Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжлийг хэмждэг олон төрлийн индекс, рейтингүүд байдаг. Авлигын төсөөллийн индекс, Эдийн засгийн эрх чөлөөний индекс, Зээлжих зэрэглэл, Бизнес хийх нь, Шүүхийн үйл ажиллагааны чанарын индекс гэх мэт. Монгол Улс эдгээр энэ мэт үзүүлэлтийн олонхи дээр нь олигтой ахиц гаргахгүй, “гацсан” байдаг нь олон талын дохио өгдөг ч үүнийг төрийн бодлогод тусгаж сайжруулж буй нь ховор.
Манай улс Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэх нь” индексэд хоёр жилийн өмнөөс бизнес эрхлэх орчны хувьд дэлхийн 190 улсаас 81-д “гацжээ”. Магадгүй гацах болсон нэг том шалтгаан нь 15.6 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд 374 хоног зарцуулаад байгаа асуудал болж байна. Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ дундаж хугацаа 6.2 жил зарцуулж байгаа бол хамгийн ихдээ 16.6 жил зарцуулсан хэрэг ч байна.
Нэгэн түүх
“Монголд зээлгүй айл гэж байдаггүй” гэж ярих нь одоогийн нийгэмд тийм ч хол зөрүүтэй санагдахгүй биз ээ. Үүний нэгэн адил Г.Золбоо 2014 онд 65 сая төгрөг банкнаас зээлжээ. Жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулжээ. Г.Золбоо авсан зээлээ төлөөгүй учир түүнийг банк 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд өгчээ. Г.Золбоогийн үндсэн зээл 65 сая төгрөг, зээлийн хүү 29 сая төгрөг, нэмэгдсэн хүү 5 сая төгрөг буюу 99 сая төгрөгийн нэхэмжлэл шүүхэд өгсөн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр: Г.Золбоогоос 76 сая төгрөг гаргуулж банканд олгож, нэхэмжлэлээс 23 сая төгрөгийн шаардлагыг гэрээ цуцлагдсан гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 23 сая төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзжээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр: Анхан шатны шүүхээс банк гэрээ цуцлах хүртэл хугацааны зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зээлийн хүүг 6 сараар тооцсон нь үндэслэлгүй тул нийт 92 сая төгрөг Н.Золбоогоос гаргуулж, банканд олгохоор 2016 оны 05 дугаар сарын 18-нд шийдвэрлэсэн байна.
2018 онд анхан шатны шүүхээр нийт 48,155 иргэний хэрэг шийдвэрлэснээс иргэний эрх зүйн маргаан 21,616 буюу 79.3 хувийг эзэлж байна. Харин үүнээс 5,570 нь зээлийн гэрээний эрх зүйн маргаан байжээ. Зээлийн гэрээний маргаан нь 2018 онд шийдвэрлэсэн нийт иргэний хэргийн 11.6 хувийг, иргэний эрх зүйн маргааны 26 хувийг эзэлжээ. Үүнээс харахад нийт хэргийн дийлэнх нь зээл, түрээс, худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргаан байгаа юм.
Банк болон зээл олгох эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийн хувьд гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл олголт, төлөлт болон нотлох баримтын хувьд ч маргаан бага байдаг онцлогтой. Дээрх байдлаас дүгнэхэд зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй иргэний хэрэг, маргаан нь Монгол Улсын хэмжээнд хянан шийдвэрлэгдэж байгаа нийт иргэний хэргийн багагүй хувийг эзэлдэг бөгөөд хамрах цар хүрээ, хэмжээний хувьд ч санхүү, эдийн засгийн өндөр ач холбогдолтойг судалгаанд дурджээ.
Детальд чөтгөр нуугддаг
Англи хэлний “The devil is in the details” гэсэн хэлц үг байдаг. Энэ нь аливаа ажлын деталиудад хамгийн их эрсдэл нуугддаг гэсэн санаа бөгөөд гэрээ байгуулах үед хуульчдын баримталдаг гол зарчмуудын нэг.
