Криптовалютуудын амжилт нь төв банкнуудад дижитал мөнгө гаргах урам зориг өгөх болсон. Энэхүү төв банкны дижитал мөнгө (ТБДМ) нь биткойн зэрэг криптовалют шиг байх албагүй боловч агуулгын хувьд ихээхэн төстэй. Гэхдээ ийнхүү ТБДМ гаргахад хамгийн түрүүнд токен хэлбэрийн байх уу эсвэл цаасан мөнгөний цэвэр дижитал хувилбар байх юм уу гэдэг концепцийн асуудал ихээхэн маргаан дагуулж байна. Мөн аль ч тохиолдолд төлбөр тооцооны системийн дэд бүтэц гол тодорхойлогч хүчин зүйл байх ба нийт банкны систем хэрхэн өөрчлөгдөх вэ, ялангуяа төв банк арилжааны банкны харилцаа ямар байх вэ, нийгмийн ямар асуудлууд урган гарах вэ зэрэг нь тодорхойгүй хэвээр л.
Ковид-19 цар тахлыг хүртэл Швед (e-Krona), Хятад (Digital yuan), Англи (Royal mint gold), Эмират (emCash), Иран (Indigenous cryptocurrency), Венесуэл (Petro oil backed ICO), Уругвай (Digital peso), Тунис (e-Dinar), Сенегал (eCFA), Эквадор (Dinero electornico) зэрэг улсууд ТБДМ-ний төслүүдээ хэрэгжүүлж байсан бол цар тахлын дараа онлайн банкны үйлчилгээ, цахим худалдаа, зайнаас харилцах шаардлага зэрэг нь дижитал төлбөр тооцоо, түүнд тохирсон дижитал мөнгийг хэрэглээнд нэвтрүүлэх сэдлийг улам хурдасгаж Япон, Америк, Орос, Энэтхэгийн төв банкнууд идэвхтэй тодрон гарч ирлээ.
Практикт хамгийн бодитойгоор хэрэгжүүлж буй улс нь Хятад бөгөөд 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын өмнө 299 сая ам.долларын дижитал юанийг эргэлтэд оруулж тестэлсэн. Харин ихээхэн найдлага төрүүлж байсан Швед 2023 оны гуравдугаар сард албан ёсжуулахаар бэлтгэж байсан дижитал кроныг тодорхойгүй хугацаагаар сунгахаар болжээ.
Дэлхийн хэмжээнд авч үзвэл, 2022 онд төв банкнуудын 90 орчим хувь ойрын ирээдүйд дижитал мөнгөн тэмдэгтийг эдийн засагт нэвтрүүлэх нь нэгэнт тодорхой болж, нийгмийн бүх салбарт томоохон хүлээлт үүсгээд байна. ТБДМ-ийг хэрэглэснээр цаасан мөнгө хэвлэх зардлыг бууруулах, бүгдийг хамарсан санхүүгийн үйлчилгээг бий болгох, бүртгэлийн системээр дамжуулан гэмт хэрэг, хээл хахууль, мөнгө угаалт, татвараас зайлах, хууль бус худалдаа наймаа, далд эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь ил гаргана гэсэн хүлээлт байгаа билээ.
Улстөр, хууль эрхзүйн хувьд дижитал мөнгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тохиолдож буй хамгийн том асуудал бол Төв банкны хуульд өөрчлөлт оруулах юм.
Сайны хажуугаар саар нөхцөл ч мөн үүсэх ба энэ нь хувь хүний нууцлалтай холбоотой юм. Дурын хүнийг аль дэлгүүрээс, хэзээ, юу худалдаж авдгийг, хэдэн цагт ямар үйлчилгээний газраар үйлчлүүлсэн зэргийг байнга харж, хянах боломжтой нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэх нь зүй биз ээ. Харин бодлого тодорхойлогчдын хувьд иргэдийн бүхий л үйл хөдлөл, эдийн засаг болоод нийгмийн харилцааг нь хянах боломжтой болж, далд эдийн засгийг, сүүдрийн бүхий л үйл хөдлөлийг алган дээрээ харах биз ээ.
