Компани: WorldPlus International
Чиглэл: Аппликэйшн, хэвлэл мэдээлэл
Гүйцэтгэх захирал: Х.Эрдэнэбаяр
Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчээ өөрөө олж очдог байж болох уу? Хэвлэлд сурталчилгаа нийлүүлэгч компани тухайн контент нь үүргээ гүйцэтгэж буй эсэхийг, хэнд хүрч байгааг яаж нарийн хэмжих вэ?
Орчин үеийн технологийн шийдлүүд энэ мэт асуултад “Болно” гэж хариулах боломжийг өгч байна. Хуучин шиг “За, манай хэрэглэгч тэнд л байгаа болов уу” гэж таамгаар “галладаг” цаг өнгөрч, шаардлагатай сувгаа зөв сонгоод хэрэглэгчээ овоо хараандаа оруулсны дараа гохоо дардаг, маркетинг нь байгаа онож буйг яг таг мэдэх бололцоотой үе иржээ.
Тэгвэл “Бүрэн интерактив сэтгүүлийн цахим платформ” гэгддэг WorldPlus нь энэ чиглэлд хувьсгал хийж, сэтгүүлийн зах зээлд цоо шинэ соёлыг бий болгож байна. Тиймээс ч “WorldPlus International” компанийн гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаяр 2019 оны долдугаар сард Сингапурын “Marina Bay Sands”-т системийнхээ нээлтийг хийхдээ “Бид сэтгүүл уншдаг уламжлалт уйтгартай арга хэлбэрийг эрс өөрчилнө” гэж хэлж байв.
Сэтгүүлийн зах зээлийн үндсэн гурван тоглогч болох сэтгүүл эрхлэн гаргагч, уншигч, зар сурталчилгаа нийлүүлэгч нар WorldPlus апп-ыг ашигласнаар бүх талдаа ашигтай (Win-Win-Win) хамтын ажиллагааны загварт шилжиж байна.
Эрхлэн гаргагчийн хувьд сэтгүүлээ зүгээр нэг уншуулаад зогсохгүй, сонсгох, видео хэлбэрээр үзүүлж тухайн контент хэд хэдэн хувилбараар “амьдрах” боломжтой. Өөрөөр хэлбэл, WorldPlus бол сэтгүүл, подкаст, дүрс бичлэгийн холимог дундаас бий болсон контентын цоо шинэ хэлбэр юм.
Хэвлэн нийтлэгчийн чихэнд чимэгтэй хоёр дахь давуу тал нь зардлын хэмнэлт. Сэтгүүл эрхлэн гаргагч контент бүтээх, хэвлэх, хүргэх, дэлгүүрээр худалдах гэсэн дөрвөн төрлийн зардал гаргадаг. WorldPlus нь контент бүтээхээс бусад зардлыг бараг тэг болгож, сэтгүүлийг цаасан хэлбэрээр илүү олон хүнд хүргэх шийдэл болж чадсан.
Зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хувьд гэвэл WorldPlus-ийн шийдэл рекламд шинэ амьдрал өгч байна. Нэгдүгээрт, тухайн сэтгүүл доторх сурталчилгаа брэндийг таниулах, сануулах зэрэг үүрэг гүйцэтгээд зогсохгүй тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтад хөтлөх, шууд худалдан авалт хийх онлайн дэлгүүрийн үүд хаалга болж байна. Мөн цаасан сэтгүүлтэй харьцуулахад нэг том давуу тал нь сэтгүүлд орсон реклам цаашдаа шинэчлэгдээд явах боломжтой. Энэ бүгдийг WorldPlus-ийнхан “Интерактив сурталчилгааны модель” гэж нэрлэжээ.
Энэ платформд байрших сурталчилгааны контентын өөр нэг онцлог нь хэдэн хүн яаж үзсэн, юу сонирхсон талаарх өгөгдлийн “ургац хурааж”, сурталчилгааг илүү нарийн сегментчилж, оновчлох бололцоотой. Ингэснээр сурталчилгаа хэрэглэгчээ хайж очихоос гадна хэрэгтэй хэлбэр лүү хувирч чаддаг болж байна.
Харин уншигчийн хувьд WorldPlus дээр өөрийн сонирхсон материалыг сонирхолтой хэлбэрээр буюу Аудио, видео, 3D болон төрөл бүрийн эффектийн тусламжтайгаар хүлээж авна. Өөрөөр хэлбэл, WorldPlus –ийн ачаар “Сэтгүүл унших” гэдэг үйл явц өмнөхөөс тэс өөр мэдрэмж, сэтгэл ханамжийг өгдөг болж байна.
Дэлхийн зах зээлийг дайлаар мордох нь
WorldPlus-ийг хамтран үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр /Эбэ/ болон түүний баг 2015 оноос Монголын зах зээлд интерактив контентын “Woovoo”, Монголын анхны цахим ном, аудио ном, подкастын апп “Mplus” зэргийг хөгжүүлж ирсэн билээ. Тэрээр платформын загвараар дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах бизнес байгуулах бодол эртнээс өвөрлөж байсан бөгөөд сонголт нь сэтгүүлийн чиглэл болсон байна.
Телевиз, радио, сонин гурав тодорхой түвшинд мултимедиа, интерактив хэлбэртэй болж, on demand зарчмаар контентоо түгээдэг болсон бол сэтгүүлийн хувьд PDF форматаас цааш хэтрэхгүй гацаж, зах зээлд эзлэх байр суурь нь улам суларсаар байлаа. Тиймээс энэ салбарт хувьсгал авчрахуйц шийдэл нь WorldPlus болов.
