Зохиогч: Пүрэвжавын Гандолгор
Хэрэв мөнгийг бизнесийн цусны эргэлт гэж үзвэл зүрхний цохилт нь борлуулалт юм. Тиймээс “Борлуулалт хийгдээгүй цагт юу ч тохиолдохгүй” гэсэн үг бий. Борлуулалтгүй бол ашиг, орлого байхгүй. Ашиг, орлого байхгүй бол бизнес байхгүй.
Тиймээс ямар ч төрлийн бизнест борлуулагчийн үүрэг асар өндөр. Ялангуяа дөнгөж хөгжиж буй эдийн засагтай Монгол шиг улсад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн борлуулагч олно гэдэг компанийн хувьд том олз байдаг.
Хэрхэн сайн борлуулагч болох вэ гэдэг дээр маш олон ном, гарын авлага байдаг ч монгол хэл дээр орчуулагдсан нь цөөхөн бөгөөд монголчуудын сэтгэлгээний онцлогт тэр болгон тохирдоггүй. Тиймээс зохиогч монгол компаниудад, монгол уншигчдад тохирсон, борлуулалтын тухай системтэй мэдлэг өгч чадах номыг бичихээр шийдсэн байна.
“Монгол уншигчдад тохирсон” гэдгийг илтгэх гол онцлог нь “Арга билгийн” онолыг номынхоо зохиомжид ашигласан шийдэл юм. Учир нь монголчууд аливаа юмс, үзэгдлийг арга ба билгийн харилцан шүтэлцээгээр илүү сайн ойлгож хүлээж авдаг. Зохиогч П.Гандолгор номын агуулгыг уншигчдад илүү ойр байлгах үүднээс энэ зарчмыг чадварлаг ашиглаж, борлуулагчдад хэрэгтэй ур чадваруудыг 10 төрөл, таван бүлэгт хуваан системчилжээ. Барууны зах зээлд хэвшсэн хатуу ба зөөлөн ур чадвар, арга техник ба сэтгэл хөдлөлийн чадамж гэх мэт цогц ойлголтуудыг гадаад төрх ба дотоод итгэл үнэмшил, мэдлэг ба мэдрэмж, туршлага ба зөн совин, ярих ба сонсох, авах ба өгөх гэх зэргээр ангилж өгчээ.
Тиймээс уг номыг монгол уншигчдад зориулан борлуулалтын ухааныг ойлгомжтой хүргэх тун үр дүнтэй оролдлого гэж хэлж болно. Хэдийгээр энэ номонд цоо шинэ зүйл дэвшүүлээгүй ч өмнө нь хэтэрхий академик шинжтэй байсан эсвэл тархай бутархай байсан ойлголтуудыг сонирхолтой өнцгөөс хүртээмжтэй тайлбарласаныг яах аргагүй үнэлэх ёстой юм.
Энэ номыг шинэ бизнест хэрэглэгч олох, хэрэглэгчийн хүрээг тэлэх, үнэнч хэрэглэгчдийг бий болгох, хуучин хэрэглэгчдээ тогтоон барих гээд борлуулалттай холбоотой ажил хийдэг бүх хүнд зориулжээ.
Энэ номын бас нэг үнэлүүштэй тал нь системчилсэн мэдлэг, мэдээлэл хүргэхээс гадна тэдгээрээ хэрэгжүүлэх, бэхжүүлэх, уншигч өөрийгөө шалгах, үнэлэх арга хэрэгслүүдийг хангалттай оруулсан. Тухайлбал, бүлэг бүрийн ард “Үүнийг л хийчих” гэсэн уриалга дор тухайн бүлгийн гол агуулгыг зөвлөмжийн жагсаалт хэлбэрээр товчилж өгсөн байдал, уншигчийг өөртэйгээ ажиллуулахад чиглэсэн асуулт, хүснэгт, зураглалууд нь номыг илүү прагматик байлгаж чаджээ. Ялангуяа “Шилдэг борлуулагчийн амжилтын дэвтэр” хэмээх хэсэг нь номыг уншихаас гадна номтой “ажиллах” арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, Шилдэг борлуулагчийн арга билгийн 10 ухаан” номыг “Уншаад хэрэглэ”-хэд хэдийнээ бэлэн байдлаар бичсэн байна.
Борлуулалт бол бусдыг мэдрэх ухаан
Номын зохиогч, Ганабелл институтийн үүсгэн байгуулагч П.Гандолгорын хувьд хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх, көүчээр олон жил ажиллаж буй, зөвлөх үйлчилгээний бизнесээ амжилттай тэлж байгаа нэгэн. “Шилдэг борлуулагчийн арга билгийн 10 ухаан” бол түүний дөрөв дэх ном бөгөөд өмнө нь хувь хүний хөгжлийн чиглэлээр оюуны бүтээлүүд гаргасан. Түүний сэтгэлгээ, ажил хэргээ явуулах болон өөрийгөө хөгжүүлэх нь ч өөрийн гэсэн тогтсон “системтэй” бөгөөд тэр онцлогийг нь уг номноос анзаарч болно.
Энэхүү номноос уншигч миний хувьд анхаарал татсан гол санаа нь “Борлуулалт бол бусдыг мэдрэх ухаан” гэсэн мэссэж байв. Өөрөөр хэлбэл, хүн хоорондын харилцааны мөн чанарыг ойлгосон хүн борлуулалтын мөн чанарыг ойлгоно гэсэн үг. Энэ мөн чанарыг ойлгосон хүн ярьж, ятгаж, сонсож, мэдэрч, өгч бас авч чадна. Хэрэв борлуулагчийн бодол, мэдрэмж нь зөв өгөгдлөөр тэжээгдэж байвал тэдгээр нь үгээр илэрч, үг нь үйлдэл буюу борлуулалт болж, үйлдэл нь үр дүн буюу компанийн ашиг, орлого болно.
Номыг худалдаж авах: https://biz.mn/gandolgor_books