Business.mn сэтгүүлийн 2020 оны 4,5 дугаар сарын дугаараас. Сэтгүүлч Б.Болорцэцэг
2012 оны хавар Гурвалжингийн гүүрний Барилгын материалын захаас лифтний төмөр захиалчихаад буцаж явсан О.Тэнүүнийг алсаас нэгэн хүн учиргүй танимхайран даллав. Ямартай ч өөрт нь чухал юм хэлэх гээд байгаа бололтой. Дөхөөд очтол хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр инээмсэглэн угтаж “Чи Тэнүүн мөн үү, биднийг таньж байна уу, чи бид хоёрт итгэж зээл гаргаж өгч байсан шүү дээ” гэжээ. Түүнийг бодолхийлэн байтал “Зээлийн эдийн засагчийн ажлаа хийж байгаа юу, за тэр ч яах вэ, ямартай ч чиний ачаар ах, эгч хоёрынх нь ажил овоо амжилттай яваа” гэж яриагаа үргэлжлүүлэв. Төмрөөр олон зүйл хийдэг болсноо дуулгаж “Хэрэг гарвал хэзээд бэлэн шүү” хэмээн талархлаа илэрхийлжээ.
Хариуцлагагүй ажил гүйцэтгэгчдийн улмаас зогсчихоод байсан “Zaisan square”-ийн төслийг цагт нь дуусгахаар бүх ажлыг нэг бүрчлэн хянаж, барилгын материалаа хүртэл өөрийн биеэр сонгож өдөр шөнөгүй ажиллаж байсан тэр үед тэдэнтэй таарч, итгэж найдсан хүмүүсийнх нь ажил нь амжилттай байгааг хараад “Өөрийнхөө төслийг дуусгачихсан юм шиг л сайхан мэдрэмж төрж байсан” гэж ярьж байгаа энэ хүн бол Монголын бизнесийн ертөнцийн “шинэ довтлогч”, “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирал О.Тэнүүн байлаа.
Тэрбээр “Zaisan square”-ийн төсөл дээр нэлээн зардал гаргаж, томоохон хүндрэлүүдтэй тулгарсан ч төслөө амжилттай дуусгасан төдийгүй өөрт хуримтлуулсан туршлагаа “Zaisan hill” гэх дараагийн төслийн үндсэн зохицуулагчаар ажиллахдаа ашигласан гэдэг.
Анх аавтайгаа хамт Зайсан толгойн бэлээр салхилж явахдаа “Энд олон нийтийн амралт, чөлөөт цагт зориулсан цогцолбор байгуулбал…” гэх санааг гаргаж байсан тэрбээр бодит байдал дээр багагүй эсэргүүцэлтэй тулжээ. Төлөвлөсөн ажилтай нь холбоотой эдийн засгийн хүндрэл, олон нийтийн эсэргүүцэл, улс төржүүлэх байдлыг даван туулах олон сорилт тэднийг хүлээж байв.
Нэг хэсэг орхигдоод, өнгө зүсээ алдаад байсан бүтээн байгуулалт болох 1969 онд Архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачдын “Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхөлж, газарт галтай цуг дархлан” бүтээсэн Зайсан толгой цогцолбор болон Берлин хүрсэн алдарт танкны хөшөөг хамруулсан, түүхэн баримтын үндсэн хийцийг нь хадгалсан цогцолбор байгуулах инновацлаг санаагаа орхилгүй зүтгэсээр “Zaisan hill” цогцолборыг 2018 онд ашиглалтад оруулснаас хойш гадаад, дотоодын олон иргэнд үйлчилсэн, хөл хөдөлгөөнтэй жинхэнэ орчин үеийн “Соёл амралтын Цогцолбор” болсон юм.
Амралт, аялал жуулчлалын “Zaisan hill” цогцолборын зураг төсөл гарч, бүтээн байгуулалтыг эхэлсэн үеэс эхлэн сошиал ертөнцөөр иргэдийн дургүйцэл давалгаалж, ойр орчмын оршин суугчид Зайсан толгойгоо аварч үлдэнэ хэмээн эсэргүүцэв. Тухайн үед Зайсан толгойг зорин очигч иргэд, жуулчдад зориулсан худалдаа, үзвэр үйлчилгээ ховор байсан учраас иргэд зургаа даруулан Улаанбаатар хотоо тольдоод буухаас хэтэрдэггүй байсан учраас орчин үеийн шаардлагад нийцэх, Монгол улсынхаа хөгжил дэвшлийг гадаадын жуулчид, дотоодын иргэдийн өмнө таниулах томоохон төслийг санаачилсан гэдэг.
