Хөрөнгийн зах зээлийг сонирхогчид улам олон болж байна. Гэхдээ энэ зах зээлийг ойлгохын тулд тодорхой мэдлэг хэрэгтэй гэдгийг байнга санах хэрэгтэй. Дор хаяж Монголын Хөрөнгийн Бирж дээрх компаниудын тайланг уншиж чаддаг байх шаардлагатай.
Хөрөнгийн зах зээлийг сонирхогч, жижиг дунд бизнесийн эзэд санхүү бүртгэл, эдийн засгийн мэргэжилтэй байдаггүй, тийм байх ч албагүй. Гэхдээ бизнесийн эзэн буюу хөрөнгө оруулагч, хөрөнгийн эзэд санхүүгийн тайлангуудыг тайлж унших, шинжлэн судлах чадвартай байснаар хөрөнгөө өсч, эсвэл буурч байгаа эсэх, цаашид ямар төлөв хандлагатай байх талаар мэдэж чадна. Улмаар хөрөнгөө хэрхэн тогтвортой өсгөх, арвижуулах, илүү их үр ашиг хүртэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ буюу бизнесийн стратеги, тактикаа боловсруулах, хэрэгжүүлэх боломжтой болдог.
Зөвхөн бизнесийн эзэд төдийгүй компанийн гүйцэтгэх удирдлага, дээд, дунд шатны захирал, менежерүүд, түүнчлэн удирдах зөвлөлийн гишүүд, бизнесийн зөвлөхүүд, бусад сонирхогчид санхүүгийн бүх төрлийн тайлангуудыг унших, ашиглах шаардлага тулгардаг нь хүссэн ч эс хүссэн ч эзэмших ёстой чадвар юм. Тэгвэл санхүүгийн тайлангууд гэж юу болох, ямар бүрэлдэхүүнтэй байдаг, тэд юуг илэрхийлж, ямар дохио өгч байдаг талаар хүргэж байна.
Нийтлэлийг илүү сайн ойлгохын тулд Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайтаас өөрийн сонирхож буй компанийн тайланг татаж аваад нийтлэлтэй харьцуулан уншаарай.
Бизнесийн гүйцэтгэл, “эрүүл мэнд” – ийн байдлыг харуулах санхүүгийн тайлангууд дараах бүрэлдэхүүнтэй байдаг:
- Баланс буюу санхүү байдлын тайлан
- Орлого, үр дүнгийн тайлан
- Мөнгөн гүйлгээний тайлан
- Өмчийн өөрчлөлтийн тайлан
- Санхүүгийн тайлангийн тодруулга тайлбар
Дээрх таван төрлийн тайлангийн эхний гурав нь гол түлхүүр тайлангууд юм. Баланс буюу санхүү байдлын тайлан нь үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь Хөрөнгө ба түүнийг бүрдүүлсэн Эх үүсвэрийг харуулна.
I ХЭСЭГ. БАЛАНС БУЮУ САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН
Хөрөнгө тал:
- Таны бизнестээ ашиглаж байгаа бэлэн мөнгө, авлага, бараа материал зэргээс бүрдэх Эргэлтийн хөрөнгө,
- Програм хангамж, зохиогчийн эрх, барааны тэмдэг зэргээс бүрдэх биет бус хөрөнгө,
- Барилга, тавилга, машин, тоног төхөөрөмж зэргээс бүрдэх үндсэн хөрөнгө, бүхэлд нь Эргэлтийн бус хөрөнгө гэсэн 2 хэсгийн дүнг илэрхийлнэ.
Эх үүсвэр талыг Өр төлбөр ба Эздийн өмч бүрдүүлэх бөгөөд энд таны бизнесийн нийт хөрөнгө хэн хэний мөнгөөр бүрдсэн болохыг харуулах юм. Дансны өглөг, богино болон урт хугацаат зээлээс бүрдэх Өр төлбөр буюу бусдын мөнгө, Эздийн өмч буюу таны мөнгө нийлж Эх үүсвэр талыг бүрдүүлнэ.
