Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, доктор В.Данаасүрэнтэй ярилцлаа.
Цар тахал эдийн засагт, тэр дундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд, банкны салбарт, банкны зээлд ямар нөлөө үзүүлж байгаа талаар судалсан гэж сонслоо. Цар тахал аж ахуйн нэгжүүдэд яг ямар нөлөө үзүүлэв гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү?
Ковид-19 цар тахлын хувьд ганц манай улсын эдийн засагт ч биш дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 70-80 хувь нь жижиглэн болон бөөний худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Худалдааны хувьд импортын барааг Монголынхоо зах зээлд зарах тухай л асуудал шүү дээ. Тэр утгаараа хил гааль жил орчмын хугацаанд хаалттай байсан нь худалдааны салбарт нөлөөлсөн.
Түүнчлэн, хил гааль хаагдангуут импортын түүхий эд, материал ашиглаж дотооддоо үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ч хүндрэл гарсан. Ийм шалтгаанаас болж импортын түүхий эдийн хомсдол үүсэж, бараа материалын үнэ өссөн. Үүнийг дагаад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өртөг өсчихсөн. Өндөр өртгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авах чадвартай иргэд ховор байна.
Иргэд нэг талдаа худалдан авагч, нөгөө талдаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд ажилладаг ажилтнууд. Хөл хориогоор үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хумигдаж эмийн сан, хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр гурваас бусад нь бүгд хаалгаа барьсан. Үйл ажиллагааг нь хязгаарласан аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгохоос аргагүйд хүрсэн. Цомхотгоогүй зарим нь ажилчдадаа цалингүй чөлөө олгосон. Аж ахуйн нэгжүүдийн тухайд хамгийн гол зардал нь цалин, түүхий эд материалын зардал байдаг. Хүмүүс өдөр тутмын хэрэглээний бараагаа л худалдан авдаг болсноос хэрэглээгээ танаж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт буурсан. Ингэж бүтээгдэхүүний түүхий эд багасаж, өртөг өссөн, бүтээгдэхүүний борлуулалт буурсан зэргээс хамаарч үйлдвэрлэл хумигдаад байна.
Судалгаа хийгээд үзэхээр аж ахуйн нэгжүүдийн хэчнээн хувь нь зогссон байна вэ?
2021 оны эхээр судалгаа явуулахад судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 50-иас илүү хувь нь зогссон байна. Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйлдвэрлэлийн салбарынхан гээд харахаар нийт нийлүүлэлт болон эрэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн үг.
Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэцүүдэхээр банкнаас зээл авах боломжгүйд хүрч таарна. Ингээд багцаалдахаар жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгодог зээлийн хэмжээ эрс хумигдсан байх. Энэ талаарх судалгааны үр дүнгээсээ хуваалцахгүй юу?
Судалгаанаас харахад жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн эрэлт нь буурсан дүр зураг гарсан. 2020 оны сүүлээр жижиг, дунд бизнес болон аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг өмнөх оных нь мөн үетэй харьцуулахаар 30-40 орчим хувиар буурсан байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьд 2020 он үйл ажиллагаа нь хумигдсан жил байсан учраас хөрөнгө оруулалтын зээл гэж бараг авахаа больсон. Бүр тодруулж хэлбэл цаашаа хөгжих, үйл ажиллагаагаа тэлэх тал дээр анхаарах боломжгүй болсон гэсэн үг. Амь зогоосон эргэлтийн хөрөнгийн зээлийг л бага хэмжээгээр авч байна. Гэхдээ тэр зээлийн эрэлт нь ч багассан. Энэ нь жижиг, дунд бизнесүүд үйл ажиллагаагаа хумисны нэг илрэл юм. Үйл ажиллагаа нь хумигдсан учраас зээл авах эрэлт нь банкан дээр багассан гээд ойлгож болно.
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд банкны зээлийн шаардлагыг хангах боломж нь ч бас хумигдсан байх?
Банкны шаардлагыг хангадаг жижиг, дунд үйлдвэрүүдийн тоо буурсан нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж байгаа. Банкны эдийн засагчдаас асуулга судалгаа авахад жижиг, дунд үйлдвэрүүд банкны зээлийн барьцааны шаардлагыг улам л хангаж чадахаа больсон гэж тодотгосон.