Тухайн үед дэлхийг хамарсан их хямралын үетэй зэрэгцэн эхэлсэн “Zaisan Hill” төслийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хүндрэл учрахад АСЕМ зохион байгуулахтай холбогдуулан өгч байсан санхүүжилт болон Хөгжлийн банкны бондоос авч хөрөнгө оруулах гэж хүсэлт гаргасан боловч бүтээгүй учраас дотоодын банкны өндөр хүүтэй зээл авч, төсөлт ажлаа дуусгасан тул зардлаа нөхөөд ашгаа үзэх хугацаа нь дэндүү хол байгаа.
Дээрх томоохон бүтээн байгуулалтыг хийснээр “Оюуны Ундраа групп” ХХК-ийн нэрийг мэддэг хүн улам олон болсон ч тус групп 28 жилийн түүхтэй Монголын анхдагч компаниудын нэг билээ.
Налайхын нүүрсний уурхайгаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Уурхайчин И.Сайнбуян, З.Цэвээн нарын гурав дахь хүү 1990-ээд оны эхээр ОХУ-ын Москва хотын Их сургуулийг Өнгөт хэвлэлийн инженер мэргэжлээр суралцаж төгсөөд эх орондоо ирж Улсын хэвлэх үйлдвэрт нормын ажил хийж байсан С.Отгонбаяр өөрийн сурсан эрдэм, мэдлэг туршлагадаа тулгуурлан ардчиллын дараа анхны хувийн хэвлэх үйлдвэрийг байгуулсан нь өнөөдрийн “Оюуны Ундраа Групп” -ийн эхлэл болсон байна. Компанийн үйл ажиллагааг ах дүүс нь дэмжин хамтран ажилласнаар олон төрлийн үйл ажиллагааны эхлэлээ тавьж өнөөдрийг хүртэл өргөжин хөгжсөөр байна.
Тэд анх ОХУ-аас нефть импортлон жижиглэн худалдаа хийж байхдаа багагүй судалгаа хийснийхээ эцэст 2000 онд эх орондоо Нефт боловсруулах үйлдвэр байгуулахаар стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын төслийг эхлүүлсэн боловч тухайн үеийн улс төрийн нөлөөлөл, гадаад хүчин зүйлээс шалтгаалж зорьсон ажил нь зогссон түүхтэй.
Гэвч унасан бол өвдгөө гөвөөд босдог жишгээр гарц эрэлхийлсээр тэр цагаас хойш үйл ажиллагаагаа төрөлжүүлж санхүү, барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент, мэдээлэл технологи, геологи уул уурхайн салбарт шургуу ажилласнаар “Оюуны Ундраа” гэх их айл өдгөө, “Монгол Улсын ТОП 100 Аж ахуйн нэгж”, “Үндэснийшилдэг хөрөнгө оруулагч”, “Шилдэг ажил олгогч”, цөөн үгээр хэлбэл, Монголын бизнесийн түүхийн төлөөлөл, цаг үеийн гэрч, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан үндэсний томоохон компанийн нэг болж чадсан билээ.
Хоёр үеийг холбон тоглогч
Аливаа бизнес, тэр дундаа гэр бүлийн бизнест шинэ залуу үедээ халаагаа шилжүүлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх цаг үе ирдэг. Үүсгэн байгуулагчид шийдвэр гаргах эрхээ бүрэн шилжүүлж, байгууллагынхаа хамгийн ойр байх, туршлагатай зөвлөхөөр ажиллан, шинэ удирдлагад туслах нь гэр бүлийн бизнесийн хувьд тохиромжтой хувилбар гэж үздэг. Энэ л жишгээр группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн аваад хоёр жил болж буй О.Тэнүүн үүний өмнө “Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн захирлаар зургаан жил ажиллаж, дээр дурдсан хоёр ч том бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.
