Мэдээллийн технологийн хөгжил эрчээ авч байсан 2019 оны сүүлээр банк санхүүгийн байгууллагад олон жил ажилласан гурван хүн хамтран программ хангамжийн компани байгуулсан нь “Nubisoft” байв. Байгуулагдаад удаагүй ч банк санхүүгээс гадна хүний өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлыг шийдвэрлэх мэдээллийн технологийн хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлж байна.
“Бид үргэлж нийгэмд хэрэгтэй, дутагдаад байгаа бүтээгдэхүүн, шийдэл нэвтрүүлэхийг хүссэн” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнбахт ярьж байв. Одоогоор томоохон банкуудтай хамтран төлбөр тооцоо, төрөлжсөн кассын нэгдсэн шийдлүүдийг нэвтрүүлээд байна. Гэхдээ тэдний хөгжүүлж буй шийдлүүдээс хамгийн эхэнд сонирхол татах нь эрүүл зөв хооллолтын Tibi аплликэйшн юм.
Tibi: Турахаасаа өмнө эрүүл хоолло
Хоол хүнсийг үр тариа, мах, өөх тос, сүү цагаан идээ, жимс, ногоо гэсэн үндсэн зургаан бүлэгт хуваадаг. Эдгээрийг хүн өдөр бүр хольж, зохистой хэмжээгээр, тохиромжтой цагт хэрэглэвэл бие организмд хэрэгтэй уураг, өөх тос, амин дэм, нүүрс ус, эрдэс бодис, усыг биедээ авч, эрүүл амьдрахад шаардлагатай биохимийн урвалууд, бодисын солилцоо явагддаг. Нэг үгээр, эдгээр зургаан бүлэг хүнсний зүйлийг тэнцвэртэй хэрэглэхийг эрүүл хооллолт гэж нэрлэдэг.
Дэлхийн улс орнууд таван жил тутам иргэдийнхээ хоол, шим тэжээлийн асуудлаар судалгаа хийдэг. Монголд хамгийн сүүлд 2017 онд уг судалгааг хийсэн. Энэ судалгаагаар манай улсад насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь, гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай гэсэн дүн гарчээ.
Жингийн илүүдэлтэй болсон хүн хавдрын бус архаг өвчлөлийн эрсдэлд ордог. Тухайлбал, даралт ихсэх, цус харвах, чихрийн шижин, элэг, бөөр, үе мөчний өвчнөөр өвчлөх магадлал бий болно.
Таргалалтын үндсэн шалтгаан нь бидний буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөний дутагдал. Олонхи хүн таргалж байгаагаа мэддэг ч асуудлаа яаж шийдэхээ сайн мэддэггүй, эрүүл хооллолтын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг.
Хоол зүйчдийн хувьд бүх төрлийн хоолыг тэнцвэртэй хэрэглэхийг зөвлөдөг ч манай улсад мэргэшсэн хоол зүйчдийн тоо ердөө 150 орчим байдаг болохоор хүн болгонд хүрч ажиллах боломжгүй. Нэг хүнд зөвлөгөө өгч, тэр хүнд тохирсон хоолны цэс боловсруулахад 2-3 хоног шаардана.
“Чухам энэ шалтгааны улмаас бид “Tibi” эрүүл хооллолтын платформыг бүтээсэн” хэмээн тус аппликэйшнийг санаачлагчдын нэг, эмнэлзүйн хоолзүйч, Токиогийн Олимпийн үеэр Монголын жүдо болон боксын шигшээ багийн спортын хоол зүйчээр ажилласан С.Мөнхтуул ярилаа. Тухайн хэрэглэгч өөрийн өндөр болон жингийн мэдээллээ аппликэйншд оруулснаар хэдий хэмжээний илчлэгтэй хоол идэж, өөх, усны ямар түвшинг мөрдөхөө мэдэж аван өөртөө тохирсон эрүүл хоолны цэстэй болно.
“Зохистой хооллолт гэдэг бол үнэтэй органик, өөх тосгүй хоол хэрэглэхийг хэлэхгүй. Зохистой хооллолт бол бүх төрлийн хүнсийг тэнцвэртэй, тохиромжтой хэмжээнд, хэрэгтэй цагт нь хэрэглэхийг хэлэх бөгөөд ингэж чадвал бие өөрөө эрүүлжиж, турах эсвэл жин барих нь бараг өөрөө шийдэгдэнэ” гэж С.Мөнхтуул зөвлөв.
“Tibi” аппликэйшнийг санаачлагчид эрүүл хооллолт хэмээх нийгмийн маш том асуудлыг барьж аван технологийн тусламжтай шийдэхийг зорьж байна.
“Tibi” аппликэйшнийг санаачлагчид эрүүл хооллолт хэмээх нийгмийн маш том асуудлыг барьж аван технологийн тусламжтай шийдэхийг зорьж байна. Аппликэйшний эхний хувилбар дээр эрүүл хооллолтын үндсэн зарчим, алхалт, усны хэрэглээг суулгаж өгсөн бол дараагийн хувилбарт бусад дасгал хөдөлгөөн, спортын төрлүүдийг нэмж өгөхөөр төлөвлөж байна. Энэ мэтчилэн цаашдаа хөхүүл ээжүүдийн, ковидын үеийн, хавдрын үеийн, оффисын завгүй хүмүүсийн гэх мэтээр эрүүл хооллолтын сонирхолтой цэсүүдийг нэмж өгнө гэдгээ С.Мөнхтуул дуулгалаа.
