ИнтааХай гэж юу вэ?
Би сурагч байхдаа Японы ахлах сургуульд нэг жил суралцсан юм.
Японы сургуулийн нэгэн соёл үнэхээр гайхал төрүүлж байв. Тэр нь хичээлээс гадуурх урлаг, спорт эсвэл өөр ямар нэг төрлийн клуб, дугуйлан.
Миний сурч байсан сургууль 1930-аад онд байгуулагдсан нисэхийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. 1940-өөд оны эхээр бүх төгсөгчид нь ногоон гэрлээр армид элсэж байсан онцлог түүхтэй. Жил бүр нийт сурагчдын дунд 50 км марафоны тэмцээн явагддаг нь бас тийм ч түгээмэл биш. Миний хувийн рекорд 4 орчим цаг ба 600-аад хүүхдээс 200- багтсан.
Манай сургуульд хичээлээс гадуурх клуб дугуйланд хамрагдаагүй хүүхдийн тоо 10 хүрэхгүй байсан даг. Гэхдээ бүгд хүндлэх шалтгаантай. Харин тийм шалтгаан байхгүй бол ямар нэг урлаг, спортын клубт заавал хамрагдана. Манай ангид гэхэд бейсбол, жүдо, кендо, мотоцикл, сагс, хөл бөмбөг, гар бөмбөг, үлээвэр хөгжмийнхөн байсан. Тэд зүгээр ч нэг тухайн спорт, урлагийн төрлөө сонирхдог хүүхдүүд биш. Дийлэнх нь бага, дунд сургуулиасаа тогтмол хичээллэж буй. Өглөө оройгүй бэлтгэлээ хийгээд л, гүйгээд л, хичээл дээр унтах нь унтаад л, ядарсан хүүхэд олон. Ядарсан хэдий ч бэлтгэлээ хийгээд л, гүйгээд л. Хэзээ нь хичээлээ хийдэг юм бүү мэд ( Би болохоор сургуульд явах чинь хичээл хийхээс өөр юм байхгүй гэж боддог байсан).
ИнтааХай (Inter High School Championship) буюу Японы бүх ахлах сургуулиудын сурагчдын хооронд спортын 35 төрлөөр зохиогддог спортын их наадам байдаг. Зуны болон өвлын гэсэн хоёр төрөлтэй. Жил тойрон болох уг тэмцээний муж мужийн финалистүүд, шилдгүүд наймдугаар сард улсын аваргаа тодруулахаар улс орныхоо өнцөг булан бүрээс цуглардаг ба эдгээр тэмцээнийг телевизээр орон даяар шууд дамжуулж, бараг л ахлах сургуулийн спортын олимп шиг л өргөн дэлгэр болдог.
Би хөл бөмбөгийн клубт байсан бөгөөд манай сургуулийн баг тухайн жил мужийн аваргад өрсөлдөөд онооны ялихгүй зөрүүтэй хожигдсон. Сургуулиараа очиж дэмжсэн болохоор тамирчиндаа ч, үзэгчдэдээ ч олимп, дэлхийн аварга үзэж байгаа мэт уур амьсгал төрүүлдгийг талбайн хажуугаас мэдэрснээ мартдаггүй юм.
Улсын аваргын тэмцээн нь бүр сүртэй. Тэмцээнд зориулж зохиогдсон дууг алдартай хамтлаг дуулна. Алдартай ахлах сургуулийн сурагчид тэмцээнээ рекламдана. Нийт оролцогчдын нөр их хөдөлмөрт баяр хүргэж, дараа дараагийн үеийн залуучуудыг уриалан дуудна. Үндэсний телевизээр, орон даяар финалын тоглолтуудыг гаргана. Хожсон, хожоогүй, финалд орсон ороогүй бүх тамирчдын алдрыг мандуулна, хөдөлмөрийг сайшаана. Тамирчин сурагчид, тэдний гэр бүл, найз нөхөд гээд найман настай балчраас 80 настнууд хүртэл өөрийн эрхгүй татагдан оролцдог инклүүзив (Inclusive=бүгд оролцох боломжтой) спортын наадам болдог.
Японы боловсролын яамны статистикаас харахад сүүлийн 15 жилийн дунджаар нийт орон даяар дунд сургуулийн сурагчдын 55%, ахлах сургуулийн сурагчдын 66% (энэ үзүүлэлт тогтмол байгаа) нь сургуулийнхаа спортын ямар нэг дугуйланд тогтмол явдаг аж.
