Нийтлэлч О.Отгонтөгс
Энэтхэгийн төв банкны дэд ерөнхийлөгч Раби Санкар 2022 оны 2 дугаар сард Санхүүгийн шилдэг технологийн шагнал гардуулах ёслол дээр тавьсан итгэлд “…криптовалют бол онолын хувьд ч, практик агуулгаар ч нэгт валют биш, хоёрт түүхий эд биш, гуравт санхүүгийн хөрөнгө оруулалт биш юм” гэж мэдэгдсэн нь банкирууд, хөрөнгө оруулагчид, экспертүүдийн анхаарлыг ихээхэн татав. Түүнчлэн, сүүлийн үед “Файнэншл таймс”-аар тэргүүлүүлсэн сэтгүүлчид криптовалют бол Мадофф маягын понзи схемээс аюултай санхүүгийн луйвар гэж удаа дараа цоллон нийтлэх болсон. Үүний гол шалтгаан нь понзи схем маягийн луйвар хүртэл санхүүгийн ямар нэгэн хөрөнгө оруулалтад суурилсан байдаг бол зарим криютовалютын хувьд ямар нэгэн баталгаа ч байдаггүйд оршино.
Дээрх үйл явдлуудын зэрэгцээ Хятад дээр нэмэгдэн Оросын Засгийн газар криптовалютыг хууль бус хэмээн албан ёсоор зарлаад зогсохгүй Америк, Англи, Япон, Энэтхэг улсуудаар тэргүүлүүлсэн блокчейн, web 3.0 технологийн хослолыг санхүүгийн системийн дэд бүтцэдээ идэвхтэй ашиглагч орнууд цаашид криптовалютыг хязгаарлах, хориглох чиглэл рүү хазайж, оронд нь хууль ёсны төв банкны дижитал валют гаргахыг зорьж байгаа нь криптовалютын хөрөнгө оруулагчдад айдас төрүүлээд байна. Нөгөө талаас криптовалютын гүйлгээг хянах боломжгүйгээс үүнийг ашиглан мөнгө угаах болон гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа ихээхэн идэвхжиж байна. ФАТФ-ын тайланд дурдсанаар, 2021 оны байдлаар криптовалютыг ашиглан мөнгө угаасан үйлдэл 14 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн 0.01 хувийг эзэлдэг крипто валютын зах зээл дэлхийн нийт мөнгө угаалтын 2 хувийг эзэлжээ гэсэн үг бөгөөд уламжлалт салбараас хохирол учруулах чадвар нь даруй 200 дахин их байгааг харуулах ажээ.
Сонирхолтой нь дэлхий нийт ийнхүү криптовалютыг цаашид хуулийн хүрээнд хэрхэн тодорхойлох, юу гэж авч үзэх талаар ч нэгдсэн байр суурьтай болж амжаагүй, түүнчлэн өндөр хөгжилтэй орнууд криптовалютыг ад үзэж, буланд шахан буй энэ цаг үед Монголчууд хууль ёсных гэж зарласан нь Украйн, Куба, Эль Салвадор зэрэг улсуудтэй мөр зэрэгцэн криптовалютын нэн тааламжтай нөхцөл бүхий орон болж гарч ирсэн туйлын өвөрмөц бөгөөд жигтэй үйл явдал боллоо. Энэ хуулийн малгай дор онолын хувьд Санхүүгийн зохицуулах хороо нь дижитал төлбөр тооцооны системийн платформ дээр Улсын Их Хурал, Засгийн газар, Төвбанкнаасаа ч давсан эрх мэдэлтэй нэн хүчтэй байгууллага болж хувирав.
2021 онд дэлхийн хэмжээнд 7600 орчим байсан крипто валютын тоо 2022 оны 2 дугаар сарын байдлаар 18000-д хүрч, 458 бирж дээр арилжаалагдаж байна. Зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд ам.доллар орчим бөгөөд үүний 42 хувь нь зөвхөн биткойнд, 61 хувь нь биткойн болон этериумд, 71 хувь нь топ 5 крипто валютад ногдож буй юм. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жил орчим, дэлхийн хэмжээнд 2000 койн тутмын 1 нь л амжилттай болжээ гэсэн үг бөгөөд 2000 койн тутмын 1999 нь амжилтгүй, хөрөнгө оруулагчаа алдагдалд оруулсан, огт идэвхгүй бөгөөд царцсан байдалтай байна.