Танай компанийн дижитал оффисыг барьж өгье
Компаниудын үйл ажиллагаандаа ашигладаг дотоод системүүд нь тухайн компанийн цахим ертөнц дэх оффис. Цахим оффис нь биет оффисын нэгэн адил хүн ажиллахад тухтай, ажлын хэрэгцээг нь бүрэн хангаж байх ёстой.
Дэлхий дахинд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн цахим оффисуудын шийдэл цөөнгүй байдгийн нэг нь “Microsoft 365” хэмээх ажлын цахим талбар юм. Энэхүү системийг нэвтрүүлэх, хөгжүүлэлт сайжруулалт хийх боломжийг Нүбисофт компани санал болгож байна.
Уг систем нь компанийн үйл ажиллагааны бүх талын хэрэгцээг хамарсан бөгөөд үүлэн технологид суурилсан, нэгдсэн файлын системтэй, төрөл бүрийн төхөөрөмж дээр ажилладаг, автоматаар шинэчлэгддэг, нууцлал хамгаалалтын өндөр зэрэглэлтэй аж. Тухайлбал, цахим уулзалтын өрөө гэж нэрлэж болох Microsoft Teams нь дэлхий дахинд хамгийн их ашиглаж буй онлайн харилцааны платформ юм. 2019 оны дундуур өдөрт 13 сая орчим хүн хэрэглэдэг байсан бол 2021 долдугаар сарын байдлаар 250 саяд хүрчээ. Одоогоор 300 хүртэлх ажилтан нэгэн зэрэг аудио, видео хурал хийх боломжтой.
“Microsoft 365”-ийн өөр нэг хэсэг болох PowerApps нь кодгүйгээр эсвэл бага код ашиглан загварын дагуу бизнест хэрэгтэй аппликэйшнүүд хөгжүүлэх, хиймэл оюун ухааны элементүүдийг ашиглах боломжийг өгч байна. Харин Power Automate нь мөн л нарийн ур чадвар шаардахгүйгээр бизнес процессоо автоматжуулах шийдэл юм.
Аливаа системийг байгууллагад нэвтрүүлэхэд зөвхөн лиценз олгоод, тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлээд орхих нь хангалтгүй учраас Nubisoft-ийнхон тухайн системийг компанийн онцлогт тохируулан нутагшуулж өгдөг байна.
Бизнесийг тань хамтран автоматжуулъя
Өнөөдөр бараг хүн бүр ухаалаг утастай, компьютертай, интернэттэй байгаа нь өдөр тутмын амьдралын жирийн стандарт болсон. Цахим хэрэглээний дараагийн үе шат нь цахим туслах, автоматжуулалтын роботын технологи болж, ахуйн болоод бизнесийн хэрэгцээнд ашиглах нь ихэсч байна.
Бизнесийн байгууллагын хувьд роботын автоматжуулалт нь гар ажиллагаа их шаарддаг өдөр тутмын жижиг сажиг ажлыг автоматжуулж, бүтээмжийг өсгөх, ажилтнуудыг илүү бүтээлч ажил руу шилжүүлэх боломж олгодог. Мэдээллийн технологийн судалгаа, зөвлөгөөгөөр мэргэшсэн АНУ-ын “Gartner” компаниас гаргасан судалгаагаар нэг хүний өдөр тутмын ажлуудаас 20 минутыг автоматжуулахад 10 мянган ажилтантай компанийн хувьд роботын программ жилд 30 сая ам.доллар хэмнэх ажээ. (цагийн цалин 35 ам.доллар гэж бодвол).
Ийм хэмжээнд ажиллаж чаддаг роботын автоматжуулалтын технологи цөөхөн байдгийн нэг нь мөн л Nubisoft компанийн санал болгож буй “UiPath” систем юм. Энэ нь компанийн бизнес процессыг автоматжуулж, хүн ба роботын технологийн үр дүнтэй хамтын ажиллагааны орчныг бүрдүүлэх цогц шийдэл юм.
Тус компаниас “UiPath” системийн лицензийг олгохоос гадна эхлээд бизнес процессын чухам аль хэсгүүдийг автоматчилж, цаг, хүний нөөц, зардал хэмнэх боломжтойг тогтоож, дараа нь тухайн компанийн онцлогт тохирсон автоматжуулалтын модулийг боловсруулна. Автоматжуулах систем нь хиймэл оюун, machine learning зэрэг дэвшилтэт технологиудыг агуулсан бөгөөд эцсийн зорилго нь компани, ажилтан, хэрэглэгчдийн гээд бүх талын ажлыг хөнгөвчилж, уйтгартай, нэгэн хэвийн давтагддаг ажлуудаас чөлөөлж, бүтээмжийг өсгөх юм.