Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж, биржийн бус зах зээл (OTC Market) -ийн арилжааг албан ёсоор эхлүүлэх цан цохих ёслолын ажиллагаа боллоо. Ийнхүү мэргэжлийн хөрөнгө оруулагчдад чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл Монгол Улсад хөгжих эхлэлийн цэг тавигдав. МҮЦАЭХ-оос ажлын хэсэг байгуулагдаж, олон улсын түвшинд судалгаа хийсний үр дүнд өнгөрсөн оны сүүлчээр биржийн бус зах зээлийн эрх зүйн зохицуулалт бий болж, улмаар нарийвчилсан журмууд батлагдаж, цахим программ хангамж бүтээснээр биржийн бус зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрджээ. Энэхүү томоохон алхам амжилттай хэрэгжсэн нь МҮЦАЭХ-оос гадна Санхүүгийн зохицуулах хороо, Жайка (JICA) олон улсын байгууллага, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Анд Системс компанийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Энэ сарын 3-ны өдөр биржийн бус зах зээлийн анхны захиалгууд болох гурван компанийн нийт 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй таван хаалттай бондын санхүүжилтыг амжилттай босгож, анхдагч зах зээлийн захиалгыг хаасан бол 8-ны өдөр эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн билээ. ББЗЗ хөгжсөнөөр компаниудын бондын хөрвөх чадвар сайжирч, өмчлөх эрхийн бүртгэл шилжих, арилжих боломж Монголын хөрөнгийн зах зээлд бий болж буйгаас гадна хувийн хэвшлийнхнийг .
Хувийн хэвшлийнхнийг бодитоор дэмжсэн энэхүү алхам компаниудын хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх томоохон боломж гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Ялангуяа ЖДБ эрхлэгчдийн хувьд энэ бол таатай мэдээ. Учир нь тухайн компани том, жижгээс үл хамааран бонд болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслийг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд гаргаж, улмаар арилжаа хийгдэх боломж нээгдсэн гэсэн үг.
Мөн биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа идэвхжсэнээр компаниудын хувьд өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчинтой төдийгүй үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардлаа хэмнэж, хөрөнгө оруулагч талаас өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөгжих, мэдээллийн ил тод байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.