Социализмын үеийн шилдэг топ менежер
Эдийн засгийг, ер нь хүний амьдралыг хөдөлгөж байдаг гурван том урсгал байдаг аж. Тэр нь мэдээллийн урсгал, мөнгөний урсгал, материалын урсгал. Эдгээр урсгалыг оновчтой зохион байгуулж чадсан байгууллага, улс үндэстний өрсөлдөх чадвар үргэжл илүү байдаг.
Түшиг Групп, Улаанбаатар их дэлгүүрийг үүсгэн байгуулагч, худалдааны салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа Г.Сүхээ бол бараа, материалын урсгалыг хэрхэн үр ашигтай байлгаж, мөнгөний урсгалыг хэрхэн нэмэхийг маш сайн мэддэг хүмүүсийн нэг.
Тэрээр худалдааны хүн болох мөрөөдлөө даган МУИС-ийг бараа судлаач мэргэжлээр төгсжээ. Анхны ажил нь дөнгөж ашиглалтад ороод байсан “Хүнсний их дэлгүүр 1”-ийн худалдагчийн ажил байв. Удалгүй бригадын ахлагч, зохион байгуулагч болж, 1980 онд ХИД 1-ийн орлогч дарга болон дэвшжээ. Үүнээс хойш Г.Сүхээ орчин үеийн шилдэг СЕО, топ менежерүүдийн нэгэн адил өрөнд орсон газруудын борлуулалтыг нэмэх, төлөвлөгөөг биелүүлэх даалгавар авч томилогддог байв.
Тэрээр ХИД 1-ийг Улаанбаатар хотын худалдаа, үйлчилгээний шилдэг байгууллага болгов. Үүний дараа хотын намын хорооны даалгавраар Сүхбаатарын районы 38 дэлгүүрийг хариуцдаг Худалдааны III конторын ажлыг сайжруулах үүрэг авч, 585 мянган төгрөгийн өртэй, 13 сая төгрөгийн борлуулалтын алдагдалтай тэр газрын орлогч даргаар томилогдон очжээ. Талхны үнэ 1.2 төгрөг байсан тэр цагт ийм их алдагдлыг богино хугацаанд нөхөхийн тулд орчин үеийнхээр бол менежерийн гарамгай ур чадвар гаргах хэрэгтэй болов.
Тухайн үед бараа, материалыг хот, хөдөөд тэнцүү хуваарилдаг байв. Гэвч хөдөөгийнхний ахуйн хэрэгцээ хотынхоос ялгаатай учраас аль аль талдаа хэрэгцээгүй барааны илүүдэл маш их гардаг байжээ. Эхлээд Г.Сүхээ агуулахад байгаа барааг судалсны дараа барааны хуваарилалт буруу байгааг анзаарав. Жишээ нь, эмээл хазаар, эсгий болон ажлын гутал, бүсний дурдан, дээлийн өнгө зэрэг малчдын голдуу хэрэглэх бараанууд хотод их хэмжээгээр агуулахад эргэлтэд орохгүй удаан хадгалагдаж байв. Ийм бараануудыг Улаанбаатарын бусад худалдааны байгууллагаас цуглуулан баримт үйлдэнэ. Дараа нь холбоон дээр очин хөдөө орон нутгийнхантай утсаар ярьж, хэрэгтэй барааны захиалга авч, илүүдсэнийг нь илгээхээр тохирно. Хөдөөгийн машинуудыг зөвхөн “зам явах” гэж нэрлэдэг байсан тусгай зөвшөөрлөөр хот руу нэвтрүүлдэг байсан учраас хотод илүүдсэн барааг ачин Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоон дээр очиж бараа солилцон ачна. Орон нутгаас илүүдэж ирсэн ванны алчуур, биеийн тамирын хувцас, хүүхдийн тоглоом зэргийг ачиж орж ирээд дэлгүүрүүдэд хуваарилна. Ийм маягаар барааны урсгал, түүний хэрэглээ хоёрыг зөв зохицуулан голдиролд нь оруулав. Ингээд хоёр сарын дотор бүх өрийг дарж, төлөвлөгөөг нь давуулан биелүүлж, түүнээс хойш улирал, жил дараалан хотын худалдаа удирдах газрын хэмжээнд нэгдүгээр байр эзлэх болжээ.
