2021 оны есдүгээр сарын 29-ны өдөр “Хөгжлийн шийдэл” ТББ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) -ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд “МАРГААШИЙН ЖДҮ” цахим хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь цоо шинээр бий болж буй өнөөгийн нийгэм болон бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдэд хөгжлийн чиглэлээ зөв тодорхойлоход туслах, амжилттай бизнесийн шилжилтийг хийх урам зориг өгөх байв. Энэ удаагийн хэлэлцүүлэг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй BEST хөтөлбөрөөс зохион байгуулсан хоёр дахь томоохон хэмжээний арга хэмжээ юм.
Хэлэлцүүлгийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески нээж үг хэлсэн ба тэрбээр “Өнөөдрийн бидэнд тулгарч байгаа Ковид-19-ийн нөхцөл байдалд “Маргаашийн ЖДҮ” хэмээх энэхүү хэлэлцүүлгийн сэдэв онцгой ач холбогдолтой гэж харж байна. Ийм учраас бид бүгд өөрчлөгдөж буй энэ ертөнцөд дасан зохицохын тулд сэтгэлгээ, стратегиа өөрчлөх хэрэгтэй” байгааг онцоллоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт шилдэг бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүд, энтрепренершип чиглэлээр мэргэшсэн экспертүүдээс бүрдсэн зургаан илтгэгч өөрсдийн алсын хараа, харах өнцөг зэрэг сэдвээр өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцсан юм. Тэд цар тахлын улмаас бий болсон боломжууд, тулгарч буй бэрхшээлүүд, ЖДҮ эрхлэгчид өөрсдийн бизнесээ тогтвортой, уян хатан байдлаар хөгжүүлэхийн тулд ямар өөрчлөлт хийж болох талаар урам зориг өгсөн шинэлэг санаа, зөвлөмжийг үзэгчдэд хүргэсэн билээ. Үүнээс гадна, цар тахлын дараах нөхцөл байдлыг ЖДҮ эрхлэгчид даван туулах чадвараа сайжруулах талаарх асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг болсноороо онцлог байв.
Энэхүү цахим хэлэлцүүлгийн хамрах хүрээг илүү өргөн, үр дүнтэй байлгах, тодорхой шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй хүмүүст зориулан хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Youtube, Facebook зэрэг сошиал сувгаар шууд дамжуулсан бөгөөд BEST хөтөлбөрийн цахим хуудсаас нөхөж үзэх боломжтой юм байна. Хэлэлцүүлэгт ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл, арилжааны 10 банк, Улаанбаатар хот болон найман аймгийн төрийн албан хаагчид тэргүүтэй 500 гаруй хүн оролцож, хамтдаа шийдэл эрэлхийлсэн юм.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй BEST хөтөлбөр нь Монгол Улсын жижиг, дунд бизнес (ЖДБ) -ийн салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор чадавхжуулах сургалт, зээлийн зуучлалын үйлчилгээ, тусгайлсан зөвлөгөө үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард “Хөгжлийн шийдэл” ТББ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих юм. Цаашид BEST хөтөлбөр Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад салбарлаж, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.