Монгол Улс чөлөөт зах зээлийн системд шилжиж 1990 онд Монголын хөрөнгийн биржээс цэнхэр, ягаан өнгийн хувьцааны хуудсыг иргэдэд үнэгүй олгосон нь анхны хувьчлалын үүд нээгдсэн явдал болсон билээ. Ингэж үнэгүй олгосноор иргэд тэрхүү хуудасны үнэ цэнийг мэдрэлгүй, ногдол ашгаа ч авдаггүй хувьцаа эзэмшигчийн тоо хэдэн мянгаар тоологдож байна. Харин сүүлийн жилүүдэд иргэдийн санхүүгийн мэдлэг нэмэгдэж залуус хөрөнгийн зах зээлд оролцох нь идэвхтэй болсон. Үүнийг ойрын гурван жилд хөрөнгийн биржээр арилжаалж буй хувьцааны тоо болон харилцагчийн тооноос харж болох юм.
Монгол Улсын санхүүгийн зах зээл банк, хөрөнгийн бирж, даатгал гэсэн гурван том баганатай. Энэхүү гурван баганын нэг болох банкны салбарыг хувьцаат компанийн системд шилжүүлж олон нийтийн болгох боломжийг 2021.01.28-нд УИХ-аас “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулснаар олгосон. Гэхдээ энэхүү хууль нь Монголд үйл ажиллагаа явуулж буй 11 банканд бус системийн нөлөө бүхий таван банкны хүрээнд заавал хэрэгжихээр тусгагдсан. Гэхдээ энд бусад банкийг хувьцаа гаргахыг хориглоогүй гэдгийг тодруулъя.
Банкны хувьчлалын эхлэлийг “Богд банк” өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гаргаснаар тавьсан. Өдгөө тус банкны 73.06%-ийг “Бодь капитал” ХХК, 6.94%-ийг “Богд инвестмент” эзэмшиж байгаа бол үлдсэн 20%-ийг нь 900 орчим хөрөнгө оруулагч эзэмшиж байна. Богд банк нь Монголын санхүүгийн зах зээлээс 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд анх нэгж хувьцааны үнэ 2540 төгрөгөөр үнэлэгдэж байсан юм. Тэдний хувьцааны үнийн уналт, өсөлт нь харьцангуй тогтвортой бөгөөд 2324-2595 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа болохыг Монголын хөрөнгийн биржийн сайтаас харж болох юм.
Үүний нэгэн адилаар системийн нөлөө бүхий таван банкны хэдэн хувийг хэн эзэмшиж байгааг мэдэх, банкны хувьцаа эзэмшигч болох боломжийг танд хуулийн дагуу олгож байгаа нь системийн хувьд дэвшил болж байгаа юм. Системийн нөлөө бүхий гэдгийг та банкны салбарынхаа нийт активын таваас дээш хувийг эзэмшдэг банк гэж ойлгож болох бөгөөд Монгол Улсад өдгөө таван банк л энэхүү шалгуурыг хангаж чадаж байна. Эдгээр таван банк нь 2021.06.30-аас өмнө хөрөнгө босгох төлөвлөгөөгөө Монгол банк болон СЗХ-нд танилцуулж нэг жилийн дараа буюу 2022.06.30-наас өмнө хувьцаагаа олон нийтэд хүргэхээр хуульчилсан. Энэ хугацаа тун ойртсон бөгөөд үүнд бэлэн эсэхийг тэдгээр таван банкны Гүйцэтгэх захирал нараас хэвлэлийнхэн тодруулсан. “Төрийн банк”-ны гүйцэтгэх захирал Ө.Гантөр “Төрийн банк бол төрийн эзэмшлийн ганц банк. Манай банк үнэлгээ хийх болон андеррайтер компаниа сонгож, аудитаа хийлгэхээр ажиллаж байна” гэсэн бол “Хаан” банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: “Бид үнэлгээгээ хийлгэж, андеррайтер компаниа сонгосон. Хувьцаагаа гаргах хүсэлтээ СЗХ болон МХБ-д хүргүүлсэн” хэмээн мэдэгдлээ. Харин “Хас” банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Бид хөндлөнгийн үнэлгээгээ хийлгэж андеррайтер компаниа сонгосон. Мөн шинжилгээ болон үнэт цаасны танилцуулгаа ТУЗ-өөр батлуулсан. Одоо хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Манай банк бол хуулийн хугацаандаа амжиж IPO-оо гаргана” гэсэн юм. Мөн энэ асуултад “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон “Манай банк бусад банкнаас хожим хувьцаа гаргах ажлаа эхлүүлсэн. Одоо шинжилгээ болон үнэт цаасны танилцуулга хийх ажил дээрээ явж байна. Гэхдээ цаг хугацаандаа амжиж хувьцаагаа гаргаж чадна гэж бодож байна” гэсэн бол “Голомт” банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Манай банк бол хоёрдугаар сард үнэт цаас гаргах зөвшөөрлөө Монгол банкнаас авсан. Одоо СЗХ болон МХБ-ээс зөвшөөрлөө авбал хувьцаагаа гаргахад бэлэн болсон” хэмээн мэдэгдлээ.
Одоогоор бүс нутгийн хэмжээгээр 2022 онд инфляц 3.7 орчим хувьтай байхаар тооцоолж байгаа бөгөөд Кавказ, Төв Азийн бүс нутаг болон Монгол Улсад эрчимтэй өсөх хандлагатай.
Эдгээр таван банкнаас дөрөв нь хувийн эзэмшлийнх бол Төрийн банкны хувьцааг төр эзэмшдэг гэдгээрээ бусдаас ялгаатай. Гэхдээ үүнтэй холбогдуулан өнгөрөгч 04 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганаар Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэлийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, үр дүнг УИХ-д тайлагнахыг даалгасан. Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 4000 мэргэшсэн боловсон хүчинтэй, санхүүгийн үзүүлэлтүүд нь тогтмол өсөж 3.8 их наяд төгрөгийн актив хөрөнгө, 388.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 45.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм.