Татвараас зайлсхийхийн тулд зардлаа ихэсгээд орлогоо багасгадаг асуудал бий. Дийлэнх нь тэг баланстай аж ахуйн нэгжүүд байна л даа. Татвараас зайлсхийж яваа нь аж ахуйн нэгж талдаа ашигтай юм шиг боловч, дунд болон урт хугацаанд ирээдүйг нь баллаад байна.
Барьцаа хөрөнгийн асуудал өмнө нь ч асуудалтай байсан. Ковидын үед бүр муудсан гэсэн үг үү?
Ковидын үед улам бүр дордсон нь судалгаагаар тодорхой болсон. Жижиг, дунд үйлдвэрүүд өмнө нь авсан зээлээ төлж чадахгүй шалтгаанаар дахиж зээл авах боломжгүйд хүрч байгаагаас гадна ахиж зээл авъя гэсэн ч барьцааны шаардлагыг хангаж чадахгүй гэсэн асуудалтай нүүр тулаад эхэлчихсэн.
Барьцаа хөрөнгөнөөс гадна өөр ямар асуудал, бэрхшээл үйлдвэрлэгчдэд байна вэ?
Банкнуудын тухайд зээл олгох сонирхол байгаа ч шаардлага хангах аж ахуйн нэгж ховор байна. Барьцаа хөрөнгөнөөс гадна ашиг орлогоо нотолж чадахгүй аж ахуйн нэгжүүд олон байх жишээний. Татвараас зайлсхийхийн тулд зардлаа ихэсгээд орлогоо багасгадаг асуудал бий. Дийлэнх нь тэг баланстай аж ахуйн нэгжүүд байна л даа. Татвараас зайлсхийж яваа нь аж ахуйн нэгж талдаа ашигтай юм шиг боловч, дунд болон урт хугацаанд ирээдүйг нь баллаад байна. Тайлангаа алдагдалтай гаргасан компанид янз бүрийн хөнгөлөлттэй зээлийг банк өгөх аргагүй болчихож байгаа юм.
Тэгнэ л дээ, алдагдалтай бизнест зээл өгөх аргагүй. Аж ахуйн нэгжүүд энэ асуудлаас гарахын тулд яах ёстой вэ?
Санхүүгийн бүртгэл тооцоогоо цэвэршүүлэх, нэгдмэл тайлантай болох, ашиг орлогоо нотолдог болох шаардлагатай байна. Үүнээс гадна банкны эдийн засагчдын онцолсон бас нэг асуудал бий. Аж ахуйн нэгжүүд зээлээ зориулалтын дагуу зарцуулах эсэх нь тодорхойгүй, зээлээ авчихаад өөр зүйлд зарцуулаад явах эрсдэлтэй, зээлийн зарцуулалтад банкны зүгээс хяналт тавих тал дээр учир дутагдалтай гэх мэт асуудал байгаа юм билээ.
Дахиад хэлэхэд аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа цэвэр байлгахад анхаарах хэрэгтэй байна. Ингэж байж л банкууд тухайн компанийн үнэн зөв тайланд тулгуурлаж хөрөнгө оруулалтын зээл олгох боломжтой болно. Аж ахуйн нэгжүүд ямар нэгэн үйлдвэр барих, технологи нэвтрүүлэхээр зээл авахаар хандлаа гэж бодъё. Энэ тохиолдолд бизнесийн төсөл бичих болно оо доо. Гэтэл төсөл нь ашигтай, алдагдалтай байх эсэхийг өөрсдөө тооцоолж чаддаггүй. Тийм учраас төслийнхөө ашигтай эсэхийг банкны эдийн засагчид баталж чаддаггүй асуудал байна. Зээлийн эдийн засагчийн хувьд ашигтай үгүй нь мэдэгдэхгүй төсөлд зээл өгөхөд эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө чадавхжих хэрэгтэй байна.
Аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа цэвэр байлгахад анхаарах хэрэгтэй байна. Ингэж байж л банкууд тухайн компанийн үнэн зөв тайланд тулгуурлаж хөрөнгө оруулалтын зээл олгох боломжтой болно.
Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 97 хувь нь өөрийн гэсэн нягтлан бодогчгүй, санхүүгийн тайлангүй гэх мэт шалтгаанаар эзэд нь компанийнхаа санхүүгийн хувьд юу болоод байгааг нарийн мэддэггүй асуудал анзаарагдсан. Нарийн судалгаа, төлөвлөлтгүйгээр бизнестээ их мөнгө оруулаад, мөнгөө зөв удирдаагүйгээс ашиг олж гавьдаггүй, 20-30 жилийн хугацаанд зээлээс зээлийн хооронд амьдарч байна гэх мэт асуудлууд байна. Энэ бүх асуудлын гол гаргалгаа нь аж ахуйн нэгжүүдийн эзэд өөрсдөө санхүүгийн мэдлэгтэй болж, мэргэжлийн хүмүүстэй болох хэрэгтэй байгаа юм. Зардал нь өссөн шалтгаан, орлого олчихоод шингээж чадахгүй байгаагийн учир, хэчнээн хэмжээний зээл авбал төлөөд явах боломжтой зэргийг нарийн тооцдог санхүүгийн боловсролтой болчихвол энэ бүх асуудал шийдэгдэнэ.
Энэ бүх асуудлыг богино хугацаанд шийдэхийн тулд яах ёстой юм бол, судалгаа хийсэн газрын хувьд ямар нэг тодорхой шийдэл гарц санал болгооч гэвэл та юуг онцлох вэ?
Яг энэ чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд зориулсан жижиг программ хангамж бүтээж хэрэглээнд сайн нэвтрүүлж чадвал санхүүгийн шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ. Технологийн эринд амьдарч байгаа өнөө үед ийм программ хангамжийг хэрэглээнд нэвтрүүлэх хэцүү биш. Тухайн программ хангамж орлого, зарлагыг бодитойгоор бүртгэдэг бол банкууд тогтвортой бизнесүүдэд барьцаа шаардахгүйгээр зээл олгох боломж нээгдэнэ. Мөн найдвартай компаниудын бизнесийн төслийн ирээдүйн орлого нь зээлийн барьцаа болоод явчих төслийн санхүүжилт ч нэвтрэх боломжтой. Энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүд заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалах шаардлагагүй болно гэсэн үг.
Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 97 хувь нь өөрийн гэсэн нягтлан бодогчгүй, санхүүгийн тайлангүй гэх мэт шалтгаанаар эзэд нь компанийнхаа санхүүгийн хувьд юу болоод байгааг нарийн мэддэггүй асуудал анзаарагдсан.
Дахин онцлоход аж ахуйн нэгжүүдэд чадваржих шаардлага, эрэлт байна. Миний хувьд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн “Жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” BEST хөтөлбөрийг яг энэ тал дээр эерэг нөлөө үзүүлж чадна гэж харж байгаа. Банк болон аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо хэл амаа олж чадахгүй байгаа асуудлуудын тухай та бид хоёр сая ярилаа. Банкны шаардлага хангаж чадахгүй яваа асуудал дээр нь аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгч, тодорхой үйлчилгээ үзүүлж, зээлийн шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх гүүр байгууллага шаардлагатай. Тэр нь BEST хөтөлбөр гэж би хувьдаа харж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан бага хүүтэй зээлийн олголт тааруу байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ?
Энэ асуудлыг банкны удирдлагууд их гярхай ажигласан байна лээ. Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл энэ оны гуравдугаар сараас олгож эхэлсэн. Энэ зээлийг бүх аж ахуйн нэгж авахыг хүсэж байгаа. Тэр утгаараа банкуудад маш олон хүсэлт ирсэн. Хамгийн гол нь эх үүсвэрийг банкууд өөрсдөө гаргана. Гэтэл банкны эх үүсвэр хангалттай биш. Үүнээс гадна Монголбанк, Сангийн яамнаас хамаарсан өөр асуудлууд ч байна. Наад захын жишээ гэхэд л зээлийн зориулалтыг тодорхой болгох асуудал байна. Хэдээс хэдэн төгрөгийн борлуулалттай, аль салбарын, ямар хэмжээний аж ахуйн нэгжид олгох нь өнөөг хүртэл тодорхойгүй, жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн ерөнхий шаардлага л тавигдсан байна.
