Г.Цэцэгжаргал бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бизнес хатагтай. Тэр бээр боловсролын өрсөлдөөнт орон зайд сургалтын чанараар ялгарч, зөв монгол хүн бэлтгэх эрхэм зорилготойгоор хэн хүний зориглодоггүй ярвигтай чиглэлд 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсаар иржээ.
“Наран” ургасан түүхээс
Боловсрол бол чанараар хэмжигдэж цаг хугацааг даван туулсны дараа үр дүнгээ өгдөг бизнес. Г.Цэцэгжаргал багш эрсдэлтэй ч хүүхдийн төлөө ажиллах юм сан гэсэн сэтгэлдээ хөтлөгдөж “Наран” сургуулиа 2004 онд байгуулжээ. Үүнээс өмнө өөр нэг хувийн сургуульд гүйцэтгэх захирлаар хоёр жил ажилласан байв. Тэд анх 54 сурагчтай хичээлийн жилээ эхлүүлжээ. Тухайн үед хувийн сургуулиуд 20 гаруй сурагчтай үйл ажиллагаа эхлүүлдэг байсан тэр үед энэ бол чамлахаар тоо биш. Анхны элсэгчдийн ихэнх нь Г.Цэцэгжаргал болоод нөхрийнх нь шавь нар байлаа. Эхний хэдэн жилд чадварлаг багш нартай болох, байр түрээслэх гээд бэрхшээл мундахгүй, цалингаа тавих боломжгүй үе гарч байсан ч нэг ч удаа өнөөг хүртэл багш ажилчдынхаа цалинг хойшлуулж үзээгүй тасралтгүй тогтмол хугацаандаа олгосоор ирсэн түүхтэй.
Ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулахад гэр бүлийн хүний дэмжлэг их байсан бөгөөд нөхөр нь япон хэлний багш мэргэжилтэй, XVIII сургуульд багшилдаг байжээ. Тухайн үед нөхөр нь 18 дугаар сургуульд нэгдүгээр ангиас нь анх япон хэл заасан ангийнхаа анги удирдсан багшаар ажиллаж байсан болохоор тэр ангиа төгсгөөд улсын сургуулийнхаа ажлаа хүлээлгэн өгч өөрийн сургуульдаа үндсэн багш болж хамтран зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Эхний жилүүдэд шинэ сурагчдыг элсэлтийн шалгалтгүйгээр элсүүлдэг байсан болохоор янз бүрийн хүмүүжилтэй, зан төлөвшилтэй олон хүүхэд ирэхэд сурлага гэхээс хүмүүжилд нь илүү их анхаардаг байсан” гэж Г.Цэцэгжаргал захирал ярилаа.
Ажлын ярилцлагад орж буй залуу багш нараас зоригтой, үзэл бодол, дотоод ертөнцөө зөв илэрхийлдэг, мэргэжлээрээ бахархдаг эрхэм чанарыг хайдаг.
Нэг ээлжээр хичээллэж, бусад цагт нь сурагчдаа хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж чадсанаараа бусад сургуулиас ялгарсан нь хүүхдэдээ чанартай боловсрол олгохоос гадна зөв хүмүүжилтэй хүн болгохсон гэсэн эцэг эхчүүдийн хүсэлд нийцдэг. Өөрөөр хэлбэл, “Наран” бол зөвхөн шинжлэх ухаанд биш амьдралд, зөв хүн байхад суралцдаг оюуны уурхай юм. Энэ сургуулийн сурагч хоёроос гурван төрлийн дугуйланд заавал хамрагдана. Хичээлийн дараах дугуйлан, сонгонууд нь сурагчдыг хөгжүүлэхээс гадна “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн зарчмыг бэхжүүлэх гол хэрэгсэл болдог. Энэ уриаг ангиараа төдийгүй сургууль даяараа баримталж, сургалтын үйл ажиллагаа бүхэлдээ гэр бүлийн гэмээр уур амьсгалд дунд явагддаг.
“Наран” бүрэн дунд сургууль сурагчдынхаа мэргэжил сонголтод анхаарч, чиглүүлэх ажлыг 10 дугаар ангиас нь эхэлдэг. Элсэлтийн ерөнхий шалгалтаас хоёрхон сарын өмнө сонголтоо өөрчлөх тохиолдол гардаг учир сурагчдадаа тууштай байхыг зөвлөнө. “Наран”-гийн сурагчид япон хэлний N3 түвшинтэй төгсдөг бөгөөд төгсөгчдийн 30-40 хувь нь Япон улсад сурч байна. N2, N1 (Хамгийн дээд түвшин) хамгаалсан сурагчид ч бий. Тэдний ихэнх нь Японд хэлний бэлтгэлд богино хугацаагаар суралцаж мэргэжил эзэмших их дээд сургуульд элсэн суралцдаг юм байна.