2019 оны зун Сингапурт “WorldPlus International” албан ёсоор нээлтээ хийв. “Бид анхнаасаа Монголыг биш гадаадын зах зээлийг үндсэн сегментээ болгосон” гэж Х.Эрдэнэбаяр ярьж байв. Тиймээс нээлтээ Улаанбаатарт биш Токио, Сингапур зэрэг олон улсын технологийн хөгжлийн зангилаа болсон газруудад хийжээ. Энэ стратеги ч гаднаас хөрөнгө оруулалт татахад нөлөөлсөн. Японд Азийн зах зээлд зориулсан нээлтээ хийсний дараа хамгийн эхний хөрөнгө оруулалтыг Сүмогийн их аварга Хакухо, дараагийн хөрөнгө оруулалтыг Kimura Construction компанийн удирдлага хийжээ. Өнөөдөр “WorldPlus”-ийн Япон дахь үйл ажиллагааг АНУ-ын Сити Group-ийн удирдах түвшинд ажиллаж байсан Хироши Вакуцү гэх хүн хариуцаж байна.
Х.Эрдэнэбаяр нэг хэсэг ажлынхаа ихэнх өдрийг онгоцонд өнгөрөөж, олон улс оронд очиж гэрээ байгуулж явав. 2020 онд “Singapore Press Holding” компани “WorldPlus”-тай Зүүн Өмнөд Азийн зах зээл дээр хамтран ажиллах гэрээ байгуулж, MyNewsstand+ нэртэй аппликейшнийг бүтээжээ. Мөн ондоо Хятад, Хонконг, Тайваний зах зээл дээр “Z holdings” буюу Хятадын “Weibo” компанитай тохиролцоонд хамтарсан компани байгуулав. Ингэснээр Зүүн Өмнөд Азийн дижитал сэтгүүлийн хамтын том платформ үүсгэж чаджээ.
Европ талдаа гэвэл 2021 оны долоодугаар сард Испанийн зах зээлд “MundoPlus” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж “Axel Springer Espana”, “Zinet Media Global” зэрэг Испанийн тэргүүлэх сэтгүүл эрхлэн гаргагч нартай гэрээ байгуулжээ. Ийнхүү 2021 оны байдлаар Монгол, Англи, Хятад, Орос, Япон, Малайз, Индонез, Испани хэл дээрх 150 гаруй сэтгүүл эрхлэн гаргагчийн 1500 гаруй интерактив сэтгүүлийн сан бүрдүүлж, 270 гаруй мянган идэвхтэй хэрэглэгчтэй болжээ. Энэ тухайгаа Х.Эрдэнэбаяр ярихдаа “Бид дижитал сэтгүүлийн “Netflix” болно” гэж хэлдэг. Хамтран ажиллагч сэтгүүлүүд дотроос “Harper’s Bazaar”, “Top Gear”, “Marie Claire”, “Cosmopolitan”, “Esquire”, “Vogue”, “GQ” зэрэг содон нэрсийг харж болно.
Энтрепренерийн хувьд Х.Эрдэнэбаяр нь бизнесийн салбарт хангалттай “чанагдсан” нэгэн. Эрдэнэт хотод төрж өссөн тэрээр Лондон хотын Метрополитаны их сургуулийг дижитал медиа, тэр дундаа дүрслэх урлаг, гэрэл зургийн чиглэлээр дүүргэж, Англид 10 гаруй жилийг өнгөрөөжээ. Энэ нь түүнд дижитал медиаг технологи болон төрөл бүрийн программ хангамжтай хослуулан хамгийн оновчтой хувилбарыг бүтээх мэдлэг, ур чадварыг суулгажээ. Англид 200 хүн удирдан ажиллаж байсан туршлага ч түүнд бий. Тэндээс эх орондоо ирээд Монголын хэд хэдэн компанид ажиллаж үзээд эцэст нь өөрийн замыг хөөхөөр шийдсэн нь “Woovoo”, “Mplus”, цаашлаад “WorldPlus” болжээ.
Хүүхэд насныхаа тухай ярихдаа орцных нь ханан дээр бичсэн элдэв бичээсийг дурсдаг. Тухайлбал, “Өнөөдөр та юу хийж бүтээв”, “Өнгөрсөн нэг минут эргэж олдохгүй” гэсэн хоёр өгүүлбэрийг хэзээ ч мартдаггүй.
Түүний амьдралдаа авсан хамгийн үнэтэй зөвлөгөө нь “Сохор зоосгүй болтлоо хоосорсон” явдал. Англид байхдаа сая ам.доллартой казинод ороод нэг ч центгүй гудамжинд гарч, шөнийн автобусанд хоног төөрүүлж байснаа хамгийн үнэтэй сургамж гэж үздэг.
Интерактив платформууд бүтээхээс гадна тэр компаниа соёлын хувьд дархлаатай байлгахад хамгийн их анхаардаг. Үүнд нь Германы зохиолч Бодо Шэйферийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь” ном хамгийн их нөлөөлсөн байна. Бизнест баримталдаг зарчмынх нь талаар асуухад “Үнэхээр сайн зүйл хийж чадсан бол хөрөнгө оруулагч шиг амархан зүйлгүй” гэж хариулав.
Вэб хуудас: https://www.wplus.world/
И-мэйл: info@wplus.world
Утас: +(976) 9927-7560
Luivarchin shv ene bol coin gargaj olon humuus alsan