Жижиг, дунд үйлдвэрлэгчид барьцаа хөрөнгө шаардлагыг хангахгүй байгаа учраас том компанийн охин компаниуд, өөрөөр хэлбэл үйл ажиллагааны түүх сайтай, барьцаа хөрөнгө ихтэй компаниуд уг зээлийг авах магадлал өндөр болчихож байна.
Нэг талаас аль салбарын, ямар хэмжээний жижиг дундыг хамруулах нь тодорхой биш, нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэгчид барьцаа хөрөнгө шаардлагыг хангахгүй байгаа учраас том компанийн охин компаниуд, өөрөөр хэлбэл үйл ажиллагааны түүх сайтай, барьцаа хөрөнгө ихтэй компаниуд уг зээлийг авах магадлал өндөр болчихож байна. Иймд дэмжих шаардлагатай байгаа үйлдвэрлэлийн чиглэлийн жижиг дундуудад зорилтот зээл нь хүрч чадахгүй байна.
Жижиг, дунд үйлдвэрлэгчид яг үүнд сэтгэл дундуур байдаг л даа. Таны ярианаас ямар салбарын жижиг дундуудад зээлийг олгох вэ гэдгээ Сангийн яам, Монголбанкнаас тодорхой болгох ёстой гэх мэт асуудлууд байгаа гэж ойлголоо. Үйлдвэрлэгчдийг дэмжих өөр ямар гарц, шийдэл байна вэ?
Тийм ээ, сая хэлсэн шалтгаануудаас болж жижиг дунд үйлдвэрлэгчдэд хаягласан зээл нь дундаас дээш хэмжээтэй том бизнесийг дэмжээд байна л даа. Гарц шийдлүүд мэдээж бий. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд нэг санал дэвшүүлэхэд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажиллах, амьдрах хэв маягийг дэмжих зориулалттай 500 тэрбумын тэтгэлэг бий. Энэ мөнгийг залуучуудын эрүүл амьдралын хэв маягийг өөрчлөх фитнес гэх мэтийн зүйлд түр хугацаанд зарцуулснаас ажлын байр бий болгож яваа аж ахуйн нэгжүүдтэйгээ холбочихвол илүү өгөөжтэй.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүжилтээс гадна хүний нөөцийн дутагдал гэсэн асуудалтай байнга нүүр тулдаг. Нэг талд компаниудад ажиллах мэргэжлийн хүний нөөц хомсдолтой, нөгөө талд залуус их сургууль төгсөөд ажилгүй байна. Тэднийг холбох нэг гарц бол ажилтан бэлтгэх сургалтууд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр ч юм уу дамжуулан эдгээр хэрэгцээг хангаж болно. Эсвэл компаниуд өөрсдөө ажилтнаа бэлтгээд, бэлтгэсэн ажилтантайгаа тогтвортой ажлын байрны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид дээрх тэтгэлгийг олгох байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлд хүний нөөц болон санхүүгийн талаас нь урамшуулал үзүүлэх хувилбар байж болно. Ингэвэл залуус тогтвортой ажил орлоготой болно.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ч хүний нөөцгүй гэсэн асуудал аж ахуйн нэгжүүдийн нийтлэг зовлон. Энэ асуудлыг нь шийдээд өгчихвөл жижиг дунд үйлдвэрлэлийг бодит утгаар нь дэмжсэн шийдэх болох л юм байна…?
Та зөв харж байна. Зээл авчихдаг, үйлдвэрлэлийг нь явуулах ажилтан байхгүй бол хэцүү л дээ. Фитнест зарцуулах 500 тэрбумаа энэ асуудлыг шийдэхэд зарцуулбал жижиг дунд үйлдвэрлэлийг бодит утгаар нь дэмжсэн хэрэг болно.
