Мобиком Корпорацийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ерөнхий захирлын туслах Б.Баярманлай өөрийн компанийн соёл, менежмент, мөн энэ компанитай холбоотой өөрийн мөрөөдлийн талаар ярилаа.
Мобиком корпорацийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ерөнхий захирлын шадар туслахын ажлын нэг өдрийг сонирхвол?
Үе үе ТУЗ-д компаниас танилцуулах, зөвшөөрөл авах асуудал гарч ирэхэд миний ажил ихэсдэг. Японы хөрөнгө оруулалттай компани учраас Монгол, Япон хоёр талд мэдээлэл дамжуулна, юу хийгдэх гэж буйг тайлбарлана. Холбогдох тушаалуудыг бэлдэнэ.
Өдөр тутамдаа бол Ерөнхий захирлын шадар туслахын ажил хийдэг. Тэр хүн бүх мэдээлэлд дүн шинжилгээ хийх завгүй учраас орж ирж байгаа мэдээлэл, санал хүсэлтийг эхний ээлжинд шүүдэг. Өөрт нь очих шаардлагагүй, эсвэл дутуу боловсруулсан зүйл байвал захирлын цаг завыг гарздана. Энэ бол их цаг авдаг, тун хариуцлагатай ажил.
Гадаад захирлын туслах, тэр тусмаа Монгол, Япон соёлын хооронд ажиллахад юу нь илүү сорилт болж, юу нь илүү таалагддаг вэ?
Өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл авах боломжтой байдаг нь таалагддаг. Компаниас гадагшаа чиглэсэн мэдээллийн том урсгал дотор ажиллахад маш сонирхолтой. Мөн компани дотроо мэргэжилтнүүд, менежерүүд, захирлууд гэх мэтчилэн олон түвшний хүмүүстэй бүгдтэй харьцах хэрэгтэй байдаг нь бас сайхан. Захирал хаашаа л явна би тийшээ.
Сорилт гэвэл япон болон монгол хүмүүсийн ажлын арга барилын ялгаа. Бид тухайн нөхцөлд дасан зохицож, хурдан шийдвэр гаргадаг хүмүүс. Харин япончууд тийм биш. Санамж бичигт гарын үсэг зураг багахан хэмжээний уулзалт байсан ч өмнө нь хийх ёстой уулзалтууд гэж бий. Дор хаяж нэг удаа урьдчилан уулзаж уулзалтын өдөр, газар орон, хугацаа, оролцох хүмүүс, агуулга, арга хэмжээний дэс дараалал зэргийг тохирно. Гэтэл монгол захирал бол мэдээлэл дутуу байсан ч онцын саад харагдахгүй бол арга хэмжээ болохыг цагийн өмнө олж мэдсэн ч яваад л очдог.
Япончууд төлөвлөлт, хянуур байдлаараа монголчуудад үлгэр болдог, сурах зүйл их байдаг ч заримдаа их цаг алддаг. Тиймээс Мобиком дээр бид бизнесийн үйл ажиллагаанд хоёр соёлын давуу талуудыг оновчтой хослуулахыг хичээдэг. Урьдчилан уулзалтыг нэг удаа, 2-3 хоногийн өмнө хийдэг болсон.
Мобиком компанийн дотор ажиллаж байгаа хүний нүдээр харвал энэ компанийн соёлоос юуг нь илүү үнэлдэг вэ?
Монголын бизнесийн орчиндоо бол маш ёс зүйтэй компани. Алсын хараа нь тодорхой. Тэр алсын харааг биелүүлэх компанид ямар лидерүүд хэрэгтэй, тэд аль хүрээнд яаж ажиллах ёстой гэдэг нь бүх ажилтанд ойлгомжтой, нээлттэй байдаг нь сайхан санагддаг. Хэн нэг нь тушаал дэвшээд явчихад “Яагаад энэ хүн гэж” гэсэн асуулт гардаггүй.
Японд төгсөж ирээд монгол компанид ажилд орсон миний олон танил хэн нь юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, Гүйцэтгэх захирал, ТУЗ хоёр нь тэс өөр юм яриад, захирлууд нь өөр өөр чиглэл өгөөд байгаа нь ойлгомжгүй компаниудын тухай олон ярьдаг. Харин Мобиком-д бол энэ бүхэн тодорхой.
Надад таалагддаг өөр нэг зүйл бол корпораци дотроо ажилтнуудын ажил, албан тушаалыг хэвтээ чиглэлд үе үе сольдог. Тэр нь бүр систем болчихсон бөгөөд менежер болон түүнээс дээших хүмүүс нэг газраа дээд тал нь гурван жил ажиллана гээд заачихсан. Нэг албан тушаал дээрээ удаан байдаггүй болохоор тухайн хүн илүү олон сорилттой тулж, харилцааны өөр өөр орчинд орж нээлттй болдог, шинэ зүйл сурч авдаг, үргэлж сайжрахыг хичээнэ.
