Өнгөрсөн сард Хөгжлийн банкнаас зээлээ төлдөггүй аж ахуйн нэгжүүд, чанаргүй зээлдэгчдийн нэрсийг ил болгож, олон нийтэд зарласан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд маргаан өрнөж, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан үйл ажиллагаа нь сайнгүй байгаа бодит баялаг бүтээгчдээ зээл авчихаад өөр зорилгоор ашиглаж, мөнгө угааж буй этгээдүүдтэй адилтган “харлуулж” байна гэж шүүмжилж буй.
***
Промон трейд ХХК – Зээлийн хэмжээ 18 тэрбум төгрөг
“2017 оны сүүлчээр 18 тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрээ барьж байгуулсан. Итали технологи нэвтрүүлж, үйлдвэрээ босгоход 6.5 сая ам.долларыг зарцуулсан. Одоо яс боловсруулах үйлдвэр маань нийт хүчин чадлынхаа 10-15 хувиар л ажиллаж байна. 2024 онд авсан зээлээ төлж дуусгах ёстой. Гэвч Ковид-19 цар тахал дэгдэж нөхцөл байдал хүндэрсэн учир зээлийн хүүг бууруулах хүсэлтийг Хөгжлийн банканд удаа дараа тавьж, албан бичиг хүргүүлсэн. Зөвшөөрөл гараагүй л байна” гэж Н.Оюунбат өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.
***
Хэрэгцээт амин хүчлүүд болон уураг, кали, кальциар нэн баялаг тэжээлийн нэмэгдэл, бордоо болгон ашиглах боломжтой бүтээгдэхүүнээ “Протейн” үйлдвэр 20 кг-аар савлаж, одоогоор “Түмэн шувуут”, НВЦ болон шувуу, гахай, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлж буй. Харин яс боловсруулах явцад ялгарсан тосыг дээр өгүүлсэн хоёр танкерт нөөцөлдөг нь саван, лаа болон гоо сайхны үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудад биржийн үнэлгээтэй, стратегийн амин чухал түүхий эд болдог. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой, экспортын потенциальтай ийм хоёр бүтээгдэхүүнийг “Протейн” үйлдвэр үйлдвэрлэж байна.
***
Итали технологи, инновацын шилдэг шийдлийг шингээсэн, бүрэн автомат “Протейн” үйлдвэрт хаягдал ясыг 140 градуст чанаж боловсруулан нунтаглаж, мах, ясны гаралтай гурил буюу тэжээлийн уураг, бордоо үйлдвэрлэх үйл явц нүдний өмнө яах ийхийн зуургүй өрнөж, дараагийн түүхий эдээ “нэхэх” аж. Залгаа байрлах түүхий эд хадгалах агуулахад уул шиг овоолсон бог, бод малын яс эрийж сэрийн үзэгдэх нь таагүй харагдах ч, энэ бүхнийг эргээд баялаг, эх орны үйлдвэрлэл болгон хувиргаж буй нь баярлам.
15 тоннын даацтай машин өдөрт 10-15 удаа энд ирж, ачсан хаягдал ясаа буулгадаг. Энэ бол нийслэлийн ойр орчмын аж ахуйн нэгжээс өдөрт гарч буй хаягдлын ердөө 10 хувь. Эмээлт орчимд хаягдал яс шатаадаг хятад голдуу эзэнтэй хэд хэдэн үйлдвэр бий ч шатаах болон чанах технологи зарчмын хувьд эрс ялгаатай.
Италийн Impianti Carrera компанийн хаягдал яс боловсруулах энэхүү дэвшилтэт технологи, нөү хауг өдгөө Израиль, Испани, Аргентин, Уругвай, Бразил зэрэг дэлхийн 39 улс орны 100 гаруй үйлдвэрт нэвтрүүлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар “Протейн” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа нь урд хөрш рүү бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл олгохгүй байгаа болон дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийх нь ач холбогдол, үнэ цэнийг хараахан бүрэн гүйцэд таньж амжаагүй байгаа зэрэгтэй холбоотой. Өмнө нь хаягдал ясыг хэдхэн үйлдвэрт шатаах, эсвэл зүгээр л газарт булж, бүр болохгүй бол жалганд ил хаячихдаг байсан нь байгаль орчинд маш хортой бөгөөд хөрс, усны бохирдол үүсгэж, цаашлаад ундны ус хомсдох хүртэлх ноцтой үр дагаварт хүргэх шалтгаан болдгийг олон улсад авч хэрэгжүүлж буй дүрэм журам, стандартууд баталдаг. Дэлхий даяар малын гаралтай хог хаягдлыг биологийн зэвсэг буюу биологийн хорт бодис гэж үздэг нь ч ийм учиртай. Тэгэхээр нэг байтугай нэлээд хэдэн яс боловсруулах үйлдвэр Монголд хэрэгтэй гэдэг нь ойлгогдоно.
***
Олон улсад стратегийн шинжтэй ийм боловсруулах үйлдвэрээ төрөөс шат дараатай бодлогоор дэмжиж ажилладаг бол манайд бизнес эрхлэгч ганц эмэгтэй энэ талаар судалж, олж мэдэж, хөөцөлдөж, хурааж хуримтлуулсан хөрөнгөө барьцаалан зээл авч үйлдвэр босгон, бор зүрхээрээ зүтгэж яваа нь хачирхалтай ч гэмээр үзэгдэл.
Европ болон Азийн хэд хэдэн орноор явж, хоёр жил гаруйн хугацаанд харьцуулан судалж, эцэст нь 60 жилийн түүхтэй Impianti Carrera компанийн технологи, нөү хауг худалдан авснаар европ стандартын үйлдвэрийг эх орондоо нутагшуулах их ажлыг эхлүүлсэн гэдэг. Монголд ийм дэвшилтэт технологи бүхий боловсруулах үйлдвэр одоогоор байхгүйг итали түншүүддээ хэлэхэд ийм олон сая малтай улсад мах, махан бүтээгдэхүүн, яс боловсруулах үйлдвэр хомс байгаад тэд гайхаж хачирхжээ.
Монгол Улс 70 гаруй сая малтай, хөдөө аж ахуйн орон гэгддэг ч энэ салбарт хөрөнгө оруулалт маш бага байдгаас зарим секторын хөгжил сул, төрийн бодлого ихээр үгүйлэгддэг. Манайд жилд дунджаар 22 сая толгой малыг хүнсний хэрэглээ болон махны экспортод зориулан нядалдаг гэсэн статистик тоо бий. Нэг малын амьдын жинг бог малд шилжүүлэхэд ойролцоогоор нэг сая орчим тонн болдогоос 55 хувь нь яс, арьс, толгой, шийр, цус гэх зэрэг биологийн хаягдал болдог байна. Үүн дээр цөөнгүй тооны мал элдэв хорогдлоор нэмэгддэг. Эдгээр биологийн хаягдлыг бүрэн боловсруулан ашиглаж чадвал эдийн засаг болоод байгаль орчинд өгөөжтэй ч өнөөдөр дийлэнх хэсэг нь хаягдал болж, орчны бохирдолд ихээхэн нөлөөлж буй. “Хүчит шонхор” зах дээр гэхэд л өдөрт 40-50 тонн малын яс хаягддаг гэх тооцоо бий.
***
Боловсруулах үйлдвэр гэхээр л өтгөн утаа хаялж, элдэв үнэр танар ялгаруулсан бохир орчинтой байдаг гэх ойлголт эндхийн байр байдалтай эрс зөрөлдөнө. Бүр үйлдвэрээсээ хэдхэн алхмын зайд цэвэр, тохилог цайны газар бүхий хоёр давхар ажилчдын байр барьснаас нь энэ бүхэн харагдана. Ээлжээр ажиллаж, хонох шаардлага гарвал ажилтнууд нь энд байрлачихдаг. Халуун ус, шүршүүр, ор дэр гээд хүн түр хугацаанд тав тухтай байрлах бүхнийг энд бүрдүүлсэн байв. Н.Оюунбат өөрөө ч оройтож ажиллах шаардлага гарвал энд, өөрийн өрөөндөө хоноглочихдог. Энд үйлдвэрийн чимээ шуугиан үгүй, нам гүм. Үүнээс гадна үйлдвэр дотроо дуу тусгаарлагч ашигласан ажилчдын байрлах хэсэгт бялдаржуулах төхөөрөмж, ширээний теннис зэргийг байрлуулсан бөгөөд нэг сул өрөөгөө ирээдүйд лаборатори болгон тохижуулахаар судалж байгаа хэмээн тайлбарласан юм.
“Ер нь асуудлын чухлыг сүүлд нь шийднэ гэж байхгүй. Харин ч аль болох чухал, томоос нь шүүрч аваад тойролгүй дайрч гарах хэрэгтэй гэж боддог. “Протейн” үйлдвэрээ байгуулсан шалтгаан маань ч энэ. Бид ирээдүй үедээ, үр хойчдоо бохирдсон хөрс, ус, овоорсон хог, цөлжсөн газар үлдээх учиргүй гэж хүн бүр шахам ярьдаг ч ажил хэрэг болгох нь ховор. Тэгвэл би ядаж нэг ажил эхлүүлэн бусдыгаа уриалъя гэж бодсон учраас энэ бүхнийг хийж байна. Амьтан, ургамал хөрснөөс үүсээд хөрсөндөө шингэх жамтай. Энэ нь хүн төрөлхтөн байгалийнхаа зүй тогтлоор амьдрахыг л хэлээд байгаа юм. Идсэн, уусан, хэрэглэсэн бүхнээ дахин боловсруулж, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах нь хүн бүрийн үүрэг. Яагаад гэвэл энэ дэлхий дээр ганцхан би амьдраад дуусахгүй, амьдрал үргэлжилнэ. Бидний үр хүүхэд, ирээдүй хойч маань зуу зуу, мянга мянган жил амьдрах эрхтэй шүү дээ.
***
Хаягдал гардаггүй учраас эко үйлдвэр хэмээн нэрлэгддэг ийм төрлийн үйлдвэр малын гаралтай био хаягдлыг бууруулах, гахай, шувуу, мал амьтан, газар тариаланг химийн нэгдэл агуулаагүй органик тэжээлийн уураг, бордоогоор бордох боломжийг бүрдүүлснээр экологийн тогтвортой эргэлтийг бий болгоход эергээр нөлөөлдөг. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд ашигладаг олон улсын жишиг ч бий. Өөр нэг чухал ач холбогдол нь импортын тэжээлийн уургийн хэмжээг багасгаж, эсрэгээрээ гаднын улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох, цаашлаад дотоодын эдийн засгийн эргэлтийг сайжруулах давуу талтай.
Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Харин “Протейн” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлвэл гахай, тахианы эрчимжсэн аж ахуйд ашиглах тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах боломж бүрдэнэ.
Италичууд энэхүү бордоогоор усан үзмийн модоо бордсоноор сайн чанарын дарс гарган авах эх үндэс болдог гэх. Яс боловсруулах үйлдвэрээс гарч буй бас нэгэн чухал түүхий эд нь түрүүн дурдсан малын гаралтай тос. Энэ тос бол жилдээ 40 гаруй мянган тонн саван импортолдог Монгол Улсын хувьд байгалийн гаралтай, органик саван дотооддоо үйлдвэрлэж, импортыг бууруулах боломж. Дэлхий даяар эко хэрэглээг эрэлхийлж, өнгө, үнэр оруулагч зэрэг химийн найрлага ихтэй бүтээгдэхүүнээс татгалзах болсон энэ цаг үеийн нийтлэг зорилготой нь энэ бүхэн давхцаж буй.
Н.Оюунбат “Би юуны төлөө, ямар үнэ цэн бий болгохын тулд энэ ажлыг хийж байна вэ?”, “Миний хувьд энэ ажил ямар утга учиртай вэ? Заавал хийх шаардлагатай юу?” гэж өөрөөсөө үе үе асууж, түүндээ хариулж, дараа дараагийн хийх ажил, зүг чигээ тодорхойлохыг хичээдэг. Үүнийг л мөрдлөг болгон зүтгэж явна даа” хэмээн хэлсэн юм. Тэр хэрхэн хатуу ширүүн бизнесийн ертөнцөд хөл тавьж, амжилтыг бий болгож чадав?
BusinessMN сэтгүүлийн баг бизнес эрхлэгч Н.Оюунбаттай ярилцаж бэлтгэсэн хөрөг нийтлэлийг энд дарж уншаарай.
bair mashin alt mungu awch bhaar uruu tul uchnoon huwiin ysnii uildwer bna