Мобиком корпораци үүрэн холбооны дэд бүтэцдээ суурилаад илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу бизнесийн шинэ загварыг бий болгох зорилготой ажиллаж байна.
Өсөлтийн зам дээр гарсан нь
Мобиком Корпораци байгуулагдаад яг 20 жил болсныхоо дараа 2016 оны гуравдугаар сард анхны гурван хөрөнгө оруулагчдын нэг болох Японы KDDI групптэй нэгдсэн билээ. Ингэснээр манай улсын үүрэн холбооны ууган компанийн түүхэнд, магадгүй Монголын харилцаа холбооны түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ хуудсыг нээсэн хүн нь 20 гаруй жил энэ салбарт ажилласан Тацуяа Хамада байлаа.
Хамада хэдийгээр 11 жил Англи, Герман, Бельги зэрэг улсад ажилласан туршлагатай ч KDDI Корпорацийн захирлын өрөөнөөс гарахдаа дөнгөж хөгжиж буй, Европ, Японоос хэл, соёлын хувьд тэс өөр тал нутгийн Монголд очиж ажиллана гэхэд хүнд ачаа мөрөн дээр нь буусныг мэдэрч байлаа.
Мобикомын Ерөнхий захирлаар томилогдож ирсэний дараа түүний өмнө яаралтай хэрэгжүүлэх ёстой дөрвөн том зорилт байв. Эхнийх нь KDDI хэмээх том айлд дөнгөж нэгдсэн компанийн үйл ажиллагааг толгой компанийн бизнестэй интеграци хийж, нэгдсэн системд оруулах. PMI (Post Merger Integration) гэж нэрлэгддэг энэхүү процесс нь хоёр өөр соёлын орчинд ажилладаг байсан бизнесүүдийг нэг найруулгатай болгох нарийн төвөгтэй ажил байв.
Хоёр дахь зорилт хамгийн амаргүй байлаа. Мобиком Корпораци хэдийгээр салбарынхаа том тоглогч байсан ч Хамадаг ирэхэд бизнесийн гүйцэтгэл тааруу, бусад гурван өрсөлдөгчийн нөлөөгөөр жил дараалан зах зээлд эзлэх хувь нь багассан байдалтай угтжээ. Түүнчлэн 2016-2017 оны эдийн засгийн хямрал өөрийн үүргийг гүйцэтгэв. Хамада энэхүү уруудсан процессыг зогсоох хэрэгтэй болжээ.
Харин үүний дараа компанийг тогтвортой өсөлтийн зам дээр гаргах нь гурав дахь зорилт нь болов. Тэрбээр “Бид компанийнхаа зах зээлийн орон зайг бэхжүүлж, өсөлтийн хөдөлгүүрийг асаахын зэрэгцээ Мобиком Корпорацийг бизнес платформынх нь хувьд найдвартай тулгууртай болгож, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах нь чухал байсан” гэж ярилаа. Үүний тулд тэр яг л Токио, Лондонд байсан шигээ чөлөөт цаггүй ажиллаж байлаа.
Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хийхийн тулд компанийн ажилтнуудыг бизнес сэтгэлгээ, ёс зүй, ёс суртахууны талаас нь улам илүү хөгжүүлэх шаардлагатай байв. Тиймээс тэр Гүйцэтгэх захирлуудаас эхлээд борлуулах цэгийн ажилтан хүртэлх олон түвшний хүмүүстээ компанийн бизнесийн философийн талаар байнга ярьж, уулздаг байв. Тэрбээр улс орон даяарх Мобикомын бүх салбарыг тойрсон удаатай.
Өнөөдрийн бизнесээ амжилттай удирдахын зэрэгцээ маргаашийн өөрчлөлтөд бэлэн байж, бизнесийн шинэ гарц эрэлхийлдэг.
