Эхлээд метаверсийн тухай товчхон …
Метаверс гэдэг ойлголт видео тоглоом, дижитал энтертайнментаас давлаа. Технологийн шийдлүүдийг хөгжүүлснээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн төдийгүй аж үйлдвэр, бизнесийн цахим орчныг өөрчилсөн нэр томьёотой танилцаж, дасах цаг болжээ. Цахиурын хөндийн аваргууд стратегиа өөрчлөх бодлогын мэдэгдэл хийж байна.
Метаверсийг бизнесээс илүүтэй тоглоомын салбар, шинжлэх ухааны уран зохиолд дурлагчдын зөгнөл гэж үздэг. Нейл Стивенсоны “Лавина” романд метаверс гэсэн хоорондоо уялдаа холбоотой дижитал болон физик ертөнцийн тухай өгүүлдэг. Нэг ертөнцийн үйл явдлууд нөгөө ертөнцийн амьдралд нөлөөлөх бөгөөд хоорондох шугамыг зурах боломжгүй. Уг зохиолоос хойш метаверсийг янз бүрийн урлагийн бүтээлүүдэд дүрсэлснээр цар тахлын үед бодит, цахим ертөнцийн хил хязгаар болсон.
Хүмүүс гэрээсээ ажиллаж, суралцаж, худалдан авалт хийж, кино, жүжгийн нээлтийг буйдангаас үзэж байна. Эндээс л бизнесменүүд метаверсийг зорилгоо болгосон биз ээ. Тухайлбал, “Roblox” корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Башуки компанийн IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд хэрэглэгчдийнхээ гараар метаверс бүтээхээ зарласан. “Google”-ийн тэргүүн Сундар Пичай хайлтын компани байхаа больж, хиймэл оюун ухаанд суурилсан ертөнцийн чиг хандлагыг дагахаа мэдэгдсэн. Энэ ертөнц “Google”-ийн төдийгүй мэдээллийн технологийн салбарын хувь заяаг маш нарийн тодорхойлсон юм.
Дөрөвхөн жилийн өмнө бий болсон хиймэл оюун ухааны хөгжил, бизнесийн эргэлтийн цар хүрээ бидний амьдралд үзүүлэх нөлөөг өөрчилсөөр байна. Цукербергийн мэдэгдэл метаверстэй холбоотой тогтмол эшлэлүүдийн эсрэг бас онцлог байлаа. Мэдээж компанийн цар хүрээ, нөлөөллийг тэлэх зорилготой ч зугаа цэнгэлээс хол давсан үл тоомсорлохын аргагүй төлөвлөгөөтэй.
Маркетеруудын хувьд мета-орчлонг (грек хэлний μετά- “дараа” болон verse – “орчлон” гэсэн үгс) тайлбарлаж буй өнцөг нь олны анхаарлыг татжээ. Метаверст хүрэх Цукербергийн төхөөрөмж нь нүдний шил эсвэл дуулга юм. Орчин үеийн дижитал ертөнц олон янз учир үндсэн интерфейс нь таны гарын алган дахь дэлгэцээр хязгаарлагдахгүй. Ухаалаг утас нь бидэнд компьютераас ангид байх боломжийг бэлэглэсэн ч мета орчлонгоор аялахад хангалтгүй юм. Харах хүрээг бүхэлд нь хамарсан нүдний шил, эргэн тойрон дахь дуу чимээ нь виртуал ертөнцийг бодит байдалтай “холих” боломж олгодог.
Цукерберг виртуал болон сайжруулсан бодит байдлын /Augmented reality/ төхөөрөмжүүдийг хөгжүүлэхэд бооцоо тавьж, өөрийн техник, программ хангамжийн платформтой болбол “Google”-ийн амжилтыг дараагийн түвшинд давтаж, өрсөлдөгчөө “Apple” шиг гүйцэж түрүүлнэ.
Дэлхий бол хэрэглүүрээс бус хүмүүсээс тогтдог гэсэн Цукербергийн санаатай маргахад бэрх. Гэхдээ хоёр ертөнцийн холболт метаверс бол нэг компанийн бүтээн байгуулалт эсвэл бүтээгдэхүүн биш. Ирээдүйн дижитал орчныг бүхэлд нь дүрсэлсэн бидний эргэн тойрон дахь бусад ертөнцтэй ууссан интернет юм.