Баланс буюу санхүү байдлын тайланг хэрхэн “унших”, бизнесийн шийдвэр гаргалтад яаж ашиглахыг аль болох энгийн үг хэллэгээр, зохистой дараалалд оруулан дор сийрүүллээ. Бид нийтлэлдээ жишээ болгож бодитой хувьцаат компанийн 2018 оны жилийн эцсийн тайланг нэр дурдалгүй ашиглав /мянган төгрөгөөр/:
Санхүүгийн тайлангуудыг уншихад цөөн хэдэн санхүүгийн харьцааны шинжилгээ буюу тооцооллыг хийж компанийн гүйцэтгэлийг хэмжинэ. Таны унших санхүүгийн тайлан нь хамгийн багадаа сүүлийн 2 жилийг зэрэгцүүлсэн, хооронд нь харьцуулах, өөрчлөлтийг хэмжих боломжтой байдлаар тайлагнагдсан байх хэрэгтэй.
Санхүүгийн харьцааны шинжилгээ:
Ашигт ажиллагаа: Аливаа бизнесийн нэг жилд бүтээсэн цэвэр ашиг нь Эздийн өмчийн хэдэн хувьтай тэнцүү байгаагаар ашигт ажиллагааг хэмждэг. Жил бүр ашигтай ажиллах албагүй ч банкны хугацаатай хадгаламжийн хүүнээс багадаа 1.5 дахин буюу жилийн 20% ба түүнээс дээш хувийн өгөөжийг танд өгдөг байвал тохиромжтой юм. Томъёо:
(Цэвэр ашиг)/(Эздийн өмч)
Жишээ компанийн хувьд 2017 оны цэвэр ашиг 4.7 сая ₮, 2018 онд 18.1 сая ₮ байв: 18,142 / 328,790 = 5.5%
Унших нь: Эздийн өмч буюу өөрийн хөрөнгийн өгөөжийг 20% ба түүнээс дээш байх зорилттой харьцуулбал бараг 4 дахин бага, ашигт ажиллагаа багатай байна. Гэхдээ өнгөрсөн онд энэ харьцаа үзүүлэлт 1.5% байсан ба 2018 онд нэмэгдсэн нь сайн хандлага байв.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа /quick ratio/: Энэ харьцаа нь компани богино хугацаат өр төлбөрийн хэдэн хувийг бараа материалаас бусад эргэлтийн хөрөнгөөрөө төлж чадахыг харуулна. Аль болох 1 – д ойрхон их тоо байх нь сайн. Томъёо:
(Эргэлтийн хөрөнгө – Бараа материал)/(Богино хугацаат өр төлбөр)
Жишээ компанийн хувьд: (347,758 – 225,261)/201,563 = 0.61
Унших нь: Компани богино хугацаат өр төлбөрийнхөө 61 хувийг бараа материалаас бусад эргэлтийн хөрөнгөөрөө төлж чадна. 0.61 нь 1 – ээс хэт бага, өөрөөр хэлбэл бараа материалд хэт их хөрөнгө байршиж байгаа, нөгөө талаар богино хугацаат өр төлбөр зохистой хэмжээнээс илүү байна. Сайн зүйл нь 2017 онд уг харьцаа 0.53 байсан ба 2018 онд өссөн буюу сайжирсан байна.
Эргэлтийн харьцаа /current ratio/: Энэ нь компанийн богино хугацаанд хөрвөх чадварыг харуулж буй өөр нэг үзүүлэлт. 1 – ээс дээш байх шаардлагатай ба 2 ба түүнээс дээш байх нь бизнес илүү тогтвортой байгааг илэрхийлнэ. Томъёо:
(Эргэлтийн хөрөнгө)/(Богино хугацаат өр төлбөр)
Жишээ компанийн хувьд: 347,758 / 201,563 = 1.7
Унших нь: Компани богино хугацаат өр төлбөрөөсөө 1.7 дахин илүү эргэлтийн хөрөнгөтэй, зохистой үзүүлэлтээ хангасан байна. Гэхдээ өмнөх онд уг харьцаа 1.8 байсан ба буурсан байгаа нь сөрөг үзүүлэлт. Богино хугацаат өр төлбөр багассан ч эргэлтийн хөрөнгө түүнээс илүү их буурсан нь үзүүлэлт муудахад нөлөөлсөн.