ТБДМ-ийг эргэлтэд оруулснаар мөнгө хэвлэх зардал ихээхэн буурах нь эдийн засгийн хамгийн гол шалтгаан юм. Сүүлийн жилүүдэд цаасан мөнгө хэвлэх зардал Хятад, Америк, Япон, Европын холбоонд огцом нэмэгдсэн. Америк л гэхэд үүнд ДНБ-нийхээ 0.5 хувийг зарцуулдаг байсан бол 2020 оноос огцом 0.9 хувь болтлоо өссөн бөгөөд энэ нь даруй 2.1 их наяд ам.доллар гэсэн үг юм. Хятад, Энэтхэгийн хувьд хүн амын тооны хувьд аварга улсууд тул ТБДМ нь мөнгө хэвлэлтийн зардал талаасаа хангалттай сайн зөвтгөл юм.
Хууль эрх зүйн болоод улс төрийн орчин
Улстөр, хууль эрхзүйн хувьд дижитал мөнгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тохиолдож буй хамгийн том асуудал бол Төв банкны хуульд өөрчлөлт оруулах юм. Юуны өмнө (i) Төв банк цаасан мөнгөнөөс гадна дижитал мөнгө нийлүүлэх эрхтэй; (ii) Төв банкнаас гаргах дижитал мөнгө нь албан ёсны төлбөр тооцооны хэрэгсэл мөн гэсэн заалтууд хуульчлах ёстой. Гэтэл дижитал мөнгөний тодорхойлолт дээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл ойлголт, стандарт бий болж амжаагүй байна. Нөгөө талаар төв банкны хуульд дээрх өөрчлөлтүүд орсноор татвар, өмчийн тухай хууль, гэрээний эрхзүй, хөдөлмөрийн харилцаанаас эхлээд хэрэглэгдэж буй бараг бүх хуульд дагаж өөрчлөлт орох тул энэ нь нүсэр, улс төрийн асар их маргаан, тэмцэл, шуугиан өрнүүлсэн үйл явдал болох юм. Иймд салхи хагалагч орнуудын практик дэлхийн бусад улсуудад маш чухал юм.
Хэрэглээ ба стандарт
Дижитал мөнгийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилго, хэрэглэх технологийн хувьд улс орнууд харилцан адилгүй байр суурьтай байна. Одоогоор Хятад болон Европ гэсэн хоёр том ангид хуваагдах аж. Хятадын хувьд эдийн засагтаа америк долларын нөлөөллөөс ангижрах, дэлхий нийтэд америк долларын нөлөөг сулруулах, юанийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийг хянах сошиал оноо өгөх хөтөлбөртэйгөө уялдуулах чиглэлээр хэрэгжүүлж байна. Технологийн хувьд блокчейныг ашиглалгүй 2000 оноос төрөөс тусгайлан дэмжиж AI хөтөлбөрүүдийг их хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлж, дэлхийн тэргүүлэх компани болсон Алибаба, Тенсент группийн санхүүгийн дэд бүтэц, төлбөр тооцооны alipay, wechat платформыг ашиглаж буй юм.
Харин Америк, Япон, Европын орнуудын хувьд мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийг хянах, татвараас зугтах, авлига, хээл хахуулийг таслан зогсоох зорилго нь илүү хүчтэй байна. Технологийн хувьд Хятад шиг Төв засгийн газраас шууд хянах боломжтой систем биш, арилжааны банк болон бусад санхүүгийн институтыг оролцуулсан одоогийн системийг хэвээр нь үргэлжлүүлэх сонирхолтой байна. Гэсэн хэдий ч Америкийн хувьд Европын энэ хувилбараас гадна, Хятадын Алибаба, Тенсэнт, Alipay, Wechat шиг Амазон, Фэйсбүүк, Amazon pay, Facebook pay гэсэн дэд бүтэц, хэрэгжүүлэх платформ нь бэлэн ажээ.
Одоогоор төв банкны дижитал мөнгө гаргах чиглэлээр хамгийн сайн, идэвхтэй яваа хамтын судалгааны хөтөлбөр нь Англи (BoE), Япон (BoJ), Европ (ECB), Канад (BoC), Швейцарь (SNB), Шведийн төв банк (RB), Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны хамтарсан судалгаа юм. Албан ёсоор тестийн түвшинд хэрэгжүүлж байгаа судалгааны төслүүд нь Helvetia, Jura, Dunbar зэрэг төслүүд юм. Харин бусад хөгжиж буй орны хувьд цаашид технологийн хувьд ямар зорилгоор, ямар бодлогыг, ямар хэрэгсэл ашиглан, хэдий хугацаанд, хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө тодорхойлж аваад хүний нөөц, шаардлагатай байгаа техник технологи, хууль эрхзүй болоод бодлогын шийдвэр гаргах дэд бүтцүүдээ сайжруулан хөгжүүлж байна.