Монпеллетс ХХК – Зээлийн үлдэгдэл 2.3 тэрбум төгрөг
2020 он гарахын өмнөхөн Монголын эдийн засаг, бизнесийн амьдралд нэгэн содон үйл явдал болов. Монгол улсад анх удаа хонины ноосоор био бордоо үйлдвэрлэж Европт экспортлов. Уг төслийг хэрэгжүүлэгч нь ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” компани юм.
“Монпеллетс” компанийн захирал Б.Цогбадрах 2014 онд компаниа байгуулж, үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны зээлээр авчээ. Ингэснээр хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх дэлхийн хоёр дахь, гэхдээ хамгийн том үйлдвэр 2018 оны намар Монголд баригдсан байна. Одоогоор тус төсөл Хөгжлийн банканд 2.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд “Газар дээр нь дотоод шалгалт хийсний дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалт”-д байна. “Миний зургийг зээлийн үлдэгдэлтэй нийтлээд явж байна лээ. Би тэрэнд ач холбогдол өгөхгүй байгаа. Цар тахлын нөхцөлөөс үүдэж зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт тавьсан зүйл байгаа. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа учраас би санаа зовохгүй байна” гэж хариулав.
Б.Цогбадрах гэж хэн бэ?
Б.Цогбадрах гадаад худалдааны мэргэжилтэй. Ноосон бордоо бол түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим. Тэрбээр Монголд Ноос Импекс компанид ажиллаж байгаад хожим Европын орнуудад Монголын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн.
Ноосон бордооны судалгааны ажил 1990-иэд оноос Германд эхэлжээ. Тус улсын Засгийн газар олон сая евро зарцуулан 20 гаруй жил судалсны үр дүнд Лауххаммер хотод анхны туршилтын үйлдвэр байгуулагдаж 2013 онд бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн болов. Гэвч төсөл дараагийн том саадтай учирсан нь түүхий эд байв. Герман, Австри хоёр нийлээд хоёр сая гаруйхан хоньтой учраас нийт хэрэгцээг хангаж хүчрэхгүй. Тэр үед л ноосон бордооны мэдээлэл Б.Цогбадрахын чихэнд хүрч, тэрээр германчуудтай шууд холбоо барьжээ. Тэгэхэд 25 сая толгой хониноос жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг байсан Монголоос түүхий эд нийлүүлье гэсэн санал тавьснаар ноосон бордооны технологи Монголд нэвтрэх эхлэл тавигджээ.
Гэвч технологийг тэр чигээр нь оруулж ирэх бололцоогүй, Монголд тохирсон хувилбарыг бүтээх шаардлагатай болжээ. Тиймээс иж бүрэн үйлдвэрийн машин, тоног, төхөөрөмжийг ХБНГУ-д тусгай захиалгаар хийлгэх хэрэгтэй болов.
Ийнхүү олон төрлийн судалгаа, шинжилгээ, хэлэлцээрийн ажил үргэлжлэв. Зургаан удаа Герман руу монгол хонины ноосыг шинжилгээнд илгээснээр “дээд чанартай” гэсэн үнэлгээ авч, Монголд ноосон бордооны үйлдвэр барихад ашигтай талаар германчуудыг ятгасаар 2016 онд доод тал нь таван жил бордоо нийлүүлэх талаар тохиролцов. Ингэснээр малын өвчлөлийн шалтгаанаар экспортолж чаддаггүй монгол хонины ноос бордоо болон гарах үүд хаалга нээгджээ.
Дараа нь Хөгжлийн банкнаас төслийнхөө санхүүжилтийн 30 хувьд хөрөнгө оруулалт авах, төрийн байгууллагуудтай харилцахтай холбогдсон хүнд суртлын намаг дундуур туучсаар 2019 оны эцсээр анхны экспортоо хийжээ. Анх 20 тонн ноосон бордоо экспортолж байсан бол 2020 онд 40 тонн, 2021 онд ковидтой байсан ч 100 тонныг Герман руу экспортолжээ. 2022 онд 220 тонныг экспортлох гэрээ хийснээс одоогоор 60 тонныг экспортлоод байгаа гэдгийг Б.Цогбадрах мэдээлэв.
Яагаад ноосон бордоо гэж?
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд тогтвортой хөгжлийн тухай ярьж байгаа. Хүн гэдэг амьтны усны хэрэглээ хэрээс хэтэрч 2030 он гэхэд нийт дэлхийн хүн амын 40 хувь нь цэвэр усны хомсдолд орно гэсэн тооцоог НҮБ-аас гаргажээ. Үйлдвэр, газар тариаланд усыг маш их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд нэг кг төмс ургуулахад 1000 литр, нэг кг улаан буудай ургуулахад 1450 литр, нэг кг тахианы мах бэлтгэхэд 4600 литр, нэг кг үхрийн мах хэрэгцээнд нийлүүлэхийн тулд 42 мянга 500 литр ус зарцуулдаг.
Харин хонины ноосон био бордооны үйлдвэрлэлд ямар ч ус ашигладаггүй нь нийт хүн төрөлхтний газар тариалангийн салбарт ашиглах хамгийн зөв бордоо болох ирээдүйтэй юм. Б.Цогбадрахын хувьд Германд бойжсон инновацийн технологийг Монголдоо нутагшуулж чадсан байна.