ФАТФ-ын тайланд дурдсанаар, 2021 оны байдлаар криптовалютыг ашиглан мөнгө угаасан үйлдэл 14 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Хэдий манай улсад криптовалютын зах зээл Азийн улсууд дотроо хамгийн сүүлд хөгжсөн ч гэлээ, 2021 оноос хойш 41 койн, токены төсөл хэрэгжиж 41-үүлээ одоогоор тун амжилттай явж байна. Хөгжлийн хувьд, зах зээлд анх танилцуулагчдын ашигласан стратеги нь бусад орноос ялгаатай бөгөөд манай улсад эхлээд урамшууллын оноог койн, токен гэж гаргасан нь дэлхийн аль ч улсад давтагдаагүй жишиг болон үлджээ. Одоо бол Монголын криптовалютын зах зээлд оролцогчид урамшууллын оноо болон койн, токеныг сүрхий ялгаж сураад зогсохгүйгээр барахгүй өдөр тутмын арилжаанд идэвхитэй оролцох 400 гаруй мянган хүний армитай болжээ.
Дээрх түүх ийнхүү эхэлсэн юм. Монголын хамгийн анхны койн гэж нэрлэгдсэн ardcoin урамшууллын оноо нь 1 төгрөгөөс 371 төгрөг хүртэл хөөсөрч 37100 хувийн өсөлтийг; эхлээд монголчуудаа дараа нь бүх дэлхийн иргэдийг инфляциас хамгаалах зорилгоор гаргасан IHC (Inflation hedging coin) хэмээх токен 0.3 төгрөгөөс 10 төгрөг давж 3300 хувийн өсөлтийг тус тус үзүүлсэн нь иргэдийн ашиг олох сонирхлыг өрдөж гуравхан сарын дотор Монголд койн гэж нэрлэгдсэн 40 токен, 1 койн, нийт 41 монгол криптовалют, 14 бирж шинээр үүсч олон нийтээс 475.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан, хамгийн багадаа 400 мянга гаруй хүнийг хамарсан 2.2 их наяд төгрөгийн койн, токены арилжаа зохион байгуулагджээ.
2021 оны гүйцэтгэлээр манай улсын гадаад худалдаанаас олсон нийт ашиг ДНБ-ны 0.5 хувь болох 2.1 их няад төгрөгтэй тэнцэж байгаа нь монголын криптовалютын зах зээлийн үнэлгээтэй дүйцсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл монголчууд 2021 онд, ковид цар тахлын үед хуруу хумсаа хуйхлан байж гадаад худалдаанаас олсон бүх ашигтай тэнцүү хэмжээний мөнгийг Монголд гаргасан 41 койн, токеныг худалдаж авахад зарцуулжээ гэсэн үг юм.
Криптовалютын арилжааны төвлөрөл /2022 оны 2 дугаар сарын байдлаар/
Хэдийгээр 14 бирж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ч нөлөө бүхий 4 том криптовалютын бирж дээр зах зээлийн гол төвлөрөл бий болжээ. 2022 оны 2 дугаар сарын үзүүлэлтээр энэхүү 4 бирж дээр гаргасан монгол криптовалютуудын зах зээлийн үнэлгээ 2.2 их наяд төгрөг болсон ба үүний 98 хувь нь DAX, trade.mn гэсэн хоёр бирж дээр арилжаалагдсан байна.
Монголын криптовалютын зах зээлийн нэг онцлог бол хэдийгээр тус зах зээл дээрх нөлөө бүхий криптовалютууд зах зээлийн үнэлгээний хэмжээгээрээ дэлхийн шилдэг 500-д өлхөн багтах үзүүлэлттэй байгаа хэдий ч дэлхийд огт өрсөлдөж чадахгүй байгаа нь юм. Үүний гол шалтгаан нь монгол криптовалютуудын хэрэглээ нь тун хязгаарлагдмал байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хэдэн арван саяын монгол койн, токентой байлаа гээд дэлгүүрт ороод цусаар уйлсан ч нэг ширхэг талх худалдаж авч чадахгүй нь бодит байдал гэсэн үг юм.
