О.Отгонтөгс
Өмнөх нийтлэл: Монгол койнуудын хөөс хэзээ хагарах вэ?
***
Манай улсын санхүүгийн системд койн, токен гэсэн шинэ ойлголт 2020 оноос эхтэй боловч санхүүгийн системд аль хэдийнээ байр сууриа бэхжүүлж, албан бус статистикийн мэдээгээр мөнгөн урсгалын хэмжээ нь 10 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь ганцхан жилийн дотор үнэт цаасны зах зээл, банк бус санхүүгийн зээллэг, даатгал, бусад санхүүгийн сегментийг хол хаян тасарсан үзүүлэлт юм. Уг үйл явдалтай зэрэгцэн койн, токены талаар олон тодорхойлолт, үзэл бодол, эсрэг тэсрэг байр суурь бүхий мэтгэлцээн гарч буй боловч иргэдэд ойлгоход хялбар, энгийн тайлбар үгүйлэгдсээр байна. Ялангуяа койн, токеныг тойрсон хамгийн чухал асуултын хариултууд хүлээгдсээр буй тул эдгээр асуултад иргэдийн өдөр тутмын практик мэдлэгт тулгуурлан энгийнээр хариулъя.
- Койн, токеныг яагаад ардаа ямар нэгэн бодит баталгаа байхгүй гэдэг юм бэ, цаасан мөнгөн тэмдэгтээс юугаараа ялгаатай вэ?
Албан ёсны мөнгөний хамгийн гол шинж чанар бол тухайн улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоонд ашиглахаар хуулиар зөвшөөрөгдсөн байдал юм. Манай улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол төгрөг. Өөрөөр хэлбэл, төгрөгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа хийх, өр төлөх, хадгалах, санхүүгийн бусад төлбөр тооцоонд ашиглахыг хууль ёсоор баталгаажуулдаг.
Харин бидний хэрэглэж буй койн, токены хувьд төгрөг шиг хууль ёсоор зөвшөөрсөн төлбөр тооцооны хэрэгсэл биш аж. Ингэснээр койн, токеноор баталгаатайгаар, дуртай үедээ мөнгө санхүүгийн харилцаанд орж худалдаа хийх, өр төлөх боломжгүй юм. Иймд тухайн койн, токеныг хэрхэн яаж, ямар хөрөнгөөр баталгаажуулсан гэдгээс гадна түүнийг хэрэглэх хүмүүсийн тоо хэмжээ, хэрэглээний далайц нь чухал үзүүлэлт. Жишээ нь төгрөгийг бид үнэмлэхүйгээр бүхий л зорилгоор хэрэглэх боломжтой бол, тухайлсан койн, токеныг зөвхөн тодорхой нийгмийн нийтлэг бүлгүүд хязгаарлагдмал хүрээнд ашигладаг. Ийнхүү олон хүн, хязгаарлагдмал биш хэлбэрээр ашиглах боломжийг хэр баталгаажуулж чадсан бэ гэдгээр тухайн койн, токен найдвартай бөгөөд эрэлттэй байх боломжтой гэсэн үг юм.
- Яагаад койн, токеныг ашиглан мөнгө угааж, татвараас зугтаж, авлига, хээл хахууль өгч, авахад амар гэж үзээд бусад орнуудад дургүйцээд байгаа юм бэ?
Энэ асуултад хариулахын тулд уламжлалт гүйлгээ, дижитал хэтэвч, криптовалютыг тус тус ашиглан төлбөр тооцоог гүйцэтгэхэд ямар процесс дамжих, процесс тус бүрийг хянах боломж хир түвшинд байхыг зураг ашиглан тайлбарлая.
Уламжлалт гүйлгээний хувьд төлбөр төлөгчөөс төлбөр хүлээн авагчид мөнгөн гүйлгээ очих хүртэл төлбөр төлөгчийн ашиглаж буй дансаар, төлбөрийн хэрэгслээр, тухайн төлбөрийн хэрэгслийг хэрэглэгчдээр, төлбөр очиж буй дансаар, түүнчлэн төлбөр төлөх аргаар гэх мэтчилэн таван үе шатаар хянах боломжтой, эдгээрийн аль ч шатанд хууль бус үйлдлийг илрүүлэх магадлал өндөр байдаг.