Нөгөө талаас эрүүл хүнсээр хүн амаа хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын цөм болж байгаа. Мөн хүнсний хэрэглээнээс гаралтай өвчлөлийг багасгах том зорилтууд бий. Тэгвэл эрүүл бордоогүйгээр эдгээр зорилтод хүрэх боломжгүй. Хэрэв 100 хувь хонины ноосоор хийдэг био бордооны үйлдвэрлэлийг үндэсний хэмжээний кампанит ажил хэлбэрээр хэрэгжүүлж чадвал наанадаж гаднын химийн бордоонд төлдөг валютаа дотроо үлдээж, цаашлаад хүн амыг эрүүл хүнсээр хангах маш том асуудлыг шийдэх боломжтой.
Эдүгээ дэлхий дахинд био бордооны эрэлт улам өсөж байгаа нөхцөлд Монгол Улс ноосон бордооны инновацийн технологи, ноосныхоо арвин нөөцийг ашиглаад бордооны зах зээлд том тоглогч болох үүд хаалга нээлттэй байна. Ингэж чадвал Монголын хөдөө аж ахуй дэлхийн органик хүнсний секторт нэгэн том бааз болох юм.
Хонины ноосон био бордоо гэж юу вэ?
Аливаа таримал ургахад шаардлагатай азот, фосфор, кали болон микроэлементүүдийг хөрсөнд хангалттай хэмжээнд байлгахын тулд эрдсийн бордоог газар тариаланд түлхүү ашигладаг. Гэвч ийм бордоог үргэлж хэрэглэх нь хөрсийг шүлтлэг, хүчиллэг болгож алсдаа чанарыг нь муутгадаг. Түүнчлэн ургамлын өвчин, хортон шавжийн эсрэг хэрэглэдэг бодисууд нь хөрсөнд тодорхой химийн үлдэгдэл үүсгэдэг. Энэ мэт шалтгаанаас болж хөгжингүй улс орнууд бордоонд тавих шаардлагыг өндөрсгөж байна.
Монгол Улсын хувьд 2015 оны байдлаар нийт ашиглаж буй 700 мянга гаруй га талбайн 60 гаруй хувь нь хөрсний элэгдэлд орж, 2,1-3 хувийн ялзмагтай байх ёстой талбайн 70 орчим хувь нь 1-1,9 хувийн ялзмагтай болсон байна.
Хөрсөнд хамгийн ээлтэй бордоог малын өтөг бууц, ургамлын дарш, шувууны сангас гэх мэтээр хийсэн органик бордоо гэж үздэг. Гэхдээ эдгээр бордоог масс хэлбэрээр газар тариаланд ашиглах боломжгүй. Гадаадын улс орнуудад малын эвэр, туурай зэрэг эвэрлэг эдээр органик бордоо үйлдвэрлэдэг бөгөөд азотын агууламж нь 12-14 хувьтай байдаг ч цогц бордоо хэлбэрээр ашиглах боломжгүй.
Харин хонины ноосон бордоо нь 10 хувийн азот, 6 хувийн кали агуулахаас гадна хөвсийх чанарынхаа ачаар өөрийн жингээс 3.5 дахин их усыг шингээн хадгалах чадвартай. Өөрөөр хэлбэл чийг ихтэй үед ус хуримтлуулж, гантай үед буцаан хөрсийг усалдаг бичил усан станцийн үүрэг гүйцэтгэдэг. Хөвсийхдөө хөрсийг сийрэгжүүлэн агаараар хангаж, агшихдаа усаа өгнө. Ийм байдлаар 10 сарын турш ургамлыг тэжээлээр таслахгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй.
Баянхонгор аймгийн ХАА-н “Өлзийт” МСҮТ-ийнхэн Monpellets бордоогоор хүнсний ногоогоо бордсон нь үнэхээр сайхан ургаж байгаа тухай олон нийтийн сүлжээнд бичжээ. Тиймдээ ч энэ бордоо Европын Холбооны “Эко ферм” стандартын шаардлагыг бүрэн хангасан аж.
“Монпеллетс” үйлдвэр жилд 2000 орчим тонн ноосыг малчдаас худалдан авна. Ингэхдээ ноосыг чанараар нь, урт богиноор нь, өнгөөр нь ялгах шаардлагагүй. Хаягдал ноос ч түүхий эд болж чадна. Энэ нь малчид ноосоо үнэд оруулах том боломж юм.
Өнөөдрийн ноос угаах үйлдвэрүүдэд нэг тонн угаасан ноос бэлдэхэд хоёр тонн ноос шаардлагатайгаас гадна маш их хэмжээний ус, химийн бодис, цахилгаан эрчим зарцуулж, ялгарсан хаягдал нь байгальд сөргөөр нөлөөлдөг. Харин хонины ноосоор био бордоо үйлдвэрлэхэд ямар ч ус, химийн бодис ашигладаггүй, хаягдал бараг гардаггүй технологи ашигладаг нь инновацийн шийдэл болсныг илтгэнэ.
Энэ хүнтэй яаж холбогдож болох вэ?
Туслаач холбогдох дугаар нтр бөйвал
99995249
гайхалтай амжилт хүсье
Үнэн үү⁉️