Ажлын капитал: Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бэлэн мөнгөний хүрэлцээг харуулна. Нийт эргэлтийн хөрөнгөөс эргэлтийн эх үүсвэр буюу богино хугацааны өр төлбөрөө хасч хэмждэг. Томъёо:
(Эргэлтийн хөрөнгө) – (Богино хугацаат өр төлбөр)
Жишээ компанийн хувьд: 347,758 – 201,563 = 146,195
Унших нь: Жишээ компанийн хувьд хүрэлцээтэй ажлын капиталтай байна. Хэрэв дээрх үр дүн хасах утгатай гарвал таны бизнес өдөр тутам үүсч болох нэхэмжлэх, богино хугацаат өр төлбөрөө төлж чадахгүйг илэрхийлнэ. Ажлын капиталыг нэмэгдүүлэхийн тулд бараа материалын удирдлагаа сайжруулж, борлуулалттай уялдсан бараа таталт хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Санхүүгийн хөшүүрэг: Таны бизнес хэний мөнгөөр “хөдөлж” буйг харуулна. Санхүүгийн хөшүүрэг их байх тусам Эздийн өмчийн өгөөж нэмэгдэх сайн талтай, гэхдээ эдийн засгийн нөхцөл муудаж ашиг орлого буурах үед өр төлбөрөө барагдуулах хуваарь давхцах нь том эрсдэл дагуулна. Томъёо:
(Нийт хөрөнгө)/(Эздийн өмч)
Жишээ компанийн хувьд: 662,748 / 328,790 = 2.0
Унших нь: Таны бизнесийн санхүүгийн хөшүүрэг 2 буюу нийт хөрөнгийн тал нь таных, тал нь урт болон богино хугацаатай өр төлбөрөөс бүрдэж байна. Эдийн засгийн өсөлт бий болох хүлээлттэй байгаа бол санхүүгийн хөшүүргийг нэмэгдүүлж ашигт ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Эдийн засгийн хямралын үед санхүүгийн хөшүүргийг хэвээр хадгалах буюу бууруулах стратеги баримталж болно. Санхүүгийн хөшүүрэг хамгийн өндөр түвшин нь 4 байж болно. Өөрөөр хэлбэл бизнес дэх эздийн өмч нь нийт хөрөнгийн 25% ба түүнээс дээш байх нь зохистой.
Өр төлбөр ба Хөрөнгийн харьцаа: Энэ харьцаа нь дээрх Санхүүгийн хөшүүргийн “нөгөө тал” нь. Нийт хөрөнгийн хэдэн хувь нь өр төлбөрөөс бүрдсэнийг харуулна. Томъёо:
(Нийт өр төлбөр)/(Нийт хөрөнгө)
Жишээ компанийн хувьд: 333,958 / 662,748 = 0.5
Унших нь: Нийт эх үүсвэрийн тал ба түүнээс дээш хувь нь өр төлбөрөөс бүрдсэн тохиолдолд банк урт хугацааны санхүүжилт нэмж хийхээс татгалзах магадлалтай. Иймд нэмж урт хугацааны санхүүжилт хэрэгтэй, санхүүгийн хөшүүргээ нэмэх шаардлагатай бол ашигт ажиллагааг маш өндөр түвшинд барих чадвартай байх, түүнийгээ батлах ёстой болно.
II ХЭСЭГ. ОРЛОГО, ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
Орлого үр дүнгийн тайланг шинжлэх энгийн аргуудтай танилцая.
Санхүүгийн тайлангууд бүгд тухайн компанийн санхүүгийн гүйцэтгэлийг хэмжих үндсэн өгөгдлүүд болдог. Бид цуврал нийтлэлүүддээ олон нийтэд нээлттэй тайлагнасан хувьцаат компанийн жишээг ашиглан илүү бодитой, ойлгомжтой аргачлалуудыг энгийн байдлаар тайлбарлахыг зорьсон. Энэ удаад дараах өгөгдлийг ашиглав /дүн сая төгрөгөөр/:
Санхүүгийн тайлангуудыг цаг хугацааны ижил интервалаар, дараалсан оноор нь зэрэгцүүлсэн байна. Ийнхүү зэрэгцүүлсэн нь тайлант хугацаанд бий болсон санхүүгийн үр дүнгүүдийг хооронд харьцуулах боломжийг “уншигчид” олгож байгаа юм.