Үүний дараа 1984 онд Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн орлогч дарга болсон ч удалгүй Хотын захиргааны Хотын худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдов. Энэ газар Г.Сүхээ таван жил ажиллаж их туршлага хуримтлуулжээ. 1989 онд тус газрын зарим хэлтэс татан буугдахад Улсын их дэлгүүрийн орлогч даргаар томилогдож, бас л 12 сая төгрөгийн алдагдалтай байгууллагыг хүлээн авчээ. Түүнийг ажлаа авснаас хойш 45 хоногийн дотор Их Дэлгүүр алдагдалгүй болов. Ингэхдээ тэр өглөөний 00-04 цагт босон Гурвалжингийн бөөний агуулах дээр очин бууж байгаа бараануудаас сонгон хэрэгтэйгээ татаж, хэрэггүйг нь солилцоо хийх байдлаар ажиллаж, түүнээс хойш төлөвлөгөө таслаагүй байна. Ийм байдлаар Г.Сүхээ улсын хэмжээнд тээвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрөл зүйл, замнал, эрчмийн талаар өгөгдлийг цуглуулах, нэгтгэх, шинжлэх, удирдах ажлыг амжилттай зохион байгуулж чаддаг байв. Тэрээр Улсын Их Дэлгүүрийг 10 орчим жил удирдахдаа сар бүр төлөвлөгөөг нь давуулан биелүүлдэг байсан нь гайхалтай.
Г.Сүхээ бол ямар бараа хаана хэрэгтэйг маш сайн мэддэг учраас өнөөдөр ч гэсэн худалдааны компаниудын удирдлагууд түүнийг урих үе олон. Улсын Их Дэлгүүрийн орлогч даргаар ажиллаж байхдаа 1990 онд “Монгол Импекс” нэгдлийн хүсэлтээр гуравдагч орноос татах барааны судалгааг хийжээ. Ингээд нийт 6.8 сая ам.долларын үнэ бүхий саван, хөргөгч, угаалгын машин, автомашиныг анх удаа Солонгосоос импортолж, монголчууд Эксел машин, Самсунг, LG-гийн цахилгаан бараатай танилцаж байв. Улсын Их Дэлгүүрт тавигдсан эдгээр бараа богино хугацаанд борлогдсоны дотор, 100 ширхэг Эксел машин байсан бөгөөд Солонгос дахь үйлдвэртэй нь хамтран ажиллаж, Монголын хүйтэн уур амьсгалыг харгалзан илүү дулаан, бартаатай замд зориулан өндөрлөгөөтэй үйлдвэрлүүлж байлаа.
Улсын их дэлгүүрийн драм
Г.Сүхээ 1990 онд өөрийн хүү Г.Баттүшигээ АНУ руу Жорж Вашингтоны их сургууль сургахаар үдэж явууллаа. Тэрээр халаасанд нь 200 ам.доллар хийж өгсөн нь хүүгийнхээ боловсролд хийсэн анхны хөрөнгө оруулалт байлаа. Цаашид сургалтынх нь төлбөрийг төлөхийн тулд гэр бүлийн хүн Д.Ганзоригтой хамтран хувийн бизнес эрхлэх болж 1990 онд “Түшиг” хоршоо, 1991 онд “Түшиг” бүрэн бус хариуцлагатай компанийг гурван гишүүнтэй байгуулж, “Монгол текс” нэртэй оёдлын үйлдвэр ажиллуулж эхэлжээ. Нэгэн танилаасаа 2.5 сая төгрөг зээлж Хонконгоос тоног төхөөрөмж авчрав. Мөн “Монгол даатгал” банкнаас сарын 25 хувийн хүүтэй таван сая төгрөгийн зээл авч Хөх хотоос будаа авчирч нийлүүлснээр зээлээ дарав. Эндээс бий болсон хуримтлалаар үйлдвэр өргөжин найман шугамтай, 600 шахуу ажилтантай болж, барууны “Levi’s”, “Rock London”, “Manhattan” зэрэг том брэндүүдийн захиалгаар хувцас үйлдвэрлэж АНУ руу экспортолдог байв. Гэвч квотгүйн улмаас жижиг зах зээл дээр ижил төстэй үйлдвэр маш олноороо бий болж, дээрээс нь татварын бодлого оновчгүй байсан нь энэ бизнесийг ашигтай ажиллах боломжгүй болгож эцэстээ 1998 онд хаалгаа барьсан түүхтэй.
