Барилгын материалын үнийн өсөлтөөс болж орон сууцны үнэ, барилга барих өртөг, ажиллах хүчний зардал гээд тэр чигтээ өссөн. Барилга хот байгуулалтын яамны мэдээллээр арматур, катанг 81%, хуванцар цонх 62%, барилгын дулаалгын материал /хөөсөнцөр/ 92%, мод, модон материал 69%, тоосго 52%, чулуун хавтан 26%, хэв хашмал 40%, хөнгөн блок 13% хувиар, шил, шилэн багц, мод, модон материал, хуурай хольц, арматур, цонх, хаалганы түүхий эд, хуванцар материалын үнэ дээрх шалтгаануудаас хамаарч 92% хүртэл тус тус өсөөд байна.
Салбарын яам барилгын материалын үнийн индексийг Сангийн яамтай хамтран жил бүр гаргадаг. 2021 оны хагас жилийн индексээр барилгын өртөг 40-45 хувиар өсчээ. Үүнийг дагаад орон сууцны үнэ шинэ хуучин гэлтгүй 20 орчим хувиар өсөөд байгаа аж.
Хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдаж буй барилгууд нэг бол үйл ажиллагаагаа зогсоож эсвэл үнээ нэмээд ашгаа алдахгүй байж болох ч улсын төсвийн хөрөнгө оруулалттай эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж байгаа барилгын компаниуд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс улсын төсвийн барилга дээр ажиллаж буй 200 орчим компанийн төлөөлөл саяхан мэдэгдэл хийж таван үндсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд:
- Үнийн өсөлтөөр бий болсон төсвийн зөрүүг 2022 оны төсөвт тусгах,
- 2020 оны төсөвт шинээр барихаар туссан төсөл, арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах,
- Өмнөх онуудын төсөвт тусгасан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
- Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох,
- Цар тахлын үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн таван шаардлага багтжээ.
Гэхдээ эдгээр шаардлагыг биелүүлэх боломжтой юу? Үнийн өсөлтөөс гарсан төсвийн зөрүүг 2022 оны төсөвт тусгахын тулд Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам хоёр төсөв нь хэтэрсэн төсөл, арга хэмжээний зураг төслүүдэд магадлагаа хийж, дүгнэлт гаргах ёстой. Энэ процесс хэр удахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байгаа.
Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 850.8 тэрбум төгрөгийн 824 төсөл, арга хэмжээнд зөвхөн арматурын үнийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртөг ихээхэн нэмэгдэж байгааг БХБЯ-наас мэдээлсэн. Харин өнөөдөр зөвхөн Барилгын хөгжлийн төвийн хариуцаж хяналт тавьж буй 260 орчим төсөл дээр барилгын материалын үнийн өсөлтөөс болж 204 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарахаар байгаа. Энэ нь голдуу Соёлын яам, БСШУЯ, Эрүүл мэндийн яамны захиалгатай төслүүд. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний ачаалал улсын төсөв дээр нэмэгдэж ирнэ.
Тэгвэл 2022 оны төсөвт үүнийг санхүүжүүлэх мөнгө байгаа юу? Сангийн яамнаас “Байхгүй, үнийн өсөлтийг 2022 оны төсөвт суулгах боломжгүй” гэсэн хариулт өгөх магадлал маш өндөр. Өөдрөгөөр бодож, Сангийн яам УИХ дээр санал оруулж ирлээ ч гэсэн Нэгдсэн чуулганы босго давна гэдэг тун эргэлзээтэй. БХБЯ-ны дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ төсвийн зөрүүг 2022 оны төсөвт суулгаж амжихгүй бол 2023, 2024 оны төсвүүдэд тусгаад явна гэсэн утгатай мэссэж өгсөн.
Төртэй гэрээ байгуулсан компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зогсоож ч чадахгүй, цааш нь явуулж ч чадахгүй ацан шалаанд орчихоод байгаа. Мэдээж Засгийн газар “Материалын үнэ өссөн нь ямар хамаа байна, та нар багтааж барина гэсэн, төсөвтөө багтааж барь” шахахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр маш олон барилга дор хаяж нэг жил царцаж, элэгдэл хорогдол ихсэж, 2023 оны төсөвт ирэх ачаалал улам нэмэгдэнэ гэсэн үг.
