Монголын Lhamour брэнд олон улсын алдарт FORBES сэтгүүлээс шалгаруулдаг АЗИЙН 100 өсөх ирээдүйтэй, дэлхийд зөв өөрчлөлтийг авчирч буй залуу гарааны бизнесийн жагсаалтад багтсан байна. Ингэснээр энэ жагсаалтад багтсан Монголын цорын ганц компани болж байна. “Бизнесийн салбартаа АЛТ авч байгаа мэт мэдрэмж төрж байна” хэмээн брэндийг үндэслэгч Д.Хулан олон нийтийн сүлжээнээ бичжээ. Энэхүү жагсаалтад Энэтхэг болон Сингапур улсаас хамгийн олон гарааны бизнес нэрлэгдсэн бол хамгийн олон хүн амтай Хятад улсаас дөрвөн компани багтсан байна.
Гадаадаас Монголд ирсний дараа арьсны асуудалтай тулгарсан тэрээр 2014 онд арьс арчилгааны брэндийг үүсгэн байгуулж, өдгөө сарлагийн сүү гэх мэт дотоодын олон төрлийн орц найрлагыг ашиглан 40 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Байгальд ээлтэй технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тус компани Монголд төдийгүй дэлхий даяар өөрийн борлуулалтын цэгээр дамжуулан худалдаалдаг.