Өмнөх онтой харьцуулсан шинжилгээ:
(882.5 – 576.6) / 576.6 = 0.53
(816.5 – 516.6) / 516.6 = 0.58
Борлуулалтын орлого өмнөх оноос 53% өссөн ба энэ үед Борлуулсан бүтээгдэхүүний өртөг (ББӨ) 58% нэмэгдсэн байна. Үйлдвэрийн технологийн карт өөрчлөгдөөгүй, эсвэл худалдааны бизнест бараа татан авах түгээх процесс өөрчлөгдөөгүй үед өртгийн өсөлт нь ийнхүү борлуулалтын орлогоос илүү нэмэгдэх нь нийт ашиг буюу ахиуц орлогыг бууруулна.
Gross margin буюу нийт ашиг 2017 онд 60.0 сая төгрөг байсан ба 2018 онд 66.1 сая төгрөгт хүрч нэмэгдсэн байх ч нийт борлуулалтад эзлэн нийт ашгийн хэмжээ 10.4 хувиас 7.4 хувьд хүрч буурсан байна.
Энэ нь нийт орлого болон өртгийн хувьд гарсан өөрчлөлт бөгөөд та өөрийн бизнестээ шинжилгээ хийхдээ бүтээгдэхүүн үйлчилгээ бүрээр борлуулалтын орлого болон ББӨ – ийн гүйцэтгэлийг тодорхой гаргаж дээрх байдлаар харьцуулан яг аль бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр орлого, өртөг хэрхэн өөрчлөгдсөн, гол өсөлт ба бууралт нь хаана байсныг задлан харах хэрэгтэй. Энэ нь борлуулалтын орлогын өссөн амжилтын үндэс болон буурсан алдааны учир шалтгааныг тодруулан тогтооход таньд тусална. ББӨ нь зөвхөн түүхий эд материал бус, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход шаардагдсан буюу ашигласан шууд материал, шууд хөдөлмөр болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудыг/ҮНЗ/ шингээн тооцсон дүн болохыг анхаарна уу.
Үйл ажиллагааны зардлын хувьд борлуулалт, маркетингийн зардал 42 хувиар, ерөнхий ба удирдлагын зардал 9 хувиар тус тус нэмэгдсэн. Борлуулалт, маркетингийн зардал нь хэдий өндөр хувиар нэмэгдсэн ч абсолют дүнгээрээ харьцангуй их биш, 12.6 сая төгрөгөөс 17.9 сая төгрөгт хүрч 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэн. Борлуулалт, маркетингийн зардал нийт борлуулалтын орлогын 3-5 хувь ба түүнээс бага байх нь тохиромжтой гэж үздэг, бидний жишээний хувьд 2 хувьтай тэнцүү байгаа юм.
Борлуулалт, маркетингийн зардал болон ерөнхий ба удирдлагын зардал өмнөх оноос хэрхэн өөрчлөгдсөн байхаас илүүтэй тухайн оны санхүүгийн төлөвлөгөө, төсөвтэй харьцуулахад ямар гүйцэтгэлтэй байх нь чухал юм.
Жишээ компанийн хувьд ерөнхий болон удирдлагын зардал өмнөх оноос 9 хувь нэмэгдсэн байна.