Энэ хооронд Г.Сүхээгийн амьдралынхаа 10 орчим жилийг зориулсан Улсын Их Дэлгүүрийн эргэн тойронд том драм өрнөжээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, эдийн засгийн нээлттэй бодлого явуулж эхэлсэн бөгөөд хувийн хэвшлийг хөгжүүлэх эхний том алхам улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах байв. Энэ хүрээнд 1996 оны 12 дугаар сард Засгийн газраас Улсын Их Дэлгүүрийг хувьчлах шийдвэр гаргаж, тендер зарлав. Г.Сүхээ энэ дэлгүүрийн онцлогийг 10 хуруу шигээ мэддэг, цаашид хэрхэн ажиллуулбал зохих талаар маш тодорхой төсөөлөлтэй байсан учир бичсэн төсөл нь шалгарч Улсын Их Дэлгүүрийг хувьчилж авчээ. Үүний дараа тэрээр дэлгүүрийн бараа хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ХОТШ банкаар баталгаа гаргуулан Солонгосын “Korean Exchange” банкнаас 2.4 сая ам.долларын зээл авч, түүгээрээ их хэмжээний чанартай бараа импортлон оруулж иржээ.
Харамсалтай нь дэлгүүрээ хувьчилж аваад удаагүй байтал улс төрийн тоглоом эхлэв. Сонгууль дөхөж байсан учраас тэр үеийн МАХН-аас “Манай нам ялагдах гээд байгаа учраас наад дэлгүүрээ буцааж өг” гэдэг шахалтыг үзүүлэх болов. Улмаар ажилчдыг нь түүний эсрэг турхирснаар ажил хаялт болж УИД бүтэн сар хаагдсаны улмаас хүнсний бүтээгдэхүүнүүд муудаж, тэр үед 38 сая төгрөгийн ундааг л гэхэд устгалд оруулж байв.
Үүрийн 04-00 цагаас эхлэн бараатай машинуудаа бэлдэж, өөрөө цагаан хоолой бариад, хөвөнтэй өмд, цамц, өдөн куртка өмсөж зогсоод бараагаа зардаг байв.
Г.Сүхээ аргагүйн эрхэнд хувьчилж авсан дэлгүүрээ улсад буцаан өгч 2.4 сая ам.долларын өртэй, 585 мянган ам.долларын алдагдалтай, лангуу ч үгүй, агуулах ч үгүй үлджээ. Өрөө төлж хөл дээрээ босохын тулд шүд зуун зүтгэхээс аргагүй болов. Улсын Их Дэлгүүрт байсан бараагаа “Дэнжийн 1000” зах дээр аваачив. Нэг ч ажилтангүй, нэг ч машингүй байсан учраас алхам тутамдаа ажилтан, жолооч хөлсөлнө.
Үүрийн 04-00 цагаас эхлэн бараатай машинуудаа бэлдэж, өөрөө цагаан хоолой бариад, хөвөнтэй өмд, цамц, өдөн куртка өмсөж зогсоод бараагаа зарна. Халуун хүйтэнд ядарч туйлдаж буйгаа ч тоохгүй зүтгэсээр байв. “Өдөржин нар салхинд зогсдогоос болж миний царай пад хар болж, гар сааринд баригдсан. Хэчнээн тос түрхээд ч нэмэргүй байлаа” гээд Г.Сүхээ инээв. Орой нь машинуудаа ойролцоох айлын хашаанд хөлсөөр тавьчхаад гэртээ ирнэ. Гэртээ ирж тооцоо бодож суусаар 01-00 цагт орондоо орно.
Энэ хооронд зээлдээ санаа зовсон солонгосчуудаас үе үе факс ирнэ. Байнга гадаа зогсох нь хэцүү байсан учраас контейнероос бараагаа зарах болж тэр цагаас хойш Монголд контейнерын худалдаа үүссэн гэж ярьдаг.