Түүний ажил хөдөлмөрийн гараа Америк улстай холбоотой. Наснаасаа эрт ахлах сургуульд дэвшин суралцсан тэрбээр өөрөөсөө ах ангийнхаа америк хүүхдүүдтэй хамтран Хүнсний дэлгүүрт ундаа өрөх, хог цэвэрлэх зэрэг олон ажил хийж байжээ. Анхны цалин болох 300 ам.доллароор удаан бодож, хүсэн мөрөөдсөн сагсны хослол авсан боловч, хөдөлмөрлөж олсон мөнгөө ганц хослолд зарцуулах нь хайран санагдсанаас дэлгүүрт нь буцаан өгч, байрныхаа түрээсийн төлбөрийг төлж байжээ.
Лондонд анх оюутан болж очоод ч хичээлийнхээ хажуугаар хими цэвэрлэгээний ажилтан, гутлын дэлгүүрийн худалдагч гэх зэрэг олон төрлийн цагийн ажил хийж байв. Хар бор ажил хийхийн зэрэгцээ англи хэлний мэдлэгээ сайжруулж, амжилттай суралцсан тул Лондон дахь Монголын Элчин сайдын яаманд туслахаар ажиллах боломжтой болсон нь түүний оюутан цагийнх нь томоохон амжилт, мөн туршлага болж чадсан гэж тэр үздэг.
Лондонгийн их сургуулийг “Улс төр, эдийн засаг” мэргэжлээр төгсөж, дараа нь БНХАУ-ын Цинхуа Их сургуульд “Хятад хэл, соёл судлал”-ын мэргэжлээр сурч, сүүлд нь Удирдлагын академид “Төрийн удирдлагын магистр” зэрэг хамгаалсан О.Тэнүүнийг “Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбооны” (МОСБХ) тэргүүн гэдгээр нь залуус эчнээ таньдаг болсон. Багаасаа спортод сонирхолтой байсан тэрбээр Америкт суралцаж байхдаа үеийн хүүхдүүдтэй танилцаж, дотно найзлахын тулд сагсан бөмбөг тоглож эхэлснээс хойш энэ спортод илүү дурлажээ. Одоо ч тэр хичээллэсээр байгаа бөгөөд өдгөө “Сая Сая Сагсчид“ ТББ үүсгэн байгуулж “Нэмэх 30” лигийг эхлүүлж, өөрөө багийн гишүүнээр тоглож яваа. Үүнээс гадна компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд сагсан бөмбөгийн спортыг дэмжин ажиллаж байна.
Компанийнхаа харьяа “Монголын санхүүгийн групп” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж ажлын гараагаа эхэлснээс хойш нийгмийн болон бизнесийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцож, бага биш туршлага хуримтлуулсаар ийнхүү 10 жилийн дараа компанийнхаа үүсгэн байгуулагчийн халааг албан ёсоор авчээ.
Тэрбээр “Оюуны Ундраа” группийн үүсгэн байгуулагч С.Отгонбаярын ууган хүү, “Ахан дүүсийн хүндлэлтэй харилцаа энэ бизнесийн суурь юм” гэж үздэг гэр бүлийн есөн ах дүүгийн дараагийн үеийн төлөөлөл. Гэхдээ тэр тэдний “арав дахь дүү нь” юм шиг л идэвхтэй ажилладаг.
Би бол хоёр үеийг холбон тоглогч. Өөрөөр хэлбэл, дараагийн үе гарч ирэхэд компанийн засаглал ганхашгүй болсон байх нь миний гүйцэтгэх хамгийн том үүрэг
Бид “Улсаас тендер болон дэмжлэг авалгүй 100 хувь өөрсдийн хөдөлмөрөөр компаниа өдий зэрэгт хүргэн томоохон бүтээн байгуулалтыг хийж чадсандаа нүүр бардам байдаг” гэсэн түүний үгийг энд онцлууштай санагдлаа.