2000 койн тутмын 1999 нь амжилтгүй, хөрөнгө оруулагчаа алдагдалд оруулсан, огт идэвхигүй бөгөөд царцсан байдалтай байна.
Нэгэнт бодит хэрэглээ байхгүй, хөрвөх чадваргүй байгаа тул яг одоогоор Монголын эдийн засагт 2.2 их наяд төгрөг, ямар ч эдийн засаг болон санхүүгийн үр өгөөжгүй, тэг бүтээмж бүхий койн, токен нэртэйгээр царцчихаад байна гэсэн дүгнэлтийг хийлгэж байна. Ийм их мөнгийг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаачхаад байгаа нь манай улс шиг санхүүгийн урт хугацааны тогтворгүй байдалд нэрвэгдсэн, зээллэгийн зардал өндөртэй улсад ноцтой сөрөг үр дагавартай юм.
Нөгөө талаас, ковид цар тахлын өмнөх нөхцөл байдалдаа бид эргэн ирж буйтай зэрэгцэн удахгүй ковидын улмаас хугацаа нь хойшлогдсон ипотек болон хэрэглээний зээлүүдээ, түрээсээ, цахилгааны төлбөрөө гэх мэт төлж эхэлнэ. Дээр нь хил нээгдэж жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарууд идэвхижиж, хил нээгдэхийг тэсэн ядан хүлээж буй наймаачид сад тавихад бэлэн мөнгөний эрэлт огцом нэмэгдэнэ. Энэ үед эдгээр койн, токенд хөрөнгө оруулсан иргэд мөнгөө хэрхэн гаргаж авах нь, түүнийг нь хэрхэн эргүүлж өгөх нь, эрэлтээсээ давсан нийлүүлэлтээс болон койн, токены ханш цаас болон сэнсрэхэд хүмүүсийн уур хилэнг хэрхэн шийдэх нь хэцүү нөхцөл байдлыг үүсгэх биз ээ.
Буруу тооцоотой байнадаа. Үнэлгээгээрээ 2 их наяд хэдий ч үнэндээ орсон мөнгө нь 2 их наяд хүрэхгүй. Тиймээс 2 их наяд гацсан бол биш. Том орнууд крипто вальют гаргах болсон. Зүгээр цахим мөнгө биш яг ижил зүйл. Засгийн баталгаатай. Мөн койны хувьд зарим нь хувьцааны хэлбэртэй байгааг тооцоорой. Тэгэхээр шууд үгүйсгэх биш сайн судалгаатай бичээрэй
475.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй койн, токеныг гаргаад хоёрдогч зах зээл дээр 2.2 их няадын арилжаа хийсэн юм байна гэж ойлголоо. Тэгэхээр 2.2 их наяд, тэрнээс ч илүү их мөнгө түгжигдсэн гэдэг нь маргаангүй. Койн, токен бол санхүүгийн ямар ч мэдлэггүй жоохон хүүхдүүдийн мөнгөтэй хүмүүсийн тоглоом болсон түүх юмдаа. Зоригтой мангар хүүхдүүдийг хажуугаас нь хөөргөж мөнгөтэй хүмүүс койн гаргуулаад, инсайдэр боломжоо ашиглан памп дамп хийж мөнгө угаасан үйлдэл. Хожсон хүмүүс нь анх санхүүжүүлсэн баян, бэлэн мөнгө ихтэй, хууль бус орлогтой, мөнгөө угаах сонирхолтой байсан хүмүүс. Ашиглагдаж, удахгүй ял авах нь койн, токен гаргаж хүмүүсийн гар хөл болсон аити, санхүүч гэж хөөрсөн жоохон хүүхдүүд. Хохирогчид бол койн худалдан авагсад.
Эх сурвалжаа дуридах хэрэгтэй байх.
Хэрвээ үнэн зөв мэдээлэл авах газар байхгүй бол krypto.mn ээс авж байгаарай.