Харин дижитал хэтэвч ашиглаж буй тохиолдолд банкны аль үйлчилгээгээр дамжуулан ямар банкны хэний нэрийн дансанд төвлөрч буй, улмаар ямар сувгаар төлбөр хийгдсэн бэ гэдэг гурван үе шатанд хяналт тавих боломжтой. Харамсалтай нь криптокарренсигаар төлбөр тооцоо гүйцэтгэх тохиолдолд зөвхөн интернэт дээр л хяналт тавих боломжтой. Хэдийгээр криптовалютаар хийх гүйлгээ нь уламжлалт төлбөр тооцооны системтэй харьцуулахад чирэгдэл багатай, түргэн шуурхай боловч санхүүгийн гүйлгээний олон үе шатыг алгассанаар хянах боломж ихээхэн хумигдаж криптовалютыг ашиглан хууль бус мөнгөн гүйлгээ хийгдэх эрсдэл нэмэгддэг гэж үздэг тул олон улсын мөнгө угаалтын томоохон төвүүдийн нэг гэж тооцогддог Зүүн Өмнөд Азийн орнуудад ялангуяа хатуу хяналт тавих болсон.
- Цаашид койн, токены хэрэглээний хандлагын талаар ямар хүлээлт хамгийн их байна вэ?
Эдийн засаг нийгмийн хөгжил, технологийн дэвшлийн нөлөөгөөр хүн төрлөхтний төлбөр тооцооны хэрэгсэл тасралтгүй хувьсан өөрчлөгдөж өнөөгийн цаасан мөнгөн тэмдэгтийг ашиглах хүртэл хөгжжээ. Энэхүү үйл явц үргэлжилсээр.
Сүүлийн жилүүдэд интернэтийн хурд хэд дахин нэмэгдэж, компьютерын хүчин чадал үлэмж өсөж, ковид цар тахлын нөлөөгөөр гараас гарт хүрэх хүмүүсийн харилцаа огцом хумигдсан зэрэг нь цаасан мөнгөн тэмдэгтийг одоогийн бидний хэрэглэж буй койн, токен маягийн дижитал төлбөрийн хэрэгсэл орлон гарч ирэх суурь нөхцөл болж байна. Эдгээр хүчин зүйлээр давуу талаа хийсэн биткойн, этериум зэрэг койнууд дэлхий нийтэд дижитал мөнгө, криптовалютын хэрэглээний соёлыг амжилттай түгээснээр цаашид төв банкууд хуулиар баталгаажсан төв банкны дижитал мөнгө гаргах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх боллоо.
Цаасан мөнгийг дижитал мөнгөөр солиход мөнгө хэвлэлтийн үйл ажиллагааны зардал огцом буурах тул ялангуяа дэлхий нийтийн ноёлогч валютууд болох америк доллар, евро, иен, фунт, юанийн дунд цаасан хэлбэрээс дижитал хэлбэрт шилжих өрсөлдөөнийг эрчимжүүлсэн.
Америкийн мөнгө хэвлэлтийн зардал нь 2021 онд 1.1 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь Австралийн эдийн засгаас үл ялиг бага, манай эдийн засгийг 90 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээ юм.
Америкийн мөнгө хэвлэлтийн зардал нь 2021 онд 1.1 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь Австралийн эдийн засгаас үл ялиг бага, манай эдийн засгийг 90 дахин үржүүлсэнтэй тэнцүү хэмжээ юм. Юанийн хувьд Хятадын хүн амын тооноос шалтгаалан, Японы хувьд иргэдийнх нь цаасан мөнгө хэрэглэх сонирхлоос үүдэлтэйгээр мөнгө хэвлэх зардал нүсэр тул дижитал мөнгөн тэмдэгт гаргах үйл явцад тэргүүлэгч байр суурьтай оролцож байна. Тухайлбал, Хятад албан ёсоор дижитал юаниа танилцуулж, цаашид америк доллартой өрсөлдөн дэлхийд ноёрхогч валютын байр суурийн төлөө зүтгэж дижитал юанийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Иймд Хятад дижитал юаньтай өрсөлдөхүйц биткойн зэрэг төв банкны бус криптовалютыг хууль бус хэмээн хориглосон. Үүнтэй төстэйгөөр Орос 2022 оны нэгдүгээр сард криптовалютыг хатуу хориглож, Оросын төв банк дижитал рубль гаргах бодлогоо албан ёсоор танилцуулсан.
2022 он гарснаар олон улсын санхүүгийн зэх зээл дээр голлох криптовалютуудын ханш 50 хүртэл хувиар унаж, олон оронд койн токенуудын хатуу хяналтын тогтолцоог бий болгох үйл явц идэвхжиж буй нь ирээдүйд төв банкны бус дижитал мөнгө, криптовалютын хэрэглээнд томоос том асуултын тэмдэг тавьж байна.