2018 оны татварын төлөхийн өмнөх ашиг нь өмнөх онтой харьцуулахад 2.84 дахин нэмэгдсэн гүйцэтгэлтэй байгаа. Ашиг нэмэгдсэн нь сайн үзүүлэлт гэж дүгнэж болох ч орлогын тайланд туссан 163.0 сая төгрөгийн бусад орлого /үндсэн үйл ажиллагааны бус орлого/, 142.3 сая төгрөгийн бусад зардал /үндсэн үйл ажиллагааны бус зардал/ – ыг тайлангаас хасч тооцвол татвар төлөхийн өмнөх ашиг хасах 500,000 төгрөг буюу алдагдалтай байна. Бизнесийн үндсэн үйл ажиллагааны бус аливаа хэлбэрээр орлого олох, түүнийг олохын тулд гарсан бусад зардал нь орлогын тайлангийн дүнг өөрчилсөн тохиолдолд дээрх байдлаар цэвэршүүлэн үндсэн бизнесээ ямар гүйцэтгэл үзүүлсэн болохыг тод харах хэрэгтэй. Татвар төлөхийн өмнөх ашиг тооцоход мөн зээлийн хүү төлөгдөөгүй байх бөгөөд энэ дүнг EBIT /Earnings before interest and taxes/ гэж нэрлэнэ.
Цэвэр ашгийн түвшин нь орлого, үр дүнгийн тайлангаас харах нэг чухал үзүүлэлт юм. Цэвэр ашгийн түвшин 20 хувиас дээш байвал маш сайн гэж дүгнэх ба зохистой хэмжээ нь бизнесийн салбараас хамаарна. Томъёо:
(Цэвэр ашиг / Цэвэр борлуулалт) * 100%
Жишээ компанийн хувьд 2017 онд 0.8% байсан ба 2018 онд 2.1% болж нэмэгдсэн байна.
Бизнес бүрт тулгардаг нэг хүндрэл бол борлуулалтын авлагаа хугацаанд нь барагдуулах. Бизнес авлагаа хэр үр дүнтэй барагдуулж байгааг хэмжих үзүүлэлт нь Авлагын эргэц бөгөөд Санхүү байдлын тайлан болон Орлого үр дүнгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг ашиглана.
Авлагын эргэц тооцох томъёо:
Борлуулалтын орлого / Дансны авлага
Авлагын эргэц, хоногоор:
365 / Авлагын эргэц
Жишээ компанийн хувьд Авлагын эргэц 2017 онд 9.8 байсан нь 2018 онд 16.8 болж нэмэгдсэн буюу авлага барагдуулалт сайжирсан. Авлагын эргэцийн хоногоор тооцсоноор авлага барагдуулах хугацаа 2017 онд 37 хоног байсан нь 2018 онд 21 хоног болж буурсан байна.
Аливаа бизнесийн үйл ажиллагаа хэвийн, борлуулалт сайн явагдаж байгаа ч бэлэн мөнгөнийн дутагдалд байнга ордог бол борлуулалтын авлагын эргэцээ бууруулж, авлага барагдуулахад бага хугацаа зарцуулдаг болох шаардлагатай юм.
Санхүү байдлын тайлан болон борлуулалтын орлогын тайлангаас та хөрөнгийн эргэц, бараа материалын эргэцийг дээрх байдлаар тооцож үзэх боломжтой.
III ХЭСЭГ. МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН
Мөнгөн гүйлгээний тайланг зарим санхүүгийн гүйцэтгэлд мөнгөн урсгалын тайлан гэж нэрлэх, хэрэглэх тохиолдол байдаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь 3 хэсгээс бүрдэнэ:
- Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
- Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
Таны бизнес ямар эх үүсвэрээс бэлэн мөнгө олж авсан ба хаашаа юунд зарцуулагдсан болохыг энэ тайлан харуулна. Таны бизнес олж чадаж буй мөнгөөрөө бизнес хэвийн үргэлжлэхэд шаардлагатай худалдан авалтаа хийж, зарлагуудаа төлж чадаж байгаа бөгөөд цаана нь мөнгөн хуримтлал үүсгэж чадаж байгаа эсэхийг хэмжих боломжтой. Ингэж чадаж байвал бизнесийн “эрүүл мэнд” хэвийн байна гэж үзэх юм. Мөнгөн гүйлгээний тайлангийн гүйцэтгэлдээ тулгуурлан богино хугацааны мөнгөн гүйлгээний төлөвлөлтөө хийж хэзээ мөнгөний дутагдалд орох магадлалтай, ямар хэмжээний эх үүсвэр нэмж олох хэрэгтэйг төлөвлөдөг. Эдгээрийг А компанийн бодит жишээн дээр тайлбарлая:
А компанийн 2017 оны үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого нь 1,785.4 сая төгрөгийн борлуулалтын орлого ба 31.7 сая төгрөгийн бусад орлогоос бүрдэж байна. Бусад орлогод даатгалын нөхөн төлбөр, татварын буцаалт, аливаа татаас санхүүжилт болон мөнгөөр барагдуулсан авлага зэрэг орно. Тайлант жилд 1,817.2 сая төгрөгийн орох мөнгөн урсгал үүсчээ. Мөнгөн гүйлгээний сар бүрийн тайлангаас үзэхэд оны эхний 4 сар нийт орлогын 24%, 5-8 дугаар сард нийт орлогын 21% нь орсон байх ба үлдсэн 4 сард нь нийт орлогын 55% нь орж ирсэн ба хамгийн бага орлоготой сарууд нь 3 ба 7 дугаар сарууд байна. Иймд эдгээр саруудад эх үүсвэрийн дутагдалд ордог байх магадлалтай гэж үзэж болно.