Дижитал ертөнцтэй харилцах шинэ интерфэйсийг хөгжүүлэх нь зөвхөн VR (виртуал бодит байдал) болон AR (баяжуулсан бодит байдал) төхөөрөмжүүдийг хөгжүүлэхэд үр дүнгээ өгч байна. Ямартай ч Цукербергийн мэдэгдэл, компанийнхаа чиг хандлагыг өөрчилсөн практик шийдвэрүүд биднийг хэдэн жилийн дараа ямар метаверст амьдрах бол гэсэн шинэ технологийн уралдаан эхэлснийг тодорхой харууллаа.
Метаверст хөтөлсөн төслүүд
“Цар тахал удахгүй дуусна” гэсэн найдварыг омикрон хувилбар үгүй хийсэн. Ковидын өөрчлөлтийн нөлөөн дор Цахиурын хөндийн тэргүүлэх компаниуд технологийн чиг хандлагыг хэрэглэгчийн хэрэгцээ, ажилчдын бүтээмжийг дээшлүүлэх, кибер халдлагаас хамгаалах шаардлагатай уялдуулжээ.
Метаверс зах зээлийн боломж нэг их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа тул ширүүн тэмцэл өрнөх нь дамжиггүй.
Гэхдээ технологийн хөгжлийг зөвхөн тахлын үр дагавар тодорхойлсонгүй. Марк Цукерберг метаверсийг интернетийн ирээдүй хэмээж, компанийнхаа нэрийг өөрчилсөн. Компьютер тоглоомтой холбоотой байхаа больж бүхэл бүтэн интернетийн хөгжлийн дараагийн түвшин гэж үзэж байна. Мета ертөнцийн хөгжилд нөлөөлөх төслүүдээс онцоллоо. Энэ зах зээлийн боломж нэг их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа тул ширүүн тэмцэл өрнөх нь дамжиггүй.
“Socure” таних үйлчилгээ
Олон нийтийн сүлжээ зэрэг эх сурвалжаас хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж луйвар, цахим халдлагад ашиглах нь бий. Тиймээс “Socure”-ийн мэргэжилтнүүд банк, цахим худалдааны компанийн үйлчлүүлэгчдэд зээл олгохдоо луйврын магадлалыг бууруулах хувийн мэдээллийн технологийг боловсруулж байна.
Хэрэглэгчийн баталгаажуулалтын технологийг сайжруулах төсөлдөө “Accel” болон “T. Rowe Price” компаниас 450 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Уг старт-апыг 2012 онд Жонни Айерс, Сунил Мадху нар эхлүүлсэн. Айерс IBM-ийн ахлах зөвлөх байсан бөгөөд оюутнуудад ажил олоход тусалдаг “Endeavour Up” онлайн үйлчилгээний тэргүүн юм.
Харин Мадху кибер аюулгүй байдлын технологийн “Netegrity” компанид шийдлийн архитектораар ажиллаж байжээ. “Socure” 2016 онд гадаадын сангуудаас 13 сая ам.доллар босгосон. Өдгөө 1000 гаруй үйлчлүүлэгчтэй бөгөөд АНУ-ын 15 томоохон банкнаас 12, цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэгч, криптовалютын биржүүд багтдаг.
Эмчилгээний уургийн эм үйлдвэрлэгч “Generate”
АНУ-ын био анагаах ухааны “Generate” старт-ап хүний байгалийн гаралтай уургийг орлох эсвэл нөхөх үйлчилгээтэй, хорт хавдар, цусны өвчин, үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны өвчин, дархлааны тогтолцооны эмгэгийг эмчлэх уураг, нэгдлүүдэд суурилсан эмийг боловсруулж байна.
Хөрөнгө оруулагчдаас 370 сая ам.долларын санхүүжилт босгожээ. Төлөвлөгөө ёсоор эмийг 2023 онд худалдаанд гаргана. Тус компанийг 2018 онд вакцин үйлдвэрлэгч “Moderna” компанийн хөрөнгө оруулагч “Flagship Pioneering”-ийн инновацийн эрдэмтэд Жеффри фон Малтзан, Геворг Григорян, Молли Гибсон нар байгуулсан. Тэд эсрэг бие, пептид зэрэг эмчилгээний уураг үүсгэх платформыг хөгжүүлэгч юм. Нэмж дурдахад, “Generate” Ковидыг эмчлэх эм бэлдмэл боловсруулж эхэлжээ.