Гэхдээ энд нэгэн зүйлийг тодруулахад, эдгээр таван банк нь бүх хувьцаагаа бус 5-15%-ийн хувьцаагаа олон нийтэд хүргэхээр хуульчилсан. Өнөөгийн байдлаар Монгол Улсын банкны системийн нийт активын хэмжээ 38-40 их наяд төгрөгийн хооронд байгаа нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү байгаа юм. Харин банкнуудын өөрийн хөрөнгө дөрвөн их наяд төгрөг байгаагаас харахад 500-700 орчим тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгохоор тооцоолж байна. Хэдийгээр банкнууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах хэрэгтэй гэдгийг олон улсын байгууллагууд сануулж байгаа юм.
“Мандал санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг:
“Эдгээр банкийг олон нийтийн болгохыг дэмжиж байна. Манай сан л гэхэд 14 хоногийн дотор 50 тэрбум төгрөг босгож чадсан. Монголын 7200 орчим иргэн дунджаар 5-10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ер нь иргэд хөрөнгийн зах зээлийг их сонирхдог болсон. Банкнуудын гаргах хувьцааг худалдан авах 500-700 тэрбум төгрөгийн 50 тэрбум төгрөг нь босчихсон хүлээж байна. Иймээс 500 тэрбум төгрөг босгох асуудалд эргэлзэх шаардлагагүй”
Харин энэхүү хувьчлалд Монголын хөрөнгийн бирж бэлэн байгаа эсэхийг тодруулахад МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Манай байгууллага одоогоор 5.1 их наяд төгрөгийн гүйлгээ хийж байна. Эдгээр банк орж ирснээр 10 их наяд болж хоёр дахин томорно. Энэхүү ачааллыг даахад МХБ бэлэн. Бид өнгөрсөн 2021 онд 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгосон” хэмээн хариулт өгсөн юм.
Мөн өдий хэмжээний хөрөнгийг нэг дор дотоодын зах зээлээс босгож чадах эсэхэд банкнууд болон УИХ, Засгийн газар ихээхэн болгоомжилж байгаа. Энэ тал дээр Олон Улсын Валютын Сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи “Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй” гэж үзэж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалтын үеэр онцоллоо. Цар тахлын өмнөх жилүүдэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэн, төсөв гурван жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өр ДНБ-д эзлэх хувь 20 орчим нэгжээр буурч байсан билээ.
Харин Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн дөрөвдүгээр сарын дугаарт Азийн хөгжиж буй улс орнуудад 2022 онд инфляц өсөх хандлага үргэлжилнэ гэдгийг онцолсон байна. Одоогоор бүс нутгийн хэмжээгээр 2022 онд инфляц 3.7 орчим хувьтай байхаар тооцоолж байгаа бөгөөд Кавказ, Төв Азийн бүс нутаг болон Монгол Улсад эрчимтэй өсөх хандлагатай байгааг тус тайланд дурдсан нь болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Монголд мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хянах үүрэгтэй хоёр байгууллага байдаг нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах Хороо юм.
СЗХ бол банкнаас бусад санхүүгийн зах зээлд хяналт тавьдаг бөгөөд энэ салбарын хөрөнгө өмнөх оноос 8.7%-иар өсч ДНБ-ийн 24%-д хүрчээ. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн 15 орчим хувийг эзэлж байгаа юм. МХБ-д энэхүү өөрчлөлтийг оруулснаар зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид манай зах зээлд орж ирэх, үүнийг даган ам.долларын үнийн өсөлт саарах давуу талтай. Гэхдээ ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон “Бид гадаадын хөрөнгө оруулагч нартай ярилцаж үзсэн. Тэд өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд манайд хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс дотоодын зах зээлээс дээрх хэмжээний мөнгийг босгох шаардлагатай” хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна.
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон:
“Бид гадаадын хөрөнгө оруулагч нартай ярилцаж үзсэн. Тэд өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд манайд хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс дотоодын зах зээлээс дээрх хэмжээний мөнгийг босгох шаардлагатай”
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголын банк бүтцийн шинэчлэл хийх төлөвлөгөөгөө 2020 оны зургаадугаар сард баталж, 2021 оны нэгдүгээр сард УИХ-аар батлуулсан. Хуульд орсон хамгийн гол зүйл бол банкийг хувьцаат компани болгох, төвлөрлийг бууруулах, нэг хүн таваас дээш хувийг эзэмших эрхгүй, мөн өөр банкны хувьцааг авах боломжгүй болгосон” хэмээн онцолсон. Сүүлийн хоёр жилд цар тахал тархсан, он гарснаас хойш геополитикийн хувьд хүндрэлтэй тулгарч байгаатай холбогдуулан банкнуудын хувьцааг худалдаалах асуудлыг хойшлуулах магадлалтай болсон. Учир нь Монголбанкнаас 2022 оны гуравдугаар сарын 18-ны УИХ-ын дарга болон тус байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэн байна.
Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдсан байна. Энэ удаагийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Жавхлан нар асуулт асууж хариулт авсан. Үүний дараа уг асуудалтай холбогдуулан тус байнгын хорооноос Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав.
Уг тогтоолын төсөлд олон улс дахь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, банкны хувьцааг худалдан авах гадаад болон дотоод эрэлт, зах зээлийн багтаамж, банкны салбарын тогтвортой байдал зэргийг харгалзан үзэж, системд нөлөө бүхий банкнуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх эсэх талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ. Уг тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжсэн санал өгсөн байна.