эцэг эхчүүд музейд хүүхдүүддээ түүх ярьж, Сингапур орны үнэ цэнийг энгийнээр тайлбарлахыг ажиж явлаа. Эл өдөр музей төлбөргүй үйлчилдэг аж. Тусгаар тогтнолын хэсэгт ирэхэд, хананд бэхэлсэн өргөн дэлгэц ажиллаж өөдөөс нь харуулан эгнүүлсэн олон эгнээ суудал хүмүүсээр дүүрчээ. Удирдагч Лий Куан Ю агсан нулимсаа арчаад зүрхээ чангалан “Би та бүхэнд хүн болгон байр сууриа шударгаар бүтээж болдог, ялгаварлан алагчилдаггүй олон үндэстэн зэрэгцэн эв найртай оршдог эрүүл тэгш улсыг бүтээж өгнө, тайван бай, битгий уйл. Сингапур жишиг улс болно” хэмээн бадрангуй хүсэл оргилуулсан долоон минутын богино бичлэг бид үзлээ. Хамт үзэж байсан сингапурчууд нулимсаа барьж дийлээгүй бөгөөд дуусах үед нь алга нижигнүүлэн босох нь үгээр хэлэхэд амаргүй сүрдмээр мэдрэмж төрүүлсэн билээ. Хүн бүрийн зүрхэнд нам гүмхэн байдаг өнөөх үндэсний үзэл, бахархал гээчийн оч хүчтэй дүрэлзсэн нь энэ юм болов уу даа. Хамт үзсэн Хятад сэтгүүлч Кристи (хоч) бид хоёр том танхимаас гарч Үндэсний галлерей, бас нэг музей үзэв. Гэвч нуруу маань тасрахаас наагуурт хүрсэн тул би харихаар шийдэхэд, өнөөх маань үргэлжлүүлэн номын нээлт рүү явав. Кристи энэ чиглэлд гаршсан аялагч байв. Мөн бүх төлбөрөө гар утсаараа хийж, онлайн урамшуулал хямдралыг тултал эдэлдэг нэгэн байв. Хятадын Гуанжоугаас ирсэн Кристи бидэнд цахим түрийвчний соёл ба боломжуудыг ойлгуулсан юм. Тэрбээр дэлгүүр хэсэлт, худалдан авалтаараа бидэн дундаа рекорд тогтоосон ч, зарцуулсан мөнгөн дүн нь харьцангуй хэмнэлттэй бага байв.
“Crazy rich asians” киноны нээлт 2018 оны наймдугаар сард болж, дэлхий даяар шуугиад байхаар нь бид бүгд хамт явж үзэв ээ. Тус кино Сингапурын аялал жуулчлалын голлох газруудаар зугаалж буйг харуулдаг хэсэгтэй бөгөөд тэдгээрээс очиж үзээгүй газар бидэнд үлдээгүйг ярилцан инээлдэв. Киноны дараа бид “Newton Hawker Centre” руу явж хоол идэв. Энэ газар саявтархан үзсэн мөнөөх кинонд мөн гардаг. Сингапурт 100 гаруй гудамжны хоолны газар байдаг бөгөөд Индонезээс ирсэн сэтгүүлч Индригийн ачаар тэдгээрийн бараг талыг нь гүйцээсэн. Түүнийг сошиал нэршлээр бол #foodie гэнэ. Индри маань “Hawker centre” -ийн аль бүхээгт хамгийн гоё хоол нуугдаж байгааг мэдчихсэн дагуулж очдог байв. Харин миний хувьд Сингапурын сонирхолтой газруудын нэгээр хүний хоёр нүд ч олдож мэдэхээр “Little India” хэмээх энэтхэгүүд аж төрдөг өнгөлөг дүүргийг нэрлэнэ. Ховор хоол хүнс, эд зүйлс, хямдхан утас, сэлбэг, засвар гээд элдэв бусын зүйлс бүгд энд төвлөрдөг. Үндэснийхээ хоол зоогийгл шүтэж, өдөр бүр иддэг хоёр энэтхэг сэтгүүлч маань байсхийгээд л тийшээ гүйчихдэг байсан бөгөөд сүүлд би өөрөө ч хуучирсан утсандаа баттерей хайж, амжилттай олсон. Сингапурын өндөр өртгийн нөгөө талд зардал багатай боломжууд нуугдаж буйг туршлагатай аялагчид маань харуулсан юм. Үүнийг олж мэдэхийн тулд зөв түлхүүр үгсээрээ цахим орчинд хайлт хийхэд л хангалттай.
