Интернэтээр мэдээлэл дамжуулах үндсэн технологи нь шилэн кабель. Энэ нь маш нарийн шилэн гуурсан хоолойгоор буудсан гэрлийн дохиог ашиглан гэрлийн хурдаар мэдээлэл дамжуулах арга юм. Дэлхийг хэрсэн энэхүү аварга том сүлжээгээр улс хооронд мэдээлэл дамжуулахад интернэтийн харилцан холболтыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд улс орон бүрт ажилладаг. Монгол Улсын хувьд тийм компанийн нэг нь Мобиком Корпорацийн охин компани болох Мобиком Нэтворкс ХХК юм.
Тус компани 2013 онд байгуулагдсан. Монгол орон даяар 8600 гаран км урт шилэн кабельтай. Мөн радио релей, сансрын холбооны сүлжээг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Монгол улсын нутаг дэвсгэр дээр мэдээлэл холбооны сүлжээний үндсэн сүлжээ эзэмшдэг, манай улсын орчин үеийн харилцаа холбооны түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн компани.
Мобиком Нэтворкс компани нь өөрийн харилцаа, холбооны дэд бүтцээ бусад компаниудад түрээслэхийн зэрэгцээ ижил төстэй дэд бүтцийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтайгаа байгуулсан сүлжээгээ харилцан ашиглах замаар Монгол орны мэдээлэл дамжуулах байгууламжийн найдвартай ажиллагаа, багтаамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Монгол Улс Алтанбулаг болон Замын Үүд боомтуудаар татсан шилэн кабелиар дэлхийд интернэттэй холбогддог бөгөөд энэхүү холболтоо ашиглан бусад оператор компаниуд, ISP үйлчилгээ эрхлэгч нартаа интернэтийн бөөний үйлчилгээ хүргэдэг. Энгийн үгээр, интернэт сүлжээний багтаамж буюу бидний хэлж заншсанаар интернэтийн хурдыг их хэмжээгээр дотооддоо түрээсэлдэг гэсэн үг юм.
Цахим транзит тээвэр
Сүүлийн үеийн тоо баримтаар дэлхий даяар таван тэрбум хүн интернэтийг өдөр тутамдаа хэрэглэдэг аж. Үүний тал хувь нь буюу 2.5 тэрбум нь Азид амьдарч байна. Харин Европ 700 сая хэрэглэгчтэй. Энэ хоёр тивийн хэрэглэгчдийн хоорондоо интернэтээр холбогдох хэрэгцээ өдөр тутам өсч, нэг нэгнийхээ аварга том дата төвүүд рүү хандах нь эрс ихэссэн. Тэдний цахим “шуналыг” дарахад сүлжээний багтаамжийг улам нэмэхээс өөр сонголтгүй болж, дэлхийн харилцаа холбооны компаниуд асар их хөрөнгө оруулалтууд хийсээр байна.
Харин Ази, Европын хоорондох интернетийн урсгалыг дамжуулах үндсэн чиглэлүүд нь Казахстан, Монголын нутаг болон Оросын Транссибирийн төмөр зам дагуу байдаг ба эдгээрээс дамжин өнгөрөхөд тохиромжтой, дөт маршрут нь Монголын нутаг дэвсгэр юм.
Монгол Улсаар дамжих транзит сүлжээний хэрэглээ ихсэх тусам тэр хэмжээгээр манай улсад орж ирэх долларын орлого нэмэгдэнээ гэсэн үг.
МобиКом Нетворкс нь Хятадын Чайна телеком, Чайна Мобайл, Чайна Юником, Оросын Мегафон, Транстелеком зэрэг харилцаа, холбооны аваргуудтай харилцан холболт хийсэн бөгөөд 2018 оноос эхлэн Ази-Европыг холбосон Интернетийн транзит урсгал дамжуулах үйлчилгээг үзүүлж байна.
Энэ бол цэвэр экспортын бизнес юм. Мобиком Нэтворкс компанийн Гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх энэ тухай ярихдаа “Бидний бодлого бол дотоодын компаниудтайгаа хамтарч, гадаадын зах зээл дээр өрсөлдөх” гэж тодорхойлов.