KDDI-д нэгдсэний дараа Монгол даяар 4G сүлжээг нэвтрүүлэх, компанийн хоёр дахь дата төвийг байгуулах, харилцаа холбооны олон төрлийн объект, тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих гээд Мобикомд хийх хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээд их байв. Гэвч толгой компани мөнгө хэрэгтэй байна гэсний зоргоор өгөхгүй. Дээрх ажлуудыг гүйцэтгэхэд Хамада хөрөнгө оруулагчидтай олон сарын хэлэлцээ хийсэн байна. Ялангуяа шинээр барих дата төв нь Монголын хамгийн анхны Tier3 хэмээх ангилалд багтах технологитой бүтээгджээ.
Мобиком Корпорацийг илүү орчин үеийн, олон улсын компанийн жишгээр ажиллуулахын тулд компанийн засаглал, менежмент, хүний нөөцөд олон төрлийн шинэчлэл хийх хэрэгтэй байлаа. Жишээ нь, ажилчдын бүтээмж, цалин хөлсний үнэлгээг шинэчлэх, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн болон олон улсын санхүүгийн тайлангийн шинэ стандарт нэвтрүүлэх, компанийн бизнесийн үйл ажиллагаанд дижитал хувьсал хийх гэх мэт.
Түүнчлэн ажилчдаа KDDI группийн дэлхийд тархсан солилцооны хөтөлбөрт хамруулдаг болсноос гадна Мобиком нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг ажлуудыг “Үнэ цэн хуваалцах” гэсэн шинэ философиор баяжуулж төгөлдөржүүлсэн байна.
Өрсөлдөх биш төрөлжинө
Хүмүүс гар утсаар ярих, мэссэж бичих нь улам багасч, оронд нь дата хэрэглэх, төрөл бүрийн аппликэйшнд суурилсан үйлчилгээ авах нь ихэсч байна. Энэ чиг хандлага цар тахал, хөл хорионы үеэр улам тод харагдаж, үүрэн холбооны оператор компаниуд өөрсдийн уламжлалт бизнес загвараа эргэн харахад хүрч байна.
Мобиком Корпораци 1996 оноос эхлээд үүрэн холбооны операторын үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээнд “нэгж” гэдэг үг хамгийн давтамжтай байсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр “дата” хэмээх үг бараг нэгжнээсээ илүү чухал болжээ. Тацуяа Хамада энэ тухай ярихдаа “Үүрэн холбооны оператор бол өнөөдөр бизнес загвар гэхээсээ илүү цахилгаан, дулааны шугам, эсвэл байгалийн хийн хоолойтой нэгэн адил дэд бүтцийн үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, бид дэд бүтцийн үйлчилгээний оператор болчихсон. Орчин үед тэрхүү шугам, дэд бүтцээрээ юу дамжуулах вэ гэдэг нь харилцаа холбооны компаниудад илүү тулгамдсан асуудал болж хувирсан” гэдгийг онцоллоо.
Тиймээс тэр Мобикомын бий болсон дэд бүтцэд суурилаад илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу бизнесийн шинэ загварыг бий болгох зорилго тавиад байна. Үүрэн холбооны үндсэн үйлчилгээ одоо ч гэсэн тодорхой түвшинд өсөх боломжтой байгаа ч дижитал хувьсал эрчимтэй явагдаж байгаа нөхцөлд энэ нь холын аянд ганц морьтой гарах гэж буйтай адил зүйл. Монголын хүн амын 70-80 хувь нь ухаалаг утас ашиглаж, гар утасны ерөнхий хэрэглээ бүр 130 хувьд хүрснээс гадна нэг хэрэглэгч 1.5-2 үүрэн холбооны компанийн үйлчилгээ авдаг. Нэг үгээр, Монголын үүрэн холбооны зах зээл ханасан.
