Эртний Хятадын армийн жанжин, цэргийн стратегич, философич Сүнзийн (Sun Tzu) “Art of War буюу Дайтах Урлаг” хэмээх бүтээл нь анх туурвигдсан цагаасаа хойш Хятадын үе үеийн арми, улс төр, сүүлийн жилүүдэд бизнесийн удирдагч, манлайлагч, нийгмийн зүтгэлтнүүдийн оюуныг өлгийдөн авсан классик бүтээл юм.
1782 онд Хятадад амьдарч байсан Христийн санваартан Жосеф Амиот Франц хэл рүү орчуулсанаар дэлхий дахинд анх танигдсан ба Англи хэл дээрх анхны орчуулга нь 1905 онд Токиод хэвлэгдэж байжээ.
Өнөөдөр дан ганц Хятадын бус дэлхийн улс төр, шинжлэх ухаан, бизнес болон нийгмийн салбарынхан тус номын хувь хүний хөгжил, бизнесийн стратеги болон байгууллагын зохион байгуулалтын тухай мэдлэгээс ашиг шимийг нь хүртсээр байна.
Улс орон, компаниуд, залуу мэргэжилтнүүд, өсөн дээшилж, хөгжих хүсэлтэй хүн бүрийн хувьд “Дайтах Урлах” номоос авах сургамж маш их.
Сүнз (Sun Tzu) “Art of War буюу Дайтах Урлаг” номдоо дайн нь улс орон мөхөх үү эсвэл сэхэх үү (өнөөдрийн контекстоор бол дан ганц улс орноос гадна аливаа бизнес, хувь хүн хөгжих үү эсвэл ухрах уу гэж ойлгож болох) гэсэн чухал ач холбогдолтой ойлголт учир түүнийг ухаж ойлгох зайлшгүй шаардлагатай хэмээн бичжээ.
Дайн нь тэгэхээр улс орны (бизнес, албан байгууллага, гэр бүл, хувь хүн г.м) бодлогын тэргүүн эгнээнд байх ёстой ба дараах 5 хүчин зүйлээс хамаардаг:
1. Ёс суртахуун
2. Цаг агаар, улирал зэрэг тэнгэр хангайгаас хамаарах хүчин зүйлс
3. Газар зүйн байдал
4. Удирдагч, манлайлагч
5. Төлөвлөгөө, сахилга бат, зохион байгуулалт
Дайны үр дүн ихэнх тохиолдолд зэвсэг барьж, цус асгаруулж, дайн хийхээс өмнө шийдэгдсэн байдаг хэмээн Сүнз бичсэн. Яаж вэ гэхээр эсрэг талынхаа ёс суртахууныг (1) устгах (Demoralization).
Ёс суртахуун нь армийн нэгдмэл байдал, жанжин ба цэргийн холбоо, цэргүүд хоорондын эв нэгдэл зэргийг бэхжүүлж, бататгаж байдаг нүдэнд харагдаж гарт баригдахгүй амин чухал хүчин зүйл ба ёс суртахуунаа алдсан армийн дотоод зөрчилдөөн, үймээн самуун дуусахгүй. Ингэж чадсан тохиолдолд дайталгүйгээр дайндаа хагас яллаа гэсэн үг.
Сүнз цааш онолдохдоо “армийн хувьд жанжин (4) нь ёс суртахуун болон эрдмийн орой, баталгаа байх ёстой”. Жанжны ёс суртахуун сулрахад арми дайндаа хагас ялагдсанаас өөрцгүй хэмээжээ.
Ёс суртахуунгүй, эрдэмгүй цэргүүд болон жанжинаас бүрдсэн арми бол нэг нэгэндээ хонь чоно, бие биедээ дайсан. Тиймээс моринд мордож, сэлэм эргүүлэхийн өмнө хэрхэн дайсныхаа ёс суртахууны тогтолцоог нураахаа бодох хэрэгтэй. Хэрхэх талаар Сүнз ийн бичжээ.