Савны хэмжээ ихэссээр
Шилэн кабелийн дотуур гэрлийн хурдаар гүйж буй сигнал улс хооронд “дураараа” хурдалж болдоггүй бөгөөд хоёр хүн хоорондоо фэйсбүүкээр чаталж “Сайн уу” гэж бичихэд тэр сигнал нь төрөл бүрийн илгээдэг, боловсруулдаг, шүүж хянадаг, хүлээж авдаг төхөөрөмжүүдээр дамжина. Цар тахлын хөл хориогоор хүмүүс гэрээсээ ажиллаж, уулзаж, хичээлээ давтаж, кино үзэж, бүр гэрээсээ дэлгүүр хэсдэг болсноор хэрэглээ нь хагас жилийн дотор 25 хувиар өссөн тооцоо байна. Зарим улс орон, үйлчилгээ үзүүлэгч нарын хувьд энэ их гэнэтийн өсөлтийг даалгүй сүлжээ нь доголдсон, чанар нь муудсан тохиолдлууд гарсан.
Мобикомын хувьд чадвартай инженерүүдийнхээ ачаар ачааллыг оновчтой төлөвлөж, замчлалыг зөв зохистой хийснээр дээрх ачааллыг доголдолгүй давж гарчээ. Интернэтийн хурд удаан байна гэдэг нь ихэнхдээ ачааллыг буруу тооцсоноос үүддэг тухай Ц.Идэрмөнх ярилаа.
Мобиком Корпорацийн нэгэн том бахархал нь өндөр ур чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай, энгийнээр бол интернэт урсгалын “найруулагчаар” ажилладаг сүлжээний инженерүүд.
Зарим тохиолдолд видео хурал хийх, тоглоом тоглоход бидний яриа, видео дүрс, тоглоомын үйлдэл цаад сервертээ хоцорч очоод байгааг анзаардаг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “Latency” буюу хоцрогдол гэж нэрлэнэ. Тухайн хэрэглэгчийн хандаж буй үйлчилгээний серверийн байршлаас хамаарч хоцрогдол нь харилцан адилгүй. Мэдээлэл шилэн кабелаар хичнээн урт замыг туулсан ч хамгийн бага хоцрогдолтой байж, өндөр хурдтайгаар эцсийн хэрэглэгчид очих ёстой. Үүнийг хариуцаж ажилладаг хүмүүс нь сүлжээний инженерүүд.
Өндөр багтаамжтай, бага хоцрогдолтой үйлчилгээгээр хангахын тулд зөвхөн Ази, Европыг холбосон дэд бүтцэд холбогдоод, хоёр хөршийн түншүүддээ холболтоо найдаад орхих хангалтгүй. Монголтой холбогдсон Орос, Хятадын болон бусад орны операторууд цаашаагаа тоо томшгүй олон бөөний болон жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбогддог. Гэтэл Монголын нэг хэрэглэгч Сингапурт байгаа серверт хандаж PUBG видео тоглоом тоглон гох дарах команд өглөө гэж бодоход тэр сигнал нь тодорхой зам туулж очдог. Бага хоцрогдол шаарддаг ийм сигнал хаагуур, юугаар дамжиж серверт хүрэх вэ гэдгийг тохируулдаг ажлыг “Замчлалын тохиргоо” буюу Routing гэж нэрлэнэ. Хэрэв замчлалын тохиргоо буруу бол манай тоглогчийн гох дарах команд шууд Сингапур оролгүй Америк, Европын олон оператороор дамжин дэмий тэнэсээр хоцрогдолтой очиж, тоглогчийн ялагдах магадлалыг ихэсгэнэ. Замчлалын тохиргоог бид зөвхөн Монгол улсаасаа хийх нь хангалтгүй бөгөөд хүлээн авах урсгалын замчлалыг удирдахын тулд өөрдийн төхөөрөмжүүдийг олон улсын томоохон интернет зангилаа цэгүүдэд буюу дата төвүүдэд байршуулсанаар илүү хоцрогдол багатай, чанартай интернетээр хэрэглэгчээ хангах нөхцлийг бүрдүүлсэн аж.
Мобиком Нэтворкс компани нь дээрх тохиргоог хийдэг, өндөр ур чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай, энгийнээр бол интернэт урсгалын “найруулагчаар” ажилладаг сүлжээний инженерүүд олонтой. Тиймээс тэд бол Мобиком Корпорацийн нэгэн том бахархал юм.