AR платформ хөгжүүлэгч “Niantic”
“Niantic”-ийн хөгжүүлэгч нар AR буюу бодит байдлыг сайжруулсан тоглоом бүтээхэд шаардлагатай “Lightship” платформыг эхлүүллээ. Мөн AR-ийн гарааны бизнесүүдэд зориулж 20 тэрбум ам.долларын сан байгуулснаа зарласан. “Pokémon GO”, “Ingress” тоглоомыг хөгжүүлэх, гурван хэмжээст дэлхийн газрын зураг дээр суурилсан метаверс бүтээхээр АНУ-ын хөрөнгө оруулалтын “Coatue” сангаас 300 сая ам.доллар босгожээ. “Niantic”-ийг үүсгэн байгуулсан Жон Хэнке, Фил Кеслин нар “Pokémon GO” тоглоомыг зохион бүтээснээрээ алдартай. “Pokémon GO” өнгөрсөн жил нэг тэрбум гаруй ам.долларын орлого олсон бөгөөд 2022 онд энэ үзүүлэлтийг давах төлөвтэй байна.
“Grammarly” оюуны хулгайтай тэмцэнэ
Хиймэл оюун ухаанд суурилсан “Grammarly” англи хэлний алдаа засах программыг сайжруулж, эх бичвэр оюуны хулгайг илрүүлэх функц нэмжээ. Хөгжүүлэлтдээ зориулж Их Британийн “Baillie Gifford” компани, Америкийн “General Catalyst” венчур капиталын сан, олон улсын хөрөнгө оруулалтын “BlackRock” компанитай 200 сая ам.долларын гэрээг үзэглэсэн. Ухаалаг утас, компьютерт зориулсан программыг өдөрт 30 сая гаруй хүн ашигладаг. Старт-апыг Украины иргэн Дмитрий Лидер, Максим Литвин, Алексей Шевченко нар 2009 онд байгуулжээ. “Grammarly” старт-апын зах зээлийн үнэлгээ 13 тэрбум ам.доллар аж. Компани шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхээ мэдэгджээ.
Аялагчдад зориулсан чиглэл “AllTrails”
“AllTrails” бол жуулчид, дугуйчид, уулчид гээд байгальд амрах дуртай хэн бүхэнд зориулсан үйлчилгээ бөгөөд явган аялал, гүйлт, дугуйн замын 300 мянга гаруй чиглэлтэй. Коронавирусийн оргил үед хүмүүсийн байгальд аялах, зугаалах сонирхол нэмэгдэж, нэг жилийн хугацаанд “AllTrails” аппликейшнийг 40 сая хэрэглэгч татжээ. Тогтмол ашигладаг 30 сая үйлччлүүлэгчийн ихэнх нь Хойд Америкт амьдардаг ч Европ, Ази, Латин Америкийн хэрэглэгчийн тоо нэмэгдэж байна. Энэхүү гарааны компанийг 2015 онд Microsoft-ын бүтээгдэхүүний менежер асан, “Postmates” хүргэлтийн үйлчилгээний гүйцэтгэх захирал Рассел Күк эхлүүлсэн. Тэрбээр “AllTrails”-ийг хөрөнгө оруулалтын “Spectrum Equity” компанид худалдсан ч төслийн гол хувьцаа эзэмшигч хэвээр үлджээ. “AllTrails” олон улсын хөрөнгө оруулалтын “Пермира” компаниас 150 сая ам.долларын санхүүжилт татаж, байршлын хайлт, тойм, чиглэл бүхий олон төрлийн офлайн газрын зургийг санал болгодог программаа 2022 онд шинэчлэхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, “AllTrails” байгуулагдсан цагаасаа хойш 227.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосон байна.