Дайн нь хуурах, мэхлэх, залилах, гол гаргах, айлган сүрдүүлэх, худлыг түгээх, итгүүлэх зэрэг сөрөг механизмд суурилан явагдах учир эдгээрийг дайсандаа сайтар ашиглах ёстой гэжээ. Дайсан чинь эдгээрийг өдөр тутам өөртөө болон өөр хоорондоо хэрэглэдэг болсон цагт чи дайндаа хагас ялалт байгуулсанаас өөрцгүй.
Тиймээс дайн гэдэг нь юу юуны тухамд хүрэлгүй сэлэм эргүүлж, буу шидэм барьж, бусдыг айлгаж сүрдүүлэхээс илүү өөртэйгөө үзэлцэхээс, өөрийгөө танин мэдэхээс эхэлдэг хэмээн Сүнз онолджээ.
Өөрт чинь ямар сул болон давуу тал байна, дайсан хэрхэн сул талыг чинь ашиглах боломжтой вэ, өөрийн давуу талаа хэрхэн ашиглах вэ? Армийн ёс суртахууны хэм хэмжээ ямар байна? Жанжин армийн ёс суртахууны баталгаа байж чадаж байна уу? Зөвхөн дайснаа сайтар танин мэдээд, өөрийгөө танин мэдэж, өөрийгаа ялан дийлж чадаагүй бол дайны үр дүн хэрхэн бол?
“Хэрэв чи өөрийгөө болон дайснаа гарын арван хуруу шигээ сайн мэддэг бол хэдэн зуун удаа дайтлаа ч ямар үр дүн гарахаас айх хэрэггүй биз. Ялалт чиний талд байна. Харин өөрийгөө мэдээд дайснаа мэдээгүй бол ялалт бүр чинь ялагдал дагуулна (алдаж онох). Өөрийгөө ч, өрөөлийг ч мэдэж чадаагүй бол дайн бүртээ ялагдах нь гарцаагүй” хэмээн тэрээр бичжээ.
Хэрэв амьдрал (мэргэжил, сургуулиа сонгох г.м), бизнес, ирээдүйг дайн гэвэл ирээдүйн зорилгодоо хүрэхэд тань саад болж буй өөрийн тань дотор орших худал хуурмаг, ёс суртахуунгүй байдал, залхуу хойрго зан байгалиас өгөгдсөн дайсан тань. Сүнзийн сургаалийн дагуу өөрийн дотоод дайсантай дайтахаас эхлэх нь зүйтэй. Дотоод дайснаа ялан дийлэхэд өөрийгөө болон эргэн тойрноо танин мэдэх, өөрийгөө ялан дийлэхийг эрмэлзэх, зорилгоо тодорхойлох, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах, өөрийн эзэн болох, эрдэм болон ёс суртахуунтай байх болон зарчмыг эрхэмлэх, өөртөө болон нэг нэгэндээ хүндэтгэлтэй байх, боловсрол мэдлэгт хөрөнгө оруулахад анхаарлаа хандуулбал дайндаа баттай ялах магадлал 50 хувиар нэмэгдэх нь.
Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж манай ард түмэн хэлж заншсан. (Сүүлийн жилүүдэд сэтгэлээ засах бас нэн чухал болж буй)
Сүнз номдоо бичсэнчилэн хуурах, зайлах, мэхлэх, худал ярих, худлыг шүүн тунгаалгүйгээр итгэх, дүр исгэх, залхуурах, жүжиглэх, өөрөө өөртөө үнэн байхаас зайлсхийх, өөрөө өөрийгөө дорд үзэх зэрэг үйлдлүүдийг дайны үед эсрэг талынхаа ёс суртахууныг устгах, дотоодын үймээн, самуун үүсгэх, хүчийг сулруулах, өөр хооронд нь талцуулах, дайтуулах зорилготойгоор зөвхөн дайсандаа л хэрэглэх дайны арга мэхнүүд байдаг гэсэн.
Тиймээс биеэ засахын эхний алхам нь өөрөө өөртөө дайсандаа хэрэглэдэг арга мэхүүдийг хэрэглэхээ таслан зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө үнэн байх. Юун түрүүнд өөрийгөө хуурах, худлыг өөхшүүлэх, залхуурах, өөрийгөө мэдэхгүй чадахгүй гэж дорд үзэхээ таслан зогсоож, өөр дээрээ ажиллаж, өөрийгөө сайжруулж, боловсруулах, өөртөө урам өгч зоригжуулахаас эхлэх болов уу.