Г.Сүхээгийн бараа маш сайн зарагддаг байжээ. Ингэж зүтгэсээр зээлийн сүүлийн хэсгийг төлөх өдөр ойртоход 2.3 сая ам.долларын зээлийг хэдийнээ төлчихсөн байлаа. Үлдсэн 100 мянган ам.долларыг ХОТШ банкнаас зээлдэхээр очиход захирлаар нь ажиллаж байсан Н.Чулуунбаатар түүнийг царайгаар нь биш, дуу хоолойгоор нь таньжээ. Тэрээр Г.Сүхээг тэвэрч аван “Би танаар үнэхээр бахархаж байна” гэж хэлээд 100 мянган ам.долларын зээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгов. Тэр мөнгөөр зээлийнхээ үлдэгдлийг төлчхөөд маргааш нь Солонгосыг зорив. Дэлгүүрээ булаалгасан түүнийг тийм их зээлийг цаг хугацаанд нь, нэг ч өдөр хэтрүүлэлгүй хуваарийн дагуу төлнө гэж бодоогүй байсан “Korean Exchange” банкны дэд ерөнхийлөгч Г.Сүхээгийн тэвчээр, эр зоригийг гайхан биширч байлаа. Тэрээр “Та дахиж зээл авах уу” гэхэд нь “Үгүй” гэж хариулжээ.
“Би улсаас нэг амбаар ч авахгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр үүнээс ч дутахгүй дэлгүүр барина” гэж ам гарч байжээ.
Г.Сүхээ бол компанийн удирдлагын хувьд санхүүгийн өндөр сахилга баттай ажилладаг. Банкны зээлээс гадна улсад төлдөг НӨАТ, гаалийн татвар, ААНОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг яс төлж ирсэн.
Тэрээр УИД-ийг улсын өмчид буцааж өгсний дараа “Би улсаас нэг амбаар ч авахгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр үүнээс ч дутахгүй дэлгүүр барина” гэж ам гарч байжээ. Тэр амлалтдаа хүрч Улаанбаатар их дэлгүүрийг байгуулсан байна. “Та одоо Номингийнхонтой хэр найзалдаг вэ” гэж асуухад “Мэргэжлийн мундаг хүмүүс авч яваад нь би баярладаг” гэж ярив.
Брэндийн ертөнц – Улаанбаатар их дэлгүүр
Худалдаа, үйлчилгээний том төв байгуулна гэдэг хэн бүхний хийх ажил биш. Судалгаатай сайтай, оновчтой төлөвлөсөн объект ирээдүйд үнэ цэн нь улам өсөж, худалдаа эрхлэгч, түрээслүүлэгч хоёрын аль алиных нь бизнес хөгжин тэлж байдаг. Улаанбаатар их дэлгүүр чухам ийм үнэ цэнтэй газар болж чадсан байна. 2010 онд нээлтээ хийхэд анхны түрээслэгчид ямар байсныг Г.Сүхээ дурсан ярив. 28 м.кв талбайд бараа нь хүрэлцэхгүй байсан хүн өнөөдөр 350 м.кв талбайтай, гурван тасагтайгаар худалдаа эрхэлж, нөхөртөө төрсөн өдрөөр нь Ланд-200 машин бэлэглэх болтлоо бизнес нь өсөж томорчээ.
Г.Сүхээ бол зүгээр нэг түрээслүүлэгч компанийн үүсгэн байгуулагч биш. Тэр бол Улаанбаатар их дэлгүүрт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн хувьд зөвлөх нь, чиглүүлэгч нь. Учир нь дэлгүүр бол бараа гэхээс илүү эелдэг ааш, сайхан орчныг худалддаг газар юм. Тэр тусмаа Chanel, Giorgio Armani, Clarins, Lagoste, Hugo Boss гэх мэт үнэртний айхтар том брэндүүдтэй хамтарч ажилладаг компанийн хувьд үйлчилгээний стандарт маш өндөр байх учиртай. Хүү Г.Баттүшиг нь АНУ-д эдийн засаг, банк, санхүүгийн мэргэжлээр төгсөж ирээд дэлхийн алдартай брэндүүдтэй хамтарч, тэдгээрийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд нийлүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Түүний нягт нямбай, тууштай хөдөлмөрч зан хүүгийнх нь эдийн засгийн мэдлэгтэй хоршсоноор өнөөдрийн Түшиг групп бий болжээ. Европ, Солонгосын бараа, бүтээгдэхүүний худалдаа эрхэлж ирсэн тус компани одоо ч гэсэн энэ чиглэлээ бараг өөрчлөөгүй бөгөөд Г.Сүхээ бизнес эрхэлж буй хүн олон зүйл рүү үсчих хэрэггүй, чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй гэж үздэг.