“Zepeto Metaverse” гар утасны программ
“Zepeto” бол “Google”-ийн Өмнөд Солонгосын аналог болох “Naver” компаниас 2018 онд гаргасан гар утасны программ юм. Зургийн сканераар хэрэглэгч дижитал хувилбараа бүтээж виртуал ертөнцөд харилцах, шилжихэд ашигладаг. Аппликейшныг өдөрт хоёр сая орчим хэрэглэгч идэвхтэй ашигладгаас гуравны хоёр нь 13-24 насны эмэгтэйчүүд юм. “Zepeto”-г “Gucci”, “Dior”, “Ralph Lauren” брэндүүд болон жүжигчин Селена Гомез, “Blackpink” хамтлагийн гишүүд ашиглаж байна. Аппликейшныг хөгжүүлэгч нар Японы конгломерат “SoftBank”-аас 150 сая ам.доллар босгожээ. “SoftBank” “Sandbox” тоглоомын метаверс платформд 93 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
Сансрын радио давтамжийн картыг бүтээгч “HawkEye 360”
Америкийн “HawkEye 360” старт-ап далайн радио станц, усан онгоцноос ялгарах радио давтамжийн дохиог хянадаг сансрын хиймэл дагуулын төсөл дээр хамтран ажилладаг. Тэдний өгөгдлийг радио газрын зураг үүсгэх, хууль бус хөлөг онгоц болон бусад аюулыг илрүүлэхэд ашигладаг. “HawkEye 360”-ийг “Paladin Capital” венчур санд ажиллаж байсан Жон Серафини 2015 онд бүтээж, дэлхийн тойрог замд есөн хиймэл дагуул хөөргөжээ. 2023 он гэхэд дахин 21 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. 2021 онд төрийн байгууллагуудыг оролцуулаад 50 сая ам.долларын гэрээ байгуулсан юм. Тухайлбал, “HawkEye 360” нь Америкийн хөрөнгө оруулалтын “Insight Partners”, Их Британийн “Seraphim Space Investment Trust” болон бусад сангаас 145 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Санхүүжилтээ боловсон хүчнээ нэмэх, хиймэл дагуул тээвэрлэх сансрын хөлөг бүтээхэд зарцуулна.
“Payhawk” корпорацийн финтек үйлчилгээ
Их Британийн “Payhawk” старт-ап жижиг дунд бизнесүүдэд санхүүгээ удирдахад тусалдаг. Системд холбогдох үед үйлчлүүлэгч олон улсын банкны дансны дугаарыг хүлээн авч, “Payhawk” дансаа холбодог. Ингэснээр хэрэглэгч төлбөр тооцоо хийх, гүйлгээний валютыг шимтгэлгүйгээр хөрвүүлэх эрх үүснэ. “Payhawk” картууд “Apple Pay” болон “Google Pay”-н контактгүй төлбөрийн үйлчилгээг дэмждэг. Энэхүү старт-апыг 2018 онд Лондонд худалдаанд гаргажээ. Өдгөө “Luxair”, авто худалдааны A.T.U зэрэг 1500 компани ашигладаг ба Европын 27 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. “Payhawk” үйл ажиллагаагаа өргөжүүлж олон улсын зөвлөх компаниудаас 112 сая ам.долларын B цувралын хөрөнгө оруулалт босгожээ. Мөн АНУ, Нидерланд, Франц, Австрали, Сингапурт үйл ажиллагаагаа тэлж эхэлжээ.
Хөдөө аж ахуйн дэвшил “FJ Dynamics”
БНХАУ-ын “FJ Dynamics” компани зүлэг хадагч, тариалангийн талбай услагч зэрэг хөдөө аж ахуйн роботуудыг үйлдвэрлэдэг. Сүүний фермд зориулсан үнээнд тэжээл тараадаг автомат төхөөрөмжөөрөө алдартай. Борлуулалтын 40 орчим хувийг гадны орнууд эзэлдэг. Тус компанийг Хятадын дрон үйлдвэрлэгч DJI компанийн ахлах мэргэжилтэн Ву Ди 2019 онд үүсгэн байгуулжээ. Тэрбээр “Роботууд тариачдад туслах ёстой болохоос орлох учиргүй” гэж үздэг. “FJ Dynamics” барилга, цэцэрлэгжүүлэлтийн салбарт робот бүтээхээр нэрээ нууцалсан интернет компаниас 70 сая ам.доллар татсан юм. “FJ Dynamics” өнгөрсөн хугацаанд 84.1 сая ам.долларын хөрөнгө босгожээ. Тэдний хөрөнгө оруулагчдын дунд Хятадын томоохон компаниудын нэг болох “Tencent” багтдаг.