Тиймээс Хамада Мобикомыг нэг бус хэд хэдэн хөтөлгөө морьтой болгох зорилго тавьсан байна. Тэрбээр өнөөдрийн бизнесээ амжилттай удирдахын зэрэгцээ маргаашийн өөрчлөлтөд бэлэн байж, бизнесийн шинэ гарц эрэлхийлэх стратеги барьж байгаа. Үүнийгээ тэр “Бизнесийн хоёр талт менежмент” /Ambidextrous Business Management/ гэж тодорхойлов. Одоогийн бизнес нь ашигтай байгаа бол түүндээ найдаж, шинэ бизнест хөрөнгө оруулж эрсдэл гаргахаас татгалзах хандлага Гүйцэтгэх захирлуудын дунд түгээмэл. Харин Хамада баруун, зүүн хоёр гараа аль алийг нь тултал ажиллуулж, ашиглалт болон судалгаа хоёрыг хослуулахаар шийджээ.
Эхний хөтөлгөө морь нь Монголын анхны албан ёсны цахим мөнгө Candy төсөл юм. Эдүгээ Monpay нэртэй болж, илүү боловсронгуй түвшинд гарсан энэхүү платформ нь үндэсний цахим төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээний томоохон систем болон хөгжиж эхлэв.
Технологийн хөгжлийн чиг хандлагаас нэг зүйл тодорхой болсон. Тэр нь ирээдүйд хүмүүсийн амьдралын хэв маяг гар утасны технологиос хамааралтай болж, аппликэйншд суурилсан үйлчилгээ авах нь улам ихсэнэ. Үүнд хэрэглэгдэх түлш нь дата болно. Monpay платформ нь энэ чиглэлдээ манлайлж, яваандаа Мобиком Корпорацийн бизнесийн багцад үүрэн холбооны үндсэн үйлчилгээтэйгээ тэнцүү байр суурьтай болно гэж Хамада ярив. Хэдийгээр зах зээлд гараад удаагүй ч гэр хороолол дахь худаг дээр усны төлбөр тооцоо хийхэд хүртэл ашиглаж байна.
Өрсөлдөөд бид өсөлтөд хүрэхгүй. Нэг нэгэндээ л хор хүргэнэ. Өрсөлдөх тухай би нэг их боддоггүй. Харин ирээдүйн технологид хөрөнгө оруулах нь чухал. Тиймээс бидний стратеги бол өрсөлдөх биш төрөлжих.
Монголын үүрэн холбооны компаниуд 2011 онд IPTV хэмээх шинэ зах зээлд орсон ч Мобиком Корпораци тодорхой объектив шалтгаануудын улмаас энэ зах зээлд цагтаа орж чадаагүй. 2016 онд IPTV-ийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авах үед галт тэрэг хэдийнэ явчихсан байлаа.
Тиймээс Мобиком Корпораци видео стриймингийн зах зээлд орохдоо IPTV бус ОТТ хэмээх технологийг сонгож, VOO платформыг байгуулжээ. IPTV үйлчилгээ нь зөвхөн тухайн операторын сүлжээг ашиглан контентыг дамжуулдаг. Харин ОТТ технологи нь интернэт сүлжээг ашиглан, тухайн оператораас үл хамаарч телевизийн болон видео контентыг хэрэглэгчийн төхөөрөмжид (компьютер, ухаалаг утас, ухаалаг телевизор) шууд хүргэдэг. Тодруулбал, VOO нь Netflix, Apple TV, Disney+ гэх видео стрийминг үйлчилгээний дэлхийн том платформуудтай адилхан технологи ашигладаг.
Түүнээс гадна технологийн хувьд IPTV-гээс өөр байгаад зогсохгүй контент сонголтын тал дээр илүү уян хатан бодлоготой. Тухайлбал, контент үзэхийн тулд заавал төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй бөгөөд интернэт орчинд дурын төхөөрөмжөөр VOO үйлчилгээг авах шийдэлтэй. Өөрөөр хэлбэл, VOO бол контентын зах зээлийг илүү либералчилсан, хэрэглэгчид зөвхөн хэрэгтэй контентыг нь санал болгох бизнесийн загвар болон хөгжиж байна.
