Удирдлагын академийн багш, доктор В.Данаасүрэн. Санхүү, тогтвортой хөгжил, хөгжлийн санхүү, өрийн удирдлага, компанийн засаглал, бичил санхүү, хариуцлагатай уул уурхай, нийгмийн болон байгаль орчны нягтлан бодох бүртгэл, хөгжлийн асуудлуудаар судалгаа хийдэг.
Өмнөх нийтлэл: Банкуудад зээл олгох сонирхол байгаа ч шаардлага хангах компани улам цөөрч байна
Доорх нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу?
Үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын үндэс
Сайн хөрөнгө оруулалт нь бизнесийн стратеги төлөвлөгөө, алсын хараа, цаашдын зорилго чиглэлтэй уялдаж бизнесээ өргөжүүлэх нэгэн боломж юм. Хөрөнгө оруулалт бүрт оролцохоор бизнесийн үндсэн зорилгоос хазайх, цаг хугацаа алдах эрсдэлтэй. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг судалж өрсөлдөгчөөсөө юугаараа онцгойрч байгаадаа анализ хийж сул талаа давуу тал болгохын тулд хөрөнгө оруулалтыг ашиглах боломжтой. Зарим тохиолдолд жижиг хэмжээний хөрөнгө оруулалтыг нөхөх зүйл банкны зээл байж болдог.
Нөгөөтэйгүүр банкны зээл таны хэрэгцээ шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол үнэт цаасны зах зээл нээлттэй. Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж хүссэн хэмжээний санхүүжилт татах боломж бүрдсэнийг зарим компанийн жишиг харуулж байна. Хэрэв зах зээлд тодорхой хэмжээний танигдаад хэрэглэгчдэд үнэ цэнийг бий болгоод дэвшүүлж байгаа төсөл нь ач холбогдолтой, ашигтай байвал хөрөнгө оруулалтыг хувьцаагаар татаж болно. Мөн бонд гэж үнэт цаасны нэг хэлбэр байдаг. Банкны зээлтэй адилхан. Гэхдээ барьцаа хөрөнгө шаардлагагүй. Үр өгөөжтэй төсөл гэдэг нь тооцоо судалгаагаар нотлогдсон тохиолдолд богино дунд, урт хугацааны бонд гаргаж хөрөнгийн эх үүсвэр татаад хэрэгтэй санхүүжилтээ авч болох юм.
Үнэт цаасны зах зээлээс хөрөнгө татдаг жишиг тогтсон
Шинэ салбар нээх, үйлдвэрийн тоног төхөөрөмж авах, экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын төслийг үнэт цааснаас татах нь оновчтой. Үнэт цаас болон бонд босгоход компанийн барьцаанаас илүүтэй үйл ажиллагааны найдвартай, тогтвортой байдлыг илүүтэй харгалздаг. Бүтээгдэхүүн нь тодорхой үр өгөөжтэй, зах зээлд хэрэглэгчдийн итгэл төрүүлэхүйц бизнесийн том төсөл боловсруулах нь сайн хөрөнгө оруулалт татах эхний алхам билээ. Бонд гаргах, хувьцаа арилжих, үнэт цаасны зах зээл нь харьцангуй том зах зээл гэж хэлж болно.
Дэлхий дахинаа нэгээс дээш жилийн хугацаатай аливаа хөрөнгө оруулалт татах бол үнэт цаасны зах зээлээс хөрөнгөө босгох байдлаар санхүүжигддэг нийтлэг жишиг тогтжээ. Хөгжиж буй улс орны тоонд багтах манай улсад банкны салбар хөрөнгийн оруулалтын салбарт ноёлж байна. Банк нь иргэдийн хадгаламжаар эргэлтийн хөрөнгө босгож эргээд богино хугацааны зээл олгодог санхүүгийн институц. Сүүлийн үед компаниуд үнэт цаасны зах зээл рүү хүч түрэн орж ирж байна. Иргэд ч гэсэн зөвхөн банкинд мөнгөө хадгалах нь хангалттай биш болж хувьцаа эзэмшиж, компанийн хувьцаа эзэмшигч болох нь нээлттэй зах зээлд хөл нийлүүлэн алхах болсон байна.
