Алибабагийн үүсгэн байгуулсан Ант группийн IPO дэлхийн бизнес, технологи болон санхүүгийн ертөнцийн халуун мэдээний нэг болж байна. Алибаба, Ант гэвэл мэдээж Жак Ма.
Инженер, технологийн ямар ч суурьгүй тэрбээр их наяд доллараас илүү үнэлгээтэй бизнесүүдийг босгож чаджээ. Түүний бизнесийн намтар, философийн талаар товчхон хүргэе.
Англи хэлний багш байсан Жак Ма 1999 онд Алибаба гэх онлайн худалдааны компаниа анх байгуулж байжээ. Тус компани хожим нь 2014 оны 9 сарын 19 өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд гаргаж, тухайн үедээ хамгийн өндөр үнэлгээтэй технологийн IPO-оор тодорч байсан.
Өнөөдөр Алибаба группийн охин компани болох Ант Группийн IPO нь Alibaba, Saudi Aramco-г даван дэлхийн хамгийн том үнэлгээтэй IPO (компаний үнэлгээ 230–250 тэрбум ам. доллар, өөрчлөгдөж байгаа) болохоор зэхэж байна. Хувьцааны захиалга нь хэтрээд хэд хоногийн өмнө захиалгаа зогсоосон тухай мэдээ гарсан.
Жак Ма нь БНХАУ-ын түүхэн дэх анхны газрын, уул уурхайн, нефтийн лицензгүй “оюуны тэрбумтан”-аар тодорч байсан. Жак Матай хамтарч Алибабаг байгуулсан 10 хүн (үүсгэн байгуулагчдын 5 нь эмэгтэй) долларын тэрбумтан болж, 20 гаруй мянган ажилтан нь долларын саятан болж байсан билээ.
Өндөр технологийн компани зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан хөгждөг учир олон улсын түвшинд өндөр технологийн компаниуд ажилтнуудаа хувьцаа эзэмшүүлдэг (employee stock option) жишиг байдгийг Алибаба бас дагасан хэрэг.
Тухайн үедээ Алибаба компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаагаа 68 доллараар үнэлж гаргасан ба хувьцааны үнэ нь 89.7 доллар хүрсэн өндөр амжилт үзүүлж, хөрөнгийн бирж хаах үед 89.93 долларт хүрч, дунджаар 38.07 хувь өсч, 231.4 тэрбум долларын үнэтэй компани болж байсан нь саяхан.
Харин өнөөдөр Алибабагийн зах зээлийн үнэлгээ 842 тэрбум доллар байгаа ба энэ нь дэлхийн ДНБ (2019 онд 87.7 их наяд ам.доллар)-ийн нэг орчим хувьтай тэнцэх дүн юм. Bloomberg-ийн 2017 оны нийтлэлд Жак Ма болон тус компанитай хамаарал бүхий 10 тэрбумтны нийт хөрөнгийн хэмжээ 100 тэрбум долларыг давж байсан нь дэлхийн 136 орны эдийн засгаас илүү үзүүлэлт байсан тухай дурдсан.
Ант Группийн кейсээс харахад IPO-н дараа ажилтнууд дундаас олон тооны долларын саятан төрөх нь тодорхой болжээ.
Алибабаг үүсгэн байгуулагч Жак Ма нь 1982 онд 10 жилээ төгсөөд их сургуулийн элсэлтийн математикийн шалгалтандаа нэг л оноо авсан гэдэг. 1983 онд хоёр дахь удаа шалгалт өгөөд математикийн оноо нь 19 болж өссөн. Ингээд Жак Магийн аав нь түүнд 3 дугуйтай хүн тэрэг авч өгсөн ба тэрээр өдөр нь хар ажил хийж, оройгоор нь математикийн гүнзгийрүүлсэн сургалтад суудаг байж.
Жинхэнэ мэдлэгийн компанийг үүсгэн байгуулагч ганцаараа баяждаггүй, харин олон арван тэрбумтан, саятныг төрүүлдэг.
1984 онд гурав дахь удаагаа шалтгалт өгөөд 89 оноо авч, Ханжу хотын Электроникийн Шинжлэх Ухааны Их Сургуульд англи хэлний багшийн ангид элсэж 1988 онд төгсжээ. 1991 оноос эхлэн Жак Ма орчуулгын товчоо байгуулан бизнест анх хөл тавьсан. Сарын орлого нь 700 юань, харин байрны түрээс нь 2000 юань байв. Тиймээс түрээсээ төлж ашигтай ажиллахын тулд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа хийж байжээ.
1995 онд тэрбээр анх удаа АНУ-д очсоноор интернэт гэдэг шинэ бизнесийн салбар гарч ирж буйг ажиглан, нутагтаа буцаж ирэн хамтран ажиллаж байсан багш болон эхнэртэйгээ Хятадын Үellow Page гэх вэбсайт хийдэг компанийг байгуулжээ. Гурван жилийн дараа тэрээр хамтрагчийн хамтаар 5 сая юанийн хөрөнгөтэй болсон байв.