Улаанбаатар их дэлгүүрт худалдаа эрхэлж буй хүн бүхэн Түшиг группийн хамт олон болсон. Тийм ч учраас шаардлага нь өндөр. “Ийм юм зарж дэлгүүрийн нэр гутаахгүй шүү, зөв худалдаа хий гээд заримтай нь би үзэлцдэг” гэж хэлээд Г.Сүхээ инээж байв. Нэг талаас хатуу шаардлага, нөгөө талаас мэргэжлийн зөвлөгөөний ачаар “Улаанбаатар”-ынхан өнөөдөр салбартаа жишиг тогтоожээ.
Нөгөө талаас Түшиг групп нь хүний нөөцдөө хөрөнгө оруулж чаддаг газар. Г.Сүхээ өөрөө худалдааны мэргэжлийг мөрөөдлийнхөө дагуу эзэмшсэн, мэргэшсэн чадварын үнэ цэнийг дээдэлдэг хүний хувьд ажилчдаа тусгай хөтөлбөрөөр бэлдэж, заримыг нь гадаадад сургадаг. Менежерүүддээ захиж хэлдэг гол үг нь “Мэргэжлийнхээ боол биш эзэн нь бай”. Түшиг групп, Улаанбаатар их дэлгүүрийн ард нийт 1600 гаруй ажилчин, ажилтны ажил, амьдрал бий. Эдийн засгийн хямрал, инфляцийг харгалзан үе үе цалин нэмдэг. Ялангуяа үйлчлэгч, харуул, цахилгаанчин, мужаан гэх зэрэг яг гардан ажил үүрэг гүйцэтгэдэг ажилчдын цалинг харамгүй нэмдэг аж.
Г.Сүхээ гоё барилга, гоё дизайнд сэтгэл татагддаг. Улаанбаатар дэлгүүр байгуулах санаа төрөхөд өнөөгийн дүр төрх нь үндсэндээ түүний толгойд буусан байв. Хүү Г.Баттүшигтэйгээ хамтран 2003 оноос нийслэлийн төлөвлөлттэй уялдуулан, хотынхоо төв хэсгийг чимж чадах, шоппинг хийхэд үнэхээр сайхан дэлгүүрийн концепцийг боловсруулж, олон ч зураг голж шилж байж гадаадын архитектурын компанийн зургийн дагуу бүтээн байгуулалтаа эхэлсэн. Шавыг нь тавихаас эхлээд хотын захиргаатай ойр ажиллаж, үе үе дуудаж авчран шалгуулдаг байжээ. Эцэст нь Улсын комисс хүлээж авах үед тэд уг бүтээн байгуулалтаар үнэхээр бахархаж, улмаар 2009 оны шилдэг барилга болж байв.
Улаанбаатар их дэлгүүр нь Building Management System-ийн орчин үеийн системтэй. Өөрөөр хэлбэл, дотоод температур, агаар сэлгэлтээ автоматаар тохируулдаг, цахилгаан тасрахад секундын дотор генератор ажилладаг гэх зэргээр нэг ёсондоо амьд организм шиг ажилладаг байна. Тиймээс аудит орох болгондоо “онц” гэсэн үнэлгээ өгдөг.
Ур чадварын тогтолцоо – мэргэжлийн боловсрол
Улс оронд аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээ хөгжих нэгэн чухал нөхцөл нь мэргэжлийн боловсролын тогтолцоо юм. Социалист нийгмийн нэг ололттой тал нь мужаан, гагнуурчин, цахилгаанчин, сантехникийн слесарь, өрлөгчин, шаварчин, барилгын засалч, сувилагч, худалдагч, үсчин гэх мэт мэргэжлийг тусгай системээр, нарийн технологитой эзэмшүүлдэг байсанд оршино. Харамсалтай нь өнөөдөр энэ тогтолцоо алга болж, мэргэшсэн ажилтнууд нүдний гэм болжээ.