Барилга угсралтын ажил гурван сар шахуу хойшилсон, ажиллах хүчний зардал ихэссэн талаар барилгын компаниуд түгшүүр дэлдээд эхэлсэн. Тэд өөрсдийн шаардлагаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хаяглаж, 10 дугаар сарын 13-ны дотор хариу ирүүлэхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэж мэдэгдсэн. Дараагийн арга хэмжээ юу байхыг ойлгоход төвөггүй.
Бүхэл бүтэн 8 сар өнгөрсний хойно “Бид үнийн өсөлтийг хэмжиж үзлээ. Өссөн нь үнэн юм байна. Одоо магадлагаа хийж баталгаажуулах хэрэгтэй” гэсэн утгатай юм яриад сууж байгаад барилгын компаниуд бухимдахаас өөр аргагүй.
Нөгөө талаас яагаад төр засаг эртнээс үнийн индексээ тооцож, тэр магадлагаагаа хийгээд, 2022 оны төсвийн төсөлдөө тусгаагүй юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Яагаад ингэж удав? Анх 2021 оны хоёрдугаар сард анх арматурын үнэ өссөн асуудлыг Засгийн газар хэлэлцэж ажлын хэсэг гаргасан. Арматурыг гаалийн татвараас чөлөөлөх санал тавьсан ч УИХ зөвшөөрөөгүй. Гэхдээ бүхэл бүтэн 8 сар өнгөрсний хойно “Бид үнийн өсөлтийг хэмжиж үзлээ. Өссөн нь үнэн юм байна. Одоо магадлагаа хийж баталгаажуулах хэрэгтэй” гэсэн утгатай юм яриад сууж байгаад барилгын компаниуд бухимдахаас өөр аргагүй.
Барилгын компаниуд гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох шаардлага бас тавьсан. Компаниуд тендерийн баталгаа болгож 5 хувь, гүйцэтгэлийн баталгаа болгож 5-10 хувийн мөнгийг арилжааны банканд байршуулдаг. Эдгээр баталгааг тэглэж, гүйцэтгэгч компаниудад эргэн олгож төслөө үргэлжлүүлэх боломжийг бага ч болов нэмэх ёстой гэж тэд үзэж байгаа. БХБЯ-ны мэдээлснээр бол тэглэх тухай саналыг Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд багтаая гэсэн саналыг хүргүүлсэн аж. Гэхдээ одоо Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа хуулийн төслийн текст дунд энэ тухай өгүүлбэр алга байна.
Цар тахлын үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлөх тухайд нааштай хариу ирнэ гэдэг бас л эргэлзээтэй. Яагаад гэвэл нэгдүгээрт өмнө нь МҮХАҮТ-аар дамжиж ирсэн ийм саналд Засгийн газар “Боломжгүй” гэсэн хариу өгсөн. Хоёрдугаарт, барилгын компаниудын НӨАТ, НДШ-ийн өрийг чөлөөлчихвөл бусад салбарын компаниуд барьцана.
Энэ бүхнээс дүгнэхэд барилгын салбар, тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалттай ажил гүйцэтгэж буй компаниудыг амаргүй жилүүд хүлээж байна.
2022 оны төсвийн төсөлд бичсэн найман том зорилтын нэг нь “Төр, хувийн хэвшлийг дэмжинэ” гэсэн байгаа. Гэтэл хувийн хэвшил дангаараа бүрдүүлдэг барилгын салбарт дээрх шаардлагуудыг тавьсан компаниудын хэлж байгаагаар дор хаяж 500 гаруй ажлын байр, 50 000 хүний амьжиргаа хүнд нөхцөл байдалд орох нь. Засгийн газар 2022 оны төсвөөрөө дамжуулж ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хувийн хэвшлээ дэмжих биш цааш нь түлхсэн алхам болохоор харагдаж байна.