Монголчууд аливаа гэрээ байгуулахдаа хайнга ханддаг, гэрээний дүнг хараад л гарын үсэг зурчихдаг нийтлэг дутагдалтай. Тиймдээ ч шүүхээр шийдвэрлэж байгаа дийлэнх хэрэг нь зээл, түрээс, худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргаан байдаг тухай дээр дурдсан. Бизнес эрхлэгч болон иргэдийн ихэвчлэн гаргадаг алдаа бол гэрээ боловсруулахдаа анхаардаггүй. Зээл авч л байвал болоо гэсэн хандлагаар гэрээгээ, магадгүй хүү, эргэн төлөгдөх хугацаагаа харахгүйгээр гарын үсэг зурчихдаг. Ихэвчлэн бэлэн гэрээний загвар дээр тулгуурлаад гэрээгээ хийчхээр дараа нь иргэний шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх болдог. Иргэний шүүхийн процессын хугацаа хамгийн багадаа 60 хоног. Ихэнхдээ түүнээс дээш хугацаа зарцуулдаг байна. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх гэж явсаар хяналтын шатан дээр очоод гацдаг тухай цөөнгүй жишээ байдаг. Тиймээс анх гэрээ байгуулахдаа эрх зүйчээр хянуулах, хуулийн фирмээс зөвлөгөө авах, гэрээний мэргэжилтэнтэй болох хэрэгтэй гэдгийг өмгөөлөгч, хуульчид зөвлөсөөр байна.
Цаг хугацааны хувьд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хоёр хэргийн шүүх болон арбитраар шийдвэрлэсэн байдлыг харьцуулахад зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн хугацаа 1.6 жил, арбитраар шийдвэрлэсэн нь зургаан сар гэсэн тооцоолол гарчээ.
Зарим тохиолдолд аль нэг тал гэрээндээ арбитраар маргаанаа шийдвэрлүүлнэ гэж заасан бол шүүхэд хандахаас илүүтэй арбитраар асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрддэг. Тодруулбал, эдийн засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн болон эдийн бус баялагтай холбоотой аливаа гэрээнээс үүссэн маргааныг талуудын тохиролцсоны үндсэн дээр хөндлөнгийн этгээдээр хянан шийдвэрлэдэг аргыг арбитр гэж ойлгож болно. Цаг хугацааны хувьд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хоёр хэргийн шүүх болон арбитраар шийдвэрлэсэн байдлыг харьцуулахад зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн хугацаа 1.6 жил, арбитраар шийдвэрлэсэн нь зургаан сар гэсэн тооцоолол гарчээ. Санхүүгийн тооцооллын хувьд шүүхэд улсын тэмдэгтийн хураамж дахин дахин төлдөг бол арбитрын маргааны хувьд зардлыг нэг удаа төлдөг нь давуу талтай гэж үздэг байна. Монголын Олон Улсын Арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж “Зээлийн гэрээний маргаан дээр аль болох шүүхийн бус аргыг хэрэглэх нь зохимжтой. Шүүхийн гурван шат дамжаад явахад зээлдүүлэгчийн зээлийн хүү зогсохоос эхлээд хохирол их амсдаг. Магадгүй маргаан үүсчихсэн байгаа бол эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжтой.” гэв.
Гэвч бизнес эрхлэгчид ямар нэгэн маргаан үүсэхэд эвлэрүүлэн зуучлагчид хандахаас илүүтэй шүүх рүү ханддаг бөгөөд шүүхдэлцэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зүйгээрээ хохироод ирэхээр нэг тал нь “за за одоо эвлэрчихье тэгэх үү” гэж хэлэх нь түгээмэл. Бизнесийн маргааны асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн хэрэглэгчдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнгээр эвлэрүүлэн зуучлал нь 8108 өргөдлийг шийдвэрлэсэн бол 66.1 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 33.9 хувьд нь бүтэлгүйтсэн байна. Үүнээс дүгнэхэд эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн ачааллыг 24 хувиар бууруулжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл гурван жилийн хугацаатайгаар томилогддог бөгөөд шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь цаг хугацаа хэмнэсэн, зардал бага, талууд сайн дурын үндсэн дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож, өөрийн сэтгэлд нийцсэн шийдэлд хүрч, бизнесийн харилцаа хэвийн үлддэгээрээ давуу талтай байна. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжилсэн үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлдөг бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хувьд улсын тэмдэгтийн хураамж нь үнийн дүн харгалзахгүй 30,000 төгрөг төлдөг. Маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа 30 хоног байдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг. Эвлэрлийн гэрээ шүүгчийн захирамжаар баталгаажсан тохиолдолд аль нэг тал гомдол гаргаж давж заалдах эрхгүй шүүхийн эцсийн шийдвэр гардаг онцлогтой. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Б.Хулан “Сүүлийн үед зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн гэрээтэй холбоотой маргаанууд дийлэнх хувийг эзэлж байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэд байгууллагууд ойлголт муу байдаг. Мөн эрх зүйн боловсрол дутмаг байдаг учраас иргэд, байгууллагууд заавал шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлнэ гэж ойлгодог. Шүүхийн журмаар бус аль болох эвийн журмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх нь хоёр талдаа ашигтай” гэж ярив.