О.Тэнүүн “Би бол хоёр үеийг холбон тоглогч. Өөрөөр хэлбэл, дараагийн үе гарч ирэхэд компанийн засаглал ганхашгүй болсон байх нь миний гүйцэтгэх хамгийн том үүрэг” гэж хэллээ. Энэ нь өмнөх удирдлагууд “Оюуны Ундраа” ХХК-ийг байгуулж, өргөжүүлж ирсэн бол одоогийн цаг үед компаниа улам хүчирхэгжүүлж, өөрчлөлтийн ширүүн салхинд ганхахгүй, цахимжсан ирээдүйн өрсөлдөөнт нийгэмд чадварлаг тоглогч нь болгох нь түүний алсын хараа юм.
Ажлын цаг дуусахад маргаашийн ажлаа төлөвлөн жагсаагаад өөр лүүгээ и-мейлээр илгээж заншсан түүний амьдрал болон ажилдаа баримталдаг гурван гол зарчим нь “хүнлэг, шударга, ёс зүйтэй байх” явдал гэнэ. Эдгээр зарчмын хүрээнд бизнесийн хамтрагчидтайгаа харилцдаг учраас олон шинэ бизнесийг эхлүүлээд хэрэгжүүлж байна.
Монголын анхны 4D кино театр болох одоогийн Prime Cineplex-ийг өгч байгуулахад тухайн үедээ шаардагдаж байсан таван сая ам.долларыг Солонгосын хөрөнгө оруулагч түүнд итгэж хөрөнгө оруулсан. Олон улсын хэмжээнд “хамгийн хашир, маш удаан хугацаанд судалгаа хийж байж гараа дэлгэдэг” гэгддэг Солонгосын хөрөнгө оруулагч нар түүнд асар богино хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.
О.Тэнүүн “Хөрөнгө оруулагч талдаа үнэн бодит мэдээллийг өгч, шударга хандсан учраас энэ хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн” гэж боддог гэлээ. Тэд одоо ч хамтарч ажилласан хэвээр байгаа бөгөөд Монголд төрсөн “Prime cineplex” кинотеатрын сүлжээг хамтрагч тал нь өдгөө Мьянмар болон Камбож, Вьетнам улсуудад нэвтрүүлсэн аж.
Өөрийгөө “зөөлөн захирал” гэж тодорхойлсон түүний хаалгаар ажилчид нь тогшилгүй толгой цухуйлгах нь сонирхолтой үзэгдэл байсан ч, тэрбээр энэ тал дээр харьцангуй чөлөөтэй, нээлттэй ханддаг учраас “ажилтнуудын санал, ажлын явц, үр дүнд” ямар нэгэн хүндрэл учирдаггүй гэж хэлж байлаа.
Тэрээр үл хөдлөх хөрөнгийн ашиглалт менежментийн үйл ажиллагааг тогтсон хэв загвараас ангид байлгахыг хүсэж орчин үеийн стандартын дагуу мэргэжлийн түвшинд хүргэхээр олон арван ажлын байрыг шинээр бий болгон маш үр дүнтэй ажиллаж байгаа билээ.
Цахим тоглогч
Цахим далайд эхний завиа түрж гаргасан түүний анхны ажил нь өөрийн IT багтайгаа хамтран гаргасан Монголын хамгийн анхны мессенжер “meme chat” юм. 2019 оны эхээр нээлтээ хийсэн ч ямар нэгэн маркетингийн үйл ажиллагаа, дэмжлэггүйгээр хоёр долоо хоногийн дотор 22 мянга гаруй хэрэглэгчийг өөртөө татаж чадсан тус аппликейшн одоо 60 гаруй мянган хэрэглэгчтэй болж 20 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна. Товчхондоо хэлбэл Хятадын WeChat, Японы Line, Өмнөд Солонгосын KakaoTalk -тай адил ашиглах үндэсний “chat” болж хөгжих боломжтой платформ юм.
Цаашдаа тэрбээр Улаанбаатар хотын дагуул хотууд болон дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг даган кино соёлыг улам хөгжүүлэх зорилго бүхий контентын бизнесийг нэлээн том төсөөлөлтэйгөөр харж байгаа аж.
Өөрийн компани төдийгүй Монгол Улсын хувьд маш том бизнесийн эхлэлийг тавих боломжийг судлагч “Хоёр үеийн холбон тоглогч” О.Тэнүүн “Оюуны Ундраа” группийг дараагийн 30 жил хөгжүүлэх бизнесийн довтолгооны шинэ төслүүдээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.