Сүүлийн жилүүдэд дэлхий даяар контент маркетинг хүчээ авч буйг та анзаарсан байх. Аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хэрэглэгчид шууд санал болгох бус төрөл бүрийн контент ашиглан тодорхой агуулгад зорилтот санаагаа шигтгэн маркетинг хийх арга барил гэж контент маркетингийг энгийнээр ойлгож болно. Тэгвэл контент маркетингийг үр дүн хүргэхэд хамгийн чухал нь төлөвлөгөө хэмээн Viral Content компанийн гүйцэтгэх захирал Н.Гарамханд онцолж байна. Харин төлөвлөхөөсөө өмнө дараах асуултуудад хариулж, стратегиа тодорхойлохыг санал болгоё.
- Контентын зорилтот үзэгч хэн бэ?
- Уг контент хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх вэ? Мөн ямар мэдээллийг зорилтот бүлэгт хүргэх вэ?
- Контентын ямар хэлбэрийг ашиглах вэ? Аль нь бидэнд тохиромжтой вэ?
- Ямар сувгуудаар контентоо цацах вэ?
- Хэрхэн контентоо бүтээж, түгээх вэ? Аутсорсинг хийх үү, дотооддоо шийдэх үү? Эсвэл бүр контент бүтээгчдийг ашиглах уу?
Маш сайн төлөвлөж чадсанаар контент бүтээх үйл явц тодорхой дараалалд орж, эмх цэгцтэй болохоос гадна цацагдах хугацаа буюу контентын давтамж тогтмол байхад ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, контент маркетингийг үр дүнтэй байхад контентын давтамж тун чухал. Ингэснээр зардал хэмнэж, зорилтот хэрэглэгчдэдээ илүү сайн хүрч чаддаг.
Тэгвэл контент маркетинг хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудтай танилцъя.
Контент маркетингийн түгээмэл алдаа:
- Стратеги төлөвлөлтгүй байх
- Агуулгаас илүү чанарыг чухалчлах
- Жижиг зүйлсэд анхаарлаа хандуулахгүй байх (Тухайлбал, видеоны хадмал, thumbnail зураг, пост болон зургийн тайлбар, оновчтой хэштаг ашиглахгүй байх зэрэг)
- Бүтээсэн контентоо тордохгүй байх (Олон нийтэд цацсаны дараа ч зорилтот бүлэгтээ хүргэхийн тулд бүх боломжийг ашиглах)
- Цацаж буй сувагтаа зориулан хөрвүүлэхгүй байх (Тухайн сувгийнхаа онцлогт тохируулж, контентынхоо хэлбэрийг өөрчлөх)
- Амьд бус контент бүтээх (Нэг контентод хэт их мэдээлэл багтаах гэж оролдох, бүтээгдэхүүнээ хэт их, илэрхий сурталчилж үзэгчийг залхаах)
Энэ бүхний үр дүнд ямар контентыг сайн гэж тодорхойлох вэ? Хандалт өндөртэй контент бүр сайн уу? Тэгвэл сайн контент дараах шинжүүдийг агуулдаг. Эдгээрийг тэнцвэртэй хадгалж чадвал сайн контент бүтээх боломжтойг Viral Content компаниас онцолж байна.
Сайн контентын шинжүүд:
- Хэрэгцээ (Хэрэглэгчид тодорхой хариулт өгч, тухайн бүтээгдэхүүн яагаад тохирох талаар маш сайн ойлгуулахаас гадна шинэ зүйл зааж, үйлдэлд хөтлөх).
- Хэрэглээ = Маркетингийн зорилго (Хэрэглэгчийн хэрэглээ болон маркетингийн зорилго тэнцвэртэй байх. Бидний гаргадаг гол алдаа бол хэт нэг тал руу хэлбийж, нөгөөг орхигдуулдаг).
- Чанартай хандалт (Таны өгөхийг хүссэн мессэж үзэгчдэд, зорилтот бүлэгт хүрч байгаа эсэхэд анхаарах. Хэрэв гол мессежээ хүргэж чадвал үнэнч хэрэглэгчдийг бий болгох боломжтой).
Товчоор, зорилгодоо нийцэж буй контентыг сайн контент гэж хэлж болно.
Хэрхэн сайн контент бүтээх вэ?
- Судалгаа хийх (Контентдоо зориулж судалгааны материалууд, бичвэрүүд цуглуулж, нэгтгэн бэлтгэх)
- Бүтцээ тодорхойлох
- Дүрийн судалгаа (Заавал олны танил хүн сонгох шаардлагагүй)
- Зохиол бичих (Контентоосоо хамаарч хэн бичих вэ гэдгээ тодорхойлох)
Контент маркетингийг оновчтой, үр дүнтэй хийх энгийн аргуудын талаар Viral Content компанийн гүйцэтгэх захирал Н.Гарамхандын танилцуулж, сонирхолтой жишээ аван тайлбарласан энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарнауу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт MN Agency ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Нямхүү Маркетинг кампайн, эвентийг үр дүнтэй зохион байгуулах тактикууд сэдвээр хичээл орно. Уг вэбинарын подкастыг тун удахгүй манай платформоос хүлээн авч сонсоорой.