Өөрөө өөртөө эргэлзэж, өөртөө асуулт тавьж, өөр лүүгээ нэг өнгийн харахаас эхлэх болов уу.
Дайтахгүйгээр дайндаа ялахын түлхүүр нь өөрөө өөртэйгөө дайтахаас эхлэх мэт санагдана.
Хором мөч бүр өөрчлөгдөн буй эдийн засаг, нийгэм, бизнесийн эко систем дотор магад ганц өөрчлөгдөшгүй хүчин зүйл нь өөрчлөлт өөрөө. Тогтмол өөрчлөлтийн дунд бизнес хэрхэн оршин тогтнож, цэцэглэн хөгжих нь бас л өөрөө өөрийгөө сайтар ойлгохоос, аливаа бизнесийн жинхэнэ мөн чанар болох хэрэглэгчээ ойлгохоос эхэлнэ. Бизнесийн ноу-хау, бүтээсэн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нь тухайн бизнесээс хараат бус, харин түүний гадна орших элемент байдаг.
Хором мөч бүр өөрчлөгдөн буй эдийн засаг, нийгэм, бизнесийн эко систем дотор магад ганц өөрчлөгдөшгүй хүчин зүйл нь өөрчлөлт өөрөө.
Учир нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг бүтээхэд ашигласан мэдлэг нь зах зээлийн нийтийн өмч байх ба хэн нэгэн гүйцээд ирэх эсвэл илүү сайныг бас хямдыг бүтээх нь хугацааны асуудал хэмээн Петр Дракер “Managing for Result” (Үр Дүнг Чухалчилсан Менежмент) номынхоо эхний бүлэгт (номын 1-р бүлэг: бизнесээ ойлгох нь) бичжээ. Тиймээс аливаа бизнесийн хувьд өөрийгөө танин мэдэхийн нэг чухал хэсэг худалдан авагч/хэрэглэгч нь хэн болохыг танин мэдэх байдаг аж.
Хэрэглэгч маань хэн бэ, түүний сэтгэл зүй, зан үйл хэрхэн өөрчлөгдөж байна вэ хэмээн тогтмол асууж, тандаж, харилцан ярилцаж, даган хувьсаж байхын чухлыг тэрээр тус номдоо онцолсон. Өөрийгөө танин мэдэх буюу хэрэглэгчийнхээ сэтгэл зүй, зан үйлийг тогтмол судалж, тандаж, ойлгож, харилцан ярилцаж байдаг бизнесүүд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ болон инновацийг зах зээлд нэвтрүүлж чаддаг хэмээн Петр Дракер онолджээ.
Ташрамд дурдахад, ёс суртахуун гэдэг нь аливаа зүйлийг хэрхэн сайн “хийх” вэ гэдгийг судалдаг философи/психологийн ойлголт ба хүний бүтээмжтэй салшгүй холбоотой. Өөрөө өөртөө худал бол бүтээмж, бүтээгдэхүүн бүгд худал байх нь ойлгомжтой.
Ёс суртахуун доройтоход хүний үйлдэл худал, алдаатай, буруу болж, сүүлдээ амьтнаас ч долоон дор болдог. Аливаа техник хэрэгсэл түлш, энергигүйээр хөдлөх боломжгүйтэй адил ёс суртахуун нь хүнийг хүн байх, үнэн, зөв, сайн бодож үйлдэл хийхэд шаардлагатай түлш, энерги юм. Дайны үед яагаад дайсныхаа эрчим хүчний эх үүсвэрийг юу юунаас түрүүлж устгадаг вэ гэдэг нь ойлгомжтой. Ёс суртахуунгүй байна гэдэг нь ялагдах нь шийдэгдчихсэн ямар ч төрлийн дайныг (хувийн, ажлын, бизнесийн, улс орны г.м) маш том сул талтай, алдагдалтай эхэлж байна л гэсэн үг ажээ.