Цар тахлын дараах дэлхийн дэг журам өмнөхтэйгөө адилгүй өрнөх болсныг бүгд их, бага хэмжээгээр мэдрэх болсон. Энэ үе бизнес эрхлэгчдэд ч ялгаагүй сорилтыг дагуулж, шийдэх ёстой олон асуудалтай тулгараад буй. Гэхдээ юуны түрүүнд бизнес процессоо шинэчилж, сайжруулах шаардлагатай гэдгийг Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Удирдлагын академийн багш Ц.Өнөржаргал хэлж байна. Тэрбээр “Хямралыг давах гэж оролдохоос илүү өөрчлөлтийн менежментийг шууд хэрэгжүүлж эхлэх нь чухал” хэмээн онцолсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн зан төлөв, зах зээлийн өөрчлөлтийг дагаад бизнес процессоо дахин инженерчлэх нь зайлшгүй хийх алхам болоод байна.
Ингэхдээ бизнес процессыг шууд өөрчлөх бус зөв эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянан сайжруулах, дуусгах гэсэн таван үе шатаар дамжих нь оновчтой байдаг. Өмнө нь удирдагчийн санаа бодол, туршлага, хүмүүсийн хандлагад суурилж бизнесээ хөгжүүлж, авч явдаг байсан бол өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдөж, датад тулгуурласан менежментийг онцлох болжээ.
Санаа бодолд тулгуурласан үйл ажиллагааг дараах хүчин зүйлсийн хүрээнд өрнөдөг гэж ойлгож болно.
Санаа бодолд тулгуурласан үйл ажиллагаа:
- Удирдагчийн санаа бодол
- Урд өмнөх туршлага
- Хүмүүсийн хандлага
- Суралцаж сайжруулах
- Нийгмийн асуудал, ойлгомжгүй байдал
- Үл тайлбарлагдах шийдвэр
Датад тулгуурласан үйл ажиллагаа:
- Шийдвэрт шаардлагатай санал
- Демократ үзэл бодол
- Хурдтай хүчтэй байдал
- Судалж сайжруулах
- Тодорхой, хариуцлагатай байдал
- Тодорхой, уян хатан байдал
Байгууллагын стратеги, үйл ажиллагаа сайжруулах төлөвлөгөөг боловсруулахдаа хүүрнэн өгүүлэхээс илүү тоогоор илэрхийлж, түүндээ үндэслэн шийдвэр гаргах нь датад тулгуурласан менежментийн онцлог. Датанд суурилж бизнесээ явуулах нь тухайн бизнес эрхлэгчээс хариуцлагатай, тодорхой, мөн уян хатан байхыг шаарддаг. Үүнийгээ дагаад бизнесийн процессоос гадна өрсөлдөх чадвар, бүтээмж сайжирдаг. Мөн датанд суурилсан ажлуудыг хэмжиж, хянахад ч хялбар байдаг.
Процессыг сайжруулахын тулд дараах гурван ойлголтод анхаарлаа хандуулаарай.
ISO MNS 21500: Төслийн удирдлагын арга зүйн заавар
- Юуг буюу бүтээгдэхүүн (маркетинг)
- Яаж буюу процесс (технологи)
- Хэрхэн буюу менежмент (дээр дурдсан 5 үе шат)
Бизнес процесс тус бүрт анализ хийх нь маш чухал. Ингэж чадвал орц буурч, гарц нэмэгддэг. Товчоор, менежмент гэдэг бага орцоор хэрхэн гарцаа нэмэгдүүлэх тухай ойлголт юм. Хэдхэн алхам бүхий процесс гэхэд л дотроо маш олон микро ажлыг агуулж байдаг. Тэдгээрийн аль нэгт алдаа гарахад л системийн хувьд доголдох, алдаа үүсэх магадлалтай. Тиймээс процессыг шинжлэхэд уялдаа холбоог хангах нь чухал.
Процесс шинжлэлд дараах зүйлс багтана.
Түлхүүр үйл ажиллагаанууд: Бизнес моделийг бүрэн ажиллахад шаардлагатай нэн чухал, хийгдэх ёстой процессыг илтгэнэ.
Түлхүүр түншүүд: Бизнес моделийг бүрэн ажиллахад шаардлагатай нийлүүлэгч, түншүүдийн сүлжээг илэрхийлнэ.
Өртөг, зардлын бүтэц: Бизнес модельтой холбоотой бүхий л өртөг, зардлыг илэрхийлнэ.
Түлхүүр нөөцүүд: Бизнес моделийг бүрэн ажиллахад шаардлагатай нэн чухал өмч, хөрөнгийг илтгэнэ.
Хүргэх үнэ цэн: Тодорхой хэрэглэгчдийн сегментэд үнэ цэн бий болгодог бүтээгдэхүүн үйлчилгээний багцыг илтгэнэ.
Хэрэглэгчтэй тогтоох харилцаа: Тодорхой хэрэглэгчдийн сегментүүдтэй тогтоосон харилцааны байдлыг харуулна.
Хэрэглэгчийн сегментүүд: Компанийн хүрч үйлчлэхээр зорьж буй бүлэг хүмүүс эсвэл байгууллагыг илтгэнэ.
Орлогын урсгал: Хэрэглэгчдийн сегмент бүрээс компанид орж ирж буй мөнгөний урсгалыг харуулна.
Сувгууд: Компани хэрэглэгчдэдээ хэрхэн хүрч, санал болгож буй үнэ цэнээ хэрхэн хүргэж буйг харуулна.
Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр цар тахлын дараа компаниуд бизнес процессоо хэрхэн өөрчилж, үйл ажиллагаагаа сайжруулан, бизнесийн системээ шинэ нөхцөл байдалд нийцүүлэх талаар Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Удирдлагын академийн багш Ц.Өнөржаргал өөрийн туршлага болон олон улсын арга барилаас хуваалцлаа. “Цар тахлын дараах бизнес процессыг бүтээх нь” сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарын дараагийн зочноор “Гүйцэтгэлийн төгөлдөршил” компанийн гүйцэтгэх захирал Г.Өлзийбуян “Үйл ажиллагааны журам боловсруулах аргачлал“ сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital