Нидерландын Хөгжлийн банк (FMO) нь дэлхийд нэр хүнд бүхий томоохон хөгжлийн банкууд болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ХААН Банканд 120 сая ам.долларын урт хугацааны зээлийн санхүүжилт олгоод буй. Энэ талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.
Цар тахлын энэ хүнд цаг үед ХААН Банк Нидерландын Хөгжлийн банкнаас томоохон санхүүжилт босголоо. Энэ санхүүжилт танай банкны хувьд ямар шинэ боломжуудыг нээж байна вэ, цаашлаад улс орны эдийн засагт хэрхэн өгөөжөө өгөх вэ?
ХААН Банк хамтран ажилладаг олон улсын хөгжлийн банкууд, хөрөнгө оруулалтын менежментийн компани, санхүүгийн байгууллагаар дамжуулан урт хугацаат зээлийн санхүүжилтийг амжилттай босгон ажилласаар ирсэн. Энэ оны хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг Нидерландын Хөгжлийн банк болон Eвропын хөгжлийн банкууд, санхүүгийн байгууллагууд хамтран 120 сая ам.долларыг ХААН Банканд олгож байна. Энэ нь ХААН Банкны харилцагчдын өргөн цар хүрээ, банкны санхүүгийн чадамж, тогтвортой өсөлт, нээлттэй ил тод засаглал, тогтвортой санхүүжилтийг дэмжин ажиллаж буйг үнэлсэн үнэлэмж төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын ХААН Банканд итгэх итгэл өндөр байгааг илтгэж байна гэж үзэж байна.
ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж 26,600 гаруй бий. 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар жижиг дунд бизнест зориулсан 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцтай байгаа нь банкны нийт зээлийн багцын 33 хувийг эзэлж байна. Энэ удаагийн хамтарсан санхүүжилтийг авснаар бид орон даяар үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй, урт хугацаатай, таатай нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнээр дэмжих боломж бүрдэж байгаа юм.
Нийт банкны зээлийн багцын 33 хувийг ХААН банкны зээл эзэлж байна.
Энэхүү санхүүжилтийн онцлог нь хугацааны хувьд харьцангуй урт буюу 5-7 жилийн хугацаатай олгож байгаа учраас цар тахлын сорилттой энэ цаг үед бизнес эрхлэгч харилцагчдадаа үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, ажлын байраа хадгалах, бизнесээ сэргээх, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжийг илүү олгож байгаа бөгөөд цаашлаад цар тахлын дараах улс орны эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад хувь нэмрээ оруулна гэж харж байна.
Зээлийн санхүүжилтийг аль чиглэлд, ямар зорилгоор зарцуулах вэ?
Энэхүү санхүүжилтийн 80 сая ам.долларыг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах бол 20 сая ам.долларыг ногоон зээл, төслүүдэд буюу тогтвортой санхүүжилтийн чиглэлээр үлдсэн 20 сая ам.долларыг банкны бусад төрлийн зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, банкны дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өргөн хүрээнд харилцагчдадаа хүргэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулах юм.
20 сая ам.долларын санхүүжилтыг ногоон зээл, төслүүдэд буюу тогтвортой санхүүжилтийн чиглэлд олгоно.
Мөн энэ санхүүжилтийн хүрээнд ногоон зээлийн эх үүсвэр олгож байгаа нь ХААН Банк байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр, ногоон зээлийн санхүүжилтийн үйл ажиллагаагаа өргөжүүлж харилцагчдадаа олон төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг санал болгох, ногоон зээл олгох чадамжаа илүү сайжруулах боломжууд нээгдэж байна. Энэ санхүүжилтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, тогтвортой хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт байгаль орчинд ээлтэй бүхий л төрлийн үйл ажиллагаа, хог хаягдлын менежмент, ногоон барилгын шийдлүүд, эрчим хүч, ус, түлшний хэмнэлттэй тоног төхөөрөмж, эко бүтээгдэхүүнүүдийг дэмжих зэрэг олон төрлийн ногоон зээлийг бизнес эрхлэгч харилцагчид болон иргэдэд илүү уян хатан, таатай нөхцөлөөр санал болгох боломжтой болж байна.
Жижиг, дунд бизнесийг дэмжих, ногоон зээл, төслийг санхүүжүүлэхэд зарцуулна гэж та онцолж байна. Энэ салбаруудыг дэмжих, санхүүжүүлэхийн чухлыг тодруулаач?