2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнгээр эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн ачааллыг 24 хувиар бууруулжээ.
“Санхүү, бизнесийн эрх зүйн судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаач, эрх зүйч Т.Сумъяабазар “Хөлөө олчихсон бизнес эрхлэгчид зээл, түрээстэй холбоотой маргаанд холбогдох нь бага. Харин ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авах түрээс, худалдах, худалдан авах гэрээ байгуулах нь түгээмэл байдаг. Тэгвэл шинээр бизнес эхлүүлж байгаа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан ээлтэй эрх зүйн орчин бүрдээгүй байна. Одоо намрын чуулганаар бизнес эрхлэгчдэд хамаарал бүхий хэд, хэдэн хууль хэлэлцэнэ. Аливаа хуулийн шинэчилсэн найруулгын тухай бизнес эрхлэгчид мэдлэг, мэдээлэлтэй байж, нэгдэж өөрсдийн эрх ашгийн төлөө хуулийн төсөлд санал өгөх хэрэгтэй” гэсэн юм.
Дэлхийн банкнаас гэрээний хэрэгжилтийг хангах нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай багц судалгаа тогтмол хийдэг байна. Тодруулбал олон улсад шүүх хяналтын тогтолцооны зардал, гэрээний хэрэгжилт түүний эдийн засагт үзүүлэх нөлөөний тухай олон улсын жишгийг дурдсанаар Итали Улсын шүүхийн системийн дутагдал нь бизнесийн орчныг муутгаж, эдийн засгийн бага өсөлтийн шалтгаан болсон байна. Энэтхэг Улсын компаниудын 2000-2010 оны тоон өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд шүүх, хяналтын тогтолцооны чанарын нэг стандарт хазайлт ба өсөлт нь компанийн экспортын хэмжээг 0.25-0.31 нэгж стандарт хазайлттай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Түүнчлэн Пакистан Улс 2002 онд 350 сая ам.доллартой (тухайн үеийн ДНБ-ий 0.1%) тэнцэх хэмжээний хөрөнгөөр шүүхийн системийн шинэчлэл хийсэн нь өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулсан, иргэдийн зээлийн эрэлтийг нэмэгдүүлсэн, бизнес эрхлэлтийг дэмжсэн байна (Chemin, 2009). Зарим улс орон шүүхийн системийн шинэчлэлдээ хэдэн сая ам.доллар зарцуулж бодит үр өгөөжийг хүртэж байна. “Монгол Улс сүүлийн жилүүдэд хууль, эрх зүйн орчинд эрчимтэй шинэчлэл хийж байгаа боловч цаашид сайжруулах шаардлагатай зүйлс олон байгаа, сайжруулалтыг хийснээр бизнесийн орчин сайжрах, эдийн засгийн агент хоорондын хэлцлийг дэмжих, цаашлаад эдийн засгийн өсөлт болон бусад макро хүчин зүйлсэд эерэг нөлөөлөх боломжтой юм” гэж эрдэмтэд үзэж байна.
Бизнес эрхлэгчид үргэлж нийгмийн харилцаанд ашиг, орлого олж үйлдвэрлэл бүтээн байгуулалтаа өрнүүлэн цаг хугацаатай уралдаж хөрөнгө мөнгөө өсгөх зорилготой ажилладаг. Гэвч бизнес эрхлэгчдэд ээлтэй эрх зүйн орчин дутмаг байгаа учраас гацалтад ороод байгааг судлаачид онцолсон хэвээр.Шүүхийн үйл ажиллагааны чанарын индексийн үзүүлэлтээр Монгол Улс 213 орноос 179-т “гацжээ”.
Ээлтэй гэдэг үг элэггүй гэсэн утга дүйж байгаа юм биш биз. Бизнесийн маргаантай холбоотойгоор хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа гацсан бизнес эрхлэгчдийн эрх ашгийг шүүх шийдвэрлэж амжихгүй байна уу эсвэл…