Банкны шаардлага хангахгүй жижиг, дунд үйлдвэрлэгчид Банк бус санхүүгийн байгууллага руу ханддаг гэсэн мэдээлэл дуулддаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
Бид судалгааныхаа хүрээнд үүнд анхаарсан. Банк бус санхүүгийн байгууллага хадгаламж татан төвлөрүүлдэггүй учраас өөрсдөө богино хугацааны бонд гаргах ч юм уу, эсвэл банкуудаас зээл авч түүнийгээ жижиг дундуудад зээл болгож өгдөг юм байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, ялангуяа бичил аж ахуйн нэгжүүд (1-9 ажилчинтай) эцсийн найдвар болгож ББСБ-д ханддаг. ББСБ-ын зээлийн хүү өндөр байдаг нь банкууд тэднийг өрсөлдөгчийн нүдээр харж арай өндөр хүүтэй зээл өгдөгтэй ч холбоотой. Мэдээж эх үүсвэрийнх нь хүү өндөр тул ББСБ түүнээсээ өндөр хүүгээр жижиг, дундуудад зээл олгож таарна.
Бичил бизнес эрхлэгчид банкны шалгуурыг хангаж чадахгүй учраас ББСБ-д хандах нь нийтлэг юм шиг анзаарагддаг. Ингээд харахаар бүр бичил, жижиг бизнесийг дэмжих гол гарц нь ББСБ гэж харагдаад байдаг. Тэгэхээр Засгийн газарт ББСБ-ийг хямд санхүүжилтээр хангах шаардлага тулгарч байх шиг ээ?
Бичил бизнес эрхлэгч, тухайлбал жижиг оёдлын цех байлаа гэхэд банкны шалгуурыг хангаж чаддаггүй. Наад зах нь орлогоо нотолж чаддаггүйгээс гадна барьцаа хөрөнгөгүй гэсэн том асуудал бий. Иймд нь эргэлтийн хөрөнгөө шийдэхийн тулд ББСБ-аас өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Тэгэхээр бичил, жижгүүдийг дэмжье гэж байгаа бол банк бусуудад боломж олгох хэрэгтэй.
Бичил бизнесийг дэмжье гэвэл банкнаас гадна ББСБ руу ч гэсэн анхаарал хандуулж, санхүүжилтийн асуудалд нь уян хатан дэмжлэгээ үзүүлбэл зөв шийдэл байж болох юм.
Бичлүүд нийт аж ахуйн нэгжийн 88 хувийг бүрдүүлдэг. Зарим ББСБ энэхүү хэрэгцээг олж хараад зөвхөн зээл олгох гэлтгүй харилцагчдадаа сургадаг юм байна. Инвескор ББСБ л гэхэд харилцагчдадаа сард найман цагийн сургалтын эрх өгдөг юм билээ. Мэргэжлийн хүмүүсээр сургалт явуулж, харилцагчдаа хооронд нь холбох арга хэмжээ авч байгаагаа ярьж байсан. Ингэснээр өртгийн сүлжээгээр хоорондоо холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Жишээ нь нэг нь даавуу худалдаж, нөгөөх нь даавууг нь аваад юм оёж, оёсон зүйлийг нэг дэлгүүр зардаг гэх мэт харилцан хамааралтай компаниуд тухайн өртгийн сүлжээг бүрдүүлдэг. Эдгээрийг тухайн ББСБ холбож өгөхийг хичээж байх жишээний.
ББСБ-ын үйл ажиллагаа нь Монголбанкны зохицуулалтаар явагддаггүй учраас банкуудыг бодвол шалгуур нь бага. Шалгуур бага учраас харьцангуй богино хугацаанд бага шаардлага тавиад нэг их барьцаа шаардахгүй зээл олгодог. Харилцагч талдаа ч хүнд суртал нь бага байдаг. Гол нь хүү өндөр учраас жижиг, дунд үйлдвэрлэгчид тэдэнд хандаж чаддаггүй байна. Давтан хэлэхэд бичил бизнесийг дэмжье гэвэл банкнаас гадна ББСБ руу ч гэсэн анхаарал хандуулж, санхүүжилтийн асуудалд нь уян хатан дэмжлэгээ үзүүлбэл зөв шийдэл байж болох юм.
“Хөгжлийн шийдэл” ТББ, “Жижиг Дунд Бизнесийн тогтвортой хөгжил, ил тод байдлыг сайжруулах” BEST хөтөлбөртэй хамтран бэлтгэв