2022 онд бизнест цах тахал дээр нэмэгдээд урьд өмнө байгаагүй том сорилтууд ирэхээр байна. Омикрон болон геополитик хавсарсан ханган нийлүүлэлтийн асуудал, тэдгээрээс үүдэлтэй инфляцын өсөлт тодорхойгүй байдлын гол эх сурвалжууд болно. Дараагийн том сорил нь ажиллах хүчний хомсдол болон ажилчдын зан төлөвийн өөрчлөлт болно.
Омикрон
2022 онд Ковид 19-ын шинэ хувилбарууд компаниудад ажлаа өмнөх шиг нарийн төлөвлөх боломжийг олгохгүй шинжтэй байна. Нэг л өдөр нэг хэлтэс эсвэл компани тэр чигээрээ халдвар авч ажлаа хойшлуулахаас аргагүй болж магадгүй гэдгийг эрсдэлийн бодлогодоо заавал тусгах хэрэгтэй болно. Энэ байдал нь ажилчдын сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлж, “Үхчхэж ч магадгүй юм байна” гэдэг бодлыг олон хүний толгойд хийнэ. Тиймээс захирлууд ажилтнуудаа, цаашлаад бизнесийн бүх оролцогч талуудаа дэмжих стратеги хэрэгжүүлэх ёстой болно.
Нөгөө талаас цар тахал нь байгууллагууд алсын хараагаа эргэн харахад хүргэнэ. Шинэ хэвийн нөхцөлд хэдийнээ амьдраад эхэлсэн гэдгийг компаниуд улам илүү ойлгож, зайнаас болон хагас цагаар ажиллуулахтай холбоотой менежментийн шинэ арга барилууд нэвтрүүлэх компаниудын тоо олширно.
Логистик, ханган нийлүүлэлт
Монгол Улсын хувьд өмнөд хөршийн цар тахалтай тэмцэх бодлого, Бээжинд болох өвлийн Олимптой холбоотой хөл хорионы арга хэмжээ нь нийлүүлэлтийн сүлжээг доголдуулсаар байх төлөвтэй байна. Хятад улсаас түүхий эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэргээ импортолж авдаг манай компаниудад урд хил үе үе урт, богино хугацаагаар хаагдах нь бизнесээ тогтвортой явуулахад хүндрэл учруулна. Ялангуяа, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад тендерээр шалгарсан компаниуд орлогоо төлөвлөхөд улам хүнд болох нь.
Цар тахлаас гадна томоохон гүрнүүдийн хоорондох улс төрийн болоод технологийн шалтгаантай геополитикийн өрсөлдөөн нь дэлхийн худалдаанд томоохон эрсдэл учруулсан хэвээр байхыг дэлхий даяар анхааруулж байгаа. Хятад – Америкийн Зүүн өмнөд Ази дахь стратегийн сөргөлдөөн, Украйн дахь Орос-Америкийн тайван бус байдал нь урд хилээрээ тогтмол бараа, бүтээгдэхүүн татахад хүндрэлтэй болсон бидний хувьд гадаадаас бараагаа татах сувгуудыг улам хумьж, тээвэрлэлтийн хугацааг уртасгаж, өртгийг нэмнэ.
Инфляц
Гадаадад ч тэр, дотоодод ч тэр инфляц толгойн өвчин байх нь. АНУ-д л гэхэд сүүлийн 40 жилд хэрэглээний үнийн индекс хурдацтай өсжээ. Монгол төгрөгийн худалдан авах чадвар улам буурч, Үндэсний статистикийн хорооны өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр 2011 онд авч байсан 1.2 сая төгрөгийн цалин 2020 оны 670 000 төгрөгтэй тэнцэж байна. 2022 онд компаниуд үнийн өсөлтөөс болж цалингаа нэмэх орон зай улам бага болно.
Ажиллах хүчний хомсдол
Сүүлийн үеийн тоо баримтуудаар ажил эрхлэлт тогтмол буурч байгаа. Ажиллагчдын тоо 2021 оны III дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 мянгаар бага байна, ажиллах хүчний оролцооны түвшин 57 хувь (эмэгтэйчүүдийнх 50 хувь) руу унаад байна. Эдийн засгийн цаашдын төлөвт хөдөлмөрийн зах зээл дээр гарах өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Нөгөө талаас компаниуд авьяасыг хайж олох, хөгжүүлэх стратегиа өөрчлөх цаг болсныг нөхцөл байдал харуулж байна. Жишээ нь, ажлын байрны зарыг уламжлалт хэлбэрээр бус арай бүтээлчээр хийж, ажилтнуудынхаа ар гэр, эрүүл мэндийн асуудалд урьд өмнөхөөс илүү анхаарах шаардлагатай болно. Өмнө нь ажилтнуудын гэр бүл компанийн удирдлагуудад анзаарагддаггүй, үл таних хүмүүс байсан бол тийм биш болсон.
Ажилтнуудын зан төлөвийн өөрчлөлт
Цар тахлын эрсдэл болоод түүнээс үүдэлтэй өөрчлөлтүүд нь хүмүүст “Ажлаас гарахад айх юмгүй, надад боломжууд байгаа” гэсэн итгэл үнэмшлийг өгдөг болсон учраас ажилтнуудаа тогтоон барих арга барилаа компаниуд өөрчлөх хэрэгтэй болж байна.
Цар тахлаас өмнө ихэнх ажилтан өглөөний 09.00 цагаас 18.00 цаг хүртэл оффистоо цагаа бүртгүүлэн ажилладаг байсан бол одоо ажлын байрыг 100% гэрээс ажиллах, ажил-гэр хослуулах (гибрид хувилбар), 100% оффистоо ажиллах гэсэн 3 ангилалд хуваах болсон. Ажилчдын зан төлөвийн өөрчлөлттэй холбоотой ажил олгогчид хүний нөөцийн бодлого, дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулах хэрэг гарна.