Ажилтан шинэ ажил дээр очоод суралцдаг, хоёр дахь жилдээ зарим зүйлийг бие даагаад хийдэг болно, харин гурав дахь жилдээ ажилдаа эзэн болж, өөрийгөө бүрэн дайчилдаг. Гэвч дөрөв дэх жилээсээ дур сонирхол нь буурч, цаашдаа мэдээлэл дамжуулах нь удааширч, процессыг гацааж эхэлдэг.
Ийм байдлаар хэвтээ чиглэлд карьерын тэлэлт хийхийн тулд аль газарт, ямар албан тушаал дээр гурваас доош жилд хэдий хугацаанд ажиллах тухай ажилтан өөрөө хүсэлт гаргадаг. Хэвтээ чиглэлд 6-10 жил карьераа хөгжүүлээд менежерийн түвшинд очдог. Харин менежер болчихсон бол дээшээ арай хурдан ахиж 10-12 жилийн дараа захирал болох жишээтэй.
Бизнесийн ёс зүй бол Мобиком Корпорацийн соёлын гол давуу тал
Мобиком корпораци шинэ хүмүүсээ компанийн соёлд хэрхэн сургадаг вэ?
Мобиком-д ажилладаг манай аавын найз намайг хүний нөөцийн албанд зөвлөсөн. Гэхдээ би давах ёстой шалгууруудыг хангаж орсон. Анх ажилд ороод сурах зүйл маш их байгааг мэдэрсэн. Хагас жил бүр ажилтнууддаа соёлын сургалт хийж тухайн жил компани ямар стратеги, зорилтын хүрээнд ажиллаж байгаа, тэдгээртээ хүрэхэд ямар ур чадвар эзэмших ёстойг заадаг. Заримдаа энэ сургалт жаахан төвөгтэй санагддаг байсан ч одоо бодоход маш хэрэгтэй зүйлд сургаж байсныг ойлгосон. Захирлуудаас шууд суралцах нэг том суваг байсан. Энэ дундаас шинэ ажилтны сургалт надад их таалагдсан юм. Тэндээс хийж байгаа ажлынхаа утга учрыг ойлгож авсан.
Энэ компанийн ажилтны хувьд хүмүүс Мобикомын талаар юуг илүү ойлгоосой гэж боддог вэ?
Японы хөрөнгө оруулалттай компани учраас мөнгө нь гадагшаа нэг тийм компани гэсэн ойлголт түгээмэл. Гэтэл яг дотор нь ороод харвал нийт 1500 ажилтны 99.5 хувь нь монголчууд. Түүнээс гадна бидэнтэй маш олон туслан гүйцэтгэгч, түнш компаниуд ажиллаж ашиг, орлоготой байдаг. Бүх 1500 ажилтан бүгд Монголдоо гоё бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, шинэ технологийг хүмүүсийн амьдралд илүү хялбар, хүртээмжтэй, хямд төсөр болгох юмсан гэсэн бодолтой л ажилладаг. Түүнээс биш бусад гурван компанитайгаа өрсөлдөөд л, илүү гараад байх нь чухал биш. Үүнийг ойлгоосой л гэж хүсдэг.
Мобиком-д ажилласан өөрийн тань карьер ирээдүйд Монголын хөдөлмөрийн зах зээлд ямар давуу болох вэ?
Энэ компанийн надад төлөвшүүлсэн нэг чухал зүйл бол ёс зүй. Өнөөдөр бизнесийн орчинд төрөл бүрийн ёс зүйгүй үйлдэл олон гардаг. Мобиком-д танил талаараа эсвэл гадаадад том сургууль төгссөн гэдгээрээ шууд том албан тушаал очих үзэгдэл огт байхгүй. Манай мэргэжилтнүүд, менежерүүд захирал болох өвчнөөс хол, үнэ цэн бүтээхэд л төвлөрч чаддаг. Бүх юм өөрийн цаг хугацаатай гэсэн зарчим үйлчилдэг.
Япон боловсролоос олж авсан зүйлс эргээд Монголд ажиллахад яаж нөлөөлсөн бэ?
Төгсөж ирээд ажиллахад эхэндээ бараг шоконд орсон. “Ингэчихэж байгаа юм уу? Арай ч дээ” гэмээр үе цөөнгүй байсан. Япон хүн бүр бусдад садаа болохгүй, хамтран ажиллавал аль аль талдаа ашигтай байх ёстой гэж үздэг. Нас, албан тушаалаар дээш хүнийг хүндэлнэ, тэрийгээ үйл хөдлөлөөрөө харуулахыг хичээнэ. Тэдгээр нь хэлэндээ хүртэл шингэсэн. Харин захирлууд тухайн хүнийг залуу, туршлагагүй гэдгээр нь бус хувь хүн, нэг зорилгын төлөө хамтарч зүтгэж буй хүн гэдгээр нь ханддаг. Нэг нэгнээ хүндлэх энэ соёл Мобиком-д бас төлөвшсөн.