Төслийн үр өгөөжийг тооцох энгийн арга
Аливаа хөрөнгө оруулалт ашигтай, ашиггүй эсэхийг тооцдог энгийн аргууд байдаг. Тухайлбал, эргэн төлөгдөх хугацааны арга нь хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид энэ төслийг хэрэгжүүлснээр хэдэн жилийн дараа буцааж олж авах вэ, хэдэн жилийн дараагаас ашигтай ажиллаж эхлэх вэ гэдгийг харуулдаг юм. Дараагийн арга нь тус төсөл үнэхээр ашигтай юу, танд ямар нэгэн үнэ цэнийг бий болгож байна уу гэдгийг харуулдаг өнөөгийн үнэ цэнийн арга юм. Эсвэл банкны 13 хувиас их хувийн өгөөжтэй байж чадах эсэхийг харуулдаг өгөөжийн дотоод хувийн арга гэж байдаг. Ийм гурван арга дэлхий нийтэд өргөн хэрэглэгддэг. Энэ бол бизнесийн том жижгээс үл хамааран хэрэглэж болох аргууд юм.
Бизнес ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээ мэдэхийн тулд орлогоосоо зардлаа л хасна. Гэхдээ санхүүгийн тайланг өнгөрсөн цаг дээр хийдэг бол бизнесийн төсөл ирээдүй цаг дээр хийгдэх учраас 3-5 жилийн дотор хэрэгжих, эсвэл үйлдвэрийн байр барихад 20-30 жилээр ашиглах гэх мэтээр ирээдүйд олох орлогоо таамаглаж төсөөлөөд тэндээсээ гарч болох зардлуудыг мөн төсөөлөөд орлогоосоо зардлаа хасаад ашгаа тооцно. Тэгэхээр энэ зарчмаар ашигтай гэж гарч л байвал тэр төсөл ашигтай гэсэн үг. Яг л бизнестэй адил.
Хөрөнгө оруулалтад судалгаа чухал
Зах зээлийн судалгааны маркетингийн аргаар юу хийх гэж байна, ямар үнэ цэнийг бий болгох гэж байна вэ гэдгийг тодорхойлоод тодорхой хэсэг, үе шатуудтай. Юун түрүүнд хэрэглэгчээ эрэгтэй, эмэгтэй хүйс, насны ангилал, сонирхол, хэрэглэгчийн орлого, онцлог зэргийг давхар тодорхойлно. Өөрөөр хэлбэл, сонирхол хоббигоо нэгдүгээрт тавьдаг хүмүүс худалдан авалтыг ямар ч үнээр хамаагүй хийдэг хэсэг байхад зарим хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ багахан нэмэхэд л худалдан авалт буурах зэрэг өөр ялгаатай байдаг. Өөрийн бизнесийн сегментийг тодорхойлохын зэрэгцээ өрсөлдөгчөө ч гэсэн судлах хэрэгтэй. Үнэ, бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ гээд яг юугаар өрсөлдөж байгаагаа тодорхойлно.
Зарим бизнесийн төсөлд алдагдсан боломжийн өртөг гэж тооцдоггүй. Тухайлбал, нийгмийн салбарт хэрэгждэг төсвийн хөрөнгө оруулалтын төслөөс ажиглагддаг. Маркетингийн зардлын гол үүрэг бол борлуулалтыг идэвхжүүлэх юм. Тухайн төсөлд ямар маркетингийн аргыг хэрэглэх вэ гэдгээ сонгосон байх хэрэгтэй. Тухайлбал, урьд нь тв-ээр ид үздэг кино, мэдээний дундуур мэдээллийг хүргэх нь борлуулалтыг нэмэгдүүлэх гол арга байсан. Харин сүүлийн үед хүмүүс телевиз үзэх, реклам үзэх нь багасаж, сошиал медиаг илүү ашиглах болсон. Тэгэхээр заавал олон сая төгрөгийн хэдхэн секундийн реклам гэхээсээ илүү сошиал маркетингийг хэрэглээд, яг өөрийнхөө хүсч буй сегментэд мэдээллээ хүргэх болсон. Тухайн төслийн баг зөв сувгаа сонгож, яг өөрсдийн сонгосон сегментэд мэдээллээ аль болох зардал багатай хүргэхийг хичээх хэрэгтэй.