Сингапурыг дугуйтай тойрч, бүх цэцэрлэгт хүрээлэнд явган зугаалж, Сентоза арлаас гадна “Pulau Ubin” хэмээх барилга байшингүй, байгалаар нь хадгалсан арал дээр очиж морь унаж хүртэл үзэв. Арвин түүхтэй аяллынхаа явцад нэг удаа Сингапурын хогоо булшилдаг арал дээр очиж үзэхээр шийдлээ. Нүүр амаа алчуураар баглаад гарсан сэтгүүлчид бид ресорт шиг газар ирэх нь тэр. Гайхсандаа “Сингапур улс хог хаягдалдаа хүртэл хүртэл тансаг ресорт байгуулж өгдөг юм байна” хэмээн хошигнов. Сингапурыг хэдэндээ ирээд үзчихсэн хүмүүсийг ахин ирүүлж, илүүг үзүүлэхийн тулд Сингапурын аялал жуулчлалын бодлого тодорхойлогчид чадах чинээгээрээ зүтгэдэг. Биднийг байх үеэр есдүгээр сард “Formula-1” уралдаан Сингапурт нээлтээ хийж, зэрэгцээд Dua Lipa, Sam Smith гэх мэт томоохон оддын концерт олон өдөр дараалан өрнөж, хот тэр аяараа шоу цэнгээнд умбаж, жуулчдын хөлд дарагдсан өдрүүд өнгөрсөн. Сингапурын газар нутаг жижиг, үзэх зүйлс олон ч хязгаартай тул бодлого тодорхойлогчид энэхүү орон зайг даацтай, сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулж нөхдөг юм.
Сингапур шиг жижигхэн газарт яагаад ахин дахин очих ёстой вэ гэдэг асуултад тэд байнга хариулж байх ёстой. Түүний нэг гаргалгаа нь бүх хүнд зориулсан том жижиг арга хэмжээнүүдээр тасралтгүй “амьсгалах”.
Сингапур шиг жижигхэн газарт яагаад ахин дахин очих ёстой вэ гэдэг асуултад тэд байнга хариулж байх ёстой. Түүний нэг гаргалгаа нь бүх хүнд зориулсан том жижиг арга хэмжээнүүдээр тасралтгүй “амьсгалах”. Нөгөө талаас, аяллын чиг хандлага нэгдүгээрт уламжлалт маршрутаас хальж, хүн бага очдог нуугдмал газруудыг сонирхох болсон тул Сингапурыг дахин нээх, өөр газруудад нь очиж үзэхийг санал болгох хөгжүүлэлт, сурталчилгааг тэд ойрын жилүүдэд эрчимжүүлж байгаа талаар Сингапурын Аялал жуулчлалын холбоо мэдээлэл өгсөн юм. Урт удаан түүхтэй, арвин их соёлтой, үзэсгэлэнтэй байгалтай орнууд өөрсдийнхөө тэр их өгөгдлийг мөнгөжүүлж, аялал жуулчлалын урсгалыг хангалттай нэмэгдүүлж чадахгүй зүдэрч байхад, Сингапур улс юу ч байхгүй орон зайд бүгдийг шинээр бүтээгээд, худалдаад, хөлжөөд сууж байгаа. “Бидэнд жижиг улсын зовлон бий. Гэхдээ тоглоомонд ухаантай нь ялдагаас, том биетэй нь биш” гэдэг сингапурчуудын хэлэх дуртай үг бий. Тэд бүгдийг прагматик өнцгөөс харж, хайрцаггүй сэтгэх “дуртай”. Өөр гарц одоохондоо байхгүй.
Одоохондоо очих бодит шаардлага гараагүй байгаа ч сингапурчууд даян дэлхийн хүн бүрийг олон дахин ирүүлж чаддаг шиг намайг ч бас ямар нэг шалтгаанаар даллаад ирүүлж чадах нь дамжиггүй.