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жижиг дунд бизнесүүд голлох нөлөө үзүүлдэг тул ХААН Банк ЖДБ эрхлэгч харилцагчдаа бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхижуулах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ялангуяа, цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулахад эдгээр харилцагчдаа дэмжин ажиллах, санхүүжилтээр хангах нь зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд цаашдын бизнесийн үйл ажиллагааг нь тогтвортой эрхлэх, ажлын байрыг хадгалах, өрхийн орлогыг дэмжих, цар тахлын нөлөөгөөр удаашраад байгаа эдийн засгаа сэргээхэд чухал ач холбогдолтой юм.
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийг түгшээж байгаа тулгамдсан асуудал болоод байна. Монгол оронд ч гэсэн цөлжилт, ган, зуд, усны нөөцийн хомсдол зэргээр илэрч, манай улсын эдийн засаг, хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээд буй. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжин, тогтвортой ногоон эдийн засгийг бүтээхэд банк санхүүгийн байгууллагууд түүчээлэн оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүд ногоон үйлдвэрлэлд шилжих шилжилтийг ногоон санхүүжилтийн шийдлүүдээр дэмжин ажиллах нь нэн шаардлагатай болоод байна. ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл, үйл ажиллагааг дэмжин “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож ирсэн.
Нидерландын Хөгжлийн банктай та бүхэн өмнө нь ч хамтран ажиллаж, санхүүжилт татаж байсан. Өнгөрсөн хугацаанд та бүхний хамтран ажилласны үр дүн юу байв?
Нидерландын Хөгжлийн банк (FMO) ХААН Банктай 2009 оноос хойш 12 жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд банканд нийт 250 сая ам долларын урт хугацаат санхүүжилтийг дангаар болон бусад хөгжлийн банкуудтай хамтран олгосон нь банкийг хөгжлийн дараагийн шатанд хүрэх, зах зээлд тэргүүлэгч банк болоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Энэхүү хамтарсан санхүүжилт нь FMO-гийн зүгээс ХААН Банканд дөрөв дэх удаагаа хамтарсан санхүүжилттэй, урт хугацаат зээлийн эх үүсвэр босгож өгч буй хэлцэл бөгөөд 2018 онд Европын таван хөгжлийн банктай хамтран мөн банкны жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулж таван жилийн хугацаат 120 сая ам долларын урт хугацаат санхүүжилт олгож байсан. Тус санхүүжилт нь жижиг дунд бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байсан төдийгүй банкны жижиг дунд бизнесийн зээлийн багцын хэмжээ 2018 оноос хойш хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Энэхүү санхүүжилтийг авснаар хоёр банкны урт хугацаат түншлэлийн харилцааг бататгаж буй бас нэгэн чухал үйл явдал юм. Түүнчлэн хамтарсан санхүүжилтийн хүрээнд ХААН Банк өмнө нь харилцаатай байсан Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн банк (DEG), Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) Щвейцарийн “Atlantic Forfaiting AG” компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлж мөн шинээр Францын Хөгжлийн банк “Proparco”-тай харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.
ХААН Банк үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэж байна. Та бүхэн цаашдын зорилго, зорилтоо хэрхэн харж байна вэ?
ХААН Банк нь 1991 онд анх үүсэн байгуулагдсан цагаас хойш өдгөө 30 жилийн туршид амжилттай ажиллаж ирсэн төдийгүй Монголын банк санхүүгийн салбарт хүчирхэг, үндэсний хэмжээний тэргүүлэгч банк болон өргөжсөөр байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ХААН Банк харилцагч иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойр ажиллаж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн олон шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа үзүүлсэн итгэлээр салбартаа тэргүүлэгч банк болсон байна.
Бид цаашид энэхүү итгэлийг хадгалж, технологийн дэвшлийг ашиглан харилцагчдадаа илүү хялбар байдлаар санхүүгийн бүхий л хэрэгцээгээ хангах шинэлэг бүтээгдэхүүнүүдийг гаргахаар зорин ажиллаж байна.
2021 онд бид “Дунд хугацааны бизнесийн болон дижитал стратеги”-аа ТУЗ-өөр батлуулсан бөгөөд үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээндээ инноваци нэвтрүүлж, өгөгдлийн шинжилгээнд тулгуурлан оновчтой сувгуудаар үйлчилгээгээ хүргэх замаар харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, иргэдийн болон ЖДБ-ийн зах зээл дээрх байр сууриа тэлэх, бүхнийг нэг дороос, амьдралын хэв маяг дээр суурилсан үйлчилгээний банк болж, харилцагчид үнэ цэнийг санал болгох зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Мөн түүнчлэн Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бид нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа базаан ажиллаж, төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороогоор батлуулаад байна. ХААН Банк нээлттэй хувьцаат компани болсноор банкны харилцагч бүхэн банкны хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэж байгаа юм. Энэ нь банкны салбар төдийгүй хөрөнгийн зах зээлд маш том өөрчлөлт авчирна гэж харж байна.