Зээлийн шалгуур хангах бизнес цөөрсөн
Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй зээл болон гурван хувийн зээл нь нарийн шаардлага, шалгууртай. Тухайлбал, барьцаа хөрөнгө, үйл ажиллагаагаа сүүлийн хэдэн жил тогтвортой хэрэгжүүлсэн гээд. Тэгтэл сүүлийн 2 жил ковидоос болоод ихэнх бизнесүүд тогтворгүй болсон. Яг хүнсний үйлдвэрлэл, супермаркет, эмийн сан л биш бол бусад ихэнх салбарын үйл ажиллагаа ашиг орлогод нөлөөлж, зарим нь үүд хаалгаа барьсан. Цар тахал бизнесүүдийг тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад саад болж, хэрэглэгчид хумигдсан. Хүн амын худалдан авах чадвар буурсан. Өдөр тутмын хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээндээ л анхаарахаас биш бага зэрэг тансаг хэрэглээг танасан. Тэгэхээр тансагдуу гэсэн хэрэглээнд хамаарч байгаа бүх бизнесүүдийн борлуулалт буурсан гэсэн үг. Тиймээс гурван хувийн зээлийн шалгуурыг хангах бизнесийн тоо цөөрчхөж байгаа юм. Мөн ихэнх бизнесүүд зээлтэй байдаг. Зээлтэй байна гэдэг хөрөнгө нь цаанаа барьцаалагдсан байна гэсэн үг. Нэмж зээл авах шаардлагыг хангахгүй болж байгаа юм. Сүүлийн үед жижиг бизнесүүд биш барьцаа хөрөнгөтэй дунд, дундаас том, зарим том компаниудын охин компани зээл авах нөхцөл бүрдэж байна. Жирийн бизнесүүд зээлийн дарамттай бөгөөд сүүлийн 2-3 жилийн хугацаанд санхүүгийн ашиггүй байгаад ахиад зээл авах боломж нь хаагдаад байна гэсэн үг.
Уналтад орсон бизнесийг худалдаж авах нь нэг төрлийн хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулагчийн эрсдэл даах чадвар гэдэг нь хөрөнгө оруулагчийн хувьд шинэ зүйлд хөрөнгө оруулах нь хэдий эрсдэлтэй ч гэсэн илүү их өгөөж амласан төслүүдэд хожиж болно. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар залуу хүмүүс илүү эрсдэл гаргах чадвартай байдаг. Учир нь хүмүүс бага зэргийн хуримтлуулсан мөнгөө нэг удаа алдлаа гэхэд дахиад хуримтлуулах нас байгаа. Харин тэтгэврийн насанд ойртсон хөрөнгө оруулагчид хамгийн найдвартай банкны хадгаламжийг сонгодог. Эсвэл сүүлийн үед гараад байгаа хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Банкийг хувьчилж авахад бэлдэж байгаа томоохон найдвартай компаниудын хувьцаа, бондод багц хэлбэрээр хөрөнгө оруулдаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд руу ханддаг болсон. Бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрийн гэсэн үнэт зүйл, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, эрэлт хэрэгцээгээ л маш сайн судалсан байх ёстой. Эдийн засгийн ийм хямралтай байхад юмны үнэ арай хямд болдог. Монголд л үйлчлэхгүй байгаа болохоос ийм хямралын үед ихэнх бизнес хямдхан болж эхэлдэг. Тэгэхээр хямдхан байхад нь аливаа бизнесийг аваад өнгөлж, өөд нь татах юм бол ашиг өгөөж нь мэдээж илүү болно. Тиймээс зарим бизнесийн хувьд ирээдүйд үнэхээр ашигтай болох бизнесийг худалдаж авч болох үе юм. Бизнес худалдаж авна гэдэг нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Олон улсад бизнесүүдийг өөртөө шингээж авах, хоршуулах, бэлтгэн нийлүүлэгчдээ худалдаж авах, эсвэл өрсөлдөгчөө худалдан авч зах зээл дээр илүү том, ашигтай тоглогч болох зэрэг олон аргууд байдаг.
Хөрөнгө оруулалтын санг зөвөөр ашиглах нь олон давуу талтай
Санхүүгийн аюулгүй байдлаа тооцоолох нь энэ цаг үед, цаашид юу болох нь тодорхойгүй ийм үед өөрт байгаа бүх зүйлээ нэг өндгөнд битгий хий л гэсэн үг. Тархаан байршуулах хэрэгтэй. Магадгүй дийлэнх хэсгийг нь хамгийн найдвартай зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Одоогоор хамгийн найдвартай зүйл бол банкны хадгаламж байна. Үлдсэн тодорхой хувийг тухайн хүний үзэмж, эрсдэл хүлээх чадвараас хамаараад өөр зүйлд хөрөнгө оруулж болно. Тодруулбал банкны хувьчлал гэж ирэх жилээс яригдаж эхэлнэ. Хөрөнгө оруулалтын сангууд хүмүүсийн жижиг жижиг хуримтлалын мөнгө цуглуулаад банкны хувьчлал эхлэхэд банкны хувьцааг авах гэж байгаа юм. Хүмүүсийн мөнгө нийлэхээрээ хөрөнгө оруулалтын сан буюу илүү том зүйл болно. Жишээ нь 1 сая төгрөгийн тухай ярьж байгаа бол тань шиг магадгүй 200, 300 хүн нийлээд хөрөнгө оруулалтын сан дээр илүү их мөнгө босгож, түүнийгээ хувьцаанд байршуулах юм. Мэдээж хөрөнгө оруулалтын сангууд зөв ажиллах юм бол хүмүүсийн татан төвлөрүүлсэн мөнгийг хэзээ ч нэг зүйлд хийхгүй. Багцын хөрөнгө оруулалт гэж хийх ёстой. Ихэнх нь А зэрэглэлийн хувьцаа гэдэг шиг хамгийн найдвартай хувьцаанд, бондод хийчхээд бусад өгөөжтэй байж магадгүй ч гэсэн эрсдэлтэй зүйлсэд сангийнхаа тодорхой хэсгийг байршуулдаг. Багцын хөрөнгө оруулалт гэж хийх нь бусад улс оронд банкны хүүнээс өндөр хувийн өгөөж өгдөг. Жижиг хөрөнгөтэй хувь хүмүүс хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад үнэт цаасны зах зээлд оролцдог. Мэдээж хувь хүн хүсвэл ямар ч брокерын компанид данс нээлгээд, ямар ч компанийн хувьцааг авах эрх бол нээлттэй. Гэхдээ маш сайн судлах хэрэгтэй. Аль болох л өөр өөр газар байршуулж, санхүүгийн аюулгүй байдлаа хангачхаад дээрээс нь бага багаар өгөөж авах боломжтой гэсэн үг.