Түүнээс гадна 2022 оноос Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж байгаа бөгөөд оны жилийн эхний хагаст захирлууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд шинэ журмууд боловсруулаад нэлээд завгүй ажиллах нь.
Санхүүжилтийн шинэ хэлбэрүүд
Блокчейн технологи нэвтрэхээс өмнө бизнесүүд болон хувь хүмүүс санхүүжилтийн хэрэгцээ гарсан үед банк, санхүүгийн байгууллагууд руу ханддаг байсан бол орчин үед санхүүжилт босгох олон арга замууд (crowd funding, peer-to-peer financing, initial coin offering (ICO) tokenization) бий болж манайхан ч санхүүгийн хэрэгцээгээ дээрх шинэлэг арга хэрэгслүүдийг ашиглан хангах болсон. Санхүүжилтийн шинэ хэлбэрүүд дэлхий нийтэд төдийгүй манайд ч ялгаагүй хүчтэй нэвтэрч байгаа ч аливаа хөрөнгө оруулалт нь өгөөж, эрсдэл гэсэн 2 талтай байдгийг сануулахад илүүдэхгүй буй заа.
Тогтвортой хөгжил
Банк, санхүүгийн байгууллага байгаль орчинд халтай төсөлд зээл олгохгүй гэсэн шалгуур улам чангарна. Нөгөө талаас “Ногоон мөнгө”-ний хэмжээ олон улсад үлэмж ихсэж байгаа бөгөөд зөвхөн ухаалаг төсөл боловсруулах эздээ хүлээж байна.
Тиймээс бизнес эрхлэгч та дор хаяж ойрын 10, цаашлаад 30 жил тогтвортой бизнес эрхлэхийг хүсэж байгаа бол, өртөг багатай санхүүжилт хэрэгтэй байгаа бол энэ хүчин зүйлсийг заавал харгалзаж үзэх шаардлагатай. Ялангуяа байгаль, нийгэмд хамгийн их нөлөө үзүүлдэг уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах салбарт энэ төрлийн зээлийн хэмжээ ихэснэ. Хэрэв та үндэсний хэмжээнд найдвартай ажиллах бизнес цогцлоомоор байвал Монголын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хөтөлбөрүүдэд тохирох, гадагшаа экспорт хиймээр байгаа бол 2030 он хүртэл хэрэгжих Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад тохирох бизнесийн санаагаа хэрэгжүүлбэл богино хугацаанд бэрхшээл учрах ч урт хугацаандаа хожно.
2022 онд жижиг бизнесүүдэд хэрэгтэй трэндүүд
- Хүн нэгдүгээрт
Дээр дурдсанаар цар тахал хүмүүсийг үнэт зүйлээ дахин эрэмбэлэхэд хүргэж, эдүгээ ихэнх хүн гэр бүл, найзуудтайгаа илүү цагийг өнгөрөөхийг хүсдэг болсон. Тиймээс ажил, амьдралын тэнцвэрийг алдагдуулах ажлыг сонгохгүй байна. 2022 онд жижиг бизнесүүд “Хүн нэгдүгээрт” гэсэн хандлагаар ажлын байруудаа бэлдэх ёстой болно. Эс бөгөөс шилдэг ажилтнуудаа алдаж эхэлнэ.
- Коммюнити үүсгэх цахим харилцаа
Жижиг бизнесүүд хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоохдоо том бизнесүүдээс илүү сайн байдаг. Сүүлийн үед цахим технологиудыг энэ давуу талуудыг улам хүчирхэг болгож, коммюнити-д суурилсан жижиг бизнесүүд олширч байна. Энэ нь жижиг бизнесүүд нийгэмд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэх маш том боломжийг үүсгэжээ.
- Фрилансерууд улам ихсэнэ
Хүчээ авч буй нэгэн тренд бол фрилансеруудыг хөлсөлж, ажилтнуудын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж буй явдал. Хүмүүс цар тахлын дараа ажилдаа буцахдаа ажил, амьдралын тэнцвэрийг илүүд үзэх болсон учир олон хүний сонголт нь фриланс болж байна.
- Маркетинг дахь автоматжуулалт
2022 онд жижиг компаниуд болон старт апууд автоматжуулалтыг маркетингдаа ашиглах нь эрс нэмэгдэнэ гэж судлаачид хүлээж байна. Учир нь автоматжуулалт нь бизнесийн амжилтын салшгүй хэсэг болж, хэрхэн ашиглахад суралцах нь улам чухал боллоо.
- Онлайн ба оффлайн хосолсон бизнес загвар
Оффисын болон зайны хэлбэр холилдсон бизнес загварууд 2022 онд эрчимтэй хөгжинө. Жижиглэнгийн худалдааны салбарт хэрэглэгчид цахимаар болон хөлөөрөө дэлгүүр хэсэх байдлыг хослуулна. Жишээ нь, тэд дэлгүүр лүү гарахаасаа өмнө цахимаар сайтар судалгаа хийдэг болсон.
- Цахим худалдааны технологиуд илүү хүртээмжтэй болно
Жижиг бизнес, старт апуудын хувьд нэг сайн мэдээ нь 2022 онд цахим худалдааны шийдлүүд илүү хүртээмжтэй, либерал шинжтэй болно. Цахим худалдааны платформ байгуулах, платформ дээр дэлгүүртэй болох зэрэг нь илүү хялбар болж, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийх боломжууд нэмэгдэнэ.