Япон Ерөнхий захирлын шадар туслах, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалд томилогдоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?
Надаас өмнө энэ ажлыг хийж байсан хүмүүс компанидаа олон жил ажилласан хүмүүс байсан. Харин би хоёр жил гаруй ажиллаад одоогийн ажилд томилогдсон. Японд төгссөн болохоороо сонгогдсон гэвэл тийм биш. Үнэхээр л чадвартай бол залуу хүнд хурдан ахих боломж Мобиком олгодог.
Ажлаа өөрийн болгох гэдэг их чухал. Захирал туслахдаа арван ажил даалгалаа гэж бодъё. Гэхдээ магадгүй миний хийж болох, гэхдээ амжихгүй болов уу гээд цаанаа үлдээсэн дахиад таван ажил байж болно. Тэгвэл үүнийг нь мэдрээд тэр таван ажлаас ядаж хагасыг нь хийчихье, үлдсэн дээр нь чиглэл авъя гэх мэтээр ажиллавал хүн ажилдаа эзэн болдог. Өөрөөр хэлбэл, зөвхөн даалгасныг биш, юу хэрэгтэйг ойлгож давуулж хийхийг хэлнэ.
Өмнө нь би Стратеги, шинэ бизнесийн албанд ажиллаж байсан. Манай алба жилд нэг удаа бүх ажилчдад зориулаад стратеги танилцуулах хурал хийдэг байсан. Хурал дээр Ерөнхий захирлын хийх презентэйшнийг манай албанаас бэлдэхэд би өөрийн санаачлагаар тэр презентэйшнийг яаж сайжруулах талаар санаа гаргаж өөрөө хийсэн юм. Тэр нь агуулгын өөрчлөлт биш, зүгээр л өнгө үзэмжийг нь сайжруулах ажил байсан. Хэд хоногийн дараа Ерөнхий захирал миний дэргэд ирээд “Чиний засвар их таалагдлаа. Гэхдээ зарим нэг зүйлийг нэммээр байна” гэж хэлсэн. Тэгээд хамтдаа суусан.
Гурван сарын манай албаны япон захирал намайг дуудаад “Дээрээс надад тушаал ирсэн. Намайг туслахын ажилд томилно” гэж хэлсэн. Ажлыг жижиг гэлтгүй өөрийн болгоё гэсэн хандлага маань таалагдсан байх гэж боддог.
Тацуяа Хамада гэдэг хүнтэй ойр ажилладагийн хувьд түүнээс юу сурч байна вэ?
Өмнө том захирлууд яаж ажлаа явуулдагийг харж байгаагүй. Энэ ажилд орсноор зөвхөн өөрийн захирал биш бусад компанийн захирлууд, төрийн том албан тушаалтнуудын ажлаа явуулах арга барилаас олон зүйл сурч байна.
Хамада захирлын хувьд ямааны мах халуун дээрээ гэдэг шиг бизнесийн шинэ боломж, цонх олж харвал түүнийгээ маш хурдан үйлдэл болгож чаддаг. Эхлүүлсэн л бол зогсоохгүйгээр авч явж чаддаг. Төрийн албан тушаалтнуудтай ажлаа явуулж буйг нь харахад жижиг ч байсан ажлыг хойш тавьдаггүй шууд хийдэг нь тэднээс цаад нөхдүүдээс тэнгэр газар шиг ялгаатай байдлыг харуулдаг. Эндээс миний хувьд аливаа ажил амжилт олох эсэх нь сүрхий мэдлэг, боловсролтой, албан тушаалтайгаас хамаарахгүй, харин цаг хугацааны нөөцийг системтэйгээр ашиглаж чаддагт оршдог гэдгийг ойлгосон.
Баярманлай гэдэг хувь хүн энэ компанид юу хийж өгөхийг хүсдэг вэ? Бүр хожим хүмүүс “Баярманлайгийн хийсэн тэр зүйл нь их хэрэг болж байна” гэж ярих түвшинд ямар зүйл бүтээж үлдээхийг мөрөөддөг вэ?
Их гоё асуулт байна. Ер нь шинэ газар ажилд орохдоо цалин нь хэд вэ, ямар албан тушаалд томилох гэдгээс илүү тэр компанид юу хийж өгч чадах вэ гэдгээ харах ёстой гэж боддог. Би ажлын ярилцлаганд орохдоо цалингийн хэмжээ асуухад нь хангалттай зүйлээ сурах болтол өгсөн цалинг л авна гэж хариулж байсан.
Би 10 жилийн дараа Мобиком-д Гүйцэтгэх захирал болно гэж өөрийгөө төсөөлдөг. Ингэхдээ дата хэмээх бизнесийн сонирхолтой чиглэлд нь ажиллана гэж боддог.
Вау, интересно! Некоторые пункты реально очень увлекательные!
Я ценю, что вы пишете такие посты,
а также остальная часть вебсайта
очень интересна.
Ene zaluugiin xandlaga, xaritsaa unexeer uur shuu. Amjilt