Наран сургууль Япон улсын Шизуока мужийн Шимада хоттой 2011 оноос эхлэн сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар есөн жилийн хугацаанд 66 хүүхэд есөн багшаа энэхүү хөтөлбөртөө хамруулаад байна. Төгсөгчдөө Японы их дээд сургуульд бэлтгэх хэлний 4 сургуультай хамтран төгсөгчдөө зуучлан суралцуулдаг ба япон англи хэлний түвшнээс нь хамааран 40-100 %-ийн тэтгэлэгт хамруулдаг.
Боловсрол бол чанараар хэмжигдэж цаг хугацааг даван туулсны дараа үр дүнгээ өгдөг бизнес
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн ихэнх нь МУИС, Санхүү эдийн засгийн их сургууль гэсэн дотоодын шилдэг сургуульд тэнцдэг аж. Жил бүрийн тавдугаар сарын 15-нд төгсөгчид төрөлх сургуульдаа ирж, амьдралд хөтөлсөн багш, араас нь залгамжлах дүү нартайгаа уулздаг. Өдөрлөгийн ач холбогдол, хүрээг тэлж тавдугаар сарыг төгсөгчдөд зориулсан сар болгожээ. Жил бүрийн цагаан сараар төгсөгчид нь золгохоор ирнэ. “Шавь нарынхаа инээд, хөгжилтэй дурсамжийг сонсох хэзээд сайхан. Энэ уулзалтаас олон хос төрсөн. “Наран” гэдэг их айл бүл нэмсээр өдгөө 560 гаруй гишүүнтэй 350 гаруй төгсөгчидтэй өнөр бүл болжээ” гэж Г.Цэцэгжаргал багш бахархан ярилаа.
Залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн түүний амжилтын нэгэн нууц нь хамт олондоо урам өгөх. Ажлын ярилцлагад орж буй залуу багш нараас зоригтой, үзэл бодол, дотоод ертөнцөө зөв илэрхийлдэг, мэргэжлээрээ бахархдаг эрхэм чанарыг хайдаг. Учир нь багш бол сурагчдын мөрөөдлийг бадраагч.
Өөрөө ажлын гараагаа бага ангийн багшаар эхлүүлсэн болоод ч тэр үү бага ангийн багш нараа заах арга зүй хөгжүүлэх сургалтад тогтмол хамруулж, зөвлөх багш нартай хамтран ажилладаг байна. “Зөв эхлэлтэй хүүхэд цаашид мэрийлттэй сурна. А үсэг заах багшийн ур чадвар, үзэл баримтлал бидний залгамж хүүхдийн төлөвшилд голлон нөлөөлдөг” гэж Г.Цэцэгжаргал хэлэв.
Багш, ажилтнуудынхаа хүүхдэд зориулж “Аминсар” цэцэрлэгийг 2019 онд байгуулжээ. Хороолол дотор байрладаг учир оршин суугчид ч хүүхдээ явуулах дуртай. “Аминсар” цэцэрлэгийн 4-5 настай бэлтгэл ангид Наран сургуулийн мэргэжлийн багш нар дуу хөгжим, зураг, бүжиг, иога зэрэг нэмэлт хичээлийг заадаг бөгөөд төгсөөд ихэнх нь Наран сургуулийнхаа шалгаруулалтад төвөггүйхэн тэнцээд нэгдүгээр ангидаа элсэн ордог. Дараа дараагийн жилүүдээс цэцэрлэгээсээ шинэ элсэгчдээ шалгаруулж авч байх төлөвлөгөө боловсруулж байгаа гэлээ. Сургуулийн иога, дуу хөгжим, зургийн багш нар бэлтгэл бүлэгт хичээл ордогт эцэг эхчүүд дуртай. Цаашид цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс нэгдүгээр ангийн сурагчдаа шалгаруулах юм байна.
Сургууль цэцэрлэг нийлээд 70 -аад ажилтантай бөгөөд тэдний нийгмийн баталгаа болсон цалин, эрүүл мэндийн асуудлыг байнга тэргүүн зэрэгт эрэмбэлнэ. Цар тахлын хоёр жилд эцэг эхчүүдэд олгосон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, улсаас олгодог сурагчдын хувьсах зардал гээд хамтын хүчээр зүтгэж амжилттай даван гарч чадсан. Мөн хичээл сургалтын үйл ажиллагаа цахим болон танхим гээд тасралтгүй хичээллэж багш ажилчдаа ч санхүүгийн хямралд оруулалгүй цалингаа саадгүй олгожээ.
Боловсролын бүтээн байгуулалт нь хүн
Зөвхөн боловсролын бизнест хэд хэдэн том онцлог бий. Нэгдүгээрт, боловсрол үр дүнгээ 10, 20 жилийн дараа өгдөг онцлогтой. Ашиггүй ажиллах жилүүд их. 20 жил үйл ажиллагаа явуулсан хувийн сургуулиуд үүдээ барихад Г.Цэцэгжаргал багшид харамсах сэтгэл төрж байсныг тэр ярилаа. Хэдхэн сарын өмнө хүүхэд бужигнаж байсан газрыг караоке, баар болгон түрээслэхийг харах үнэхээр гунигтай. Сургуулийн байрыг зориулалтаар нь ажиллуулах зоригтой хүн манай улсад ховор. Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд Г.Цэцэгжаргал дэлхийн жишигт нийцсэн боловсролын орчин бүрдүүлсэн хувийн сургуулиудаараа бахархдаг.