Хөрөнгө оруулагчид банкны эзэн ч болох боломжтой
Банк нь хувьцаагаа жижиглэх сонирхол байдаггүй. Яагаад гэвэл засаглал талаасаа хувьцаа эзэмшигчдийн хурал нь хамгийн дээд засаглал болно. Түүний дараа ТУЗ, гүйцэтгэх захирал гээд явдаг. Тэгэхээр хэт их тархай бутархай байх нь нэг бодлын аль нэг хүчийг давамгай байлгахгүй гэдэг давуу талтай. Гэхдээ аливаа хувьцаат компанит хяналтын багцаа барьж байгаа хүмүүс нь ТУЗ-тэйгээ хамгийн их нөлөөтэйгээр гүйцэтгэх захирал, мэргэжлийн удирдлагаа сонгох боломжууд нь байдаг учраас яг стратегийн хөрөнгө оруулагчдыг банкнууд илүү хайж байгаа юм. Банкинд байгаа хадгаламжууд нь банкнуудын хөрөнгийн 70-80 хувийг бүрдүүлэх жишээний. Тэгэхээр мөнгөө хадгалж байхын оронд банкны хувьцаа эзэмшигч эсвэл банкны эзэн нь болох ч боломжтой. Мэдээж жирийн иргэдийн хувьд ч гэсэн банкны хувьцаа авах боломж бий. Банкны хувьцаа авснаар банк өөрөө харьцангуй засаглалын хувьд тогтвортой байдаг учраас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх бөгөөд бусад салбарыг бодвол ямар ч цаг үед алдагдалд орохгүй байх магадлалтай. Тэгэхээр банкны хувьцааг авах сонирхолтой хөрөнгө оруулагчид цөөнгүй байгаа юм. Нэг дүрэм нь бүх мөнгөө нэг хувьцаанд байршуулж болохгүй. Юмыг яаж мэдхэв байдал буруутвал танд хадгаламж байх ёстой. Манай улсын хадгаламжийн хүү бусад улстай харьцуулахад өндөр.
Хөрөнгө оруулалтын түгээмэл алдаа
Хөрөнгө оруулалт таны зорилготой уялдаатай байх ёстой. Хэт өөдрөг хөрөнгө оруулж болохгүй. Аль болох бодит тооцоо судалгаа хийгээрэй. Тодорхой логиктой тооцоо судалгаатай байх ёстой гэдгийг төсөл бичихдээ анхаараарай. Төсөл нь үнэн бодитой хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц байвал сайн.
Үнэгүй зүйл гэж байхгүй. Аливаа зүйл үнэ цэнтэй байдаг. Үнэхээр өөрийнхөө төлөө гэж бодож байгаа бол төслөө чанартай бичээд зөвлөх үйлчилгээ авч болдог. Мэргэжлийн баг байвал бизнес төсөл илүү сайн болох магадлалтай.
Бизнес эрхлэгч хүн зөвхөн өрсөлдөгчөө судлах биш. Сүүлийн үеийн хэрэглэгчдийн хандлагыг анзаарах хэрэгтэй. Дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг мэдээрэй. Тухайн улсынхаа хөгжлийн бодлоготой танилцах. Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050” дээр эдийн засгийн зорилт байна, ногоон хөгжил гэсэн зургаадугаар зорилт байна. Үүнээс ямар салбарууд илүү ирээдүйтэй байх вэ гэдэг тодорхой харагдах болно.