Миний очсон сургууль л ийм их спорт, биеийн тамирыг чухалчилдаг юм болов уу гэтэл энэ нь Япон даяар түгээмэл үзэгдэл байв. Японы боловсролын яамны статистикаас харахад сүүлийн 15 жилийн дунджаар нийт орон даяар дунд сургуулийн сурагчдын 55%, ахлах сургуулийн сурагчдын 66% (энэ үзүүлэлт тогтмол байгаа) нь сургуулийнхаа спортын ямар нэг дугуйланд тогтмол явдаг аж.
Харин манай сургуулийн хувьд сахилга батыг нэг номерт тавьж байсан учир энэ тоо 80-ээс дээш хувьтай байсан. Бүр спорт тэтгэлгээр, урилгаар ирсэн сурагчид ч цөөнгүй байсан. Спорт гэдэг “дэд бүтцээр” дамжуулан сурагчдадаа сахилга бат, тэвчээр, тэсвэр, хатуужил, оролцоо, багийн ажиллагааны ур чадварыг эзэмшүүлэх гэсэн хэрэг.
Японы сургуулийн системийн нэг онцлог нь сургууль бүр (бага, дунд, ахлах, их сургууль хүртэл) төрөл бүрийн дугуйлантай ба хүүхэд өөрийн сургуулийнхаа клуб, дугуйланд явах нь элбэг байдаг. Нэгэнт хичээллэх спортын төрлөө сонгоод элссэн бол ИнтааХай бүх ахлах сургуулийн спортын их наадамд өрсөлдөхийн төлөө л үзэх нь мэдээж. Ирээдүйд дэлхийд хүчээ сорих хүсэлтэй тамирчдын эхний даваа. Олон олон олимп, дэлхийн аварга, мэргэжлийн тамирчид энэхүү замналаар тодрон гарч ирдэг.
Сургууль, тосгон, дүүрэг, хот, мужаа төлөөлөөд улсын аваргын төлөө явж буй сурагчид бол жинхэнэ баатрууд байдаг. Тэднийг дэмжихээр нийт сургуулиараа (ар гэрийнхэн хүртэл) хэчнээн хол ч байсан тэмцээний талбар луу очно.
Спорт гэдэг талбай дээр гүйж буй тамирчид, арын албанд сайн дураар тусалж буй хүмүүс (ихэнх нь сурагчид), эцэг эх гэр бүл, сургуулийн захиргаа (багш нар), хөгжөөн дэмжигчид, эд материал, мөнгөөр тусалж буй өмнөх төгсөгчид, эцэг эхийн холбоо, тэмцээнийг зохион байгуулж буй байгууллага, холбоод гээд маш олон хүний оролцоо, хүч хөдөлмөр байдгийг мэдрэхгүй байхын аргагүй.
Мэдээж хүүхэд бүр мужийн аварга, улсын аварга болохгүй ч гэсэн хүүхэд бүр өөрийгөө танин мэдэх, өөрийгөө ялан дийлэх тэсвэр, хатуужил, сахилга баттай болох нь тус спортын наадмын нэгэн зорилго. Дэлхийн түвшний мянга мянган мэргэжлийн тамирчид бэлтгэгдэж, тодрон гарч ирэх дэд бүтцийг маш энгийнээр, хүн бүрийн оролцоотойгоор шийдчихсэн.
Энэ бүхний нэгэн эцсийн дүн бол эрүүл, сахилга баттай, хатуужилтай, зөв дадал зуршилтай Япон иргэд юм.
Тэмцээний шигшээ тоглолтууд жил бүр өөр өөр мужид болох учир зохион байгуулж буй мужид үзүүлэх эдийн засгийн нөлөө чамлахааргүй. Жишээ дурдахад, 2019 оны зуны тэмцээнийг зохион байгуулсан Миэ мужид л гэхэд тус тэмцээнтэй шууд холбоотойгоор 99 тэрбум иений эргэлт бий болж, нийт 400 мянга орчим хүн тус мужийг улсын өнцөг булан бүрээс зорин очсон тухай “Миэ Сонин”-ы нийтлэлд онцолжээ. Харин 2018 оны хост Ямагата мужийн бизнесүүд 62 тэрбум иений орлоготой байсан аж. Үр хүүхэд, ах дүү, ач зээ, анд нөхдөө дэмжин Японыг хөндлөн гулд туулах дотоодын аялагчдын урсгал хөдөлгөөн энэхүү эдийн засгийн эргэлтийг бий болгосон хэрэг.