Сурагчид жилээс жилд нэмэгдэж байгаа ч улсын сургуулиудын байр, орчин, багшийн орон тоо энэ хурдыг харамсалтай нь гүйцэхгүй байгаа. Анги дүүргэлт, танхимын зохион байгуулалт, орчноороо хувийн сургуулиуд эрхгүй ялгарна. Гэхдээ боловсролын бизнест төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай, түүний дотор хувьсах зардал бол хүүхдэд өгч буй улсын дэмжлэг гэдгийг тэр онцоллоо.
Хоёрдугаарт боловсролыг импортолж болдоггүй, сайтар судалсны үр дүнд гаднаас зөвхөн зарим аргачлалыг нутагшуулах байдлаар ашиглаж болно. “Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас боловсролын салбар, хүүхэд хоёр туршилтын талбар болсонд харамсдаг” гэж Г.Цэцэгжаргал захирал хэллээ. Түүнийг багшийн ажлын гараагаа эхлүүлсэн жил нэгдүгээр ангийн сурагчдыг монгол бичигтэн болгох төр засгийн шийдвэр гарсан ч дөрөвдүгээр ангиас нь эргээд кирилл цагаан толгой зааж эхэлсэн. Боловсролоороо тоглох нь ирээдүйгээ хорлодог гэдгийн бодит жишээ болсон тэдгээр хүүхэд одоо 40 хүрсэн ч монгол хэлээрээ алдаатай бичиж байна.
Түүнээс гадна орчин цагт гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, гадаад багштай сургуульд хүүхдээ өгөхийг чухалчилдаг хандлага ихэссэн. “Наран” бүрэн дунд сургууль хэдийгээр англи, япон хэлний гүнзгий сургалттай ч эх хэл, бичгийн хөтөлбөрийг хүчтэй суулгаж чаддаг бөгөөд монгол хэлний хичээлийг бусад хувийн сургуулиас түлхүү заадаг байна. Өөрөөр хэлбэл, “Гадаад хэл бол мэдлэг, харин эх хэл бол та өөрөө” гэсэн философийг дагадаг. “Эх орныхоо төлөө ажилладаг, гадаадад сурсан ч улсдаа эргэн ирэх сэтгэлтэй иргэн бэлтгэхийг бид зорьдог” гэж Г.Цэцэгжаргал захирал ярилаа.
Нөгөө талаас японы сургалтын системээс хэрэгтэй хандлага, жишээнүүдийг амжилттай нутагшуулж байна. Тухайлбал, ирэх таван жилийн стратеги төлөвлөгөөндөө олон ажил төлөвлөсний дотор япон жишгээр сурагчид анги танхим, сургуулиа ээлжээр цэвэрлэдэг цэвэрлэгчгүй сургууль болох зорилт тавьсан байна. “Хүүхэд цэвэрлэсэн анги танхимдаа цэмцгэр сууна шүү дээ. Энэ бол агуу бүхэн энгийнээс эхэлдгийн жишээ” гэж хэлсэн юм.
“Боловсролын бүтээн байгуулалт нь хүн” гэдэг агуулгаар яривал Нарангийн “бүтээн байгуулалтууд” үнэхээр чанартай. Наран сургууль нь ЭЕШ-ийн оноогоор дүүрэгтээ тогтмол 1,2,3 дугаар байрт ордог уламжлалтайгаас гадна дүүрэгтээ тэргүүний сургуулиар хэд хэдэн удаа шалгарчээ. Маш олон шагнал байдгаас хамгийн сүүлчийн жишээг дурдвал тус сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагчдын хоёр баг 2022 оны нэгдүгээр сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Энэхүү хөрөг нийтлэлийг бичиж дуусах үед “Бид гурван багш, 13 сурагчийн хамт АНУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо. Маргааш визэндээ орно” гэсэн баярт мэдээг Г.Цэцэгжаргал багш дуулгалаа.
Наран сургуулийн амжилтуудаас:
Япон монголын найрамдлын Түншийн Холбоо нийгэмлэгийн гишүүн сургууль,
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноогоор Чингэлтэй дүүргийн сургуулиудаас хэдэн жилийн туршид тогтмол эхний 1,2,3 дугаар байр,
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноогоор Баянгол дүүрэгтээ 2019 онд 3 дугаар байр, 2020 онд хоёрдугаар байр, 2021 онд нэгдүгээр байр
2014 онд Чингэлтэй дүүргийн тэргүүний сургууль
2021 онд Баянгол дүүргийн тэргүүний сургууль