“Гэхдээ технологийн дэд бүтэц ямар байх нь тийм чухал биш. Хамгийн гол зүйл бол контент өөрөө” гэж Хамада онцлов. Тиймээс VOO платформ нь IPTV-гийн уламжлалт контентоос ялгарах, илүү залуу үе рүү чиглэсэн контент түгээхийг зорьж байна. “Алсдаа бид контент бүтээх зах зээлд хөл тавьж, тодорхой хүрээний хэрэглэгчдэд зориулсан агуулгыг хүргэдэг болохыг ч үгүйсгэхгүй” гэж тэрбээр нэмж хэллээ.
“Мобиком Корпораци бусад гурван компанитайгаа өрсөлдөх эсвэл хамтрах ямар бодлоготой вэ?” гэсэн асуултад тэр ингэж хариулав: “Өрсөлдөөд бид өсөлтөд хүрэхгүй. Нэг нэгэндээ л хор хүргэнэ. Өрсөлдөх тухай би нэг их боддоггүй. Харин ирээдүйн технологид хөрөнгө оруулах нь чухал. Тиймээс бидний стратеги бол өрсөлдөх биш төрөлжих” гэж хэлэв.
Технологийн далайд гарсан хөлөг
“Цаг өөр болжээ” гэдэг зүгээр нэг үг биш гүн гүнзгий утга агуулгатай. Цаг үнэхээр өөр болсон. Бизнес хийх нь өмчлөх, баяжих гэдгээс хамаагүй өргөн агуулгатай. Цахим технологийн эрин дэх хамгийн амжилттай яваа бизнес загваруудыг дараах байдлаар тодорхойлж болно:
“Хэр ихийг өмчилснөөрөө бус хэр ихийг хуваалцсанаараа /sharing/, хэр сайн хяналт тогтоосноороо бус хэр сайн холбогдсоноороо /connectivity/, хэр хэмжээнд бие дааснаараа бус хэр хэмжээнд нээлттэй байснаараа /openness/ амжилтад хүрнэ”
Мобиком Корпораци ч энэхүү философийн хүрээнд ажиллаж байна. Орон даяар олон зуун салбар нэгжтэй, 1500 орчим ажилтантай том компанийн хувьд дижитал технологийг ашиглан бүтээмж дээшлүүлж, өртгийг бууруулах нь үргэлж тэргүүн зорилтуудын нэг байдаг. 2018 оноос эхлэн корпорацийн хүрээн дэх “Дижитал хувьсал” хөтөлбөрийн дагуу 30 орчим төсөл хэрэгжүүлснээс робот процессын автоматжуулалтын технологийг ашигласан нь олон зуун хүн/цаг хэмнэжээ.
Энэ тухай Хамада ярихдаа “Бид дижитал хувьслыг хамгийн амжилттай хийсэн пионер компани болохыг зорьж байна” гэж хэлэв. Харин дараа нь өөрсдийн туршлага, нөү хаугаа хэрэглэгчид, бусад компаниуд, түншүүд, магадгүй Засгийн газрын харъяа байгууллагуудад нийлүүлж дижитал хувьсал хийхэд нь тусална. Одоогоор байгууллагад зориулсан үүлэн технологийн шийдлүүдээ товчоор “Шийдлийн үйлчилгээ” нэртэйгээр зах зээлд гаргаад байгаа.
Хэрэв Мобиком Корпорацийн хөгжлийн урт хугацааны стратегийг томъёолбол “Шинэ технологи нэвтрүүлэх – шинэ бизнес, шинэ үнэ цэн үүсгэх – шинэ үнэ цэнийг хуваалцах” гэсэн дараалал гарч ирнэ.
Мэргэжилтнүүд “Дижитал хувьсал бол эцсийн зогсоол биш, энэ бол урт хугацааны аялал” гэж хэлдэг. Мобиком Корпораци бол технологийн хязгааргүй их далайд гарсан цахим хөлөг онгоц билээ. Энэ том хөлгийг илүү төгс, илүү том, илүү хурдан, илүү хүчтэй болгож дараагийн зогсоолд хүргэх ахмад нь Тацуяа Хамада.