1997 онд БНХАУ-ын гадаад худалдааны яамтай хамтарч Засгийн газар, яам агентлагийн вэбсайт болон Хятадын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах вэбсайт үүсгэн байгуулжээ. Хоёр жил ажилласны эцэст төрийн байгууллагын хүнд суртлаас залхан гадаад худалдааны яамны ажлаас гарч, Алибабаг байгуулж онлайн худалдааны үйлчилгээ явуулахаар сэтгэл шулууджээ. 2003 онд Алибабагийн хамтрагчдаасаа нууцаар “Эрдэнэсийн эрэл” гэх компани байгуулж байсан ба мөн 2004 онд онлайн төлбөр тооцооны компани хүртэл байгуулж явжээ.
Жак Ма нь өөрийн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд АНУ-ын Үаhоо, Японы Softbank гэх мэтийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, өнөөдрийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Алибаба компанийг хөгжүүлжээ.
Монгол оюуны тэрбумтнуудыг үүсгэхийн тулд инновацийн бүх түвшний салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын иж бүрэн тогтолцоог үүсгэн байгуулах шаардлагатай ба энэ нь ердөө л их ажлын эхлэл байх болно.
1970-аад оноос эхэлж хөгжсөн өндөр технологийн аж үйлдвэрийн компаниуд нь зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан улс орны эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэхээс гадна олон хүнд өндөр технологийн ажлын байр олгож, олон олон долларын тэрбумтан болон саятныг төрүүлснийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.
Жак Магийн залуу энтрепренерүүдэд өгөх нэг том сургамж нь жинхэнэ мэдлэгийн компанийг үүсгэн байгуулагч дан ганцаараа баяждаггүй, харин олон арван тэрбумтан, саятныг төрүүлдэгт оршино. Тэрбээр үүсгэн байгуулсан компанийхаа 10 гаруйхан хувийг л эзэмшдэг. Үүнтэй адилаар Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс үүсгэн байгуулсан компанийхаа ердөө нэг хувийг л эзэмшдэг. Энэхүү эзэмшлийн хувиа цаашид ч багасгах тухайгаа олон нийтэд зарлаад буй.
Өнөөдөр монголчууд бидний мөнгө олох ганц гарц нь нүүрс, алт, зэс, молибдэн болжээ. Үүн дээр нэмэгдээд цөөн тооны малын мах, арьс шир, ноос. Сүүлийн үеийн мэдээнээс харвал монгол хүнийг ямар нэг хэлбэрээр хил давуулах наймаа нэмэгдэх төлөвтэй.
Ийм хязгаарлагдмал, боогдмол нөхцөлд бид жинхэнэ монгол оюуны тэрбумтнуудыг хэрхэн бүтээх вэ? Нөөц бололцоогоо хэрхэн ашиглах вэ?
Монгол оюуны тэрбумтнуудыг үүсгэх шинжлэх ухааны дэд бүтэц, инженерчлэл, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна чиглэл бүрийн магистр докторантурын сургалтыг эрчимжүүлж, инновацийн бүх түвшний салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын иж бүрэн тогтолцоог үүсгэн байгуулах тулгуур ажлыг эхлүүлэх шаардлагатай ба эдгээр нь ердөө л их ажлын эхлэл байх.
Дэлхийн оюуны тэрбумтны өлгий нутаг болсон АНУ-ын Цахиурын Хөндий дахь технологийн компаниудын удирдлагад энэтхэг хүмүүсийн эзлэх хувь хятад гаралтай хүмүүсээс олон байгаагийн нууцыг дэлхийн олон орон судалж байна.
Стэнфорд их сургуулийн судлаачдын дүгнэснээр энэтхэг гаралтай хүмүүсийн зохион байгуулалттай нийгэмлэг, клуб нь АНУ-ын Цахиурын Хөндийд олон байдаг аж. Эдгээр байгууллага, нийгэмлэг, клубээр дамжуулан энэтхэг гаралтай дэлхийн удирдагчдыг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаа явуулдгаар нь бусад үндэстнээс илүү хүчтэй байдаг гэж үзжээ.
Израиль, Финланд, Албани, Энэтхэг, Тайвань, БНХАУ зэрэг өндөр технологийг эрчимтэй хөгжүүлж буй улсуудын туршлагаас харахад дэлхийн тэргүүний их сургуулиудад оюутнуудынхаа клубыг байгуулж, тэднийг глобал институцийн удирдагч болгон хөгжүүлэх, дэмжих ажлыг идэвхитэй хийдэг аж.
Бас өөрийн оронд дэлхийн тэргүүлэх их сургууль, судалгааны их сургуулиудын салбарыг байгуулах боломжийг судлах ёстой болов уу.