Монголын дайсан бол хөдөлгөөний хомсдол
2019 оны наймдугаар сард Монголын төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлогыг баталжээ.
Дэлхий нийтээр ажил, амьдралын хэв маяг огцом өөрчлөгдөж буйтай холбоотой эрүүл мэнд, эдийн засгийн олон асуудлууд үүсж байгаа ба иргэдээ идэвхтэй, эрүүл амьдралын хэв маяг бүхий нийгмийн гишүүн болгож бэлтгэхэд спорт, биеийн тамирын ач холбогдол улам нэмэгдэж буй аж. Монголд л гэхэд бүх насныхан дундах хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэж байна.
Бие бялдрын сорилын 2017 оны судалгаагаар Монголд өсвөр үеийнхний 80.2 хувь нь тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшнээс доогуур, илүүдэл жин, таргалалтын түвшнээр Ази тивдээ хамгийн өндөр, нийт хүн амын 55 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа тухай бодлогын үндэслэлд тусгасан. Дээрх тоонууд миний гаргалгаагаар биеийн тамир, спорт хүн бүрд хүртээмжтэй, оролцоотой байх шаардлага үүссэнийг хэлээд байгаа мэт.
Спортод оролцоо нэн чухал. Харин тэр оролцоо нь цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй байх ёстой. Оролцоог бий болгож чадсан цагт эдийн засгийн эргэлт үүсэх нь дамжиггүй.
Монголын спортын ертөнцийн оргил болсон “Эрийн гурван Наадам” бол энэ оролцоог идэвхжүүлж болох нэг л төрлийн дэд бүтэц. “Эрийн гурван Наадам”-ын дэд бүтцэд сагс, хөл бөмбөг, хөнгөн атлетик, акробат, бокс, бейсбол, усан сэлэлт, теннис, ширээний теннис (оюуны, кибер спорт хүртэл, өвөлдөө цана, тэшүүр, хоккей) зэрэг олон төрлийн спортыг нэгтгэж, төрлөө нэмэгдүүлэх, цар хүрээгээ тэлэх нэг л шийдэл байна.
Спортын олон төрлөөр дунд их, дээд сургуулиудын дунд жил тойрон тэмцээн зохион байгуулж, улсын аваргаа Наадмын үеэр, жил бүр өөр өөр аймагт, шалгаруулдаг байвал үзэх ч юмтай, дэмжих ч багтай байх болов уу (Японы бүх ахлах сургуулийн спортын их наадмыг ахлах сургуулиудын холбоо гэсэн цомхон байгууллага сурагчдын оролцоотойгоор зохион байгуулчихдаг. Мөнгөгүй гэдэг нь худал шалтаг болохыг сүүлийн жилүүдийн олон үйл явдал баталж байгаа).
Ирэх жилийн наадмаар улсын аварга болоод сургуулийнхаа, аймаг хотынхоо нэрийг орон даяар дуурсгаж, үе тэнгийнхнийхээ бахархал болох сон гээд өөрийн эрхгүй мөрөөддөг тийм л дэд бүтэц бидэнд хэрэгтэй.
Спорт, биеийн тамираар (урлаг соёл ч хүртэл) багаасаа тогтмол хичээллэхийн эрүүл мэнд (сахилга бат, тэсвэр хатуужил суулгахаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй), эдийн засгийн олон давуу талыг энд нуршаад хэрэггүй биз. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэгтэй адил дэлхийн түвшний тамирчдыг эртнээс бэлтгэж эхлэх хэрэгтэй. Хүүхдийн спортоор хичээллэх хүслийг бадраахын тулд аль болох багаас нь оролцох боломжийг нэмэгдүүлэх, зоригжуулах нэг энгийн шийдэл нь Наадмыг бүх нийтийн оролцоотой (хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүртэл мартахгүй), илүү сонирхолтой, спортын олон төрлөөр зохион байгуулагддаг байхаар сайжруулах нэгэн шийдэл байна. Оролцоог дагаад дотоодын бараа таваар, хүн, мөнгөний эргэлт эрчимжих нь гарцаагүй.