Биеийн хүчний эсвэл оюуны гэдгээс үл хамаарч ямар нэгэн зүйлийг сайн чаддаг байх шиг сайхан зүйл үгүй. Эдүгээ Монголд сайн хуульчаас илүү сайн шаварчид илүү хэрэгтэй. Г.Сүхээ үүнд хамгийн их санаа зовж явдаг нэгэн. Хүмүүсийн ярьдгаар тэр зүгээр сууж чаддаггүй. Зургаан хүүхэдтэй айлынх хоёр дахь нь бөгөөд сурагч байхаасаа сав угаагч, хэрэг бүртгэгч зэрэг төрөл бүрийн ажил хийж, цалингаараа өөрийн болон дүү нарынхаа хэрэгцээг хангадаг байжээ. Тэр багаасаа бидний “хар ажил” гэж нэрлэдэг хөдөлмөрийн хэлбэрийг дээдэлж ирсэн хүн.
“Төр засгаас халамжийг хавтгайруулж байхын оронд байгалийн баялаг, уул уурхайн орлогоороо мэргэжлийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, чадвартай ажилтнуудыг 1-2 жилийн хөтөлбөрөөр бэлдэх тогтолцоо бидэнд маш хэрэгтэй байна” гэж тэр онцолж хэллээ. “Ингэхдээ суралцагчид санхүүдээ санаа зовохгүй хэмжээнд стипендтэй байх ёстой. Тэгж байж бид үйлдвэрт ч тэр, уурхайд тэр, тариалангийн талбайд ч тэр, малын хашаанд ч тэр жинхэнэ ажлаа мэддэг хүмүүсийг бий болгоно” гэж ярив.
Нөгөө талаас улс орны хөгжлийн гол хөшүүрэг болсон залуу гэр бүлүүдийг бүтээмжтэй ажиллах нөхцөлөөр нь хангаж, хүүхдэдээ санаа зовохгүй ажиллахын тулд төрөөс 24 цагийн цэцэрлэгийн дэд бүтцийг шийдэж өгөх хэрэгтэй гэж тэр хэллээ. Эдгээр санаагаа албан ёсоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргэх бодолтойгоо ярилаа.
Эдүгээ тэр 70 гарч яваа. 2015 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “75 хүртлээ ажиллах бодолтой байна” гэсэн бол энэ удаагийн ярилцлагад “85 хүртлээ ажиллачих санаатай” гэж хэлэв. Хүү нь гэртээ тухтай амар гэж байнга захих ч тэр болгон үгэнд орохгүй. Заримдаа хүүдээ зэмлүүлээд гэртээ харьдаг, эсвэл өрөөндөө ороод дотроос нь түгжчихдэгээ ярин инээлээ.
Тэрээр хүүдээ, ач нартаа “Шударгаар хөдөлмөрлө. Овсгоо самбаа бүхэн амжилт авчирдаггүй. Зовлон ч болж мэднэ” гэж захидаг. Түүнтэй ярилцаж суухад мэргэжлийн боловсролын сэдвийг хөндөхгүй байхын аргагүй бөгөөд өнөөдөр Монголын нийгэмд мэргэшсэн ур чадваргүй, ажилдаа эзэн болоогүй хүмүүсийг боловсролын байгууллагууд бэлдэж байгаад харамсдагаа онцолж байв. Харин чадваргүй хүн өөрт нь заах гээд байвал эгдүү нь хүрдэг. Жишээ нь, Chanel үнэртэй усыг хулгана дээр шинжилнэ гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийг загнаад гаргасан хөгжилтэй тохиолдлыг дурдсан юм.
Г.Сүхээтэй ярилцаж суухад тэмцэж байж өөрийгөө бүтээсэн, дайчин, шантаршгүй хэрнээ энгийн, шулуун шударга чанараар нь бахархах сэтгэл төрж байв. Түүний энэ чанар хамтарч ажилласан, найзалж нөхөрлөсөн, тусалсан, туслуулсан гээд бүх хүнд нөлөөлдөг. Хөвгүүн нэрээсээ болоод хоёр ч удаа цэрэгт татагдах шахсан түүний амьдрал тэр чигээрээ амьдралын сургууль ажээ.
Гайхалтай мундаг хүн. Үнэхээр биширч хүндэлдэг. Танд эрүүл энх сайхан бүхнийг хүсье.
Ямар хүчирхэг эгч вэ. Үнэхээр бахархмаар юм.