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн зарлага нь дараах байдалтай байв:
Бараа материал худалдан авахад 1,055.1 сая төгрөг зарцуулсан ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн бараа материал ашигласан тул бараа материалын үлдэгдэл 50.0 сая төгрөгөөр буурсан.
Тайлант хугацаанд 175.4 сая төгрөгөөр хөрөнгө худалдан авч 149.6 сая төгрөгийн дараа тооцооны авлага үүсгэн мөнгөний гарах урсгал явагдсан байна. Эдгээр нь нийт мөнгөн зарлагын 17% – тай тэнцсэн бол үйл ажиллагааны зардалд төлсөн мөнгө нийт зарлагын 23% байв.
А компани 2017 оны гүйцэтгэлтэй тэнцүү түвшинд үйл ажиллагаа зардал, татвар, хүүгийн төлбөр зэргийг барьж, шинээр хөрөнгө худалдан авахгүй, зарцуулсан өртгийн хэмжээнд бараа худалдан авах ба бусад авлага үүсгэхгүй гэж төлөвлөвөл дараа онд нь 1.5 тэрбум төгрөгийн мөнгөн орлогыг үндсэн үйл ажиллагаанаасаа олох шаарлагатай. Хэрэв ийм хэмжээгээр үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого олж чадахгүй бол санхүүгийн үйл ажиллагаагаар буюу зээлээр мөнгө босгох хэрэгтэй болох юм.
А компани үндсэн үйл ажиллагаанаасаа 1,817.2 саяын мөнгөн орлого олж, 1,906.0 сая төгрөг зарцуулснаар үндсэн үйл ажиллагааны цэвэр орлого нь хасах 88.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Бэлэн мөнгөний дутагдалд орсон саруудыг давахын тулд санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ үүсгэн нийт 97.0 сая төгрөгийн зээл авч, зээлийн үлдэгдлээс 142.7 сая төгрөгийг төлсөн байна. Ингэснээр оны эхэнд байсан бэлэн мөнгөний үлдэгдэл дээр цэвэр орлогоо нэмж, авсан ба төлсөн зээлийн зөрүүг нэмсэнээр мөнгөний эцсийн үлдэгдэл 15.4 сая төгрөг болсон. Энэхүү бодит тайланд А компани жилийн дүнгээр 189.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг ба тухайн цэвэр ашиг, бэлэн мөнгөний эхний үлдэгдэл, мөн бараа материалын буурсан зөрүүний хамт 175.4 сая төгрөгийн хөрөнгө худалдан авалт, 149.5 сая төгрөгийн авлага үүссэн гүйлгээг санхүүжүүлэхэд зарцуулагдсан байна.
А компани аливаа бизнес, хувьцаа, үнэт цаас худалдан аваагүй ба худалдаагүй тул мөнгөн гүйлгээний тайлан нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ ба санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнээс бүрдэж байна.
Ийнүү санхүүгийн тайланг хэрхэн унших тухай нийтлэлүүд танд хүрлээ. Бизнесийн гүйцэтгэлээ тод харах үйлсэд нь амжилт хүсье.
Sanhuuch.mn, Tod systems-ийг хамтран үүсгэн байгуулагч, санхүүч, бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрах